Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 525

 

 

 

 

 

 

 

 

   2019         04          04                                  525  

 

                                               

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга М.Баярмаа,

Улсын яллагч Ц.Гантулгабат,

Иргэдийн төлөөлөгч Б.Амарбаяр,

Шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,

Шүүгдэгч Б.У, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Ц.Б,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Б.У нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1806 05396 1802 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

Ц.Б,

Б.У,

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.Б, Б.У нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Алтан Өлгийн бунхны харуул С.Цэндхүүг харуулын байрандаа байх үед нь зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл буюу хутга хэрэглэж, улмаар хохирогчид хүч хэрэглэн бүлэглэн довтолж 1 ширхэг монетон гинж, 1 ширхэг монетон бөгж зэрэг эд зүйлсийг авч дээрэмдэх гэмт хэргийг үйлдэхдээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

/яллах дүгнэлтэд бичигдэснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Ц.Б, Б.У нар нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн хохирогч С.Цэндхүүгийн эд хөрөнгийг нь авах зорилгоор хүч хэрэглэж хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн довтолж дээрэмдсэн гэмт хэргийг, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:

 

Хохирогч С.Цэндхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 oны 06 дугаар сарын 17-ны шөнө Баянзүрх дүүргийн 22-р хороо, Алтан Өлгийн манаачийн байрандаа унтаж байтал хүн хаалга тогшихоор нь босож хэн болохыг асуутал хаалганы цаанаас эмэгтэй хүн хаалгаа тайлаач, юм асууя гэхээр нь хаалгаа тайлж өгтөл хаалгаар 3 эрэгтэй хүн шууд орж ирэн нэг нь миний хоолойноос багалзуурдсан. Нөгөөдөх нь өшиглөж намайг орон дээр дарсан ба нэг мэдсэн нэг нь миний зүүн хөлийн гуя руу манай шар иштэй хутгыг зоочихоор нь би хөл рүү хутгалж зоосон гарыг нь барьж байгаад тавиулсан. Дахин хутганд өртөх вий гээд ноцолдож байтал тэдгээр залуус зугтаасан. Намайг орон дээр дарж байхдаа хүзүүнээс гинж, гарнаас бөгж аваад явсан байсан. Тэдгээр залуус 3 эрэгтэй, 1 эмэгтэй байсан.

Эрэгтэй хүн миний хоолойг 2 гараараа багалзуурдаад газар унагасан. Тэгтэл цаанаас нь 2 эрэгтэй хүн орж ирээд намайг учир зүггүй өшиглөж, цохиж, зодоод манай гэрээс юм хайгаад байсан. Тэгээд намайг босгоод нэг нь миний цээж хэсэг рүү хутгаар дүрэх гэж байхад нь би бултсан. Гэтэл дахиад миний зүүн гуя руу нэг удаа хутгалаад миний баруун гуянд байсан монетон бөгжийг авсан. Анх орж ирээд хоолой боохдоо монетон гинжийг минь авсан юм шиг байна лээ. Манай гэрийн ширээн дээр байсан цагаан өнгийн Нөүт-2 гар утсыг минь аваад гарсан. Намайг эрэгтэй хүн хутгалсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 30-36/,

 

Гэрч Б.Унаганхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн:

2018 оны 06 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө үл таних эрэгтэй Цэрэндорж овогтой Ц.Б МР89042217 гэх хүн /8820-2547/ цагаан өнгийн Самсунг Нөүт маркийн rap утсыг 30.000 төгрөгөөр барьцаанд тавьсан байна. Тухайн хүний өөр мэдээлэл байхгүй байна. Тэр хүн ганцаараа байсан билүү эсхүл нэг өөрөөсөө намхандуу хүнтэй явж байсан санагдаж байна. Уг нь манайх камертай боловч 14 хоног болоод устчихдаг юм гэх мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 7897 дугаартай:

С.Цэндхүүгийн биед зүүн гуянд шарх, бүсэлхий, цээж, баруун гарын шуу, зүүн гарын сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх зүүн гуяны шарх гэмтэл нь хурц ир, үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр, бүсэлхий, цээж, баруун гарын шуу, зүүн гарын сарвууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 58/,

 

Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын Дамно ХХК-ийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн БЗ1-19-94 дугаартай:

 Монетон гинж /11 грамм/ 946.000 төгрөг, монетон бөгж /6 грамм/ 516.000 төгрөг, Самсунг галакси нөте 2 маркийн гар утас 108.000 төгрөгийн үнэлгээтэй гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /1-р хх-ийн 66-67/,

 

-гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 9-10/,

-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 11-15/,

-эд мөрийн баримтаар тооцох тогтоол /1-р хх-ийн 26/,

-Цэргийн төв эмнэлгийн 8694 дугаартай өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 60-64/,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 462 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 146-151/,

-эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 152/,

-мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 181, 241-243/,

-цагдаагийн алба хаагч нарын илтгэх хуудас /1-р хх-ийн 206-210/

-2018 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 1555 дугаартай "Барьцаат зээлийн гэрээ" /1-р хх-ийн 211/,

-хохирогч С.Цэндхүүд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 244/,

-Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 190601810 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол /2-р хх-ийн 8-9/,

-Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 4/7123 дугаар албан бичиг /шүүх хуралдаанд гаргаж өгсөн/

 

Яллагдагч Ц.Б, Б.У нарыг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл:

Ц.Б: Б.Уыг таньдаг болоод 5-6 жил болсон. Би дээрэмдүүлсэн гэх Цэндхүүг танихгүй. Б.У таньдаг байсан. Хохирогчийг хэн хутгалсныг хараагүй. Цэндхүү гуя руу хутгалчихлаа гэж орилж байсан. Б.Утай зууралдсан. Цэндхүү хутга барьсан байсан болохоор нь Б.У хутгалсан байх гэж бодсон. Гинж, бөгжийг хаана тавьсаныг мэдэхгүй. Хажуудаа Шөлөндөө гээд хоолны газар байсан. Б.У таксины жолоочтой цуг тавьсан. Гар утсыг би 20.000 төгрөгөөр тэнд тавьсан. Хутга хохирогчийн гэрт байсан хутга. Намайг ороход хутгалуулчихсан, хутга барьчихсан сууж байсан.

Б.У: Ц.Бтай 2011 онд бааранд зөөгч хийж байгаад танилцаж байсан. Жилдээ 1-2 удаа тааралдахаараа хамт архи ууж байгаад салдаг. 2018 оны 05 сард таараад хамт Төв аймагт амьдарч байгаад 6 сард нь дээрх дээрмийн гэмт хэргийг үйлдсэн. Тухайн 2018 оны 06 сарын 16-ны өдөр монел руу найзындаа очиход хүнгүй байсан. Тэгээд бунханы манаач С.Цэндхүүг зүс мэдэх учир очиж утсаар нь ярьсан. Тэр үед Цэндхүү ахын дүү цалин мөнгөө авах гэж байгаа бол миний утсыг түр авч яваад авч ирж өг гэсэн. Би утсыг нь аваад Хар хорин зах руу явсан. Автобусны буудал дээр Ц.Бтай уулзсан. Тэгээд байж байтал Ц.Бы таньдаг Жижгээ гэдэг залуу нэг өндөр залуугийн хамт ирсэн. Бид 4 байран дунд 2 шил архи уучаад буудалд орж үргэлжлүүлж архи уусан. Орой нь мөнгөгүй болоод надад байсан Цэндхүүгийн утсыг барьцаанд тавьчих гэхээр нь аваачиж өгөхгүй бол болохгүй гээд тавиулаагүй. Тэгээд утсыг нь аваачиж өгөөд мөнгө зээлчихье гэсэн. Таксинд явж байгаад нөгөө хүн чинь мөнгөгүй бол яах вэ гэхээр нь монетон гинжтэй байсан. Тэрийг нь барьцаанд тавиад өг гэж гуйя гэж ярьсан. Би түрүүлж ороод гар утсыг нь өгөөд яриад сууж байхад араас нөгөө 3 орж ирсэн. Цэндхүү ах юун хүмүүс вэ гэхэд нөгөө өндөр залуу түлхэхдээ гинжнээс нь татаад тасдаад авсан. Тэгтэл Ц.Б дундуур нь ороод барьцалдаж аваад унагаагаад дарж байсан. Энэ үед нөгөө Жижгээ нь хуруунаас нь бөгжийг нь авсан. Тэгээд нөгөө 2 гараад явсан. Ц.Б, Цэндхүү нар зууралдаад үлдсэн. Намайг гарч явахад чанга орилохоор нь буцаад ортол Цэндхүү хутга барьчихсан байхаар нь би гарыг нь хазаж байгаад хутгыг тавиулаад пийшингийнх нь хажуугаар хутгыг шидсэн. Гар утсыг Ц.Б барьцаанд тавьсан. Жолоочийн бичиг баримтыг ашиглан гинж, бөгжийг барьцаанд тавьсан. /1-р хх-ийн 132-136/,

 

Шүүгдэгч Ц.Бы мөрдөн байцаалтад өгсөн:

Миний хувьд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь зэвсэг ашигласан гээд 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар яллагдагчаар татагдсан байж давхар зүйлчилсэнийг буруу гэж үзэж байна. Хохирогч худлаа ярьсан байна. Хохирогч нь Б.Уыг  таньдаг байсан. Миний хувьд дээрэм хийнэ гэсэн зорилго байгаагүй. Би Жижгээ гэгчийн явдаг газруудыг түр хугацаагаар гарахдаа зааж өгсөн. Тухайн үед тэр харагдахгүй байсан. Мөн халаасны хулгайчдын зурагтай бүртгэлд үзэхэд Жижгээ болон хамт явсан хүн байхгүй байсан гэх мэдүүлэг /2-р хх-ийн 16-17/,

 

Шүүгдэгч Б.Уын мөрдөн байцаалтад өгсөн: 

Би бусалтай бүлэглэн дээрмийн хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2-р хх-ийн 13/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хавтаст хэргээс: Шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 143-144/, иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хх-ийн 156, 159/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /1-р хх-ийн 227-228/, Б.Уын Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны тодорхойлолт, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /1-р хх-ийн 229-230/ зэргийг шинжлэн судлав.

 

 Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих зүйлийг нотолсон, мөн хуулийн 16.14 дүгээр зүйлд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай гэж шүүх үзэв.

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.Быг тус тус холбогдуулан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Уыг холбогдуулан  яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзлээ.  

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож, шүүгдэгчийг сэжигтэн, ялллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Б, Б.У нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.У нар нь урьд ял шийтгэгдэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсхийг шалгах хуудсаар тогтоогдлоо. 

 

Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцсон болно.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, шүүгдэгч нар нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор, гэмт хэрэг үйлдэхээр ярилцсан болох нь тэдний мэдүүлэгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Б, Б.У нар нь хэн хэнийхээ гэмт үйлдэлийн санаа зорилгыг бүрэн ойлгож ухамсарлаж, бусадтай хамтран гэмт хэрэг үйлдэхээр тохиролцсон нь тэдний мэдүүлэгээр илэрхийлэгдэнэ.

 Шүүгдэгч Б.У нь тухайн хохирогчийн талаарх мэдээллийг бусаддаа мэдээлж, дагуулан очиж улмаар хаалгыг онгойлгуулсан, шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн хохирогчид хүч хэрэглэн эд зүйлсийг авсан үйлдэл нь дээрэмдэх гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ц.Б нь бусадтай бүлэглэн хохирогчийг цохих, өшиглөх, дарж унагах зэрэг үйлдлийг гаргаж хохирогчийн гуянд хутгалаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол бүлэглэн учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Б, Б.У нар нь дээрэмдэх гэмт хэргийг зэвсэг хэрэглэж бүлэглэн үйлдсэн, Ц.Б нь бүлэглэн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан  болох нь хохирогчийн мэдүүлэг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга зэрэг баримтууд, шүүгдэгч нарын өөрсдийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Ц.Б, Б.У нарыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Ц.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн хүндэрүүлэх шинж болох зэвсэг хэрэглэж үйлдсэн гэх ойлголт болон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх ойлголт нь тус тусдаа өөр утгатай. Гэмт эдтгээд хохирогчийн эд зүйлийг хууль бусаар авах үйлдлийг хийж зэвсэг хэрэглэхдээ хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан нь бие даасан өөр нэг гэмт хэргийн шинжийг илэрхийлдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт нь хохирогчид гэмтэл учруулахыг шаарддаггүй. Харин зэвсэгийг хохирогчид үзүүлэн бие махбод, амь насанд хохирол учруулж болох гэх айдсыг төрүүлэх замаар сэтгэл санаанд нь нөлөөлж эд зүйлийг нь авах үйлдэл юм. Тухайн зэвсэгээр хохирогчид хохирол учруулсан тохиолдолд хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцох хууль зүйн зохицуулалттай.

 

Шүүгдэгч Ц.Бы үйлдсэн гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан журмын дагуу нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялд шилжүүлэн хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтоож,

шүүгдэгч Б.У нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас 184 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлээгүй байх учир уг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ц.Б, Б.У нарын хохирогчид учруулсан хохирлын байдал, хохирогч хохирол нэхэмжлээгүй буюу гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байдал зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч С.Цэндхүү нь ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй болохоо илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутга 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Самсунг нөт-2 маркийн гар утсыг хохирогч С.Цэндхүүд буцаан олгож шийдвэрлэв.

Энэ хэрэгт Ц.Бы 164 хоног, шүүгдэгч Б.У 112 хоног цагдан хоригдсон байх учир эдлэх ялд нь оруулан тооцов. Шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Ц.Быг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн зэвсэг хэрэглэж үйлдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн,

 шүүгдэгч  Б.Уыг дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хоёр зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шүүгдэгч Ц.Быг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар таван жилийн хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Б.Уыг тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил, 30 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уад Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 462 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй 184 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 23 хоногийн хугацаагаар хорих хөнгөн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар оногдуулсан таван жилийн хугацаагаар хорих хүнд ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 5 жил, 23 хоногийн хугацаагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б, Б.У нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бы цагдан хоригдсон 164 хоногийг, шүүгдэгч Б.Уын цагдан хоригдсон 112 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролын талаарх бусад баримтыг бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс хохирол нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга 2 ширхэг, цус мэт зүйлээр бохирлогдсон даавуу 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлж, Самсунг нөт-2 маркийн гар утсыг хохирогч С.Цэндхүүд олгосугай.

 

9. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохирогч хохирол нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Б, Б.У нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай. 

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Н.БААСАНБАТ

 

                                    ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                    ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН