Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 209/МА2024/00011

 

*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/01635 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******т холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Эцэг тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч *******ийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

   2018 онд *******тай танилцаж байсан. Бидэнд хамтын амьдрал гэж байхгүй. 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр охин ******* төрсөн. Жирэмсэн болсноос хойш холбоо барих нь багасаж, одоо *******тай ямар ч холбоо байхгүй. Охин ******* нь 3 настай. ******* нь төрсөн эцэг нь мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
            Миний бие гэх хүнтэй анх 2018 оны 10 сарын дундуур шөнийн 02-03 цагийн үед пицца захиалгын утсаар пицца захиалж байхдаа танилцаж түүний дараа 5 сарын дараа анх уулзаж шөнө дунд Киви буудалд хоносон. Түүнээс хойш 3 удаа л уулзсан. Тэрнээс хойш холбоо бариагүй тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******ий эцэг нь ******* овогт *******ийн ******* мөн болохыг тогтоож,

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 09 сарын 09-ны өдөр төрсөн охин *******ийг эх Б.гийн асрамжид үлдээж, охин *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг эцэг *******аас гаргуулан тэжээн тэтгүүлж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна. Учир нь: Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн болон Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч *******т эцэг тогтоолгох шинжилгээний дээж өгөх талаар огт мэдэгдээгүй мөн анхан шатны шүүх хуралдаан болох талаар хариуцагчид мэдэгдээгүйгээс гадна түүний ээжийн ******* дугаарын утсаар мэдэгдсэн гэх боловч хурлын товын тухай мэдэгдээгүй. Энэ хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нь зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасан үндэслэл илэрсэн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.      

2. Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

3. Хариуцагч ******* нь ...нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул эцэг тогтоолгох шинжилгээ хийлгэхийг хүсэж байна гэсэн тайлбар гаргаж маргасан байна.

4. Анхан шатны шүүх “хариуцагч ******* нь өөрийн гаргасан хүсэлтийг дэмжиж эцэг тогтоолгох дээж өгөөгүй тул түүнийг хүлээн зөвшөөрсөнд тооцож, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар охин *******ий эцэг болохыг тогтоож, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн охин *******ийг эх Б.гийн асрамжид үлдээж, охин *******ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа нөхцөлд 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг *******аар тэжээн тэтгүүлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэжээ.

5. Хариуцагчийн өмгөөлөгч ******* шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдолдоо  “...хариуцагч *******т эцэг тогтоолгох шинжилгээний дээж өгөх талаар огт мэдэгдээгүй, мөн анхан шатны шүүх хуралдаан болох талаар хариуцагчид мэдэгдээгүйгээс хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хэргээс судлан үзэхэд:

6. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, улмаар охин *******ий биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах тухай тайлбар, хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 9-ний өдрийн дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн байна. /хх-ийн 20-21/

Дээрх  шүүгчийн захирамжийг танилцуулах, мэдэгдэх, хүргүүлэх ажиллагааг шүүх, огт хийгээгүй атлаа  “зохигчид шинжилгээний дээж өгөөгүй” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, улмаар шүүх хуралдааныг товлон зарласан байх боловч хурлын товыг хариуцагч *******т мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна. /хх-ийн 27-29/

7. Мөн тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн дугаар захирамжаар хариуцагчийг эрэн сурвалжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байх бөгөөд хариуцагч *******ын хаягийг тогтоож, шүүхэд ирүүлснээр түдгэлзүүлсэн үндэслэл арилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээжээ. /хх-ийн 32-33/

 Хариуцагч ******* нь охин *******ий биологийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлтийг дахин гаргаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхээ бичгээр илэрхийлсэн байна. /хх-ийн 37/

Шүүх хариуцагчийн дээрх хүсэлтийг хангаж, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн дугаар захирамжаар дахин шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлжээ. /хх-ийн 38-39/

Уг захирамжийг танилцуулахаар хариуцагчийн хүсэлтэд дурдсан дугаарын утас руу удаа дараа залгасан боловч холбогдоогүй, улмаар мэдэгдэх хуудсыг түүний хаягаар хүргүүлэхэд оршин суугаа хаягтаа байгаагүй,  хорооны даргаас *******ыг уг хаягтаа бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй гэх хариуг ирүүлсэн байна. /хх-ийн 42-43/

Гэтэл анхан шатны шүүх хариуцагчид шүүгчийн захирамжийг танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлт гараагүй буюу түдгэлзүүлсэн үндэслэл арилаагүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг товлон зарлажээ. /хх-ийн 45/

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн шалтгаан арилаагүй  байхад шүүх хуралдааныг товлож улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

8. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т "Эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ” гэж заасан.

 Монгол улсын Дээд шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Гэр бүлийн болон Иргэний бүртгэлийн тухай хуулиудын зарим зүйл, хэсэг, заалтыг тайлбарлах тухай №46 дугаартай тогтоолын 16-д “эцэг, эхийг тогтооход хариуцагч хүүхдийн эцэг, эхтэй эр, эмийн харилцаатай байсныг нотлох баримт, эмнэлгийн шинжилгээ, бусад баримтыг үндэслэнэ гэж заасныг шүүх хэрэгжүүлэхдээ хүүхдийн биологийн эцэг, эх нь хэн болохыг тогтоох ажиллагааг хийнэ ...” гэж тайлбарласан байна.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд  шүүх хүүхдийн биологийн эцэг, эх нь хэн болохыг тогтоох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай байтал  хариуцагчийг өөрийн гаргасан хүсэлтээ дэмжиж эцэг тогтоолгох шинжилгээг хийлгээгүй гэж дүгнэн, охин *******ий эцгээр тогтоож шийдвэрлэсэн нь нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн гэж дүгнэхээр байна.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар “хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар мэдэгдэх” гэж,

Хуулийн 77 дугаар зүйлийн 77.6-д Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж тус тус заасан.

Хавтаст хэргийн 46 дугаар талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх баримт /Баримт№9/-аар 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн  шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, харин  хариуцагч *******ын , , дугаар луу залгахад “ашиглалтад байхгүй гэх хариу өгсөн” гэж тэмдэглэсэн байх тул түүнд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.

Мөн  шүүх хуралдааны товыг түүний эх гэх хүний ******* дугаар луу  /нэр бичээгүй, хэн гэх хүнтэй ярьсан нь тодорхойгүй/ мэдэгдсэн гэж шүүхийн шийдвэрийн “үндэслэх” хэсэгт тусгаж  хариуцагчийг  хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж дүгнэн түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, мөн нотлох баримт дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн зэрэг нь  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж байна. 

Иймд хариуцагчийн өмгөөлөгч *******ийн  давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ  нь:

 1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 135/ШШ2023/01635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулахыг дурдсугай. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ                                                    

                                            ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА

     

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН