Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 1025

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Алтантуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,

улсын яллагч Т.Отгонтөгс,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч С.Чулуунбаатар /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0009/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б.Э-д холбогдох эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Г овгийн Б.Э , Монгол Улсын иргэн, 1971 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа ажил эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 7-14 насны 3 хүүхдийн хамт ........ дүүргийн ......дугаар хороо, .............. дугаар гудамжны ...... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:................/.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ........... дүүргийн ............ дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан “..............” дээд сургуулийн эзэмшлийн 40 тонны 1 ширхэг контейнерыг машин механизм ашиглаж хулгайлж бусдад 3.000.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                     

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э-гаас: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж гаргах мэдүүлэг байхгүй гэв.

 

Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:

 

1. Хохирогч “.....” дээд сургуулийн төлөөлөгч Т.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 25-нд өгсөн:

“...Би Хүрээ дээд сургуульд 2009 оноос эхлэн одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. Манай сургууль ......... дүүргийн ....... дугаар хорооны нутагт, Т-ын аманд 2004 онд 300 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2015 онд гүний худаг гаргаж аж ахуйн зориулалтаар 2 контейнер байршуулсан. Тэгсэн 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө миний утас руу манай сургуулийн газрын ойролцоо байдаг оршин суугч утасдаад “танайх газар дээрээ байсан контейнерээ өөр тийш нь шилжүүлсэн үү, өчигдөр 2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед крантай ачих машинтай хүмүүс ирээд ачаад аваад явлаа” гэж мэдэгдсэний дагуу очиж уулзсан. Тэгэхэд бичлэг хийсэн байсан ба тэр бичлэгийг нь хуулбарлаж авсан. Манай сургууль ямар нэгэн байдлаар контейнер зөөж тээвэрлээгүй. Бид нарын зөвшөөрөлгүй авсан учраас өргөдөл гаргаж цагдаад хандаж байна. Улбар шар өнгийн 40 тонны багтаамжтай төмөр контейнер 3,200,000 төгрөгөөр 2015 онд худалдаж авсан. 1,300,000 төгрөгөөр тээвэрлэж байрлуулсан. Хүрэн өнгийн 40 тонны багтаамжтай төмөр контейнер 3,200,000 төгрөгөөр худалдаж авсан 1,300,000 төгрөгөөр тээвэрлэж байрлуулсан. 2 контейнер хоосон байсан. Манай сургуулийн тахилтад байдаг газарт ямар нэгэн харуул манаа байхгүй. Ойролцоох айлд харж байгаарай гээд захиж үлдээсэн байсан. Тогтмол хугацаанд газраа эргэдэг. Хамгийн сүүлд 2018 оны 02 дугаар сарын дундуур ерөнхий захирал өөрөө шалгасан. Тухайн үед бүрэн бүтэн байсан гэсэн. Улбар шар өнгийн контейнерыг өчигдөр ачиж байгаа бичлэгээс харахад 22-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан байсан. Кран болохоор 76-67 УНҮ улсын дугаартай шар өнгийн орос кран байсан. Алдсан зүйлээ нэхэмжлэх болно. ...” гэх мэдүүлэг[1] ,

“...Дараа нь ажлынхаа хүмүүсээс хоёр контейнерын тухай асуухад нэг контейнерыг манай ажлаас 2018 оны 6 дугаар сард авсан байсан. Тухайн үед би ээлжийн амралттай байсан учраас мэдээгүй. Тэгээд хоёр контейнер гэж тэмдэглүүлсэн байсан. Манай алдсан контейнер нь улаан хүрэн өнгийн 40 тонн багтаамжтай зүүн талын хэсэг нь хонхойсон дээд хэсэг нь нөхөөстэй контейнер байсан...” гэх мэдүүлэг [2] ,

 

2. Гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 12-нд өгсөн:

“... 2018 оны 4 дүгээр сарын эхээр Монос зогсоол дээр зогсож байхад нэг танихгүй залуу ирээд “Т-аас контейнер ачаад 22-ын товчооны наана “Н” дэлгүүрийн урд буулгана” гэхээр нь ажлын хөлсийг 150.000 төгрөгөөр тохирч очиж ачсан. Тухайн үед надтай кран цуг авч явсан. Би краны жолоочийг сайн танихгүй нэрийг нь мэдэхгүй. Тэгээд Т-д 17 цагийн үед очиход айлуудын хамгийн хойд талд хашаагүй хоосон газарт хүрэн улаан өнгийн 40 тонны хоосон контейнер байхаар нь ачаад “Н” дэлгүүрийн засмал замын урд зам дагуу 18 цаг өнгөрч байхад буулгасан. Тухайн үед ачаа ачуулсан залуу өөрийгөө Э гэж байсан, худалдаж авсан гэж байсан. Тэр өдөр 1 контейнер ачсан. Биднийг очиход нэг л контейнер байсан. Өөр контейнер байгаагүй.  Би тухайн контейнерыг хулгайн эд зүйл гэж мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [3],

 

3.Гэрч Э.Ү-ын мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн:

22-73 УНҮ улсын дугаартай ачааны машины миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сард танихгүй хүнээс 11,500,000 төгрөгөөр чирэгч толгойг нь худалдаж авсан. Түүнээс хойш манай аав Э хөлсөөр хүний ачаа бараа тээвэрлэж өгдөг. 22-73 УНҮ машин миний эзэмшлийн машин байгаа юм. ...” гэх мэдүүлэг [4] ,

4.Гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 07-нд өгсөн:

“76-67 УНҮ улсын дугаартай кран бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Уг тээврийн хэрэгслийг миний санаж байгаагаар 2012 онд хүнээс худалдаж авсан. Би хөлсөөр хүний ачаа бараа зөөдөг. Моносын уулзвар дээр зогсож хөлсний ажилд гардаг. Би Э гэдэг хүнийг танихгүй. 2018 оны 4 дүгээр сард нэг танихгүй залуу ирээд Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтаас 40 тонны хүрэн өнгийн контейнер ачуулж 22 товчооны тэнд буулгасан. Тухайн үед ажлын хөлсийг 150,000-200,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үед бас нэг ачааны машин хамт авч явсан. Надад хэлэхдээ худалдаж авсан гэж байсан. Хулгай хийж байна гэж мэдээгүй. ...” гэх мэдүүлэг [5] ,

 

5. Б.Э-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар өгсөн:

“...Тухайн хэрэг болохоос 7 хоногийн өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын сүүлээр би Тахилтын тэр хавиар явж байгаад хашаагүй задгай газарт 40 тонны улаан хүрэн өнгийн контейнер байсныг анх харсан. 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Монос”-ын зогсоол буюу .........дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрээс ачааны том машиныг 150.000 төгрөгөөр хөлслөөд тухайн контейнер байгаа газар руу явсан. Явж байх замд кран таарсныг нь 120.000 төгрөгөөр хөлслөөд авч явсан. Тэгээр тэр контейнерыг ачиж аваад ...-ын товчоо явах замд байх “Н” супермаркетын цаана “М” шатахуун түгээх станцын хажуухан талд тавьсан. Тэгж байтал 2-3 хоногийн дараа цагдаагийн газраас намайг дуудаад контейнер хулгайлсан гэдэг асуудал болсон. Би хувиараа гагнуур хийдэг. Тухайн контейнерыг ажлын байр хийх зорилгоор авсан. Би тэр контейнерыг эзэнтэй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ хаалга үүд нь онгорхой эзгүй байхаар нь авчихсан. Би хөлсөлж явсан жолоочдоо өөрийн юмаа авах гэж байна гэж хэлсэн. Жолоочид ямар нэгэн буруу байхгүй, зогсоол дээр зогсож байхад нь тэндээс контейнер авчрах хэрэгтэй байна, хэдээр явах вэ гээд үнэ хөлсөө тохироод явсан. Миний контейнер авсан газарт 1 контейнер байсан. ...” гэх мэдүүлэг [6],

 

6. 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “... цагаан өнгийн isuzu гэсэн бичиглэлтэй улсын дугаар нь 22-73 гэж харагдах, үсэг нь тодорхой харагдахгүй ачааны тээврийн хэрэгсэл улаан өнгийн контейнер ачсан, чиргүүл нь цэнхэр өнгийн улсын дугаар нь 78-71 ГЧ гэж харагдаж байв. Түүний араас 7667 гэсэн үсэг нь тодорхой харагдахгүй улсын дугаартай цэнхэр өнгийн толгойтой шар өнгийн өргөгч машин явж байх бөгөөд шар өнгийн өргөгч дээр КС3575А гэсэн хар өнгийн бичиглэлтэй ...” гэсэн тэмдэглэл , буулгасан гэрэл зураг[7],

 

7. 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр контейнер тээвэрлэж яваа бүхий бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол [8],

 

8. “Х” мэдээлэл, холбооны технологийн дээд сургуулийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Т.Н-г эрүүгийн хэрэгт төлөөлөгчөөр оролцуулах тухай итгэмжлэл [9],  2018 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 40 тонны багтаамжтай хүрэн улаан өнгийн контейнерыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зураг [10], 40 тонн контейнерын үнэлгээг тогтоосон “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан [11],

9. 7667 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн KC3575 загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Б.Г, 2273 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai 15 ton загварын тээврийн хэрэгслийн эзэмшигч нь Э-ын Ү болох тухай тус тус лавлагаа [12],

 

10. Шүүгдэгч Б.Э-гийн хувийн байдлын талаарх баримтууд буюу түүний иргэний үнэмлэхийн лавлагаа [13], оршин суугаа хаягийн тодорхойлолт [14], урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [15], гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа[16], Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын ирүүлсэн Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүн нарангийн 10 дугаар гудамжны 11 тоотод Б.Э нь өмчлөгчөөр бүртгэлтэй тухай лавлагаа [17], мөн түүний нэр дээр 5317 УБП, 5315 УБП улсын дугаартай тус тус тээврийн хэрэгсэл бүртгэлтэй тухай Авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [18] зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Э нь хохирогчийн 3.000.000 төгрөгийн үнэ бүхий 40 тонны контейнерыг машин механизм хэрэглэж хулгайлсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, бусад нотлох баримтаар нотлогдож байгаа тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатар нь шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй, зөвшөөрч байгаа гэдгээ  өөрөө илэрхийлсэн. Гэхдээ тээврийн хэрэгслийг Б.Э өөрөө жолоодож яваагүй, хоёр хүний тээврийн хэрэгсэл хөлсөлсөн, мөн машин түүний эзэмшлийнх биш учраас машин механизм ашигласан уу гэдэгт эргэлзээ төрж байна. Энэ нь шүүгдэгчийн эрх зүйн байдалтай хамааралтай байх тул шүүх анхаарч үзнэ үү гэж мэтгэлцсэн.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.

Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.Э-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Б.Э нь хувиараа гагнуурын ажил эрхэлдэг байсан байх ба,  Т-д задгай хашаанд 40 тонны контейнер байхыг харж, улмаар өөрийн ажлын байр болгох зорилгоор 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр .......... дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрт байсан “..........” дээд сургуулийн эзэмшлийн 40 тонны 1 ширхэг 3.000.000 төгрөгийн үнэ бүхий контейнерыг 7667 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн KC3575 загварын болон  2273 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai 15 ton загварын машин механизм ашиглаж хулгайлан 3.000.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан  болох нь: 

-Хохирогч “......” дээд сургуулийн төлөөлөгч Т.Нямаасүрэнгийн өгсөн: “...Манай сургууль ............. дүүргийн ....... дугаар хорооны нутаг Т-ын аманд 2004 онд 300 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. 2015 онд ...аж ахуйн зориулалтаар 2 контейнер байршуулсан. 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өглөө миний утас руу манай сургуулийн газрын ойролцоо байдаг оршин суугч утасдаад “танайх газар дээрээ байсан контейнерээ өөр тийш нь шилжүүлсэн үү, 2018 оны 4 дүгээр сарын 02-ны орой 17 цагийн үед крантай ачих машинтай хүмүүс ирээд ачаад аваад явлаа” гэж мэдэгдсэн. ...бичлэг хийсэн байсан, тэр бичлэгийг нь хуулбарлаж авсан. ...Улбар шар өнгийн контейнерыг өчигдөр ачиж байгаа бичлэгээс харахад 22-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан байсан. Кран болохоор 76-67 УНҮ улсын дугаартай шар өнгийн орос кран байсан. ...Улбар шар өнгийн 40 тонн багтаамжтай төмөр контейнер 3,200,000 төгрөгөөр 2015 онд худалдаж авсан....” гэх мэдүүлэг[19] ,

- гэрч Д.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2018 оны 4 дүгээр сарын эхээр М  зогсоол дээр зогсож байхад нэг танихгүй залуу ирээд “Т-аас контейнер ачаад 22-ын товчооны наана Н дэлгүүрийн урд буулгана” гэхээр нь ажлын хөлсийг 150.000 төгрөгөөр тохирч очиж ачсан. ..Тахилтад 17 цагийн үед очиход айлуудын хамгийн хойд талд хашаагүй хоосон газарт хүрэн улаан өнгийн 40 тонны хоосон контейнер байхаар нь ачаад Н дэлгүүрийн засмал замын урд зам дагуу 18 цаг өнгөрч байхад буулгасан. Тухайн үед ачаа ачуулсан залуу өөрийгөө Э гэж байсан ...Тэр өдөр 1 контейнер ачсан. Биднийг очиход нэг л контейнер байсан....” гэх мэдүүлэг [20],

-гэрч Б.Г-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...76-67 УНҮ улсын дугаартай кран бол миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. ...Би хөлсөөр хүний ачаа бараа зөөдөг. ...2018 оны 4 дүгээр сард нэг танихгүй залуу ирээд ........ дүүргийн ........ дугаар хороо, Т-аас 40 тонны хүрэн өнгийн контейнер ачуулж 22-ын товчооны тэнд буулгасан. Тухайн үед бас нэг ачааны машин хамт авч явсан. ...” гэх мэдүүлэг [21] ,

 

- Б.Э-гийн яллагдагчаар өгсөн: “...Тухайн хэрэг болохоос 7 хоногийн өмнө буюу 2017 оны 3 дугаар сарын сүүлээр би Т-ын тэр хавиар явж байгаад хашаагүй задгай газарт 40 тонны улаан хүрэн өнгийн контейнер байсныг анх харсан. 2017 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “М ”-ын зогсоол буюу ....... дүүргийн ....... дугаар хорооны нутаг дэвсгэрээс ачааны том машиныг 150.000 төгрөгөөр хөлслөөд тухайн контейнер байгаа газар руу явсан. Явж байх замд кран таарсныг нь 120.000 төгрөгөөр хөлслөөд авч явсан. Тэр контейнерыг ачиж аваад ...-ын товчоо явах замд байх Н супермаркетын цаана М  шатахуун түгээх станцын хажуухан талд тавьсан. ...Тухайн контейнерыг ажлын байр хийх зорилгоор авсан. Би тэр контейнерыг эзэнтэй гэдгийг мэдэж байсан. Гэхдээ хаалга үүд нь онгорхой эзгүй байхаар нь авчихсан. ...” гэх мэдүүлэг [22],

- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт [23], тус бичлэгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол [24] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Б.Э нь 40 тоннын контейнерыг өөрийн биеэр авч явах, зөөвөрлөх боломжгүй байх бөгөөд тухайн эд хөрөнгийг машин механизмын тусламжтайгаар өөрийн зорьсон газарт хүргэж байрлуулсан байна. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг хулгайлахдаа биеэр авч явж чадахгүй хөрөнгө гэдгийг мэдэж, улмаар урьдчилан бэлдэж хөлсөөр тээвэрлэлт хийдэг иргэнд хандаж, машин механизмыг нь ашиглаж хулгайн эд хөрөнгөө зөөж тээвэрлэсэн байна.

Нөгөө талаас хуульд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан машин механизм нь зайлшгүй шүүгдэгчийн өөрийн хөрөнгө байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч Б.Э-г машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх ба шүүгдэгч нь амар хялбар аргаар хөрөнгөтэй болох гэсэн шунахай сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр үйлдсэн байна.

Шүүгдэгч Б.Э-гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэгт буюу дээрх зүйл хэсэгт  зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

 

Тус хэрэгт 40 тонны хуучин 1 ширхэг контейнерын үнийг 3.000.000 төгрөгөөр тогтоосон байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э нь хулгайлсан 1 ширхэг контейнерыг буцааж хохирогчийн эзэмшлийн газарт хүргэж байрлуулсан буюу хохирлыг арилгасан байх тул түүнийг энэ тогтоолоор хохирогч байгууллагад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Э нь хохирогчид учирсан хор уршиг буюу чингэлгийг буцаан хүлээлгэн өгсөн байдал, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлоо арилгаж, эд зүйлийг байрлуулах ажиллагаанд 500,000 төгрөг гаргаж, ямар аргаар авсан тэр аргаараа буцааж байрлуулсан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсний илэрхийлэл гэж үзэж байна. Түүний хувийн байдлын хувьд эхнэр нь бага ангийн багш ажилтай, бага насны 2 хүүхэдтэй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар ял шийтгэлгүй байх ба, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирол, хор уршгийг арилгасан зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх...” талаар заасан ба тус зүйлийг хэрэглэх эсэхийг шүүх шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд дээрх зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулж хэрэглэж болно гэж заасан.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.Э-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгасан зэргийг харгалзан түүнд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэж, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

4. Бусад асуудлаар.

Тус хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн CD-нд буулгасан хэргийн үйл явдлын талаарх бичлэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл... тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан.

Шүүгдэгч Б.Э-гийн ашигласан 7667 УНҮ улсын дугаартай цэнхэр өнгийн KC3575 загварын автомашин нь иргэн Б.Г-ийн, 2273 УНӨ улсын дугаартай цагаан өнгийн Hyundai 15 ton загварын автомашин нь иргэн Э.Ү-ын эзэмшилд бүртгэлтэй, тэдний өмч болох нь тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрч Э.Ү , Д.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн ашигласан машин механизм нь түүний өмчлөлийн эд хөрөнгө биш байх бөгөөд дээрх тээврийн хэрэгслийн жолооч нар нь хөлсөөр ажиллах хэлцэл хийж, машинаараа контейнерыг зөөж тээвэрлэсэн, нөгөө талаас шүүгдэгч Б.Э нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байсныг мэдээгүй, энэ хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг хураах, үнийг гаргуулах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г овогт Б.Э-г хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Эг 1 жил (нэг) 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 1 жил (нэг) 1 (нэг) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч “Х” дээд сургуульд төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсаргаж үлдээсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, түүний эдлэх ялыг 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.АЛТАНТУЯА

 


[1] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[2] Хавтаст хэргийн 22 дугаар тал.

[3] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[4] Хавтаст хэргийн 84 дүгээр тал.

[5] Хавтаст хэргийн 85 дугаар тал.

[6] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[7] Хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[8] Хавтаст хэргийн 16 дугаар тал.

[9] Хавтаст хэргийн 82-83, 11 дүгээр тал.

[10]Хавтаст хэгийн 12 дугаар тал.

[11]Хавтаст хэргийн 36 дугаар тал.

[12] Хавтаст хэргийн 88, 92 дугаар тал.

[13] Хавтаст хэргийн 58 дугаар тал.

[14] Хавтаст хэргийн 59 дүгээр тал.

[15] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.

[16] Хавтаст хэргийн 60 дугаар тал.

[17] Хавтаст хэргийн 61 дүгээр тал.

[18] Хавтаст хэргийн 63 дугаар тал.

[19] Хавтаст хэргийн 19-20 дугаар тал.

[20] Хавтаст хэргийн 24-25 дугаар тал.

[21] Хавтаст хэргийн 85 дугаар тал.

[22] Хавтаст хэргийн 50 дугаар тал.

[23] Хавтаст хэргийн 95-96 дугаар тал.

[24] Хавтаст хэргийн 16 дугаар тал.