Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2024/00650

 

 

 

 

 

 

 

2024 04 01 210/МА2024/00650

ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00664 дугаар шийдвэртэй,

 

ТБ ХК-ийн нэхэмжлэлтэй,

Ц.Б, Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 50,074,487 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж, хариуцагч Б.Бгийн өмгөөлөгч Ю.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ТБ ХК нь Ц.Б, Б.Б нартай байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЗГ95/05/405 тоот Зээлийн гэрээ-ээр 15,000,000 төгрөгийн цалингийн зээл, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 89-05-391 дугаартай Зээлийн гэрээ-ээр 36 сарын хугацаатай нэг сарын 2,4 хувийн хүүтэй, 10,880,000 төгрөгийн зээлийг автомашин худалдан авах зориулалтаар тэдэнд олгосон.

1.2. Ц.Б, Б.Б нар Дорноговь аймаг, Замын-Үүд сум, 1 дүгээр баг, 9 дугаар хэсэг гудамж, гиб байр, 203 тоотод гэр бүлийн хамт шилжиж ирсэн байх үедээ хамтран гэр бүлийн хэрэглээнд зориулж цалингийн болон автомашин худалдан авах зээлийг тус тус авсан. Тус зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй, тохирсон хугацаандаа зээлийн төлбөрөө төлөлгүй өнөөдрийг хүрлээ.

1.3. Тэдгээр нь зээл авах үедээ Дорноговь аймаг, Замын үүд 1 дүгээр баг, ИХШХГ-н байр 1 тоот хаягаар бүртгэлтэй байсан боловч Засаг даргын 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 312 тоот тодорхойлолтоор уг бүртгэлтэй хаягтаа оршин суудаггүй нь тогтоогдсон.

Зээлдэгч нар нь Сэлэнгэ аймагт үндсэн хаягтай боловч оршин суугаа газраа байнга өөрчилдөг, зээл төлөх сонирхолгүй, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зээл эргэн төлөх хуваарийн дагуу биелүүлээгүй. Тэдгээрийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны 182/ШШ2023/02080 дугаартай шүүхийн шийдвэрээр эрэн сурвалжлуулж хаягийг тогтоосон.

1.4. 2023 оны 10 дугаар сарын 26-ны байдлаар Б.Бгийн зээлийн үндсэн зээлийн 2,369,896 төгрөг, нийт 28,026,787 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй. Ц.Бы зээлийн үндсэн зээл 6,911,513 төгрөг, хүү 13,019,156 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,117,033 төгрөг, нийт 22,047,701 төгрөг. 2 зээлийн нийт үлдэгдэл 50,074,487 төгрөгөөр банкийг хохироож байх тул Ц.Б, Б.Б нараас гаргуулж банкийг хохиролгүй болгуулж өгнө үү.

 

2. Хариуцагч Ц.Бы татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Ц.Б би ТБ ХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдуулан гаргасан 22,047,701 төгрөгийг төлөх болно.

 

3. Хариуцагч Б.Бгийн татгалзал, тайлбарын агуулга: ТБ ХК-ийн 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс хойш зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар надтай уулзаагүй, гэрээний үүрэгтэй холбоотой хүсэлт гаргаж өгч байгаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Бгээс 14,666,269 төгрөг, хариуцагч Ц.Баас 8,032,676 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Б.Бд холбогдох шаардлагаас 13,360,518 төгрөг, хариуцагч Ц.Бд холбогдох шаардлагаас 14,015,021 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ТБ ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 408,325 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 271,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх 27,375,539 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

5.1. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэж заасны дагуу банк илүү тооцоолж ямарваа нэгэн хүү нэхэмжлээгүй, зээлийн гэрээгээр харилцан тохирсон хүүгийн хэмжээнд шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Зээлийн үндсэн хүү маань уг зээлийг бүрэн төлж дуусах хүртэл, шаардах эрхээ ашиглах хүртэл бодогдохоор байна.

5.2. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй., мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно. гэж тус тус заасан.

5.3. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолын 2.4-т Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү ... төлөх үүрэгтэй гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжид үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж тайлбарласан байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг өөрчилж уг шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 27,375,539 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж ТБ ХК-д олгуулж өгнө үү.

 

6. Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1. Зээлийн гэрээний хугацаа 2017 онд дууссан. Үүнээс хойш ТБ ХК нь хариуцагч нарыг олж тогтоох ажиллагаа хийгээгүй, шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаагүй атлаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед хариуцагч нарыг олж бичиг хийлгэж авсан.

Банк хэдийд ч шаардах эрхээ хэрэгжүүлэн нэхэмжлэл гаргаж гэрээний үүрэгт зээлийг төлөх дарааллыг тогтоолгоно гэсэн нь иргэний эрх зүйн байдлыг дордуулж байна. Учир нь банк тухайн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үед нэхэмжилсэн бол хариуцагч нар зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүд их хэмжээний мөнгөний алдагдалд орохгүй байх байсан.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ТБ ХК нь хариуцагч Ц.Б, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 50,074,487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Б эс зөвшөөрч, хариуцагч Ц.Б өөрт холбогдох хэсгийг зөвшөөрч маргасан байна.

 

3.1. ТБ ХК нь Б.Б, Ц.Б нартай 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ95/05/406 дугаар Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, уг гэрээгээр ТБ ХК нь 15,000,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Б, Ц.Б нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

3.2. ТБ ХК нь Б.Б, Ц.Б нартай 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 89-05/391 дугаар Лизингийн зээл нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр ТБ ХК нь 10,880,000 төгрөгийг, 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй зээлдүүлэх, Б.Б, Ц.Б нар гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Шүүх тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр гэж зөв дүгнэсэн байна. Талууд гэрээндээ зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

3.3.ТБ ХК нь Ц.Б, Б.Б нарт гэрээгээр тохирсон мөнгөн хөрөнгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.

3.4. Ц.Б, Б.Б нар нь 2014 оны 08 дугаар сарын 14-ний өдөр ЗГ95/05/406 дугаар Барьцаат зээлийн гэрээ-ний үүргийг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш, 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 89-05/391 дугаар Лизингийн зээл гэрээний үүргийг 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нь гүйцэтгээгүй, гэрээнд заасан хугацаа хэтэрсэн байна.

 

4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа мөн хуулийн 79 дүгээр зүйлд зааснаар тасалдаагүй гэж буруу дүгнэснийг залруулах боломжтой.

4.1. Хариуцагч Б.Б 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр ТБ ХК-д гаргасан өргөдөлдөө Баасанжав овогой Бадамсүрэн би тус банкнаас 2014-8-14-нд авсан 15,000,000 төгрөг авснаас төлөөд үлдэгдэл 9,500,000 төгрөгийг төлөхийг татгалзах зүйл үгүй ... Ц.Бы зээлийг төлөхгүй болно. .. гэж, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр гаргасан өргөдөлдөө Миний бие Б.Б нь тус банкнаас авсан цалингийн зээлийг өөрөө хариуцаж, Ц.Бы автомашины зээлийг хариуцахгүй, тухайн хүн өөрөө орлоготой тэтгэврийн зээл авдаг. Иймээс өөрийн авсан зээлийг хариуцахыг хариуцна гэж, хариуцагч Ц.Б 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа Ц.Б миний бие Төрийн банк ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Надад холбогдуулан гаргасан 22,047,701 төгрөгийг төлөх болно гэжээ. Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээ хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан тул мөн хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацааг тасалдсан гэж дүгнэх юм.

 

5. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ. гэж заасан бөгөөд Ц.Б, Б.Б нар ТБ ХК-тай байгуулсан дээр дурдсан 2 зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.

Иймд тэдгээр нь дээр дурдсан 2 зээлийн гэрээний үүргийг хамтран хүлээх учиртай тул хариуцагч нараас Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 50,074,487 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

6. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2024/00664 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б, Б.Б нараас зээлийн гэрээний үүрэгт 50,074,487 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТБ ХК-д олгосугай. гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтад 271,455 төгрөг гэснийг 408,325 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ТБ ХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 294,830 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА

 

Э.ЗОЛЗАЯА