Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/0078

 

 “Сайханхайрхан-Уул” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Батмагнай, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Даваахүү нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн 41 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Сайханхайрхан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Сайханхайрхан-Уул” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Засгийн газрын 2014 оны 239 дугаар тогтоолоор тогтоож өгсөн солбицлын хүрээнд манай компани Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061077 өргөдлийн дугаарыг авч, 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 15:45-16:00 цагт өргөдлийг хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан, Булган аймгийн Бүрэгхангай сумын нутагт байрлах 2024 га талбай бүхий газарт, мөн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061022 өргөдлийн дугаар авч, 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 08:30-08:45 цагт өргөдлийг хүлээн авахаар зарласан хугацаанд багтаан, Төв аймгийн Баян сумын нутагт байрлах 2245 га талбай бүхий газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан шаардлагыг ханган гаргасан.

Гэтэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс нь үндэслэлгүйгээр манай компанийн гаргасан өргөдлүүдийг хүлээн авч бүртгэн, шийдвэрлэхгүй буцаасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг тус тус зөрчин, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөж байна. Иймээс Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Х201504061077, Х201504061022 дугаарт бүртгэгдсэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлүүдийг хүлээн авч бүртгээгүй үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлүүдийг хүлээн авч бүртгэхийг Кадастрын хэлтсийн даргад даалгаж, манай компанийн хуульд заасан эрхийг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Кадастрын хэлтэс нь 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн 104 дүгээр өргөргөөс баруун хэсгийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж байгаа бөгөөд 104 дүгээр өргөргөөс зүүн хэсгийн талбайд өргөдөл одоогоор хүлээн аваагүй байгаа. “Сайханхайрхан-Уул” ХХК нь 2015 оны 4 дүгээр сард хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан боловч хүлээн авч бүртгээгүй шалтгаан нь Ашигт малтмалын тухай хууль 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр өөрчлөлт орсонтой холбоотойгоор Засгийн газрын чиг үүргийн дагуу тусгай зөвшөөрлийн солбицлыг нийтэд мэдээлэх гэсний дагуу 2014 оны 239 дүгээр тогтоол гарсан. Нийтэд зарлаагүй талбайд тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө иргэн, хуулийн этгээдээс давуу байдлаар түрүүлж, бүртгүүлж шийдвэрлүүлэх эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Ашигт малтмалын хайгуулын тухай зөвшөөрөл олгохыг хориглох тухай хууль хүчингүй болж, улмаар 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийг уртрагийн 104 дүгээр градусаар баруун болон зүүн тал гэж хувааж, эхний ээлжид 104 дүгээр градусаас баруун талд дараа нь буюу 2015 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн нэмж зүүн талд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаа явагдсан. Манай компани 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох цахим дугаар олголтоос 103 дахь дугаарыг авсан ба 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр хуваарийн дагуу Ашигт малтмалын газарт тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлөө хүлээлгэж өгсөн. “Сайханхайрхан-Уул” ХХК нь шаардлага хангаагүй өргөдөл гаргасан тул Ашигт малтмалын газар өргөдлийг бүртгэхгүй, буцаагаад өгч байгаа нь хууль ёсны учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.10, 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.15, 11.1.16-д заасныг баримтлан “Сайханхайрхан-Уул” ХХК-ийн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Сайханхайрхан-Уул” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хүссэн Х201504061022, Х201504061077 дугаарт бүртгэгдсэн өргөдлийг хүлээн авч бүртгээгүй буцаасан Кадастрын хэлтсийн даргын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн 41 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Нэхэмжлэгч “Сайханхайрхан-Уул” ХХК-ийн захирал Д.Батгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Манай компани 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр өргөдлийн Х201504061022, Х201504061077 дугаартай өргөдлийн К-1 маягтад заасан хугацаанд төрийн захиргааны байгууллагад өргөдлөө гаргасан. Энэ хугацаанд Засгийн газраас Монгол Улсын нутаг дэвсгэрийг уртрагийн 104 дүгээр градусаар хуваан өргөдөл хүлээн авах талаар ямар ч шийдвэр байгаагүй бөгөөд дээрх 2015 оны 6 дугаар сарын 29-ний Засгийн газрын хуралдааны тэмдэглэл нь цаг хугацааны хувьд өргөдөл гаргаснаас хойших хугацаанынх байдаг. Мөн биднийг өргөдөл гаргасан хугацаанд Засгийн газраас Уул уурхайн сайдад уртрагийн 104 дүгээр градусаар зүүн, баруун гэж хуваан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах талаар хурал болон хурлын шийдвэр байхгүй байсан. Шүүхээс цаг хугацааны хувьд манай компанийн өргөдөл гаргаснаас хойших хугацаанд болсон хурлын тэмдэглэлийг үндэслэн шийдвэрлэсэн байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Мөн манай компани одоо мөрдөгдөж байгаа болон олон нийтэд ил тодоор танилцуулагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомж, эрх зүйн актуудад үндэслэн Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс тавигдсан бүх шаардлагуудыг ханган VIP төхөөрөмжийг 280,000 төгрөгөөр худалдан авч, өргөдөл авахаар хандах эрхээ 500,000 төгрөгөөр нээлгэн, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ашигт малтмалын газрын цахим дугаар олгох системд хандалт хийн өргөдлийн дугаар авах ажиллагааны журмын дагуу өргөдлийн дугаар авсан.

Энэхүү өргөдлийн дугааруудыг Ашигт малтмалын газраас өөрсдөө бидэнд өгсөн. Үүний дагуу бид өргөдлийн бүрдүүлбэрээ ханган Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээнд өргөдлөө гаргахад хүлээн аваагүй болно. Гэтэл шүүхээс “цахим хэлбэрээр олгож эхлээгүй нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Засгийн газрын Агентлагын эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д энэ талаар тусгайлан зааж өгсөн. Ашигт малтмалын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор иргэн, хуулийн этгээдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдлийг хүлээн авахгүй байх эрхийг ямар ч төрийн байгууллага, албан тушаалтанд олгож хуульчилсан зохицуулалт байдаггүй. Мөн төрийн захиргааны байгууллагын өргөдөл хүлээн авах мэргэжилтэн буюу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээний мэргэжилтэн иргэн хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хүлээн авалгүйгээр буцаах эрх хэмжээтэй эсэх нь эргэлзээтэй байдаг. Гэтэл шүүхээс Монгол улсын нутаг дэвсгэрийг 104 дүгээр уртрагийн зүүн, баруун гэж зааглан өөр, өөр цаг хугацаанд өргөдөл хүлээн авах талаар холбогдох төрийн захиргааны байгууллагын шийдвэр байхгүй байхад мөн Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтуудыг Ашигт малтмалын газар зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хариуцагчийн өгсөн тайлбар, Засгийн газрын хуралдааны тэмдэглэл зэрэгт үндэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.     

Нэхэмжлэгч “Сайханхайрхан-Уул” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдуулан өргөдлийг хүлээн авч, бүртгээгүй буцаасан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, өргөдлийг хүлээн авч бүртгэхийг даалгах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.            

Монгол Улсын Засгийн газар нь Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасны дагуу геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбицлоор тогтоох эрхтэй байна. Улмаар Засгийн газрын 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоожээ.            

Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар нь Засгийн газрын хуралдаанаас “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, хуулийн дагуу зохион байгуулж, хяналтын тавьж ажиллах”-ыг үүрэг болгосны дагуу өргөдөл хүлээн авах үйл ажиллагааг төлөвлөгөөтэй, эмх цэгцтэй, олон нийтийн хяналтын дор явуулах, ил тод байдлыг бүрдүүлэх, нэгдсэн хяналт тавих зорилгоор эхний ээлжинд 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт хамаарагдах 9 сая га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэж, өргөдөл хүлээн авах хугацааг ялгавартай тогтоосон нь мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.14, 11.1.25-д заасан хариуцагчийн эрх хэмжээний хүрээнд багатжээ.

Улмаар захиргааны байгууллагаас эхний ээлжинд 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт өргөдөл хүлээн авахаар шийдвэрлэсэн тухайгаа нийтэд мэдээлсэн болох нь Монгол Улсын Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичиг, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулга, Ашигт малтмалын газрын цахим хуудасны мэдээлэл зэргээр тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч нь 104 дүгээр уртрагаас баруун хэсэгт бус, харин зүүн хэсэгт өргөдөл гаргасан байх тул захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн хайгуулын тусгай зөвшөөрөл авах тухай өргөдлийг буцаасан үйлдэл нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасантай нийцсэн, хууль зөрчөөгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлал зөв болжээ.

Нэхэмжлэгчийн “манай компани 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр өргөдөл гаргах үед нутаг дэвсгэрийн 104 дүгээр градусаар хуваан өргөдөл хүлээн авах тухай захиргааны байгууллагын ямар ч шийдвэр байхгүй байсан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Учир нь дээд шатны захиргааны байгууллагаас буюу Засгийн газрын хуралдаанаар тусгай зөвшөөрлийн талбайг хоёр хувааж, эхний ээлжинд баруун хэсэгт олгохоор тогтоож, Ашигт малтмалын газарт хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байх тул хариуцагчийг “бичгээр шийдвэр гаргаагүй” гэж буруутгах, улмаар үүнээс шалтгаалан нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн “цаг хугацааны хувьд манай компани өргөдөл гаргаснаас хойшхи хугацаанд болсон хурлын тэмдэглэлийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн” гэх гомдлын хувьд шүүхээс зөвхөн Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгч өргөдөл гаргахаас өмнөх үйл баримт болох Монгол Улсын Уул уурхайн сайдын 2015 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 1/85 дугаар албан бичиг, Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох бэлтгэл ажлын танилцуулга, Ашигт малтмалын газрын цахим хуудасны 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн мэдээлэл зэргийг нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй байна.

Нөгөө талаас нэхэмжлэгчийг өргөдөл гаргахаас өмнө захиргааны байгууллагаас нутаг дэвсгэрийн баруун хэсэгт өргөдөл хүлээн авахаар шийдвэрлэж, энэ тухайгаа олон нийтэд хангалттай мэдэгдсэн, нэхэмжлэгчийн тухайд уг мэдээллийг мэдсэн байх боломжтой учир нэхэмжлэлийг хангах хууль зүйн үндэслэлгүй юм.       

Нэхэмжлэгчийн “хариуцагчаас өргөдлийн дугаарыг өөрсдөө бидэнд өгсөн атлаа өргөдөл гаргахад хүлээн аваагүй, төхөөрөмж худалдан авах, өргөдөл хүлээн авахаар хандах эрх нээлгэх зэргээр мөнгө төлсөн” гомдлын тухайд захиргааны байгууллага нь тухайн үед “зүүн талд” гаргасан өргөдөлд цахим дугаар олгож, улсын тэмдэгтийн хураамж төлүүлсэн нь буруу бөгөөд Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан төрийн байгууллагаас хувь хүн, хуулийн этгээдэд үйлчилгээ үзүүлсний төлөө тэднээс хураамж авах зарчимд нийцээгүй байх тул хариуцагчаас хохирлоо тусдаа иргэний журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 792 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

  

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                                             П.СОЁЛ-ЭРДЭНЭ