| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэн-Өлзийгийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 188/2018/1015/Э |
| Дугаар | 1052 |
| Огноо | 2018-12-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 12 сарын 06 өдөр
Дугаар 1052
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Гансүлд /томилолтоор/
шүүгдэгч У.М, Г.Ц, тэдгээрийн өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1126/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос:
Х овогт У М, Б овогт Г Ц нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 0000 0000 00000 дугаар хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Б овогт Г Ц Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 10-нд ........... аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужааны мэргэжилтэй, “..............” их сургуулийн цахилгааны инженерийн 3 дугаар ангид суралцдаг, ам бүл 4, эх, эхнэр, охины хамт амьдардаг, ...... аймгийн .... сумын .......... баг, ........ дүгээр гудамжны ......... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч ....... дүүргийн ............ дугаар хороо, ........... дугаар гудамжны ............ тоотод түр оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /РД:............./.
2.Х овогт У М Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 03-нд ..............аймгийн ............. суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гар урлалын мэргэжилтэй гэх, “..........” их сургуулийн цахилгааны инженерийн 3 дугаар ангид суралцдаг, .......... аймгийн ............ сумын ........ баг, .......... дүгээр гудамжны ...... тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч .......... дүүргийн ......... дугаар хороо, ......... тоотод /найз Э-ын хаягт/ түр оршин суудаг гэх, урьд ял шийтгэлгүй, /РД:.............../.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч У.М, Г.Ц нар нь согтуурсан үедээ .......... дүүргийн ......... дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө 02 цагийн үед иргэн Л.М-ын халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халдаж шалтгаангүй мөр рүү нь цохиж, зүй бус хэллэг хэлж доромжлох, эрх чөлөөнд нь халдах зэргээр нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, улмаар Л.М-т хүч хэрэглэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг:
1.Шүүгдэгч Г.Ц-аас: 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө 02 цагийн үед хохирогч Л.М-т гэмтэл учруулснаа зөвшөөрч байна. Хохирогчийн хүзүүн тус газар нь цохиж, араас нь гүйж очиж барьж аваад 2-3 удаа цохиж өшиглөсөн. Хохирогчоос уучлалт гуйсан. Хичээлийнхээ хажуугаар барилга дээр ажилладаг. Цалингаасаа хохирлыг төлсөн. Хийсэн хэрэгтээ харамсаж байна. Би ээжтэйгээ хамт ажил хийж гэр бүлээ авч явдаг тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.
2. Шүүгдэгч У.М-гаас: М гэдэг хүнийг зодсон гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Их гэмшиж байна. Хохирогчийн нүүрэнд хэд хэдэн удаа цохиж, өшиглөсөн. Гонзгой царайтай цагаан цамц жинсэн өмдтэй байсан гэдэг нь би юм. Бид хоёр тус бүр 1.500.000 төгрөг гаргаж, нийт 3.000.000 төгрөг хохирогчид төлсөн. Өнгөрсөн хугацаанд их зүйл ухаарлаа, эцэг, эх, багш нараас хэлж ярьсан. Сургууль дээр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулсан. Дахин архи уухгүй, дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй тул хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгнө үү. Цаашид хохирогчид гарах хохирлыг барагдуулна гэв.
Хоёр. Эрүүгийн 0000 0000 00000 дугаартай хэргээс:
1. Хохирогч Л.М-ын хэрэг бүртгэлтэд 2018 оны 9 дүгээр сарын 24-нд өгсөн:
“...Би 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Замын-Үүдээс ирээд байрныхаа гадаа машинаа байрлуулж тавиад rэp рүүгээ орох гээд саравчны хажуугаар явж байхад саравчинд үл таних 4-5 залуу архи уугаад сууж байсан. Уг залуучуудаас 1 залуу нь намайг “хөөе” гэж дуудаад миний мөр рүү цохиод авахаар нь би “яаж байнаа” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь нэг залуу гарч ирээд “Чи ямар овоо пизда вэ хүрээд ир” гэхээр нь би олон залуучууд байсан болохоор зугтаасан. Тэгээд намайг 2 залуу нь барьж аваад газар унагаагаад дээрээс хэдэн талаас дэвсэлж өшиглөсөн, нүүр нүдгүй өшиглөж балбасан, толгой, нүүр рүү маш олон удаа өшиглөсөн. Нэг мэдэхэд цагдаа нар ирээд намайг зодож байсан залуучуудаас нэг залууг нь барьж авсан бусад нь зугтаад алга болсон. Тэнд байсан залуучуудаас хоёр залуу нь л намайг зодож цохиж, танхайрч хэл амаар доромжилсон. ...Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцахад надад хөнгөн зэргийн бэртэл учирсан байсан. Би Шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг [1],
-2018 оны 11 дүгээр сарын 05-нд өгсөн “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цагийн үед Замын-Үүдээс ажлаасаа ирээд .......... дүүргийн ......... дүгээр хороо ........ байрны урд талын автомашины ил зогсоол дээр машинаа тавьчхаад ...... байр болох гэр рүүгээ урд зүгээс хойшоо зам гараад явган хүний замаар явж байтал явган хүний замын баруун талын сандал дээр 5 хүн архи хувааж уугаад сууж байсан. Намайг яг хажуугаар нь өнгөрөх үед нэг залуу нь “хөөе” гэж дуудаад миний баруун мөрөн тус газар гараараа цохихоор нь би баруун гараа холдуулаад “Та нар олуулаа байж, архиа зөв шингээгээд аятайхан явцгаа” гэж хэлтэл тэд нараас нэг эрэгтэй нь намайг түлхээд цааш нь явуулсан. Тэгэхээр нь үргэлжлүүлээд явган хүний замаараа харих гээд алхаж байтал гэнэт тэр залуучуудаас хар цамц бөгсөөрөө уясан, нуруулаг, 20 орчим насны эрэгтэй нь “Чамайг алнаа, ямар овоо пизда вэ” гэж хэлээд над руу гүйж ирээд харайгаад жийхээр нь би зүүн тийш бултаад явган хүний замын зүүн талд өвдөглөж унасан. Тэгээд нөгөө доогуураа хар цамцаа боосон залуу нь үргэлжлүүлээд намайг зодох гэж дайрахаар нь би баруун тийш хоёр гудамжны завсар руу зугтаад “Драгон” төвийн тийшээ олон хүнтэй газар руу гүйсэн. Гэтэл гэнэт араас нөгөө цамцаа доогуураа уясан залуу намайг гүйцэж ирээд шилэн хүзүүн тус газар гараараа цохихоор нь би урагшаагаа саваад унасан. Нөгөө намайг цохиж унагасан залуу надад босох сөхөө өгөлгүй миний дээрээс 2 удаа өшиглөж дэвсэлсэн, 3 удаа гараараа шанаадсан. Энэ үеэр ардаас хамт архи уугаад зогсож байсан гонзгой царайтай, цагаан цамц, жинсэн өмдтэй, 20 орчим насны залуу нь хүрч ирээд миний толгойн тус газар 4 удаа гараараа шанаадаад, 1 удаа өшиглөж ерөнхийдөө бол намайг бүлэглэн зодсон. Яг тэр үеэр гудамжны нөгөө үзүүрээс нилээн хүмүүс ирж тэр хоёрыг болиулах үед нь би амжиж хөл дээрээ арай ядан босоод цаашаагаа “Драгон” тал руу үргэлжлүүлээд алхаж холдсон. Намайг зодсон хоёр залуу ирсэн газар руугаа явсан. Би шууд гар утсаараа цагдаад дуудлага өгөхөд “наад залуусаа холоос ажиглаад байж байгаарай, бид нар очиж байна” гэж хэлсэн. Нөгөө залуусыг холоос хараад зогсож байтал намайг зодсон гэх хоёр залуу над руу буцаж гүйж ирээд “Нөгөөдөх чинь энд байна шүү дээ” гэж хэлээд дөнгөж барилцаад байж байтал цаанаас цагдаагийн алаг машины дуу нь гараад цагдаагийн машин хүрч ирэхийг хараад нэг нь зугтаад явсан. Нэгийг нь би зуурч авч үлдээд цагдаа нарт хүлээлгэж өгөөд цагдаагийн газар өргөдлөө өгсөн. Өндөр нуруутай, доогуураа хар цамц уясан, 20 орчим насны залуу болон, гонзгой царайтай, цагаан цамцтай, жинсэн өмдтэй хоёр хүн намайг бүлэглэж зодсон. Тухайн үед миний хамар хугарсан байсан, биеэн дээр зулгаралтуууд, баруун гар хугарсан, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл зэрэг гэмтлүүд авсан байсан. Одоо би бүх хохирлоо тооцоод 8.000.000 төгрөг нэхэмжилж байна. Ц гэдэг хүнийх нь аав надад 500.000 төгрөг л өгч байсан, өөр миний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Би их гомдолтой байна. Бие болон сэтгэл санаагаар маш их хохирсон. ...” гэх мэдүүлэг [2],
2. Гэрч С.Дын хэрэг бүртгэлтэд 2018 оны 10 дугаар сарын 06-нд өгсөн:
”... Би 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найз М, Ц нарын хамт “Драгон” төвийн хойд талын байрны голд байрлах сааданд суугаад бид гурав хоёр шил архи аваад хувааж уусан, юм яриад шөнө болсон. Тэр үед шөнийн 00 цаг өнгөрч байсан байх. Бид гурав хоёр шил архиа уугаад бараг дуусаж байсан, нилээн согтсон. Тэгээд бид гурвын хажуугаар нэг танихгүй хүн өнгөрөх үед манай найз М тэр хүний мөр рүү гараараа түлхсэн. Тэр хүн “та нар соёлтой байгаач” гэсэн чинь Ц “чамд ямар хамаатай юм” гэж хэлэхэд нөгөө хүн “та нар зодох гээд байгаа юм уу” гэхэд нь М, Ц хоёр маргалдаад тэр залууг нийлээд цохиод авсан. Тэр үед нөгөө залуу “та нар зүгээр байгаарай, хүний олон хүнээ барьдаггүй шүү” гэж хэлээд цаашаа гүйсэн. Тэр үед М, Ц хоёр араас нь хөөгөөд гүйсэн. Тэгээд би араас нь яваад очсон чинь цаанаас баахан хүн ирж тэр хоёрыг салгаж байхад нь би очсон. М, Ц хоёр над руу ирээд бид гурав үлдсэн байсан архиа уугаад сууж байсан чинь М, Ц хоёрын зодсон ах бид гурав дээр ирээд “та нар намайг яаж байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан хийгээд зогсож байхад нь цагдаа нар ирсэн. Ц цагдаа ирлээ гэж хэлээд М тэр хоёр зугтаад явсан. Би тэр хүнийг зодоогүй болохоор зүгээр байх гээд зогсож байсан чинь цагдаа нар ирээд намайг авч яваад эрүүлжүүлэх байранд хийгээд саатуулсан. Маргааш нь М, Ц хоёр руу залгаад “намайг ирээд аваач би цагдаа дээр байна” гэж хэлэхэд тэр хоёр ирээд намайг авсан. ...” гэх мэдүүлэг [3],
3. Шүүгдэгч Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 01-нд яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр багын найз М, Д нартай 20 цагийн үед уулзаад ...... дүүргийн ....... дүгээр хороо, “Драгон” төвийн арын байрны гадаах сандал дээр “Цагаан” гэдэг нэртэй хоёр шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Удалгүй тэнд байдаг байрны хоёр ах ирээд “дүү нар юу хийж байна, наадмын урьдчилгаа хийж байгаа юм уу” гэж асуугаад бид 5 яриа өрнүүлээд байж байсан. Тэр үеэр бид нарын сууж байсан сандлын хажуугаар үл таних хоёр ах алхаж байсан. Наад талынх нь хүнийг М хажуугаар нь зөрөх үед мөрөн дээр нь гараараа алгадаад цохих шиг болсон. Гэтэл тэр ах эргэж хараад нэг юм хэлээд байх шиг байсан. Нөгөө ах бид нартай хэсэг маргалдаж байгаад цаашаа алхаад явж байхдаа амандаа нэг юм бувтнаад байхаар нь миний уур гэнэт хүрээд, дээрээс нь би согтсон байсан болохоор сэтгэл хөөрөөд ардаас нь зодох гэж хөөхөд нөгөө ах булан тойроод зугтсан. М бас надтай цуг хөөж байсан. Нөгөө ах зугтаж байхдаа эргэж хараад над руу нэг чулуу шидэх хоорондоо надад гүйцэгдэхээр нь би нуруу хавьцаа нь гараараа цохитол нөгөө ах газар саваад унасан. Тэгэхээр нь М бид хоёр дээр нь гараад хэд хэд өшиглөөд, гараараа цохин зодож байтал гудамжны нөгөө үзүүрээс ирж байсан хүмүүс бид нарыг болиулсан. Тэр хооронд нөгөө ах босоод яваад өгсөн. М бид хоёр тэр ахыг яваад өгөхөөр нь эргэж харахад Д ирсэн байсан. Тэгээд гурвуулаа буцаж очоод анх сууж байсан газар руугаа очоод сууж байтал цагдаа нар гараад ирэхээр нь М бид хоёр айгаад зугтсан. Д тэндээ үлдсэн. Удалгүй Д бид хоёр руу залгаад “цагдаагийн газар байна, намайг ирээд ав” гэхээр нь цагдаагийн газар очсон. Бид гурав тэр хавийн нэг байранд нь байр хөлслөн хамт амьдардаг байсан. Тэр өдөр уулзаад хамт харих зуураа цалин буусан болохоор нь баяраа тэмдэглээд сууж байсан юм. Бид гурав тухайн үед аав Г-ын ажил дээр хамт ажилладаг байсан. Бид гурвыг архи уугаад сууж байхад сүүлд тэр байрны хавиар ганц хоёр удаа зүс үзэж байсан хоёр ах ирж түр юм яриад зогсож байсан юм. Бид гурав сайн танихгүй, нэр ус, холбоо барих утсыг нь мэдэхгүй. Бид нарын сууж байсан газар зогсоод үлдсэн. Сүүлд тэр хүнийг зодчихоод буцаад иртэл яваад өгсөн байсан. М бол миний багын сайн найз, коллежид хамт сурч байсан, одоо их сургуулийн нэг ангид хамт сурдаг. Д-тай 2018 оны 6 дугаар сард ажил дээрээ танилцаж байсан. Хэрэг болох үед М, Д тэгээд байрны хоёр ах бид тав анх байсан. Дараа нь нөгөө зодуулдаг ах хажуугаар зөрөхдөө бас нэг ахтай хамт явж байх шиг харагдсан. Өөр хүн байгаагүй. Байрны хоёр ах бол ямар нэгэн үйлдэл гаргаагүй тэндээ үлдсэн. ...” гэх мэдүүлэг [4],
-2018 оны 11 дүгээр сарын 03-нд өгсөн: “ ...Хохирогч Л.М хар өнгийн хавар намрын цамц, цэнхэр жинсэн өмдтэй байсан. ...биед нь ямар эд зүйл байсан талаар бид хоёр нэгжиж үзээгүй болохоор мэдэхгүй. Хохирогчийн хүзүүнд гинж байсан эсэхийг мэдэхгүй. ...” гэх мэдүүлэг [5],
4. Шүүгдэгч У.М-гийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 11 дүгээр сарын 01-нд яллагдагчаар өгсөн:
“...Би 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр найз Ц, Д нартай 20 цагийн үед уулзаад ганц, хоёр архи хувааж уухаар ярилцсан. Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо “Драгон” төвийн арын 22 дугаар байрны урд талын суудаг сандал дээр Ц, Д нартай “Цагаан” гэдэг нэртэй хоёр шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. Удалгүй тэнд байдаг байрны хоёр ах ирээд бид нарт баярын мэнд хүргээд юм яриад хамт суусан. Тэр үеэр бид нарын сууж байсан сандлын хажуугаар үл таних хоёр ах алхаж байсан. Наад талынх нь хүнийг миний хажуугаар зөрөхөд би мөрөн дээр нь гараараа алгадаж цохисон чинь “яагаад байгаа бацаанууд вэ” гэж хэлэх шиг болсон. Тэгээд бид нар маргалдаж эхэлсэн. Маргалдаж дуусаад нөгөө ах хамт явж байсан хүнтэйгээ цаашаагаа үргэлжлүүлээд алхаад явж байхад нь Ц тэр ахыг зодох гээд гэнэт хойноос хөөхөөр нь би хамт хөөсөн. Нөгөө ах булан эргээд бид нар руу чулуу шидэж байхдаа баригдаад Ц тэр ахын нуруу луу гараараа цохиход газар уначихаар нь бид хоёр дээр нь гараад хэд хэд өшиглөөд, гараараа цохин зодож байтал гудамжны нөгөө үзүүрээс ирж байсан хүмүүс бид нарыг болиулсан. Тэр хооронд нөгөө ах босоод яваад өгсөн. Ц бид хоёр тэр ахыг яваад өгөхөөр нь буцах гээд эргэж харахад Д ирсэн байсан. Тэгээд гурвуулаа буцаж очоод анх сууж байсан газар руугаа очоод сууж байтал гэнэт цагдаа нар гараад ирсэн. Ц бид хоёр айгаад зугтсан. Д тэндээ үлдсэн. Удалгүй Д бид хоёр руу залгаад “цагдаагиин газар байна, намаиг ирээд ав” гэхээр нь цагдаагийн газар очсон. Тухайн үед би их согтсон өөрийгөө хянах чадваргүй байсан. Сэтгэл хөөрсөн байсан болохоор л тэгсэн байх. ...Хэрэг болох үед Ц, Д тэгээд байрны хоёр ах бид тав анх байсан. Байрны хоёр ах бол ямар нэгэн үйлдэл гаргаагүй тэндээ үлдсэн. Хэргийн талаар ямар нэгэн харсан зүйл байхгүй байх. Ц бид хоёр тэр ахын ардаас хөөж очиж зодоод дуусаж байхад Д сүүлд булан тойрч гарч ирж байх шиг байсан. ...” гэх мэдүүлэг [6]
5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8765 дугаартай дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний зовхи, хамрын нурууны баруун хэсэгт 2.5х1.5 см, духны зүүн хэсэгт 2.5х1.5 см, 4х2.5 см, зүүн хэсэгт 3х3 см, баруун чихний дэлбэнд 1х0.5 см, баруун өвдөгт 4х2.5 см бор хүрэн өнгийн тав бүхий зулгаралттай. Баруун шууны дээд хэсгээс сарвууны дунд хүртэл аравч хэлбэрийн гөлтгөнөн боолт хийгдсэн, баруун шууны ар дээд хэсэгт 5х3.5 см хүрэн бор өнгийн тав бүхий зулгаралттай, Зүүн дээд 1-3, баруун 1-р шүд хиймэл, баруун дээд 1-р хиймэл шүдний паалан унасан, зүүн дээд 3-р хиймэл шүдний гадна паалан унасан, 2-р шүдний үзүүр хэсгийн паалан эмтэрсэн, Бэхэлгээний тулгаар шүд бага зэрэг хөдөлгөөнтэй /баруун дээд 1, зүүн дээд 3-р шүд/, зүүн доод 2-р шүд бага зэрэг хөдөлгөөнтэй.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн 2017 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн эмчийн үзлэгт онош: Тархи доргилт, баруун шууны ясны хугарал байх магадлалтай.
Гавал, цээж, баруун шууны рентген зургуудаар: ...Баруун шуу ясны доод булуунд цууралттай.
ДҮГНЭЛТЭД:
1 Л.М-ын биед баруун шуу ясны доод булуунд цууралт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 3-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.
2 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3 Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5 Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. /шинжээч эмч Т.Чимэд-Очир/” ...” гэсэн дүгнэлт [7],
6. Хохирогч Л.М-ын гэмт хэргийн өөрт учирсан хохирлыг нэхэмжилсэн баримтууд [8], хохирогч Л.М-ын гэмтсэн байдлыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт [9], төлбөр барагдуулах тухай хэлцэл [10], хохирогч Л.М-т хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай баримт [11],
7. Шүүгдэгч Г.Ц-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа [12], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас [13], ....... аймгийн ........ сумын ...... багийн тодорхойлолт [14], ............ их сургуулийн тодорхойлолт[15], Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэхийг лавласан тухай лавлагаа [16], Г.Ц-ийн нэр дээр тээврийн хэрэгсэл бүртгэлтгүй тухай авто тээврийн үндэсний төвийн лавлагаа [17], Хаан банкинд Г.Ц-ийн эзэмшдэг депозит дансны хуулга [18] болон түүний хувийн байдлын талаарх бусад баримтууд [19]
8. Шүүгдэгч У.М-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа [20], түүний урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас[21], ....... аймгийн ....... сумын .....багийн тодорхойлолт[22], ....... их сургуулийн тодорхойлол[23], У.М-гийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй, мөн тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай, Оюуны өмч, улсын бүртгэлийн газар, Авто тээврийн үндэсний төвийн тус тус лавлагаа[24], Хаан банкинд У.М-гийн эзэмшдэг депозит дансны хуулга [25], болон хувийн байдлын талаарх бусад баримтууд [26] зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц, У.М нар нь нийтийн хэв журмыг бүлэглэж зөрчиж, олон нийтийн газар буюу гудамж талбайд бусдыг илтэд үл хүндэтгэн ямар нэгэн шалтгаангүйгээр бусдыг хэл амаар доромжилж, хүч хэрэглэн иргэн Л.Мыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээр нотлогдсон, иймд тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрээс шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй зөвшөөрч байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан бөгөөд шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон нөхцөл байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Г.Ц, У.М нарт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларсан үйл баримт, нотлох баримтуудаас үзвэл Г.Ц, У.М нь бага наснаасаа нөхөрлөсөн, бие биенийгээ мэддэг найз нөхдийн харилцаатай хүмүүс байх ба 2018 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө ...... дүүргийн ..... дүгээр хорооны нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хамтдаа хэрэглэсэн байна. Улмаар шөнө 02 цагийн үед тус хорооны нутаг дэсгэрт гэртээ харихаар явж байсан иргэн Л.М-ыг шүүгдэгч У.М мөрөн дээр нь гараараа цохиж, хэрүүл маргаан үүсгэн, “чи ямар овоо пизда вэ” гэх зэргээр зүй бус үг хэллэг хэрэглэн доромжилсон байх ба хохирогч Л.М тэднээс зугтахад араас нь Г.Ц, У.М нар нь хөөж “Драгон” төвийн орчим цохиж унагаан цохих, өшиглөх зэргээр бүлэглэн зодож, түүний бие махбодид нь баруун шуу ясны доод булуунд цууралт, хамар ясны хугарал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, дух, баруун чихний дэлбэн, баруун өвдөгт зулгаралт, баруун шуунд зулгаралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун дээд 1, зүүн дээд 3-р шүдний сулрал, доод зүүн 2-р шүдний сулрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь
- Хохирогч Л.М-ын хэрэг бүртгэлтэд өгсөн “...Би 2018 оны 7 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад ...байрныхаа гадаа машинаа байрлуулж тавиад rэp рүүгээ гээд саравчны хажуугаар явж байтал нэг залуу намайг “хөөе” гэж дуудаад миний мөр рүү цохиод авахаар нь би “яаж байнаа” гэж хэлсэн. Тэгтэл цаанаас нь нэг залуу гарч ирээд “Чи ямар овоо пизда вэ хүрээд ир” гэхээр нь би олон залуучууд байсан болохоор зугтаасан. Тэгээд намайг 2 залуу нь барьж аваад газар унагаагаад дээрээс хэдэн талаас дэвсэлж өшиглөсөн, нүүр нүдгүй өшиглөж балбасан, толгой, нүүр рүү маш олон удаа өшиглөсөн. ...Тэнд байсан залуучуудаас хоёр залуу нь л намайг зодож цохиж, танхайрч хэл амаар доромжилсон....” гэх мэдүүлэг [27],
“...цамцаа доогуураа уясан залуу намайг гүйцэж ирээд шилэн хүзүүн тус газар гараараа цохихоор нь би урагшаагаа саваад унасан. Нөгөө намайг цохиж унагасан залуу надад босох сөхөө өгөлгүй миний дээрээс 2 удаа өшиглөж дэвсэлсэн, 3 удаа гараараа шанаадсан. Энэ үеэр ардаас хамт архи уугаад зогсож байсан гонзгой царайтай, цагаан цамц, жинсэн өмдтэй, 20 орчим насны залуу нь хүрч ирээд толгойн тус газар 4 удаа гараараа шанаадаад, 1 удаа өшиглөж ерөнхийдөө бол намайг бүлэглэн зодсон.... Өндөр нуруутай, доогуураа хар цамц уясан, 20 орчим насны залуу болон, гонзгой царайтай, цагаан цамцтай, жинсэн өмдтэй хоёр хүн намайг бүлэглэж зодсон. Тухайн үед миний хамар хугарсан, биеэн дээр зулгаралтуууд, баруун гар хугарсан, зулайн хуйханд зөөлөн эдийн гэмтэл зэрэг гэмтлүүд авсан.” гэх мэдүүлэг[28]
- гэрч С.Д-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “...Бид гурав хоёр шил архи хувааж уугаад нилээн согтсон. ...хажуугаар нэг танихгүй хүн өнгөрөх үед манай найз М тэр хүний мөр рүү гараараа түлхсэн. Тэр хүн “та нар соёлтой байгаач” гэсэн чинь Ц “чамд ямар хамаатай юм” гэж хэлсэн. ...нөгөө хүн “та нар зодох гээд байгаа юм уу” гэхэд нь М, Ц хоёр маргалдаад тэр залууг нийлээд цохиод авсан. Тэр үед нөгөө залуу “та нар зүгээр байгаарай, хүний олон хүнээ барьдаггүй шүү” гэж хэлээд цаашаа гүйсэн. Тэр үед М, Ц хоёр араас нь хөөгөөд гүйсэн. Тэгээд би араас нь ...тэр хоёрыг салгаж байхад нь очсон ...М, Ц хоёрын зодсон ах бид гурав дээр ирээд “та нар намайг яаж байгаа юм бэ” гээд хэрүүл маргаан хийгээд зогсож байхад цагдаа ирсэн....” гэх мэдүүлэг [29],
- Г.Ц-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр багын найз М, Д нартай 20 цагийн үед уулзаад ......... дүүргийн ........ дүгээр хороо, “Драгон” төвийн арын байрны гадаах сандал дээр хоёр шил 0.75 литрийн архи хувааж уугаад суусан. ...бид нарын сууж байсан сандлын хажуугаар үл таних хоёр ах алхаж байсан. Наад талынх нь хүнийг М хажуугаар нь зөрөх үед мөрөн дээр нь гараараа алгадаад цохих шиг болсон. ...нөгөө ах бид нартай хэсэг маргалдаж байгаад цаашаа явж байхдаа амандаа нэг юм бувтнаад байхаар нь миний уур хүрээд, дээрээс нь би согтсон болохоор зодох гэж хөөхөд нөгөө ах булан тойроод зугтсан. М бас надтай цуг хөөсөн. ...надад гүйцэгдэхээр нь би нуруу хавьцаа нь гараараа цохитол нөгөө ах газар саваад унасан. Тэгэхээр нь М бид хоёр дээр нь гараад хэд хэд өшиглөөд, гараараа цохин зодож байтал гудамжны нөгөө үзүүрээс ирж байсан хүмүүс бид нарыг болиулсан...” гэх мэдүүлэг [30],
-У.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...2018 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ...Сонгинохайрхан дүүргийн ...... дүгээр хороо “Драгон” төвийн арын ... дугаар байрны урд талын суудаг сандал дээр Ц, Д нартай хоёр шил 0.75 литрийн архи хувааж уугаад сууж байсан. ...тэр үеэр бид нарын сууж байсан сандлын хажуугаар үл таних хоёр ах алхаж байсан. Наад талынх нь хүнийг хажуугаар зөрөхөд нь би мөрөн дээр нь гараараа алгадаж цохисон чинь “яагаад байгаа бацаанууд вэ” гэж хэлэх шиг болж, бид маргалдсан. Маргалдаж дуусаад нөгөө ах ...цаашаа алхаад явж байхад нь Ц тэр ахыг зодох гээд хойноос хөөхөөр нь би хамт хөөсөн. ...Ц тэр ахын нуруу луу гараараа цохиход газар уначихаар нь бид хоёр дээр нь гараад хэд хэд өшиглөөд, гараараа цохин зодож байтал гудамжны нөгөө үзүүрээс ирж байсан хүмүүс бид нарыг болиулсан. ...гэх мэдүүлэг [31],
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 8765 дугаартай дүгнэлт [32] зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүхээс Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг дараах үндэслэлээр үндэслэлгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэв. Үүнд:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж, эсхүл эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байх шинжийг шаардана.
Тухайн хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Г.Ц, У.М нарын үйлдэлд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, эдгээр үйлдэлд өдөөн турхирсан, татан оруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл нэг хүний эсрэг чиглэсэн идэвхтэй үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэхгүй ба, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдоогүй.
Харин тэдний бүлэглэж иргэн Л.М-ын бие махбодид халдаж, хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж үзэв.
Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс шүүгдэгч Г.Ц, У.М нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байхгүй гэж үзэж, тус зүйл, хэсэгт заасан хэргийг хуульд зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зүйлчлэлийг зөвтгөн шийдвэрлэв.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч нар согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, улмаар нийгэмд биеэ авч явах байдал, ёс суртахуун зэрэг нь нөлөөлсөн байна.
2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Л.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх ба хохирогч нь хэрэг бүртгэлтэд:
-шүдний рентген зурагны төлбөр, цагдаагийн байгууллагын тодорхойлолт зэрэгт 140.000 төгрөг,
-өвчин намдаах эм тарианы мөнгө 40.000 төгрөг,
-тухайн хэрэг болох үед зүүж явсан гинж, кулон алга болсон гэх үндэслэлээр үнэ 315.000 төгрөг,
-гар хугарснаас ажлаа хийж чадаагүй, хувиараа хүн тээвэрлэх ажил хийдэг ба, 7 хоногт нийт 4 удаа явдаг, цэвэр олох ашиг орлого 800.000 төгрөг ба нийт 2018 оны 7 дугаар сарын 15-наас 2018 оны 8 дугаар сарын 12-ний хүртэл хугацаанд нэг сарын олох байсан орлого 3.200.000 төгрөг, нийт 4 сарын орлого, бүгд 18.315.000 төгрөгийн нэхэмжлэлийг гаргасан байна.
Хэрэгт баримтаар дүрс оношилгоо хийлгэсэн төлбөрийн 120.000 төгрөгийн, Баса ХХК-ний “Басхүү” эмнэлэгт хийлгэсэн эмчилгээний төлбөр 140.000 төгрөгийн, нийт 260.000 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн, өөр баримт ирүүлээгүй, эм тариа 40.000 төгрөгөөр авсан, тухайн үед зүүж явсан гинж, кулон алга болсон гэж үнийг тус тус нэхэмжлэх боловч энэ талаар баримтгүй байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Г.Ц, У.М нар нь тус бүрээс 1.500.000 төгрөгийг гаргаж, нийт 3.000.000 төгрөгийг хохирогч Л.Мт нөхөн төлсөн байна.
Хохирогч Л.М нь “Басхүү” шүдний эмнэлэгт цаашид 14.500.000 төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай гэх талаар тус эмнэлгийн 2018 оны 7 дугаар сарын 17-ний өдрөөр огноолсон 61 дугаартай тодорхойлолтыг ирүүлсэн байх ба, энэ зардал нь хохирогчоос бодитоор гараагүй байна.
Мөн хохирогч Л.М нь энэ гэмт хэргийн улмаас тээвэрлэлтийн ажлаа хийж чадаагүй гэж олох байсан орлого нэхэмжилж байгаа боловч 2018 оны 7 дугаар сарын 15-наас хойш 4 сарын хугацаанд ажлаа хийгээгүй гэх, түүний нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг эсэх, мөн тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл, түүний сар бүрийн орлого олдог гэх нотлох баримтууд хэрэгт байхгүй тул энэхүү нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй, хохирогч нь олох байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хэрэгт 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөр огноолсон “төлбөр барагдуулах хэлцэл” гэсэн баримт авагдсан байх боловч тус хэлцэл иргэн Л.М, Ж.Э., Ц.Б. нарын хооронд хийгдсэн байна. Хэлцлийн нэг тал болох Ж.Э., Ц.Б. нар нь тус эрүүгийн хэргийн оролцогч биш тул шүүх дээрх баримтыг нотлох баримтаар үнэлээгүй болно.
3.Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Ц, У.М нарыг тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж, шүүгдэгч тус бүрийн биечлэн эдлэх ялын нийт хэмжээг 2 жил 7 сар 20 хоногийн хугацаагаар тогтоох тухай дүгнэлтийг,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Мөнхдэлгэрээс “Г.Ц нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, эх, эхнэр, бага насны хүүхэд нарын хамт амьдардаг, мөн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа, хувь хүний зан төлөв нь гэмт зан үйлгүй зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгох ял оноож өгнө үү, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах ялыг мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хорих ялыг тэнсэж, эсхүл хорих ялаас чөлөөлж өгнө үү.
Шүүгдэгч У.М нь мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа, 21 нас хүрээгүй байгаа тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 8.7 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тэнсэж, эхийнх нь батлан даалтад өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.
Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлий 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул тус зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.
Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй, ял шийтгэлгүй байх ба тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учирсан хохирол, хор уршгийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөлд харгалзан үзсэн ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхдээ хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 800.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, тэдэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч У.М нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 насанд хүрсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй, энэ талаар өмгөөлөгчийн гаргасан дүгнэлт үндэслэлгүй. Мөн шүүгдэгч Г.Ц-ийг гэм буруутайд тооцсон зүйл, заалт нь хорих ялын зохицуулалтгүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх тухай заалтыг хэрэглэж өгнө үү гэсэн өмгөөлөгчийг дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй болно.
4.Бусад асуудлын талаар.
Тус хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Г.Ц, У.М нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч У М, Г Ц нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Х овгийн У М, Б овгийн Г Ц нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц-ийг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял,
Шүүгдэгч У.М-г 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 (найман зуун мянган) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц, У.М нарт торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 3 сар буюу 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг тогтоож, хуулиар тогтоосон хугацаанд торгохыг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Г.Ц, У.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч Л.М-т энэ тогтоолоор төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.М нь олох байсан орлого болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Г.Ц, У.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Ц, У.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
[1] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[2] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[3] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[4] Хавтст хэргийн 59-60 дугаар тал.
[5] Хавтаст хэргийн 62-63 дугаар тал.
[6] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал.
[7] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.
[8] Хавтаст хэргийн 16-21, 41 дүгээр тал.
[9] Хавтаст хэргийн 24 дүгээр тал.
[10] Хавтаст хэргийн 111 дүгээр тал.
[11] Хавтаст хэргийн 68, 112 дугаар тал.
[12]Хавтаст хэргийн 82 дугаар тал.
[13]Хавтаст хэргийн 91 дүгээр тал.
[14] Хавтаст хэргийн 83, 115 дугаар тал.
[15] Хавтаст хэргийн 84, 114 дүгээр тал.
[16] Хавтаст хэргийн 85 дугаар тал.
[17] Хавтаст хэргийн 86 дугаар тал.
[18] Хавтаст хэргийн 87-90 дүгээр тал.
[19] Хавтаст хэргийн 122-127 дугаар тал.
[20] Хавтаст хэргийн 94 дүгээр тал.
[21] Хавтаст хэргийн 105 дугаар тал.
[22] Хавтаст хэргийн 95 дугаар тал.
[23] Хавтаст хэргийн 96 дугаар тал.
[24] Хавтаст хэргийн 98 дугаар тал.
[25] Хавтаст хэргийн 99-104 дүгээр тал.
[26] Хавтаст хэргийн 116-121 дүгээр тал:
[27] Хавтаст хэргийн 28-29 дүгээр тал.
[28] Хавтаст хэргийн 30-31 дүгээр тал.
[29] Хавтаст хэргийн 37-38 дугаар тал.
[30] Хавтаст хэргийн 59-60 дугаар тал.
[31] Хавтаст хэргийн 72-73 дугаар тал.
[32] Хавтаст хэргийн 41-42 дугаар тал.