Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2024/00013

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01719 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч "Транскапитал ББСБ" ХХК,

                   *******,

                   *******,

                   ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Гэм хорын хохирол 6,217,000 төгрөг" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагч *******, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмгөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмгөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           ******* миний бие 2022.07.08-ны орой Дарханаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёота Фейлдэр маркийн ******* УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад *******ий жолоодож явсан Тоёота Королла маркийн ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон.

Ослын дараа “” ХХК-ийн гаргасан 2021.08.27-ны өдрийн №Ш/23 дугаар шинжээчийн дүгнэлтээр *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн “Арван гурав. Гүйцэж түрүүлэх ба гүйцэх 13.4 дараах газруудад гүйцэж түрүүлэхийг хориглоно а/уулзвар болон гарц дээр" гэсэн заалтыг зөрчсөн гэж, Мөн 9-р зүйлд “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, засаг даргын эрх, үүрэг: -9.4.6 Зам, замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэй гэж заажээ.’’ Сайхан сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал, засаг дарга нар тухайн үүргээ биелүүлээгүй буруутай гэж ослын шалтгааныг дүгнэсэн.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс шинжээчдийн уг дүгнэлтийн дагуу *******г Замын хөдөлгөөний дүрэм, Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчийн хурал, сумын Засаг дарга нарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчсөн буруутай гэж үзсэн боловч *******гийн Тоёота Королла маркийн ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь зээлийн барьцаанд "Транскапитал ББСБ" ХХК-ийн өмчлөлд байх тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй”, 499.4-т “Тээврийн хэрэгслийг ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэсэн хуулийн заалтыг баримтлан *******д холбогдох гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Иймд ******* миний бие цагдаагийн газрын журмын хашааны төлбөр 150,000 төгрөг, “” ХХК-ийн тогтоосон машины хохирлын үнэлгээ 3,520,000 төгрөг, үнэлгээний хөлс 145,000 төгрөг, оношилгоонд оруулсан 50,000 төгрөг, машин ачуулсан 225,000 төгрөг, журмын хашаанд байсан 27,000 төгрөг, миний бие хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд татвар төлсөн баримт байхгүй учраас хувь хүний дундаж орлогоор 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,250,000 төгрөг нийт 6,217,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжилж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, тайлбарын агуулга:

...тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн *******, ******* нар зам тээврийн осол гаргасан байна. Энэ осол гарсантай холбогдуулан "" ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш23 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан. Уг дүгнэлтээр Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйгээс энэ осол гарсан гэж дүгнэсэн байна. "" ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтийн огноо 2021 оны 08 дугаар сарын 27 гэсэн байна. Мөн шинжээчийн дүгнэлтэд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын хүлээг үүргийг Иргэдийн Төлөөлөгчдийн хурал хамтран хүлээхээр дүгнэсэн байна. Иргэдийн Төлөөлөгчийн хурал нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1, 9.1.2-д заасан эрхийг эдэлж, 9.2.1, 9.2.2, 9.2.3, 9.2.4-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллахаар хуульчилсан. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцахгүй. Эзэн холбогдогч нь тодорхой хэрэг гэж үзэж байна. Хуулийн дагуу сумын Иргэдийн Төлөөлөгчийн Хурал болон сумын Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж ажиллаж байна. Иймд нэхэмжлэгч Ч.Сайханжаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

3. Хариуцагч "Транскапитал ББСБ" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн тоот зээлийн гэрээ байгуулан иргэн ******* нь маркийн ДАА улсын дугаартай авто машиныг зээлийн барьцаанд тавьж 3,200,000 төгрөгийн эмчилгээний зардалд зориулж авсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны орой зээлдэгч *******ын нөхөр ******* нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасныг мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байна. Тухайн зээлийн гэрээний 4.2.5, 4.2.10-т зааснаар Зээл олгоход барьцаа хөрөнгийг даатгуулсан байх, зээлийн гэрээний хугацаанд даатгалыг хүчин төгөлдөр байлгахыг шаарддаг. Мөн шүүхийн нэхэмжлэл үүссэн тохиолдолд манай байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлдэгч болон зээлдэгчийн нөхөр ******* нар нь ХХК-нд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан байсан. Тухайн осол нь даатгалтай байх хугацаанд болсон тул даатгалын тохиолдол, эрсдэл болно. Манай компани нь дээрх эрсдэлээс урьдчилан сэргийлж зээлдэгч, харилцагч нарыг даатгуулсан байдаг.

Иймд тухайн учирсан гэм хорын хохирлыг даатгалын компаниас гаргуулах. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх олж авсан буюу үүрэг хүлээсэн этгээд нь шууд эзэмшигч, эрх буюу үүргээ шилжүүлсэн этгээд нь шууд бус эзэмшигч байна гэж заасны дагуу тухайн осол гаргасан жолооч ******* нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Зээлдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр дээрх зээлийг хааж, барьцаа хөрөнгө болох тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Дээрх гэм хорын хохирол манай компанид хамааралгүй хохирол байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхцэцэгийн татгалзал, тайлбарын агуулга:

Иргэн *******, ******* нар нь тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасан байх ба уг осолд "" ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш/23 тоот шинжээчийн дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтээр Сайхан сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас осол гарсан гэж дүгнэсэн байна. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцах боломжгүй. Сумын Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа болно. Иймд нэхэмжлэгч *******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

5. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие Тоёота королла маркийн 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг "Транскапитал ББСБ" ХХК-д барьцаалан 2022 онд зээл авсан байсан. Зээл авахдаа тээврийн хэрэгслээ ББСБ-ийн нэр дээр шилжүүлж, машинаа өөрсдөө унаж ашиглах байдлаар зээл авсан байсан. Энэ үед манай нөхөр ******* нь дээрх машиныг жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн ослын дараа ХХК-ийн гаргасан дүгнэлтээр *******г Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж гарсан боловч энэ осол гарах болсон шалтгааныг Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Сумын Засаг дарга нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүрэгт зааснаар 12.1, 12.2.1, 12.2.4, мөн дүрмийн 9-р зүйлийн 9.4.6-д заасан үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. Мөн энэ дүгнэлтээр ******* болон Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон Засаг даргыг буруутгаагүй, нэхэмжлэгч *******ыг ч Замын хөдөлгөөний дүрмийн 9.11-д заасан заалтыг зөрчсөн байх магадлалтай гэж дүгнэсэн. Энэ ослоос болж манай машин их хэмжээгээр эвдэрч 5,000,000 төгрөгийн хохирол учирсан. Энэ хохирлоо бид нэхэмжилж ямар нэгэн гомдол нэхэмжлэл шүүхэд гаргаж яваагүй байгаа. ******* нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй байх. Энэ хэргийн хариуцагч миний бие биш гэж үзэж байна. Иймд намайг хамтран хариуцагчаар татаж хохирол гаргуулах гэж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

6. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, ******* нараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, "Транскапитал ББСБ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, ******* нараас тус бүр 35,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

7. Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын өмгөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Хариуцагч ******* болон тус Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурал тэдгээрийн төлөөлөгч нарын өмгөөлөгч ******* би, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 135/ШШ2023/01719 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Давж заалдах гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх “Гэм хорын хохирол 6,217,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар *******, ******* нараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Сайханжаргалд олгож гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй байна гэж хуульд заажээ.

“” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтэд...Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга нар Замын байгууламжийг шинээр барих, өргөтгөх, засварлах, тоноглох, замын гэрэлтүүлэг, тэмдэг, тэмдэглэл хийх ажил нь холбогдох хууль, захиргааны хэм хэмжээний акт, байгаль орчны болон замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах үүрэгтэйг биелүүлээгүй ...“Туслах зам нийлнэ" гэж дарааллын тэмдгийг байрлуулаагүйн улмаас энэхүү осол гарсан байна гэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар...бусдад учирсан гэм хорыг хариуцах тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигчийн аль нь ч биш байхад гэм хорын хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг буруу тайлбарласан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг биелүүлээгүй гэж үзэж байна.

Хэрэгт авагдсанаар Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорын хариуцлага хүлээх үүрэг нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт болон мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар осол гаргасан тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* байна. Иймд  Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан тус бүр 1,305,667 төгрөг гаргуулах тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

            8. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын өмгөөлөгч *******гийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооллын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар үнэлж чадаагүйгээс шүүхийн шийдвэр нь мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3.Нэхэмжлэгч ******* нь "Транскапитал ББСБ" ХХК, *******, Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ******* нарт холбогдуулан гэм хорын хохирол 6,217,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, ******* нараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, "Транскапитал ББСБ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 6,217,000 төгрөг гаргуулах шаардлагаас 2,300,000 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Дээрх шүүхийн шийдвэрийг Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* нарын өмгөөлөгч ******* эс зөвшөөрч “...Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, ******* нар нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар...бусдад учирсан гэм хорыг хариуцах тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу эзэмшигчийн аль нь ч биш байхад гэм хорын хариуцлага хүлээлгэсэн нь хуулийг буруу тайлбарласан, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэх давж заалдах гомдлыг гаргасан байна.

Хэргээс судлан үзэхэд

5. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2022 оны 7 дугаар сарын 8-ны өдөр Дарханаас Эрдэнэтийн чиглэлд өөрийн Тоёото Фейлдэр маркийн ******* УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад *******гийн жолоодож явсан Тоёото Королло маркийн ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осолд орсон....Бан хас ХХК-ийн тогтоосон машины хохирлын үнэлгээ 3,520,000 төгрөг, үнэлгээний хөлс 145,000 төгрөг, оношилгоонд оруулсан 50,000 төгрөг, машин ачуулсан 225,000 төгрөг журмын хашаанд байсан 27,000 төгрөг, 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,250,000 төгрөг нийт 6,217,000 төгрөгийн хохирол учирсан гэж,

6. Хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ “...тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэн *******, ******* нар зам тээврийн осол гаргасан байна. Энэ осол гарсантай холбогдуулан ХХК 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш23 тоот шинжээчийн дүгнэлтээр Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйгээс энэ осол гарсан гэж дүгнэсэн байна. ...Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцахгүй. Иймд Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...” гэж,

7. Хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ “... Иргэн *******, ******* нар нь тус сумын 3 дугаар багийн нутагт 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр зам тээврийн осол гаргасан. ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Ш/23 тоот шинжээчийн дүгнэлтээр Сайхан сумын Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаагүйн улмаас осол гарсан гэж дүгнэсэн байна. Үүргээ биелүүлээгүй жолоочийн буруутай үйлдлийн улмаас учруулсан хохирлыг төр хариуцах боломжгүй. Сумын Засаг дарга болон Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж,

8. Хариуцагч "Транскапитал ББСБ" ХХК татгалзлын үндэслэлээ “...******* нь 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тоот зээлийн гэрээ байгуулан Королло Аксио маркийн ДАА улсын дугаартай автомашиныг зээлийн барьцаанд тавьж 3,200,000 төгрөгийн эмчилгээний зардалд зориулж авсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны орой зээлдэгч *******ын нөхөр ******* нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож яваад осол гаргасан нь  мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдож байна. Тухайн зээлийн гэрээний 4.2.5, 4.2.10-т зааснаар Зээл олгоход барьцаа хөрөнгийг даатгуулсан байх, зээлийн гэрээний хугацаанд даатгалыг хүчин төгөлдөр байлгахыг шаарддаг. Мөн шүүхийн нэхэмжлэл үүссэн тохиолдолд манай байгууллагад мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй. Зээлдэгч болон зээлдэгчийн нөхөр ******* нар нь ХХК-нд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд даатгуулсан байсан. Иймд тухайн учирсан гэм хорын хохирлыг даатгалын компаниас гаргуулах боломжтой.

 Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасны дагуу тухайн осол гаргасан жолооч ******* нь бусдад учруулсан гэм хорын хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж үзэж байна. Дээрх гэм хорын хохирол манай компанид хамааралгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж,

9. Хариуцагч ******* татгалзлын үндэслэлээ “...Миний бие нь 2022 онд "Транскапитал ББСБ" ХХК-иас Тоёота королла маркийн 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан зээл авсан ба тээврийн хэрэгслээ ББСБ-ийн нэр дээр шилжүүлж, машинаа өөрсдөө унаж ашиглах байдлаар тохирсон байсан. Энэ үед манай нөхөр ******* нь дээрх машиныг жолоодож яваад зам тээврийн осолд орсон. Зам тээврийн ослын дараа ХХК-ийн гаргасан дүгнэлтээр *******г Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж гарсан боловч энэ осол гарах болсон шалтгааныг Сэлэнгэ аймаг, Сайхан сумын ИТХ, Сумын Засаг дарга нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан эрх, үүрэгт зааснаар 12.1, 12.2.1, 12.2.4, мөн дүрмийн 9-р зүйлийн 9.4.6-д заасан үүргээ биелүүлээгүйгээс осол гарсан байна гэсэн дүгнэлт гаргасан байсан. ...Мөн нэхэмжлэгч *******ыг  ЗХД-ийн 9.11-д заасан заалтыг зөрчсөн байх магадлалтай гэж дүгнэсэн. ******* нь осол гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн буруутай этгээдүүдээс хохирлоо нэхэмжлэх нь зүйтэй ба энэ хэргийн хариуцагч миний бие биш гэж үзэж байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг би хүлээн зөвшөөрөхгүй байна” гэж  тус тус тайлбарлан маргажээ.

10. 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймаг, Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн авто замын 31-32 дахь км-т ******* нь Тоёото Фейлдер маркийн 7238 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад *******гийн жолоодож явсан Тоёото Королла маркийн 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ үйл баримтын талаар талууд маргаагүй, харин хэний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, хохирлыг хэн төлж барагдуулах  асуудалд маргасан байна.

Дээрх ослын талаар шинжээчийн дүгнэлт удаа дараа гарсан байх бөгөөд Таван Тунамал ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтээр:

-Тоёото Фейлдер маркийн 7238 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь гарц дээр эргэхдээ эхлээд баруун гар тийш дохио өгсөн гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.11-т заасан “Чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай,

-Тоёото Королла маркийн 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.4а “жолооч уулзвар болон гарц дээр гүйцэж түрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, гарц дээр гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн байна. Гэвч бүрэнхий буюу үзэгдэлт хангалтгүй үед тухайн орон нутаг дахь замын байршил, онцлогийг мэдэхгүй жолооч, дарааллын тэмдэг тавигдаагүй замын гарцыг ялгаж таниагүй байх магадлалтай. Зайлшгүй байх ёстой тэмдгийг байрлуулаагүй нь осол гарах нөхцөлийг бүрдүүлжээ.

-Энэхүү маш хариуцлагатай үүргээ орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, сумын Засаг дарга нар биелүүлээгүй, хяналт тавьж ажиллаагүй, тухайн гарцаас өмнө суурин газар /50м-100м/ суурингийн гадна /150м-300м/ зайд 3.3в Туслах зам нийлнэ дарааллын тэмдгийг байрлуулаагүйн улмаас энэхүү осол гарсан байна. Тоёото Фейлдер маркийн 7238 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй байна гэж дүгнэжээ.  /хх-ийн 16-18/

11. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын ... эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус хуульчилжээ.

11.а "Транскапитал ББСБ" ХХК, ******* нарын хооронд 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, улмаар гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар фидуцийн гэрээгээр Тоёото Королла маркийн 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг "Транскапитал ББСБ" ХХК-ийн өмчлөлд шилжүүлж, гэрээний 2.2-т зааснаар тээврийн хэрэгслийг гэрээний хугацаанд үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгч *******ын эзэмшил, ашиглалтад байлгахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 88-95/

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн тээврийн хэрэгслийн лавлагаа, "Транскапитал ББСБ" ХХК-ийн гаргаж өгсөн 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1323-0443 дугаартай албан бичгээр Тоёота Королла Аксио Е-140 маркийн, 3877 ДАА улсын дугаартай, тээврийн хэрэгсэл нь осол болох үед "Транскапитал ББСБ" ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан боловч эзэмшил, ашиглалт нь хариуцагч *******д байсан нь тогтоогдож байх тул дээрх ослын улмаас учирсан гэм хорын хохирлыг "Транскапитал ББСБ" ХХК хариуцан төлөх үүрэггүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

11.б Түүнчлэн хариуцагч ******* нь 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр "Транскапитал ББСБ" ХХК-иас авсан зээлээ төлж фидуцийн гэрээгээр шилжүүлсэн  Королла Аксио Е-140 маркийн, 3877 ДАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

Өмчлөгч ******* нь уг тээврийн хэрэгслийг ашиглах зөвшөөрлийг нөхөр *******д олгоогүй гэж маргаагүй тул Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар *******д учирсан гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Тодруулбал тээврийн хэрэгслээ шилжүүлсэн, эсхүл гэм хор учруулсан этгээдэд ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигчид хариуцлага хүлээлгэхэд гэм хор учирсан үйл явдалд гэм буруутай байх шаардлагагүй юм.

11.в "" ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр *******, сумын Засаг дарга нарыг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2.1, 12.2.4, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.6-д заасан үүргээ биелүүлээгүй байгаа нь осол гарах шалтгаан болсон гэж дүгнэсэн. /хх-ийн 15-16/

 Гэвч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар *******, сумын Засаг дарга нар нь бусдад учруулсан гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий субъект болохгүй, тэдний буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд гэм хор учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, дээрх хуулийн заалтаар гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл нь хууль бус үйлдэл, эс үйлдэхүй бөгөөд энэ нь тээврийн хэрэгсэл эзэмшигчийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр бий болох ба үйлдэл учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байхыг хэлэх бөгөөд  бусдад гэм хор учруулсан үйлдэл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн байхыг  шаарддаг тул хариуцагч *******, сумын Засаг дарга нарт гэм хорыг хариуцан арилгах үүрэг хүлээлгэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд хариуцагч *******, сумын Засаг дарга нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

12. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас хувь хүний дундаж орлогоор 2 сарын хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 2,250,000 төгрөгийг нэхэмжлэгчийн татвар төлсөн баримт байхгүй гэх тайлбараар ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг тодорхойлох боломжгүй  гэж,

оношилгоонд оруулсан 50,000 төгрөгтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох үүргээ биелүүлээгүй гэж тус тус дүгнэн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

13. ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр “...Тоёото Фейлдер маркийн 7238 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь гарц дээр эргэхдээ эхлээд баруун гар тийш дохио өгсөн гэжээ. Замын хөдөлгөөний дүрмийн 9.11-т заасан “Чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай” гэжээ.

Дээрх дүгнэлтээс үзэхэд гэм хорын хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэж үзэхээр байх ба анхан шатны шүүх гэм хорын хохирлыг хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь тухайн хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.

            Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасны дагуу нотлох баримтын шаардлага хангаж буй хохирлын /3,917,000₮/ 70 хувь буюу 2,741,900 төгрөгийг хариуцагч *******аас гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, "Транскапитал ББСБ" ХХК нарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 6,217,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3,475,100 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

            14. Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч М.Наранцэцэг нь “...хуулийн дагуу "Транскапитал ББСБ" ХХК-ийн нэр дээр байсан тул хариуцлага хүлээнэ. Мөн тухайн үед осол гаргасан хувь хүн хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Тухайн нэхэмжлэлийн шаардлагын гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулахыг хариуцагчид хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэв” гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* болох нь тогтоогдсон тул хариуцагч "Транскапитал ББСБ" ХХК-ийг уг хэрэгт хамааралгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ” гэж, хуулийн 44.2-т “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно” гэж тус тус заасан.

Анхан шатны шүүх нь хариуцагч нарын өмгөөлөгч *******гийн  гаргасан ...зөрчлийн хэргийн материалыг Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь сум дундын Прокурорын газраас гаргуулах хүсэлтийн дагуу тус газраас дугаартай зөрчлийн  хэргийг /1 хавтас, 77 хуудас/ татан авч, шүүх хуралдаанд бүхэлд нь шинжлэн судалсан талаар шүүхийн шийдвэрийн “үндэслэх”  хэсэгт дурдсан байх ба  гэхдээ шинжлэн судалсан гэх баримтуудыг “хуулбарлан” хэрэгт хавсаргаагүй, улмаар шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

Гэвч цаашид өөр байгууллагын архиваас ирсэн, өөр хадгаламжийн нэгж бүхий архивын баримтыг бүхэлд нь хэрэгт нотлох баримтаар хавсаргаж ирүүлэх бус тухайн байгууллагаас нотлох баримтыг хуульд заасан шаардлагыг хангуулж, хэрэгт хавсаргаж байхыг магадлалд тэмдэглэж байгааг анхаарах нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 20-ны өдрийн 135/ШШ2023/01719 дүгээр шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн

1 дэх заалт  “Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, ******* нараас тус бүр 1,305,667 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, "Транскапитал ББСБ" ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 2,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

“Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас 2,741,900 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, "Транскапитал ББСБ" ХХК нарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлага болон 6,217,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,475,100 төгрөгийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, *******, ******* нараас тус бүр 35,840 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай” гэснийг,

“Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 113,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 58,820 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын Засаг дарга, Сэлэнгэ аймгийн, Сайхан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын давж заалдах журмаар гомдол гаргахдаа тус бүр төлсөн улсын тэмдэгтийн хураамж 36,000 /нийт 72,000/ төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ                     гэм                   

                                            ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА     

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН