Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2024/00689

 

 

 

 

 

    2024         04            05                                       210/МА2024/00689

 

Н.Чын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00142 дугаар шийдвэртэй,

 

Н.Чын нэхэмжлэлтэй,

НШШГГт холбогдох,

 

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ө, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 779 дүгээр захирамжаар МФ ХХК-иас 548,318,960 төгрөгийг гаргуулж КБ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн.

1.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар Н.Чын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, ХУД 01-р хороо............хаягт байрлах, 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоолгохоор 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинжээч томилж, 518,940,000 төгрөгөөр үнэлсэн. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь дээрх үл хөдлөх эд хөрөнгө 850,000,000 төгрөгөөр өнөөгийн зах зээл дээр худалдан борлогдож, 1 м.кв нь 5,000,000-6,000,000 төгрөг байна.

1.3. Үнэгүй.мн, барилга.мн, сайтын зар, мэдээлэл, Үндэсний статистикийн хорооны 2023 оны орон сууцны зах зээлийн үнэ ханшны өсөлтийн үзүүлэлт зэргээс ажиглалтын аргын дагуу судалгаа хийж үзэхэд орон сууц, хашаа байшин, газар болон үл хөдлөх эд хөрөнгийн үнэ өмнөх онуудаас 72 хувиар өссөн болох нь тогтоогдож байна.

Иймд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Чын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, *************** тоот хаягт байрлах, 139.5 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дугаар захирамжаар МФ ХХК-иас 549,803,832 төгрөгийг гаргуулж КБ ХХК -д олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Чын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, ***********************тоотод байршилтай, 139.5 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлж барагдуулаагүй.

2.2. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Н.Чын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн хурааж, үнийн санал ирүүлэх талаар төлбөр төлөгч МФ ХХК, өмчлөгч Н.Ч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт мэдэгдсэний дагуу үнийн саналаа бичгээр ирүүлсэн.

Төлбөр төлөгч МФ ХХК үнийн саналаа бичгээр ирүүлэх тухай шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй, төлбөр авагч КБ ХХК -иас хураагдсан барьцаа хөрөнгөнд шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасны дагуу “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг үнэлгээчнээр томилж, зах зээлийн үнэлгээг тогтоолгоход 518,940,000 төгрөгөөр үнэлсэн.

Уг үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан. Төлбөр төлөгч шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилготой тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд КБ ХХК -ийн   тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргаж байгаа гомдол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 157 дугаар зүйлийн 157.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 159 дүгээр зүйлийн 159.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч өөрөө гомдлын үндэслэл, шаардлагаа нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл ямар үндэслэлээр зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаагаа нотлоогүй. Иймд гомдлын шаардлага нотлох баримтын хүрээнд нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан НШШГГт холбогдох, Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-д 2024 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, хариуцагч, гуравдагч этгээд нарын хүсэлтээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б надад шүүх хурлын товыг мэдэгдээгүй, шүүхийн мэдэгдэх хуудсыг хаягаар хүргүүлээгүй байж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу харилцаа холбоо болон шуудан холбоогоор шүүх хуралдааны товыг мэдэгдсэнг шүүх хуралдааны товыг хүргэсэнд тооцогдоно гэж заасан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаан нэг удаа хойшилж байсан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасны дагуу шүүх хуралдааны товыг утсаар мэдэгдсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт талууд шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй гэж заасан. Гэвч нэхэмжлэгч өөрийн үүргийг биелүүлээгүй байж шүүхийг шүүх хуралдааны тов мэдэгдээгүй гэж давж заалдах гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Н.Ч хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2020/00779 дүгээр захирамжаар МФ ХХК 548,318,960 төгрөгийг харилцан тохиролцсон хугацаанд КБ ХХК -д төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд Н.Чын өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-22****** дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, ***************** тоотод байрлах, 139.5 мкв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг захирамжийг төлбөр төлөгч сайн дураар биелүүлээгүйгээс 2020 оны 08 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

4.  Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр үүсгэсэн, үл хөдлөх эд хөрөнгийг 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 20280850-03 тоот тогтоолоор битүүмжилж, 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 20280850/12 тоот тогтоолоор хураасан талаар талууд маргаагүй.

5. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудыг харилцан тохиролцох ажиллагаа явуулахад тэдгээр нь тохироцоогүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллага нь үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ. 

6. Шинжээчийн тогтоосон үнэлгээ хуульд нийцсэн талаарх шүүхийн дүгнэлт болон шүүхийн шийдлийн талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй.

7. НШШГГ-т холбогдох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай Н.Чын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөв гэж дүгнэнэ. 

 

8.  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн холбогдох давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

8.1. Нэхэмжлэгч Н.Ч хариуцагч НШШГГ-т холбогдох нэхэмжлэлийг шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 181/ШЗ2023/17768 дугаар захирамжаар уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэжээ.

8.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШЗ2024/00171 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “шүүх хуралдаан давхцсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах” тухай хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Уг шүүх хуралдааны товыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баясгаланд 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр утсаар мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “Зохигч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэг хүлээнэ.” гэж заасны дагуу нэхэмжлэгч тал шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй, уг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

 

9. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШШ2024/00142 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

                                         ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Э.ЗОЛЗАЯА