| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/1021/Э |
| Дугаар | 1042 |
| Огноо | 2018-12-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 1042
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Т.Нансалмаа,
шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө овогт Ц Хд холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ө овогт Ц Х, Монгол Улсын иргэн, 1981 оны 6 дугаар сарын 29-нд Төв аймгийн Лүн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Билэг ХХК”-нд мах боловсруулах үйлдвэрт чанагч ажилтай гэх, ам бүл 5, эхнэр, хүүхдийн хамт .... дүүргийн ... дугаар хороо, Б .... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:НО81062971/.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ц.Х нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт хамтран амьдарч байгаагүй ч гэсэн гэр бүлийн харилцаатай байсан Б.М-г “намайг гэртээ хонуулсангүй” гэх шалтгаанаар нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоор нь газар мөргүүлж эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, 2 талын эрүүний булан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Х мэдүүлэхдээ:
“Би М-гийн нөхрөөр дамжуулж түүнтэй танилцсан. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Мгийн нөхөртэй архи уугаад машиндаа хоносон. Өглөө нь машин асахгүй байхаар нь Мгийн нөхрийг дуудаад машинаа асаалгасан. Тэгтэл Мгийн нөхөр намайг манай эхнэр хүүхэд, эмээг нь Улаанбаатар хот руу машинаараа хүргээд өгөөч гэхээр нь тэднийг аваад явсан. М-гийн эмээг Н дахь гэрт нь аваачиж өгөөд буцаж явах замдаа Мд “чи намайг гэртээ хонуулчихгүй яав” гэж хэлэхэд дуугарахгүй байсан. Тэгээд М хүүхдээ тэврээд машинаас буусан. Би Мг очих газарт нь хүргэж өгөх гэтэл машинд суухгүй гээд буугаад явсан. Тэгэхээр нь би түүнийг машинд суугаач, явъя гээд бид хоёр хоорондоо маргалдсан. М-г машиндаа суулгах гэхэд тэр “намайг авраач” гээд орилоод байхаар нь “чи яагаад байгаа юм бэ, би явмаар байна, машинд суу” гэж хэлсэн. Тэгээд Мг машинд суухгүй байхаар нь гараараа түүний хацар руу алгадсан. Тэгтэл М зам дээрээс хар өнгийн машин зогсоогоод тэр машинд орж суугаад гарч ирэхгүй байхаар нь түүнийг татаж гаргаж ирээд “хүүхдээ ав, би явмаар байна” гэж хэлсэн. Тэгээд М хүүхдээ миний машинаас аваад нөгөө машиндаа суухаар нь би бас дахин татаж гаргаж ирсэн. Мг тэр машинд суугаад байхаар нь би орхиод явсан гэв.
Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Б.М-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 22-нд өгсөн:
“...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эмээ Д манай гэрт ирж хоносон юм. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эмээ гэр рүүгээ явна гээд би хүргэж өгөх гээд дээр нь хүүхдээ үзүүлэх гээд 11 цагийн үед хот руу явах гэж байтал манайд малаа тавьж байгаад аваад явчихсан Х хот орно гэхээр нь хамт түүний машинд суугаад явсан. Ингээд өдөр 13 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд байх гэрт нь эмээг хүргэж өгчихөөд эргээд Хы машинтай буцаад Тахилт руу явах зам дээр машинаа зогсоосон. “Хувцсаа тайл” гээд дайрахаар нь зүгээр байгаач гээд эсэргүүцэл үзүүлэхэд “нөхөрт чинь ямар байгааг чинь харуулна” гээд намайг алгадсан. Тэгээд би машины арын суудалд хүүхдээ үлдээгээд машинаас буугаад зугтаахад араас хөөж ирээд газар багалзуурдаж унагаасан. Тэр үед манай хүүхэд уйлахад “хүүхдээ ав” гээд машин руугаа чирээд машинаасаа хүүхдийг маань авч өгсөн. Тэгээд Х дахиад намайг цохих гэхээр нь би хүүхдээ тэврээд машиныг нь тойроод зугтаасан. Би хүүхдээ машины арын суудалд тавьчихаад зугтаах гэхэд дахиж хөөж ирээд газар унагаагаад духаар газар мөргүүлсэн. Тэгээд намайг машинд суулгах гэж зөндөө зууралдсан. Тэр үед хажууд ямар ч хүн байгаагүй учраас тусламж дуудаж болохгүй байсан. Тэгтэл жижиг хар өнгийн машин ирж байхаар нь би тэр машины урдуур орж зогсоогоод жолоочоос нь зуурахад Х дахиад миний хувцаснаас зуураад байсан. Тэгээд таксины жолооч ах цагдаа дуудах үед Х зугтаагаад явсан. Би тэр өдрөө хүүхдээ тэврээд цагдаад өргөдөл гаргасан. Х намайг ямар ч шалтгаангүйгээр зодсон. Намайг урьд нь цохиж, зодож байгаагүй. Тэр өдөр анх удаа намайг зодсон. Х намайг гараараа цохиж, алгадаж газар нүүрээр мөргүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8000 төгрөгийн зардал гарсан. Өөр эмчилгээний зардал гараагүй. Сэтгэл санааны хувьд маш их гомдолтой байна. Би сүүлийн нэг жилийн хугацаанд Б-г байхгүй хойгуур 10 орчим удаа Х-тай бэлгийн харьцаанд орж байсан. ...” гэх мэдүүлэг [1],
2.Гэрч И.Б-н хэрэг бүртгэлтэд 2018 оны 11 дүгээр сарын 20-нд өгсөн:
“...Би М-тэй гэр бүл болоод 15 жил болж байна. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай найз Х малд нийлүүлсэн байсан 10 тооны үхрээ машинд ачуулаад Төв аймгийн Лүн сум руу явуулсан. Тэгээд малаа ачиж явуулчихаад Х бид хоёр 21 цагийн үед 0,5 литрийн Ерөөл гэдэг шошготой архийг хувааж уусан. Х архи уусан байхдаа машинаа унаж гараад явж чадаагүй амьтны хүрээлэнгийн хажууд машин дотроо хоносон. Маргааш нь буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өглөө 09 цагийн үед Х над руу залгаад “машин асахгүй байна хүрээд ир” гэхээр нь амьтны хүрээлэнгийн хажууд яваад очтол машинаа асаачихсан байсан. Тэгээд хот явна гэхээр нь түүнийг манай эхнэр болон дүүгийн хүүхэд, эмээ гурвыг авч яваад хүргээд өгөөч гэхэд Х “тэгье” гэж хэлсэн. Ингээд эргэж манайх руу яваад Х өөрийнхөө машинд манай эхнэр, дүүгийн хүүхэд болон эмээ Д нарыг суулгаад 10 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. Би гэртээ үлдсэн. Тэгтэл үдийн алдад М над руу залгаад “Х намайг зодчихлоо” гэж хэлсэн. Тэгээд М Улаанбаатар хотод 7 хоночихоод гэртээ ирэхэд түүний зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад Х бид хоёрын хооронд бэлгийн харилцаанд орсон, дотно харилцаа үүсгэсэн асуудал байсан гэдгийг хэлсэн. ...” гэх мэдүүлэг [2],
3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийгдсэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12066 тоот дүгнэлтэд:
Хэсэг газрын үзлэгт: Зүүн дээд, доод зовхи хавдсан хөх ягаан өнгийн цус хуралттай, 2 талд эрүүний булан дор 2х1 см улаан өнгийн цус хуралттай.
ДҮГНЭЛТ:
1. Б.М-гийн биед тархи доргилт, зүүн дээд доод зовхи, 2 талын эрүүний булан дор цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтын тогтонгид нөлөөлөхгүй. /шинжээч эмч Б.Ариунзул/...” гэсэн дүгнэлт [3],
4. Ц.Х-ы мөрдөн байцаалтад 2018 оны 11 дүгээр сарын 12-нд яллагдагчаар өгсөн:
“...2017 оны 10 дугаар сард Баянтурууны давааны цаана байдаг Б гэх залуутай мал хайж яваад танилцсан. 2018 оны 4 дүгээр сарын тэднийх хаваржаандаа буусны дараа би тэдний гэрээр орж гардаг болсон. 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдөр М-гийн төрсөн өдөр болоод архи уусан. Тэр үед л М бид хоёр бие биедээ таалагдаад мессежээр харилцдаг болсон. 2018 оны 8 дугаар сараас эхлээд М бид хоёр түүний нөхрийг байхгүй хойгуур бэлгийн харилцаанд ордог дотно харилцаатай болсон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Б-н малд нийлүүлсэн 10 үхрээ авах гэж 9 цагийн үед тэднийд очсон. Манай үхрийг ачих машин оройтож ирээд 18 цагийн орчимд үхрээ ачаад Т аймгийн Л сум руу явуулсан. Тэгээд би Б-н гэрт үлдээд төрсөн өдөрт нь зориулж нэг шил архи аваад эхнэр, хүүхдэд нь чихэр, боов өгсөн. Ингээд Б бид хоёр миний авч очсон 0,5 литрийн Ерөөл гэсэн шошготой архийг ууж дуусаад дахиж нэг шил архи нэмж уугаад тэдний гэрт хонохоор болсон. Тэгээд шөнө дунд машинаа халаах гэж гараад согтуудаа машинаа хөдөлгөөнд амьтны хүрээлэнгийн орчим машин дотроо унтсан байсан. Өглөө босоход машины аккуммулятор суучихсан байхаар нь Б руу залгаад “машин асахгүй байна” гэж хэлсэн. Тэгтэл Б өөрийн портер маркийн машинтай ирж миний машиныг асааж өгсөн. Тэр үед Б ирээд “эхнэр хот орох гэж байна, дөхүүлээд өгөөч” гэж хэлсэн. Би машинаа асаачихаад эргээд Б-н гэрийн гадаа очоод М, түүний хүүхэд болон М-гийн эмээг суулгаад Улаанбаатар хот руу явсан. Ингээд замд явж байхад М “Н дээр буучихдаг юм уу” гээд л яг машинаас бууна гэж хэлээгүй. Тэгэхээр нь Улаан чулуутын хогийн цэгийн ойролцоо амьдардаг Ажаа гэх М-гийн эмээг гэрийнх нь гадна буулгаж өгчихөөд буцаад явсан. Тэр үед М машины арын суудалд хүүхэдтэйгээ хамт сууж явсан. Ингээд Улаанчулуутаас уруудаад явж байхдаа машинаа түр зогсоогоод М-д хандаад “чи согтуу байхад түлхүүр аваад хонуулчихгүй яасан юм бэ, намайг гудамжинд хонуулчихаад нөхөртэйгээ сайхан хоносон уу” гэж хэлсэн. Тэгтэл М юу ч хэлэлгүй хүүхдээ тэврээд машинаас буугаад явчихаар нь түүний араас очиж хүрэмнээс нь татаад “машинд суугаач” гэж хэлэхэд М гар утсаа гаргаж ирээд хүн рүү залгаад байхаар нь “чи машинд суугаадах, чамайг хүргэж өгчихөөд явмаар байна” гэж хэлээд хүрэмнийх нь зүүн гарын ханцуйны дотор талаас хүчтэй татаад машинд суулгах үед нүүрийг нь цохичихсон юм. Тэгээд М-г машинд суухгүй гээд байхаар нь гудамжинд хаячихаад явсан. Би Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Би М-г гараараа цохиж түүний нүүрэнд учирсан гэмтлүүдийг учруулсан. ...” гэх мэдүүлэг [4],
5. Ц.Х-ы иргэний үнэмлэхийн лавлагаа [5], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [6], Хы хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар [7] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд улсын яллагч гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Ц.Х-ыг хохирогч Б.М-тэй хамтран амьдраагүй ч гэр бүлийн харилцаатай байсан гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн харилцаатай хүмүүсийг хамаарал бүхий этгээд гэж тодорхойлсныг үндэслэн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэж зүйлчлэлийг тогтоосон. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь хохирогч, гэрч, шинжээчийн дүгнэлт, өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Х-ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Хэргийг үйл баримт, цугларсан нотлох баримтуудаас үзвэл шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.М-тэй 2018 оны 8 дугаар сард түүний нөхрөөр дамжуулан танилцсан байх ба улмаар шүүгдэгч Ц.Х, Б.М нь эр эмийн харилцаатай болсон байна.
2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.М-гийн гэрт түүний нөхөр И.Б-тай согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, улмаар тээврийн хэрэгсэлдээ хоносон талаар талууд мэдүүлэх ба, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ....... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэрт шүүгдэгч Ц.Х нь өөрийн тээврийн хэрэгслээр хохирогч Б.М-г Т-д байх гэрт нь хүргэж өгөхөөр явах замдаа “чи намайг гэртээ хонуулсангүй, намайг машинд хонуулаад чи нөхөртэйгээ сайхан хоносон уу, хувцсаа тайл, “нөхөрт чинь ямар байгааг чинь харуулна” гэж хэрүүл маргаан үүсгэж, хохирогчийн нүүрэн тус газар нь гараараа цохиж, толгойгоор нь газар мөргүүлэх зэргээр эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн дээд, доод зовхи, 2 талын эрүүний булан дор цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Б.М-гийн хэрэг бүртгэлтэд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эмээ гэр рүүгээ явна гээд би хүргэж өгөх гээд дээр нь хүүхдээ үзүүлэх гээд 11 цагийн үед хот руу явах гэж байтал манайд мал тавьж байгаад аваад явсан Х хот орно гэхээр нь хамт түүний машинд суугаад явсан. 13 цагийн орчим ......... дүүргийн 26 дугаар хороонд байх гэрт нь эмээг хүргэж өгчихөөд эргээд Х-ы машинтай буцаад Т руу явах замд машинаа зогсоогоод хувцсаа тайл гээд дайрахаар нь зүгээр байгаач гээд эсэргүүцэл үзүүлэхэд “нөхөрт чинь ямар байгааг чинь харуулна” гээд намайг алгадсан. ...машинаас нь буугаад зугтаахад араас хөөж ирээд газар багалзуурдаж унагаасан. ...Х дахиад намайг цохих гэхээр нь би хүүхдээ тэврээд машиныг нь тойроод зугтаасан. Би хүүхдээ машины арын суудалд тавьчихаад зугтаах гэхэд дахиж хөөж ирээд газар унагаагаад миний духаар газар мөргүүлсэн. Тэгээд намайг машинд суулгах гэж зөндөө зууралдсан... ...Х намайг гараараа цохиж, алгадаж газар нүүрээр мөргүүлсэн. ...Би сүүлийн нэг жилийн хугацаанд Бйг байхгүй хойгуур нь 10 орчим удаа Хтай бэлгийн харьцаанд орж байсан.....” гэх мэдүүлэг [8],
-гэрч И.Б-н хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр манай найз Х малд нийлүүлсэн байсан 10 тооны үхрээ машинд ачуулаад Т аймгийн Л сум руу явуулсан. Тэгээд малаа ачиж явуулчихаад Х бид хоёр 21 цагийн үед 0,5 литрийн Ерөөл гэдэг шошготой архийг хувааж уусан. Тэгээд Х архи уусан байхдаа машинаа унаж гараад явж чадаагүй амьтны хүрээлэнгийн хажууд машин дотроо хоносон. Маргааш өглөө нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өглөө ...Х өөрийнхөө машинд манай эхнэр, дүүгийн хүүхэд болон эмээ Д нарыг суулгаад 10 цагийн үед Улаанбаатар хот руу явсан. ...үдийн алдад М над руу залгаад “Х намайг зодчихлоо” гэж хэлсэн. ...М Улаанбаатар хотод 7 хоночихоод гэртээ ирэхэд түүний зүүн талын нүд нь хөхөрчихсөн байсан. Би түүнээс юу болсон талаар асуухад Х бид хоёрын хооронд бэлгийн харилцаанд орсон, дотно харилцаа үүсгэсэн асуудал байсан гэдгийг хэлсэн. ...” гэх мэдүүлэг [9],
- Ц.Х-ы мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн “...2018 оны 8 дугаар сараас эхлээд М бид хоёр түүний нөхрийг байхгүй хойгуур бэлгийн харилцаанд ордог дотно харилцаатай болсон. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр...Б бид Ерөөл гэсэн шошготой архийг ууж дуусаад дахиж нэг шил архи нэмж уугаад тэдний гэрт хонохоор болсон. Тэгээд шөнө дунд машинаа халаах гэж гараад согтуудаа машинаа хөдөлгөөнд амьтны хүрээлэнгийн орчим машин дотроо унтсан байсан. ...Маргааш нь ...Б-н гэрийн гадаа очоод М, түүний хүүхэд болон М-гийн эмээг суулгаад Улаанбаатар хот руу явсан. ...Ингээд Улаанчулуутаас уруудаад явж байхдаа машинаа түр зогсоогоод М-д хандаад “чи согтуу байхад түлхүүр аваад хонуулчихгүй яасан юм бэ, намайг гудамжинд хонуулчихаад нөхөртэйгээ сайхан хоносон уу” гэж хэлсэн. М юу ч хэлэлгүй хүүхдээ тэврээд машинаас буугаад явсан. .... түүний араас очиж ...чи машинд суугаадах, чамайг хүргэж өгчихөөд явмаар байна” гэж хэлээд хүрэмнийх нь зүүн гарын ханцуйны дотор талаас хүчтэй татаад машинд суулгах үед нүүрийг нь цохичихсон. ...Би М-г гараараа цохиж түүний нүүрэнд учирсан гэмтлүүдийг учруулсан. ...” гэх мэдүүлэг [10],
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед үзлэг хийсэн 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 12066 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Ц.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг дараах үндэслэлээр зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэв.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд; эсхүл тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү; хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан этгээдийг хамааруулан ойлгохоор хуульчилсан.
Гэр бүлийн тухай хуульд зааснаар гэр бүлийн харилцаатай хүмүүс гэдгийг гэрлэгчид, гэр бүлийн гишүүн нарыг хамааруулан ойлгоно.
Хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Ц.Х, хохирогч Б.М нар нь гэрлэлтээ батлуулсан гэрлэгчид, гэр бүлийн гишүүн, мөн хамтран амьдрагч нарын алинд ч хамаарахгүй, нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй байх бөгөөд тэд тус тусдаа гэр бүлтэй боловч хоорондоо эр эмийн харилцаатай хүмүүс байна. Иймд эр эмийн харилцаатай хүмүүсийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд хамааруулан үзэхгүй.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.М-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул тус зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Ц.Х нь хохирогч Б.М-гийн бие махбодид хөнгөн хохирол учруулсан байх боловч хохирогч Б.М нь тус хэрэгт гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтыг ирүүлээгүй, “шүүх хуралд оролцохгүй” гэсэн байх тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол хор уршгийн зардлаа нотлох баримтаар бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Ц.Х-ы ажил эрхэлдэг талаар баримт хэрэгт авагдаагүй учраас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хор уршиг хохирол, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Ц.Х нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй.
Шүүхээс шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн тул тус зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ц.Х нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Ц.Х-ы гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, гэмт хэргийн улмаас учруулсан хор уршиг болон түүний хувийн байдал зэргийг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын буюу 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
4. Бусад асуудлаар:
Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц Х д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Ө овогт Ц Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Х-д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь тус гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[3] Хавтаст хэргийн 21-22 дугаар тал.
[4] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 36 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 34 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 39-40 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 9-10 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.