Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 210/МА2024/00730

 

 

 

 

 

                 

  2024         04            10                                              210/МА2024/00730

 

Х.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00568 дугаар шийдвэртэй,

 

Х.Бгийн нэхэмжлэлтэй,

ННҮГ-т холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Х.Б 2018 онд ННҮГ-т тооцооны нягтлан бодогч, 2020 оноос Нийслэлийн Байгаль орчны газар хариуцсан ахлах нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Б/222 дугаартай тушаалаар “Хяналт шалгалтаар "хязгаарлалттай дүгнэлт" авч их хэмжээний алдаа, зөрчил гарган, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан” гэж ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн.

Иймд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Х.Б нь ННҮГ-ын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар Нийслэлийн Байгаль орчны газар хариуцсан ахлах нягтлан бодогчоор томилогдон ажиллаж байсан. Түүнд газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан нийт ажилтанд зарлах хэлбэрээр “нээлттэй сануулах" сахилгын шийтгэлийг оногдуулсан.

2.2. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 05/6592 дугаар албан бичгээр “Х.Б нь хариуцан ажиллаж буй байгууллагынхаа албан хаагчдын 2022 оны эхний хагас жилийн үр дүнгийн урамшууллыг давхар бодож олгосон, ажилчдын цалингаас суутгал хийх замаар алдаагаа залруулж нягтлан бодох бүртгэлийн зарчмыг алдагдуулсан тухай албан хаагчдаас гомдол ирсэн тул холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож хариуг албан бичгээр хүргүүлнэ үү” гэсэн мэдэгдлийг ирүүлсэн тул Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагын зүгээс Х.Бд дахин алдаа дутагдал гаргахгүй байж, ажлаа мэргэжлийн түвшинд өндөр хариуцлагатай хийх талаар хатуу анхааруулж, сануулсан.

2.3. 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэл дэх Төрийн аудитын газрын 261 дугаар албан бичгээр Байгаль орчны газрын 2022 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 10,888,360 төгрөгийг залруулаагүй алдаа, зөрчил илэрч хязгаарлалттай дүгнэлт гарсан. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/222 дугаар тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгосон.

 2.4. Х.Бгийн эхний зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэлийн хугацаа 1 жилээс хэтрээгүй бөгөөд давтан гаргасан зөрчил нь хөдөлмөрийн дотоод журамд заасан  ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болж байгаа. Иймд Х.Бг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7, 110 дугаар зүйлийн 110.3 дахь хэсэгт заасныг баримтлан Х.Б-гийн Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газарт холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон ээлжийн амралтын олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөгийг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

4.1. Шүүхээс намайг мэргэжлийн ур чадваргүй улмаас зөрчлөө давтан гаргасан учраас ажил олгогч нь ажлаас халсан нь зөв гэж дүгнэжээ.

Харин намайг өвчтэй байх үед ажлаас халсан, мэргэжлийн ур чадвараас бус, хоёр байгууллагын удирдлага, зохион байгуулалт, удирдлагуудын хоорондын таагүй харилцаанаас болж халсан гэж үзэж байгаа. Ажил олгогч намайг ажлаас халахдаа “Аудитын дүгнэлтээр улсад их хэмжээний хохирол учруулсан, хязгаарлалттай дүгнэлт авсан” гэх үндэслэлийг баримталсан.

4.2. Би ННҮГ /дээд шатны байгууллага/-аас Нийслэлийн Байгаль орчны газарт томилогдож, ажилладаг албан тушаалтан. Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газрын тухайн үеийн удирдлага, шууд хамаарал бүхий албаны дарга нар болон холбогдох мэргэжилтэн нар өөрсдийн дураар хууль бус үйл ажиллагаа явуулдаг байсан учир би тэрхүү үйлдлийг эсэргүүцэж өөрийн харьяалах дээд шатны газар, албан тушаалтан нарт цаг тухай бүрд мэдэгддэг байсан уг шаардлага тавьж байсан үйлдлийн маань улмаас Нийслэлийн Байгаль орчны газрын тухайн үеийн дарга нь аливаа хэлбэрээр төсөв болон байгууллагын хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг байсан. Энэ талаар Авлигатай тэмцэх газраас намайг дуудаж, асуусан.

4.3. Дүгнэлт дээр заагдсан дутагдлууд намайг ажиллаж байх үед ихэнх нь арилсан ба зарим нь жилийн эцсээр арилгах боломжтой байсан.

4.4. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Б/222 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй. Уг тушаалд “их хэмжээний ноцтой алдаа”, “их хэмжээний зөрчил гаргасан”, “ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан” гэсэн үндэслэлүүд заасан нь надад авах арга хэмжээ аль нь тодорхойгүй. Албан болон албан бус хэллэгийг нэг дор бөөгнүүлж бичээд ажлаас халсан.

Намайг ажиллаж байх үеийн ирц устгагдсан, дуудуулсан гэрч нь байгууллагын даргад үйлчилсэн, хэт нэг талыг барьсан зүйлс ярьсан. Түүн дотроос үнэн зүйл нэг л бий, тэр нь би их муухай ааштай, яагаад гэвэл тэд хууль бус зүйл байнга хийдэг, түүнийг миний зүгээс таслан зогсоодог, хууль журмын дагуу, санхүү, нягтлан бодох бүртгэлийн дагуу шаардлага тавьдаг байсан.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Х.Б нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасан зөрчлийг гаргасан тул гомдолд дурдсан өвчтэй буюу эмнэлгийн магадалгаатай байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэх боломжгүй.

Х.Б ажиллаж байх хугацаандаа санхүүгийн тайланг Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-т “Төсвийн шууд захирагч улирлын төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа улирлын эхний сарын 15-ны дотор гаргаж харьяалагдах дээд шатны төсвийн захирагчид хүргүүлнэ" гэж заасныг зөрчиж, Байгаль орчны газрын санхүүгийн тайланг хуулийн хугацаанд гаргаж өгөөгүй тул Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 05/3939 дугаар албан бичгээр “тайланг хуулийн хугацаанд гаргаагүй хариуцлагагүй хандсан ажилтнуудад хариуцлага тооцон 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн дотор хагас жилийн тайланг яаралтай албан бичгээр ирүүлнэ үү” гэсний дагуу санхүүгийн тайланг хугацаанд нь гаргаагүй, хоцроон зөрчил гаргасан ахлах нягтлан бодогч Х.Бд хариуцлага тооцож, санхүүгийн тайланг гаргуулах тухай албан бичгийг Нийтлэг үйлчилгээний газарт хүргүүлсэн.

Дээрх зөрчлийг газрын ёс зүйн зөвлөлийн хурлаар авч хэлэлцэн ёс зүйн зөвлөлийн хурлын 2022 оны 03 дугаар хурлын тэмдэглэлээр “2022 оны эхний хагас жилийн санхүүгийн тайланг хуулийн хугацаанд тайлагнаагүй хоцроосон, ажил үүрэгтээ хайнга хандан ажлын хариуцлага алдаж, ноцтой зөрчил гаргасан” гэж сахилгын шийтгэл ногдуулах санал хүргүүлж, газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн Б/248 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасан "нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах" сахилгын шийтгэлийг оногдуулсан.

Нэхэмжлэгч нь сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх үед дахин нягтлан бодох бүртгэлийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил, алдаа дутагдлыг давтан гаргасан учраас түүнийг холбогдох хууль журмын дагуу ажлаас чөлөөлсөн.

5.2. Анхан шатны шүүхэд нотлох баримтыг гарган өгч, шинжлэн судлуулахад дүгнээгүй гэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан бүхий л баримтыг эхнээс нь дуустал шинжлэн судалсан.

5.3. Х.Бгийн хариуцан ажиллаж байсан Нийслэлийн Байгаль орчны газраас 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/2571 дугаар “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичиг хүргүүлсэн нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн шүүхэд Х.Бд холбогдуулан нэхэмжлэл гаргасан нь хуулийн дагуу хийгдсэн хэрэгжүүлэх боломжтой эрх байх тул түүнд аливаа хэлбэрээр үзүүлж буй дарамт гэж үзэх боломжгүй.

5.4. 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гаргасан Б/222 дугаар тушаалыг гаргахын өмнө нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчихгүй байх, тайлбар авах, нотлох баримт гаргуулахтай холбоотой сонсох ажиллагааг зохион байгуулсан. Нэхэмжлэгчээс гаргасан маргаан нь иргэний эрх зүй тэр дундаа хөдөлмөрийн маргаан байх бөгөөд захиргааны актыг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс захиргааны акт хүчин төгөлдөр эсэх нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэдэггүй.

5.5. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын дотоод удирдлагын систем ERP хариуцан ажилладаг. Нийслэлийн цахим хөгжил, мэдээлэл технологийн газарт нэхэмжлэгчийн ирцийн мэдээллийг сэргээх хүсэлт гаргахад 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 01/43 дугаар албан бичгээр “Х.Бг ажлаас чөлөөлөгдөхөд түүнтэй холбоотой үүссэн мэдээлэл системээс сэргээх боломжгүйгээр устгагддаг тул боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн. Иймд нэхэмжлэгчийн ирцийн мэдээллийг санаатай устгасан, нуун дарагдуулсан зүйл байхгүй болно.

5.6. Байгаль орчны газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 01/334/, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 01/1908 дугаар албан бичгүүдээр ахлах нягтлан бодогчийн мэргэжлийн ур чадвар, ёс зүйн зөрчил гаргасны улмаас шинэ нягтлан бодогч томилох тухай саналыг удаа дараа хүргүүлж байсан.

Цаашлаад тус байгууллагын 2022 оны жилийн эцсийн тооллогыг хийгээгүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, 2021 оны санхүүгийн аудитаар тогтоосон 7,800,000 төгрөгийн 2 актыг барагдуулаагүй, барьцааны төлбөр 4,700,000 төгрөгийг төвлөрүүлээгүй, 2021 оны аудитаар 10,829,100 төгрөгийн и-баримт зөрүүтэй тайлагнаж зөрчил гаргахад аудитаас өгсөн зөвлөмжийг биелүүлээгүй, 2022 онд дахин цахим и-баримтын дүнгээс зөрүүтэй 59,300,000 төгрөгийг шилжүүлсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7, 20 дугаар зүйлийн 20.2.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзээд, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч ННҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, ээлжийн амралтын мөнгө гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг даалгаж баталгаажуулалт хийлгүүлэх тухай нэхэмжлэл гаргасанг хариуцагч эс зөвшөөрч гаргаж маргажээ.

 

3. Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын даргын 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/222 тоот тушаалаар ажилтан Х.Бг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.5, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/633 дугаар захирамж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 03/3548 дугаар албан тоот, хөдөлмөрийн дотоод журмын 7 дугаар зүйлийн 7.3.11, хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.4.9 дэх заалтыг баримталж, үндэслэлийг ахлах нягтлан бодогч Х.Б нь Нийслэлийн Төрийн аудитын газраас Нийслэлийн байгаль орчны газарт хийсэн хяналт шалгалтаар “хязгаарлалттай дүгнэлт” авч их хэмжээний ноцтой алдаа, зөрчил гарган, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан гэж заажээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 261 дугаар “Аудитын дүгнэлт”, Х.Бгийн албан тушаалын тодорхойлолт зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эх хувиар гаргаж өгөх, эх хувиар гаргаж өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар гаргаж өгсөн байх шаардлагад нийцээгүй байна.

Шүүх бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангаагүй буюу хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” тэмдгээр баталгаажиж авагдсан баримт нь Монгол Улсын дээд шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийг тайлбарлах тухай” 30 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт заасан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4.-т заасан "төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд" гэдэгт энэ хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй” гэснийг зөрчиж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэнтэй нийцээгүй байна.

Иймд энэ зөрчил нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шийдвэрийг өөрчлөх боломжгүй гэх үндэслэлд хамаарч байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2024/00568 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.ЗОЛЗАЯА

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Г.ДАВААДОРЖ

 

                                                    ШҮҮГЧ                                      Э.ЗОЛЗАЯА