| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/1028/Э |
| Дугаар | 1051 |
| Огноо | 2018-11-29 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Нансалмаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 1051
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Сэрчмаа,
улсын яллагч Т.Нансалмаа /томилолтоор/,
шүүгдэгч О.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй явуулсан хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ш овогт О Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Ш овгийн О О Монгол Улсын иргэн, 1974 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ... аймгийн ..... суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, ..... аймгийн ................. ажилтай, ам бүл 6, нөхөр, 02-15 насны 4 хүүхдийн хамт ...........аймаг, .......... сумын ..........дугаар баг, ........... дугаар хороолол, ........... дугаар байрны 102 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, (РД:...........).
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч О.О нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ...........дүүргийн ....... дугаар хороо, ......... тоотод иргэн Ц.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр рүү шанага шидсэнээр хамрын ясыг нь хугалж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О: Мэдүүлэг гаргахгүй гэв.
Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:
1.Хохирогч Ц.Э-ийн хэрэг бүртгэлтэнд 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр мэдүүлсэн:
“...2018 оны 8 дугаар сарын 21-ний өглөө гэртээ байж байтал манай бэр эгч Н өөрийнхөө хамаатны эгч О-гийн хамт орж ирээд 2 хүүхдээ авна гээд манай ээжтэй маргалдаж хэрүүл хийсэн. Манай бэр эгч өмнөх өдөр нь нөхөртэйгөө маргалдаад явчихсан ба гэртээ ирээгүй байсан юм. Тухайн үед манай ах ажилдаа явчихсан байсан. Би ээж болон 2 дүүгийн хамт буюу Н-ын 2 хүүхэдтэй хамт байсан юм. Тэгээд өглөө нь орж ирээд хоёр хүүхдээ авна гэж хэлсэн ба хүүхдүүдийг нь өгөхгүй гэж яриагүй, харин цугтаа ирсэн хамаатны эгч нь “та нар манай дүүг хөөсөн, ядуу зүдүү, 2 хүүхэд өсгөх ч чадваргүй, бэрээ ч гуйгаад авчихаж чадахгүй” гээд манай ээжтэй маргалдсан. Тэр үед нь би ээжийгээ өмөөрч та нар манайхаас гар гэж хэлсэн. Тэгтэл О эгч нь “чи муу дуугүй бай” гээд ширээн дээр байсан каш чанаж байсан ширмэн шанагыг аваад над руу шидээд миний хамрыг оносон. Тэгээд миний хамрыг хугалж хамраас цус гарсан. Тэд нар гараад явсан. Би гомдолтой байна, би хамраа янзлуулж эмчилгээ хийлгэхэд хувийн эмнэлэгт очиж тэгшлүүлж, зургаа авахуулсан. Би эмчилгээ хийлгэхэд гарсан 388.000 төгрөгийг нэхэмжилнэ. ...” гэх мэдүүлэг [1] ,
2. Гэрч С.А-гийн хэрэг бүртгэлтэд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:
“...Манай бэр Н нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны орой нөхөртэйгээ маргалдаад гэрээсээ явлаа гээд явсан. Явахдаа шөнө хүүхдүүдээ авч явна гэхээр нь өгч явуулаагүй юм. Тэгээд шөнө Н-ын найзууд нь манай хүү рүү залгаад байсан. Манай хүү утсаар яриад дуу чимээ ихтэй газар байна гэж хэлж байсан. Маргааш өглөө нь бэр Н эгчийгээ дагуулж ирсэн. Эгчдээ “намайг эд нар хөөж гаргасан, гудамжинд хоносон” гэж ярьсан байсан. Тэгээд эгч нь Нтай хамт ирээд бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь манай охин Э “та нар хоёулаа орж ирчихээд ээж рүү дайраад ямар сонин юм” гэж хэлтэл “чи дуугүй бай” гэснээ Н-ын эгч О ширээн дээр байсан ширмэн шанагыг аваад манай охин руу шидэхэд ширмэн шанага нь манай охины нүүрийг оночихсон. Манай охины хамраас цус гарахаар нь би сандраад охиноо дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. О Н хоёр хүүхдүүдээ аваад явсан. ...” гэх мэдүүлэг [2],
3. Гэрч Б.Н-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр мэдүүлсэн:
“...Би нөхөр Б-тай ханилж суугаад 3 жил болж байна. Энэ хугацаанд жирэмсэн байхдаа хадмынхаа гэрт амьдарч байгаад 2016 онд Эрдэнэт хот руу очиж аав ээжийнхээ гэрт нөхөр хүүхдийнхээ хамт амьдарч байсан. Манай нөхөр ... хотод ажиллаж би хоёр хүүхдээ хардаг байсан юм. Тэгээд бид хоёр хоорондоо ярилцаж байгаад ... хотод очиж ажиллаж, би ч гэсэн ажлаа хийхээр болж манай хоёр хүүхдийг хадам ээж өөрөө харъя гэж дуудаад бид нар 8 дугаар сарын эхээр ирж хадмынхаа гэрт амьдарч байсан. ...Тэгтэл 8 дугаар сарын 19-ний орой манай нөхөр ажилдаа явчихаад ирэхдээ согтуу ирэхээр нь би яагаад ойр ойрхон уугаад байгаа юм залуу хүн байж гэж нөхөртөө уурласан. Тэгтэл Б “чамд ямар хамаатай юм пизда чинь” гээд бид хоёр маргалдаад намайг “тэгвэл зайлахгүй юу” гэх зэргээр хөөсөн. Би хүүхдээ аваад явлаа гээд хүүхдээ хувцаслаад орой 21 цагийн үед гараад явтал Б араас гарч ирээд хүүхдээ авъя гэхээр нь би хүүхдээ өгөхгүй гэж маргаж байгаад би хадам ээж рүүгээ залгаад та намайг машинтайгаа доошоо дөхүүлээд өгөөч гэж ярьтал, хадам ээж гарч ирээд одоо орой болсон хойно явж яах гэсэн юм гэхээр нь би буцаж орсон. Тухайн орой манай нагац эгч ...... хотоос Улаанбаатар хотод ирж байсан ба Б бид хоёрыг тосоод авчихаарай гэж ярьсан юм. Б архи уучихсан байсан болохоор би хоёр хүүхдээ аавд нь үлдээчихээд эгчийгээ тосож авчихаад хүргэж өгчихөөд буцаж ирээд амарсан. Маргааш өглөө нь манай нөхөр надад үг хаяад бид хоёр дахиж маргалдаж байгаад өглөө нь ажилдаа явчихсан. Би хадам ээждээ “би Улаанбаатар хотод очих газраа олоод ирье, та хоёр хүүхдийг харж байгаа ч ” гэж хэлээд хүүхдүүдээ үлдээгээд гадуур явж байгаад өдөр нь Б-ийн ажил дээр очиж уулзаад хоорондоо ярилцаж байгаад эвлэрч орой нь ажлаа тарахаар нь хамт харьсан. Орой нь хадмындаа очтол хадам ээж, дүү хоёр нь дургүй байхаар нь би нөхөртөө “хоёулаа тусдаа байя, эсвэл тусдаа амьдаръя” гэтэл “одоо боломжгүй байгааг мэдэж байгаа биз дээ, чи миний үгээр тэвчээд дуугүй амьдарвал амьдар, амьдарч чадахгүй бол яв” гэсэн. Би хоёр хүүхдээ аваад явлаа гээд явах гэтэл хадам ээж “чи яахаараа миний мах цусны тасархайг авч явдаг юм, харанхуй шөнө болохоор хүүхэд авч явна гэх юм” гээд уурлаж “чи явмаар байгаа бол ганцаараа яв” гээд хадам ээж, нөхөр, хадам дүү гурав нийлээд над руу дайраад байхаар нь би хадам ээжийнхээ хэлснийг санаад харанхуй шөнө авч яваад яахав гэж бодоод өглөө нь хүүхдээ очиж авахаар болоод гарсан. Би шөнө 02 цаг хүртэл гадаа даарч сууж байгаад аргагүй нь эрхэнд найзынхаа гэрлүү явж хоносон. Өглөө нь би нөхөрлүүгээ залгаад хоёр хүүхдээ авъя гэтэл өгөхгүй “чи өөрөө зайл чи ирээд хэрэггүй” гэсэн. Намайг очих юм бол хүүхэд өгөхгүй байх гэж бодоод би Эрдэнэт хотоос ирсэн нагац эгч О-г “цугтаа очоод хүүхдээ аваадахъя, та тэгээд бид нарыг унаанд суулгаад өгчих” гэж гуйсан. Эгчтэйгээ цуг хадмынхаа гэрт очсон. Хадам ээж хаалгаа онгойлгож өгөхөд нь нагац эгч “сайн байна уу та гэтэл хадам ээж нагац эгчийг “чи хэн юм оруулахгүй” гээд хэл амаар дайрсан. Би шууд гэрлүү нь ороод хүүхдээ хөхүүлчихээд хувцсыг нь өмсгөж байхад хадам ээж намайг хэлэх хэлэхгүй үгээр доромжилж “чи наад хоёр хүүхдээ аваад дахиж манай босгыг битгий алхаж орж ирээрэй” гэж хөөсөн. Мөн манай эгчийг хадам ээж, хадам дүү хоёр зайл гээд хадам дүү намайг цохих гээд байсан. Манай эгч “та нар манай дүүг харанхуй шөнө яагаад хөөж гаргаж байгаа юм” гээд бөөн хэрүүл болоод хадам ээж намайг түлхэхэд би хойшоо савж хана мөргөж унаад ухаан алдсан. Нэг мэдэхэд манай эгч намайг алгадаж байсан. Тэгтэл хадам ээж “наадах чинь баашилж байгаа юм, бушуухан наадахаа манайхаас аваад гар” гэсэн. Манай эгч “та яагаад манай дүүг ингэж байгаа юм” гээд шанага аваад шидчихсэн. ...Шидсэн зүйл нь хэнийг оносныг мэдэхгүй байна, дүүг нь л оносон гэж байсан. ...” гэх мэдүүлэг [3],
4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 10366 тоот дүгнэлтэд:
“...Хэсэг газрын үзлэгт: Хамрын нуруунд 1,2х,2см мэс заслын 5 ширхэг оёдол бүхий шархтай, баруун нүдний зовхины дээд, доод зовхины дотор хэсэг, зүүн нүдний дээд, доод зовхинд тархмал хүрэн ягаан өнгийн цус хуралттай.
2018 оны 8 дугаар сарын 21-ний “IT меб” эмнэлгийн хамрын дайвар хөндийн КТГ-н шинжилгээнд: хамрын хянга яс дотогш цөмөрсөн шинэ хугаралтай. хугарлын эргэн тойрон +44HU нягтралтай цус хуралттай. Хамрын таславч урд хэсгээрээ бага зэрэг баруун тийш мурийлттай. Зүүн талын гайморын хөндийн дотор хананд 0,4х0,6см хэмжээстэй +65HU нягтралтай ургацагтай... Дүгнэлт бичсэн эмч Б.Бямбасүрэн гэжээ.
Амбулаториор эмчлүүлэгсдийн картанд: 2018 оны 8 дугаар сарын 21-ний УНТЭ-н ЧХХСТ- ийн эмчийн үзлэгт: онош: хамар ясны шинэ хугарал, хамрын таславчийн мурийлт гэжээ.
ДҮГНЭЛТ:
1. Ц.Э-ийн биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй”. /шинжээч эмч О.Болороо/ гэсэн дүгнэлт [4],
5. Шүүгдэгч О.О-гийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн:
“...Би 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймгаас Улаанбаатар хотод сургалтанд суух гэж ирсэн. Манай эгчийн охин Н над руу залгаад “урьд шөнө хадмууд гэрээс хөөгөөд гаргачихлаа, ------ дугаар хороололд найзынхаа гэрт нь хоносон, очиж хоёр хүүхдээ авах гэсэн юм та хамт яваад өгөөч” гээд уйлаад байсан. Би зөвшөөрөөд Н-тай Эх нялхсын зам дээр уулзаад түүний хадмынх буюу ....... дүүргийн ......... дугаар хороо ...... тоотод очсон. Нын хадам ээж, бэр дүү Э, манай дүүгийн хоёр хүүхэд байсан. Би хадам ээжид нь хандан “та орой үдэш яагаад эмэгтэй хүүхдийг хөөж байгаа юм бэ, та өөрөө охин хүүхэдтэй байж орой үдэж охин хүүхэд явж байгаад ямар нэгэн юм болвол яах юм бэ” гэж хэлэхэд, “чи хэн юм бэ чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. Би Н-ын ээжийнх нь төрсөн дүү байна, дүүгийнхээ хоёр хүүхдийг аваад явлаа, та нартай маргалдахгүй” гэхэд намайг гэртээ оруулахгүй хаалгаа цоожилсон. Би гадаа зогсож байхад манай дүү хаалгаа онгойлгоод намайг оруулсан. Тэгээд гэрт нь ороод ээжтэй нь маргалдаад хоёр хүүхдийн хувцсыг өмсүүлээд зогсож байхад хадам ээж нь Ныг түлхэхэд хана мөргөөд ухаан алдаад уначихлаар нь би очоод хоёр хацар руу нь алгадаж байхад хадам ээж нь цаанаас ус авчраад Н-ын нүүр рүү цацахад сэргэсэн. Тэгээд би “та нар ямар аймаар юм бэ, хүүхэд ухаан алдчихаад байхад” гэхэд ээж нь “наадах чинь худлаа баашилж байгаа юм” гээд надтай маргалдаж байгаад намайг зайл гээд түлхэхэд би газар унаад босохдоо ширээн дээр байсан жижиг төмөр шанагыг аваад шидчихсэн юм. Тэгтэл цаана зогсож байсан Эийн хамрыг цохиод хамраас нь цус гарсан. Тэгээд ээж нь Э-ийн хамрын цусыг цэвэрлээд үлдсэн. Н бид хоёр хүүхдүүдийг нь аваад тэдний гэрээс гараад явсан. Би ширээн дээр байсан жижиг төмөр шанагыг шидээд Э-ийг хамрыг гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг [5],
6. Хохирогч Ц.Э-ийн гэм хорын хохирол нэхэмжилсэн баримтууд, хохирлын төлбөр хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай баримт [6],
7. Шүүгдэгч О.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [7],
Түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[8],
........аймгийн ........ сум, ........ Засаг даргын тодорхойлолт[9],
О.О-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн талаарх лавлагаа[10],
................. хүүхдийн секторын “О.О нь тус байгууллагын харьяа .........цэцэрлэгийн эрхлэгчээр 2008 оноос эхлэн ажиллаж байгаа тухай” албан бичиг [11], нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12], О.О-гийн “Хаан” банкинд эзэмшдэг депозит дансны 2018 оны 8 дугаар сарын 01-нээс 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэлх хугацааны гүйлгээний хуулга [13],
8. Хохирогч Ц.Э, шүүгдэгч О.О нараас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтүүд [14], О.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн ....... дугаартай тогтоол [15] , хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт прокурорын оногдуулах эрүүгийн хариуцлагыг танилцуулсан тухай санал [16] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хяналтад О.О нь өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тогтоолоор шийдвэрлэж, яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр яллагдагчид танилцуулж, хэргийг шүүхэд шилжүүлснийг үндэслэн шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг шалгаж, тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас гэм буруугийн талаар гаргасан саналдаа шүүгдэгч О.О нь гэм буруугийн талаар маргаангүй бөгөөд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан санал дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.
Гурав. Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.О-д холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Хэрэгт цугларсан нотлох баримт болон үйл баримтыг үзвэл хохирогч Ц.Э, гэрч Б.Н нар нь нэг гэрт хамт амьдардаг гэр бүлийн гишүүд байна. Мөн шүүгдэгч О.О нь Б.Н-ын нагац эгч буюу төрөл садангийн хүмүүс байна.
Б.Н нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр гэр бүлийн гишүүдтэйгээ маргалдан гэрээсээ явсан байх ба, улмаар маргааш нь хүүхдүүдээ авахаар эргэж гэртээ очихдоо өөрийн нагац эгч болох шүүгдэгч О.О-г дагуулж очсон байна. Энэ үед хохирогч Ц.Э нь гэрч Ц.Н-ын хүүхдүүдийг өгч явуулахгүй, та нар манайхаас гар гэж, мөн шүүгдэгч О.О нь хохирогчийн хадам эх С.А-тай “миний дүүг шөнийн цагаар гэрээсээ хөөлөө“ гэх зэрэг маргаан тэдний хооронд үүсч, улмаар О.О нь шанага авч шидсэн үйл баримт тогтоогджээ.
Иймд шүүгдэгч О.О нь 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр .........дүүргийн ........ дугаар хороо, ............ тоотод иргэн Ц.Э-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, түүний нүүр рүү шанага шидсэнээр хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны шарх, баруун, зүүн нүдний зовхины цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
-хохирогч Ц.Э-ийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...2018 оны 8 дугаар сарын 21-ний өглөө гэртээ байж байтал манай бэр эгч Н өөрийнхөө хамаатны эгч Огийн хамт орж ирээд 2 хүүхдээ авна гээд манай ээжтэй маргалдаж хэрүүл хийсэн. ... хамаатны эгч нь “та нар манай дүүг хөөсөн, ядуу зүдүү, 2 хүүхэд өсгөх ч чадваргүй, бэрээ ч гуйгаад авчиж чадахгүй” гээд манай ээжтэй маргалдсан. Тэр үед нь би ээжийгээ өмөөрч та нар манайхаас гар гэхэд О эгч нь чи муу дуугүй бай гээд ширээн дээр байсан каш чанаж байсан ширмэн шанагыг аваад над руу шидээд миний хамрыг оносон. Тэгээд миний хамрыг хугалж хамраас цус гарсан ...” гэх мэдүүлэг [17]
-гэрч С.А-гийн хэрэг бүртгэлтэд мэдүүлсэн: “...Манай бэр Н нь 2018 оны 8 дугаар сарын 20-ны орой нөхөртэйгөө маргалдаад гэрээсээ явлаа гээд явсан. ...маргааш өглөө эгч нь Н-тай хамт ирээд бид нарыг хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод байхаар нь манай охин Э “та нар хоёулаа орж ирчихээд ээж рүү дайраад ямар сонин юм” гэж хэлтэл “чи дуугүй бай” гэснээ Н-ын эгч О ширээн дээр байсан ширмэн шанагыг аваад манай охин руу шидэхэд ширмэн шанага нь манай охины нүүрийг оночихсон. Манай охины хамраас цус гарахаар нь би сандраад охиноо дагуулаад Гэмтлийн эмнэлэг рүү явсан... ” гэх мэдүүлэг [18],
-шүүгдэгч О.О-гийн яллагдагчаар мэдүүлсэн: “...манай эгчийн охин Н над руу залгаад “урьд шөнө хадмууд гэрээс хөөгөөд гаргачихлаа, 13 дугаар хороололд найзынхаа гэрт нь хоносон, одоо очиж хоёр хүүхдээ авах гэсэн юм та хамт яваад өгөөч” гэсэн. ...би зөвшөөрөөд ... .... . дүүргийн ....... дугаар хороо ....... тоотод очсон. Нын хадам ээж, бэр дүү Э болон манай дүүгийн хоёр хүүхэд байсан. Би хадам ээжид нь хандан “та орой үдэш яагаад эмэгтэй хүүхдийг хөөж байгаа юм бэ, та өөрөө охин хүүхэдтэй байж орой үдэж охин хүүхэд явж байгаад ямар нэгэн юм болвол яах юм бэ” гэж хэлэхэд, “чи хэн юм бэ чамд ямар хамаатай юм бэ” гэсэн. ...“би Н-н ээжийнх нь төрсөн дүү байна, дүүгийнхээ хоёр хүүхдийг аваад явлаа, та нартай маргалдахгүй” гэсэн. ...гэрт нь ороод ээжтэй нь маргалдаад хоёр хүүхдийн хувцсыг өмсүүлээд зогсож байхад хадам ээж нь Н-ыг түлхэхэд хана мөргөөд ухаан алдаад унасан. Би очоод хоёр хацар руу нь алгадаж байхад хадам ээж нь цаанаас ус авчраад Н-ын нүүр рүү цацахад сэргэсэн. ...надтай маргалдаж байгаад намайг зайл гээд түлхэхэд би газар унаад босохдоо ширээн дээр байсан жижиг төмөр шанагыг аваад шидчихсэн юм. Тэгтэл цаана зогсож байсан Эийн хамрыг цохиод хамраас нь цус гарсан. ...Би ширээн дээр байсан жижиг төмөр шанагыг шидээд Эийг хамрыг гэмтээсэн. ...” гэх мэдүүлэг [19], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10366 тоот дүгнэлт [20] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас гарчээ.
Шүүгдэгч О.О-гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Тиймээс шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.О-гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Э-ийн бие махбодид хөнгөн хохирол учирсан ба хохирогч Ц.Э-ийн хохирол төлбөрт 380.000 төгрөг төлсөн нь хохирогч Ц.Э-ийн хэрэг бүртгэлтийн шатанд дахин өгсөн мэдүүлэг болон хохирогчийн хүсэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч О.О-г энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар нь О.О-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр тогтоол гаргаж, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ялын саналыг О.О-д танилцуулахад, зөвшөөрч гарын үсгээ зурсан байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч О.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.О шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцсон ба улсын яллагчийн гаргасан дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.О нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй буюу урьд ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хор уршгийн зардлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Прокурорын шатанд О.О нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж, прокурор эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар танилцуулж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасныг шүүгдэгч зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан.
Шүүгдэгч О.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын танилцуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар маргаагүй зэргийг, мөн хуульд зааснаар шүүгдэгчийн цалин хөлс, бусад орлогыг тус тус үндэслэн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын шүүхэд ирүүлсэн саналыг харгалзан шүүгдэгч О.Од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх хугацааг тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч О.Од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
4.Бусад асуудлаар
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Мөн прокурорын яллах дүгнэлт, хэргийг шүүхэд шилжүүлсэн хугацааны талаар дараах зөрчилж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Үүнд:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын талаар заасан ба, уг зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор хэргийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлнэ” гэж,
-мөн дээрх хуулийн 11.1 дүгээр зүйлд “хугацаа тоолох” тухай заасан ба уг зүйлийн 6 дахь хэсэгт “Хэрэв хугацааны төгсгөл ажлын бус өдөр тохиолдвол хугацааны сүүлийн өдрийг түүний дараагийн ажлын эхний өдрөөр тоолно.” гэж тус тус заасан.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор нь О.Од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 72 дугаартай тогтоолоор шийдвэрлэж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр /Баасан гариг/ 969 дугаартай яллах дүгнэлтийг үйлдсэн байх боловч эрүүгийн хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 28-ны /Лхагва гариг/ өдрийн 17.00 цагт тус шүүхэд шилжүүлсэн байх буюу хуульд заасан 24 цагийн хугацаа өнгөрсөн байхад хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлж буй алдаатай, мөн яллах дүгнэлтэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж буй хуулийн холбогдох зүйл, заалтыг баримтлаагүй зэргээр хэргийг шүүхэд шилжүүлсэн зэрэг зөрчил гаргасныг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт О Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О нь торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд зааснаар 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгуулын ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч О.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, хохирогч Ц.Э- т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 11-12 дугаар тал.
[2] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 20-21 дүгээр тал.
[4] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.
[5] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
[6] Хавтаст хэргийн 68, 83-84 дүгээр тал.
[7] Хавтаст хэргийн 51 дүгээр тал.
[8] Хавтаст хэргийн 42 дугаар тал.
[9] Хавтаст хэргийн 45 дугаар тал.
[10] Хавтаст хэргийн 73 дугаар тал.
[11] Хавтаст хэргийн 71 дүгээр тал.
[12] Хавтаст хэргийн 72 дугаар тал.
[13] Хавтаст хэргийн 77-80 дугаар тал.
[14] Хавтаст хэргийн 95-9 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 93 дугаар тал.
[16] Хавтаст хэргийн 92 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 12-13 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 19 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 38-39 дүгээр тал.
[20] Хавтаст хэргийн 29 дүгээр тал.