Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00649

 

 

 

 

 

 

             

    2024        04           01                                       210/МА2024/00649

 

Ц.Мийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

            Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00093 дугаар шийдвэртэй,

 

            Ц.Мийн нэхэмжлэлтэй,

Э.Х, З.Ч нарт холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 93,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Намайг 2018 онд БНСУ-д байхад З.Ч, Э.Х нар “байр авах гэсэн мөнгө зээлүүлээч, БНСУ-д ажил хийж байгаад төлнө” гэж гуйж, 27,000,000 вон зээлсэн. 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 2 жилийн хугацаатай сарын 1 хувийн хүүтэй, хугацаандаа зээлээ төлөөгүй тохиолдолд 0.3 хувийн алданги төлнө гэж зээлийн гэрээ байгуулсан.

1.2. Э.Х надад хүү гэж сард 550,000 төгрөгөөр 5 удаа, 1,000,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 5,000,000 төгрөг өгөөд үлдсэн мөнгийг өгч чадахгүй гэсэн.

Иймд үндсэн зээл 67,500,000 төгрөг, хүү 16,200,000 төгрөг, алданги 20,250,000 төгрөг, нийт 103,950,000 төгрөг төлөхөөс нийт төлсөн 10,000,000 төгрөгийг хасаж 93,950,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлээ тухайн үеийн буюу 2020 оны ханш 2.5 төгрөгөөр тооцсон.

 

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Ц.М нь Э.Хтай 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27,000,000 вон зээлэхээр харилцан тохиролцсон. Тухайн зээлийг Э.Х нь аваагүй тул Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үүрэг үүсээгүй. 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн 15,000 ам.доллар буюу

35,904,413 төгрөгийг 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн мөнгө бөгөөд Э.Хд тус гэрээний дагуу мөнгө өгөөгүй гэдгээ тайлбарладаг.

2.2. 3.Ч нь Ц.Мээс 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22,000,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 15,000 ам.доллар буюу 35,904,413 төгрөг, нийт 57,904,413 төгрөг амаар тохиролцож зээлж авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээл авснаас хойш 5 жил, 8 сар өнгөрсөн байх тул хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Э.Хгаас 93,950,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ц.Мт олгож, хариуцагч З.Чд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 627,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 627,700 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч Ц.М хариуцагч Э.Х нарын хооронд байгуулагдсан гэх зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ биш. Учир нь 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн бичгээр байгуулсан “Зээлийн гэрээ”-ний 8-т зээлдүүлэгчид мөнгийг бодитойгоор шилжүүлснээр хүчин төгөлдөр болохоор тохиролцсон. Зээлийг Э.Х шилжүүлэн аваагүй тул иргэн Ц.М, Э.Х нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн харилцаа үүсээгүй тул буцаан шилжүүлэх үүрэг үүсэхгүй.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан. Талуудын байгуулсан гэрээний дагуу Э.Х нэг ч төгрөг шилжүүлэн аваагүй.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.4-т “Хариуцагч Э.Х нь зээлийн хүү 2,750,000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 6,000,000 төгрөг нийт 8,750,000 төгрөг төлсөн талаар маргаагүй” гэжээ.

2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаяр би шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шүүхэд өгсөн хариу тайлбартаа тухайн зээлийг шилжүүлэн аваагүй тул буцаан төлөх үүрэг хүлээхгүй талаар тодорхой тайлбарласан.

Тус зээл, зээлийн хүү зэрэгт холбогдуулан Э.Х нь Ц.Мт ямар нэг төлбөр мөнгө шилжүүлээгүй байхад талууд 8,750,000 төгрөгийг төлсөн талаар маргаагүй гэж шүүх таамгаар буруу үндэслэж шийдвэрлэсэн.

4.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.2-т “Нэхэмжлэгч Ц.Мээс хариуцагч З.Чгийн эзэмшлийн 5025882840 дугаарын дансанд 35,904,413 төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаангүй. 5-т З.Чд мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн үйлдлийг үүргийн гүйцэтгэлийг хүлээлгэн өгсөн гэж үзлээ” гэжээ. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт З.Чд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ З.Чг хөөн хэлэлцэх хугацаагаар эсхүл зээлийг аваагүй гэх яг ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосноо үндэслэж тодорхойлоогүй хууль буруу тайлбарлаж шийдвэрлэсэн төдийгүй Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 281.1, 282.4 дэх хэсгийг буруу тайлбарласан.

4.4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “3охигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлнэ”,  мөн хуулийн 25.1 5-т -шүүх хуралдааны бусад оролцогчдод асуулт тавих; эрхтэй” гэж заасан.

Шүүхийн шийдвэрт шүүх хуралдаанд гэрч Н.О гэх хүн оролцжээ. Түүнчлэн хууль сануулан гарын үсэг зуруулсан байна. Энэ гэрч юу ярьсан юуг нотолсон ямар гэрчийн мэдүүлэг өгсөн нь энэхүү давж заалдах гомдол гаргах хүртэл ямар ч мэдээлэл олж авч чадсангүй. Шүүх хуралдааны тэмдэглэл байхгүй. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт байхгүй. Гэрчээс асуулт асуух боломж мөн олгоогүй хариуцагчийн эрхийг зөрчсөн.

Иймд шүүхийн шийдвэрийн хариуцагч Э.Хд холбогдох хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Зээлийн гэрээ 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдан бөгөөд уг гэрээний дагуу 27,000,000 воныг бэлнээр авсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэлийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гаргасан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн анхан шатны шүүх хуралдаан болох хүртэл хариуцагч тал ямар нэгэн тайлбар өгч маргасан зүйлгүй, шүүх хуралдаанд оролцоогүй атлаа шүүх хуралдаан болсны дараа хариуцагч талын тайлбар гарч ирсэн ба хариуцагч талын тайлбар шүүх хуралдаан болохоос өмнө огт ирээгүй байсан.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан зүйл байхгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Х, З.Ч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 93,950,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3. Ц.М, Э.Х нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Ц.М нь 27,000,000 воныг 2 жилийн хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Э.Х зээлийг нэг сарын 1 хувийн хүүтэй буцаан төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Зээлийн гэрээний 1 дэх хэсэгт “Зээлдүүлэгч нь зээлдэгчид 27,000,000 воннын зээлийг олгохоор тохиролцов. Бэлнээр авсан” гэсэн тохиролцооны ард Э.Х гарын үсэг зуржээ. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал Э.Х нь зээлийн мөнгөн хөрөнгийг хүлээн авчээ.

Түүнээс гадна нэхэмжлэгч Ц.М нь Э.Хгийн төрсөн эх З.Чд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 22,000,000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 35,904,413 төгрөгийг тус тус шилжүүлсэн байх бөгөөд Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасны дагуу Ц.М зээлийн гэрээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн.

Мөн зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлсний дараа зээлийн гэрээг бичгээр байгуулсныг буруу гэж дүгнэхгүй болно.

Иймд Ц.М, Э.Х нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

4.1. Зээлийн гэрээний 3 дахь хэсэгт зааснаар зээлийн хүүг сарын 1 хувь гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт заасан хүү тогтоосон зээллийн гэрээг бичгээр хийх, мөн зүйлийн  282.1 дэх хэсэгт заасан талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоосон байх хуулийн шаардлагад нийцжээ.   

 

4.2. Нэхэмжлэгч Ц.М нь гэрээнд заасан 2 жилийн хугацаанд сарын 1 хувийн хүү тооцож нийт зээлийн хүүд 6,480,000 вонн /27,000,000*1 хувь*24 сар/ шаардах эрхтэй.

 

5.1. Хариуцагч Э.Х нь зээлийн үүрэгт 33,480,000 /27,000,000+6,480,000/ вонн төлөх үүрэгтэй байна. 

 

5.2. Тэрээр зээлийн үүрэгт 10,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгчийн дурдсан 1 вонн 2.5 төгрөгөөр тооцвол 4,000,000 воннын үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэж хасвал түүний зээлийн гэрээний үүргийг 29,480,000 вонн гэж тодорхойлно.      

 

 6. Зээлийн гэрээний 7-д зааснаар зээлдэгч алдангийг хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцож төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд нэхэмжлэгч Ц.М нь хариуцагч Э.Хгаас гэрээний хугацаа дууссан 2020 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс хойшхи хугацаанд шаардах эрхтэй ба уг хугацаанаас тоолбол алдангийн хэмжээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байхаар тогтоосон хэмжээнээс илүү гарч байна. 

Иймд хариуцагч Э.Хгийн гүйцэтгээгүй үүрэг болох 29,480,000 воннын 50 хувиар тооцоход алдангийн үүрэг 14,740,000 вонн болох боловч нэхэмжлэгч алдангид 20,250,000 төгрөг /8,100,000 вонн*2,5 төгрөг/-ийн хэмжээгээр тодорхойлсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр хэргийг шийдвэрлэнэ.

 

7. Иймд хариуцагч Э.Хгийн зээлийн гэрээний үүрэг 37,580,000 /29,480,000+8,100,000/ вонн буюу  Монголбанкнаас   2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр зарласан 1 вонн 2.7 төгрөгийн ханшаар тооцоход 101,466,000 төгрөгөөр тодорхойлогдож байх боловч нэхэмжлэгч ханшийг 1 вонн 2.5 төгрөгөөр тооцсон нэхэмжилсэн хэмжээнд буюу   93,950,000 төгрөгийг гаргуулаар анхан шатны шүүх  шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

Хариуцагч З.Ч нь зээлийн гэрээний тал гэх үндэслэлээр түүнээс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч Ц.М шаардах эрхгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтэд нэхэмжлэгч тал гомдол гаргаагүй.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл хариуцагч З.Ч нь нэхэмжлэгч Ц.Мтэй зээлийн гэрээ байгуулах хүсэл зориг илэрхийлэгдээгүй, тэрээр хамтран хариуцагч биш байх тул З.Чтай зээлийн гэрээ байгуулсан, уг гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг дүгнээгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй болно.  

 

8. Анхан шатны шүүхээс хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхбаярт 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны товыг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн “Шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай” баримтаар мэдэгдсэн.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

9. Дээрх үндэслэлээр хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2024/00093 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...232.1” гэснийг “232.6” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Х-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 627,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА