Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2024/00012

 

*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 135/ШШ2023/01648 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ТӨХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: " ТӨХК-ний Авто тээврийн албаны суудлын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, нэмэгдүүлсэн шаардлагадаа:

           Миний бие 2018 оны 08 сард "*******" ТӨХК-д суудлын машины жолоочоор ажилд орсон. Ингээд ******* УНЕ Ланд 200 маркийн машины жолоочоор томилогдон ажилласан. Уг машин нь тус компани Уул уурхай хариуцсан дэд захирлын үйлчилгээнд явдаг байсан. Ингээд 2022 оны 04 сард тус компани төрийн мэдэлд буцаж шилжсэнээр миний бие ******* УНЦ Ланд 200 маркийн машинаар тус компани үйлчилгээнд явах болсон. Ингэж байтал ажлын байр байхгүй болсон гэж үзэн надад ажлаас халах мэдэгдэл өгч 2022 оны 09 дүгээр сарын 14-нд ажлаас халсан боловч нөгөө миний ажлын байр буюу ******* УНЦ Ланд 200 маркийн жолоочоор шинээр хүн ажилд авсан байсан нь ажлын байр байхгүй болох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр буюу ажлаас халах тушаал гаргахын өмнөх өдөр миний бие ажлын байранд дээр байж байгаад нуруу татаж үйлдвэрийн эмчийн хамт диспечерийн машинаар нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн очсон. Ингээд гэртээ эмнэлэг дээрээс өвчин намдаах тариа хийлгэн хүргүүлсэн. Улмаар миний нуруунд суулт өгч явж чадахгүй болсон. Иймд намайг өвчтэй байхад ажлаас халсан нь хууль бус гэж үзэж байна.

Мөн хариуцагч нь тус ажлаас халах тушаалыг ******* надад танилцуулаагүй, албан тушаал цомхотгосон гэсэн үндэслэлээр ажлаас халсан хэдий ч ямар нэгэн хуулийн үндэслэл тайлбар байхгүй тушаал гаргасан. Надтай адил жолоочийн албан тушаалд ажилладаг 12 ажилтан байсан атал надад бусад жолооч нараас ялгамжтай хандаж ямар нэгэн үндэслэлгүйгээр намайг ажлаас халсан.

Иймд шүүхэд хандаж 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот тушаалыг хүчингүй болгож ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ:

Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр ТӨХК-наас ******* тоот тушаалын дагуу ажлаас халагдсан болно. Уг халагдсан тушаалыг үндэслэлгүй гэж үзэж шүүхэд нэхэмжлэл өгөх хугацаанд ******* миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас нэхэмжлэл гаргаж чадаагүй болно. Иймд уг хүндэтгэн үзэх шалтгааныг хүлээн авч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг минь хүлээн авна уу гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* тоот ажлаас халах тушаалыг хүчингүйд тооцож ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд:

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 123 дугаартай тогтоолоор "*******" ТӨХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг "*******" ХХК-иас буцаан шилжүүлсэн билээ. Үүнтэй холбогдуулан Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 195 дугаартай тогтоолоор "*******" ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталсан.

"*******" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Авто тээврийн алба, суудлын машины жолооч-13 гэснийг Авто тээврийн алба суудлын машины жолооч-8 гэж өөрчилсөн байна. Авто тээврийн албаны суудлын машины тоо цөөрсөн тул ******* УНЕ улсын дугаартай Ланд круйзер 200 маркийн авто машины жолооч *******д мэдэгдэл өгч 2022 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын байр хасагдсан тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан байна. Нэхэмжлэгч ******* нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1, 154.2, 154.2.2, 154.3, 154.10-т заасны дагуу нэхэмжлэгч ******* нь хөдөлмөрийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар гомдол хүсэлтээ гаргаагүй, урьдчилан хэлэлцэх журмыг баримтлаагүй гэж үзэж байна. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Тэгэхээр нэхэмжлэл гаргах үндэслэлгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1, 157.1-т заасны баримтлан нэхэмжлэгч *******ийн хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан тул нэхэмжлэгчийн хариуцагч т холбогдуулан гаргасан суудлын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэлх хугацаа цалинтай тэнцэх хэмжээний олговор буюу 19,649,730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161, 162 дугаар зүйлд заасныг баримтлан дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь хуульд заасан журмын дагуу үнэлж, дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан гэж үзсэн тул иргэний хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн. Нэгэнт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж эхэлсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох зорилгоор тодорхой хугацаанд тус хэрэг дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан байдаг.

Энэ нь шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэлийн үндэслэл, хариуцагчийн татгалзал дээр хууль хэрэглэж, нотлох баримтыг үнэлэх замаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэнэ гэсэн үг.

Гэтэл анхан шатны шүүх шүүх хуралдаанаараа хэлэлцүүлсэн атлаа шүүхийн шийдвэр дээрээ огт үндсэн нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл татгалзалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй. "... Шүүх гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээгүй тул нэхэмжлэгч *******ийн хариуцагч “” ТӨХК-нд холбогдуулан гаргасан хөдөлмөрийн маргааныг хянан хэлэлцэх үндэслэл байхгүй болно” хэмээн анхан шатны шүүх дүгнэлт хийсэн байх бөгөөд энэ нь иргэний хэрэг үүсгэсэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаа бус нэхэмжлэл гаргахдаа гаргасан хүсэлтийг шүүх шийдвэрлэх төдий шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдлын хариу тайлбартаа:

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ын давж заалдах журмаар гомдол гаргасныг хариуцагч тал хүлээн авч танилцаад бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.

            ...******* нь “*******” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 09 сарын 14-ний өдрийн ******* дугаартай тушаалыг 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан ба уг тушаалтай холбоотой гомдлын шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор шүүхэд гаргах байсан боловч шүүхэд 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдөр буюу 7 сар 26 хоногийн дараа гаргасан байна. ******* нь Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээг 2023 оны 09 сарын 13-ны өдөр яаралтай тусламжийн хуудас, 2022 олны 09 сарын 18-ны өдөр гэрийн үзлэгээр, 2022 оны 09 сарын 20-ны өдрөөс 2022 оны 10 сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд 5 удаа амбулаториор, эмнэлгийн магадлагаар 2022 оны 10 сарын 05-ны өдрөөс 2022 оны 10 сарын 11-ний өдөр хүртэл бариа хийлгэсэн баримт, Эмчийн үзлэгийн 2022 оны 09 сарын 19, 2022 оны 09 сарын 21-ний өдөр эмчийн тэмдэглэлд *******д 1 сарын хугацааны эмчилгээг бичиж өгсөн байна.

            Дээрх баримтаас үзэхэд ******* нь 2022 оны 09 сарын 13-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн байна. Хэрвээ хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл 2022 оны 12 дугаар сард шүүхэд нэхэмжлэл гаргах байсан байна.

Иймд нэхэмжлэгч *******ийн гаргасан "*******" ТӨХК-ний гүйцэтгэх захирлын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 2. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй байх бөгөөд шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

3.Нэхэмжлэгч ******* нь ТӨХК-д холбогдуулан авто тээврийн албаны суудлын машины жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор   буюу 19,649,730 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

4.Хариуцагч ТӨХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

5.Анхан шатны шүүх *******ийн ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалд гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* дээрх шийдвэрийг эс зөвшөөрч “шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан атлаа нотлох баримтыг үнэлэх замаар  үнэлэлт дүгнэлт өгч үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, харин нэхэмжлэл гаргахад хамт гаргасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэргээс судлан үзэхэд:

7. Нэхэмжлэгч ******* нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ХК-ийн ерөнхий захирлын 2018 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 1079 дугаар “Ажилд томилох тухай” тушаалаар авто тээврийн албаны суудлын машины жолоочоор томилогдож, Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай” тушаалаар “Авто тээврийн албаны суудлын машины жолоочийн ажлын байр хасагдсан” гэх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаасаа чөлөөлөгджээ. /хх-ийн 3, 58/

8.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 5 сарын 13-ны өдрийн 195 дугаар “ ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн батлах тухай”  тогтоол, ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 04 дүгээр “Орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” тогтоол, тус компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн ******* дугаар тушаалаар тус компанийн зохион байгуулалтын бүтэц,  нэгжүүдийн орон тоонд өөрчлөлт орж, “127.Авто тээврийн алба, суудлын автомашины жолооч-13” гэснийг “127. Авто тээврийн алба. Суудлын автомашины жолооч-8” гэж өөрчилсөн байна.  /хх-ийн 24-27/

9. Хариуцагч Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн зохион байгуулалтын бүтэц, нэгжүүдийн орон тоонд өөрчлөлт орж, суудлын автомашины жолоочийн орон тоо цөөрсөн шалтгааны улмаас Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч *******д 2022 оны 8 дугаар сарын 8-ны өдөр мэдэгдсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон, ажил олгогч Хөдөлмөрийн тухай  хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 80.4-т заасан үүргээ биелүүлсэн байна. 

10.Нэхэмжлэгч ******* нь тус компанийн захирлын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай тушаалыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардаж авсан байх ба тэрээр уг тушаалыг эс зөвшөөрч, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг, гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийн хамт шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гаргажээ. /хх-ийн 1-2, 4, 76/

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2-т “Дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ” гэж,

хуулийн 158.2.2-т “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж заасны дагуу нэхэмжлэгч ******* нь шүүхэд нэхэмжлэлээ гаргасныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гомдлын шаардлага гаргахаар хуульд зохицуулжээ.

Нэхэмжлэгч ******* нь Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай тушаалыг 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гардаж аваад гомдлын шаардлагыг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор гаргах байсан боловч ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу 7 сар 26 хоногийн дараа гаргасан байна.

Нэхэмжлэгч ******* нь энэ шалтгаанаа тогтоолгохоор гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх хүсэлтийг гаргасан байх бөгөөд хүсэлтийн  үндэслэлээ эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй, эрүүл мэнд сайжирч шүүхэд хандаж байна гэх тайлбарыг гаргаж, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн магадлагаа, үзлэгийн тэмдэглэл зэргийг шүүхэд ирүүлсэн байна. /хх-ийн 5-8/

Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 33 дугаартай “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолд “...хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь энэ зүйлд заасан хугацааны дотор гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байдлыг ойлгоно. Харин хууль мэдэхгүй явдал нь хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй...” гэж тайлбарласан.

Дээрх хуулийн тайлбараас үзвэл нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн шалтгаан нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй  байх бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

11. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасан хугацаанд ажилтан гомдлоо шүүхэд гаргасан эсэх, гаргаагүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэхэд шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтанд эрх зүйн дүгнэлт өгч шийдвэрлэнэ.

Тодруулбал, шүүх гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээх хүсэлтийг урьдчилан шийдвэрлэхгүй, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж байгаа нотлох баримтанд эрх зүйн дүгнэлт өгч ажилтан гомдлоо хуульд заасан хугацаанд гаргасан эсэх, гаргаагүй бол хүндэтгэн үзэх шалтгаан байгаа эсэх, хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тогтоогдвол гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, хэргийг хянан шийдвэрлэнэ.

Түүнчлэн анхан шатны шүүх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  талуудаас нотлох баримтыг гаргуулан авсан, мөн хуульд заасны дагуу ажиллагаа явуулсан зэрэг нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй тул энэ нь  шүүхийг  буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...нотлох баримтыг үнэлэх замаар  үнэлэлт дүгнэлт өгч үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлээгүй, харин нэхэмжлэл гаргахад хамт гаргасан хөөн хэлэлцэх хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 11-ний өдрийн 135/ШШ2023/01648 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.   

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ                                         

                                            ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА                                                    

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН