Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 209/МА2024/00014

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 12-ны өдрийн 135/ШШ2024/00064 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Хуваарь гарган  хүү *******тай уулзуулж байхыг даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд нэхэмжлэгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

            Миний бие Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ******* дугаартай шийдвэрээр гэр бүлээ цуцлуулж, хүү *******ыг эх *******ы асрамжид үлдээсэн. Шийдвэрийн тогтоох хэсгийн 8-д Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-т зааснаар гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох учиртайг мэдэгдэж хууль сануулж тайлбарласан байтал ******* нь миний хүү *******ыг эцэг ******* надтай уулзуулахгүй Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл болон хүүхдийн эрх зөрчиж байгаа тул хүү *******ыг надтай уулзуулж байх хуваарь гаргаж үүргээ биелүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ. /хх-1х/

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 *******ын хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. /хх-47х/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан хүү *******ыг насанд хүртэл нь эцэг *******тай 7 хоног бүрийн Бямба гарагийн 10 цагаас 18 цаг хүртэл хамт байх боломжоор хангахыг *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэсэн боловч тогтоох нь хэсэгт Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан хүү *******ыг насанд хүртэл нь эцэг *******тай 7 хоног бүрийн Бямба гарагийн 10 цагаас 18 цаг хүртэл хамт байх боломжоор хангахыг *******д даалгасан байна.

Шүүх хуралдааны явцад зохигч нарын оршин суух хаягийг шүүгч тодруулан асууж байсан, нэхэмжлэгч ******* би Улаанбаатар хотын харьяат Дархан-Уул аймагт амьдардаггүй гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгч би Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг хүртэл 230 км зам туулж 7 хоног бүрийн бямба гаригт өглөөний 10 цагт очно. Ингээд 2 нас 10 сартай хүүгээ аваад оройн 18 цаг хүртэл хаана байх вэ, надад Дархан-Уул аймагт таньдаг айл байхгүй учир автомашин дотроо өвлийн хүйтэнд хүүдээ хоол хийж өгөх үү, бага насны хүүхэд бие засах шаардлага гарна гадаа хүйтэнд хаана гэж явах уу өглөөнөөс орой болтол автомашинаас өөр сонголтгүй..., шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашиг аюулгүй байдлыг огт тооцож харсангүй.

Миний хүү *******ын өвөө, эмээ, ...хамаатан садан нь бүгд Улаанбаатар хотод оршин сууж амьдардаг, өндөр настай буюу 80 хүрч яваа өвөө, эмээ нар нь сүүлийн жил гарангын хугацаанд ач хүүтэйгээ уулзаж чадаагүй уулзахыг хүсч байдаг. Гэвч шүүхээс өгсөн хугацаанд очиж уулзах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Нэхэмжлэгч миний бие анхан шатны шүүх хуралдаан дээр хүүтэйгээ аль болох олон өдөр хамт баймаар байна, долоо хоногийн бямба, ням гараг бүр өөр дээрээ авч байх хүсэлтэй байна гэж тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж  шийдвэрлэж өгнө үү гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг нэхэмжлэгч *******ын  гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж  дүгнэв.            

            Хэргээс судлахад : 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хүү *******тай уулзуулж байх хуваарь гаргаж, уг үүргээ биелүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч ******* эс зөвшөөрч маргасан байна.

           3. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулж, тэдний дундаас төрсөн хүү *******ыг эх *******ых нь  асрамжид үлдээж, хуулийн дагуу хүү *******т эцэг *******аас нь тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэсэн байх ба энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

4. Нэхэмжлэгч ******* нь  нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагадаа  ... гэрлэлт цуцлуулсан шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 8-д Гэр бүлийн тухай хуулийн 26.6-т заасныг сануулж тайлбарласан байтал ******* нь хүү *******ыг төрсөн эцэг болох ******* надтай уулзуулахгүй, Гэр бүлийн тухай хууль болон хүүхдийн эрх зөрчиж байгаа тул хүү *******тай уулзуулж байх хуваарь гаргаж, уг үүргээ биелүүлэхийг *******д даалгах гэж, улмаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...долоо хоног бүрийн хагас, бүтэн сайнд хоногоор уулзуулж байхыг хүсэж байна /хх-63/ гэжээ.

5. Анхан шатны шүүх, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д заасныг баримтлан хүү *******ыг насанд хүртэл нь эцэг *******тай долоо хоног бүрийн Бямба гарагийн 10 цагаас 18 цаг хүртэл хамт байх боломжоор хангахыг *******д даалгаж шийдвэрлэсэн.

6. Нэхэмжлэгч ******* нь дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан  гомдолдоо ... шүүх шийдвэр гаргахдаа хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг огт тооцож харсангүй, өндөр настай өвөө, эмээ нар нь ач хүүтэйгээ уулзахыг хүсч байдаг, гэвч шүүхээс өгсөн хугацаанд уулзах боломжгүй нөхцөл байдал үүсч байна. Иймд миний хувьд хүүтэйгээ аль болох олон өдөр хамт баймаар байна. Долоо хоногийн Бямба, Ням гараг бүр өөр дээрээ авч байх хүсэлтэй байна гэж тайлбарласан нэхэмжлэлийн шаардлагаа  хангуулах  гэжээ.

7. Анхан шатны шүүх, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 9 дүгээр зүйл, Гэр бүлийн тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд оролцох эцэг, эхийн үүрэг, тэгш эрхийн талаар хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий байх боловч хүүхдийн эрх ашгийг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай байна.

Учир нь:

8.Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журам үүрэг  мөн гэж.

Монгол Улсын 1990 оны 07 дугаар сарын 05-ны өдөр соёрхон баталсан “Хүүхдийн эрхийн конвенцын 7 дугаар зүйлийн 1-т “Хүүхэд төрмөгцөө бүртгүүлэх, төрсөн цагаасаа нэр авах, иргэний харьяалалтай болох, түүнчлэн эцэг, эхээ боломжийн хэрээр мэдэх, хайр халамжийг нь хүртэх эрх эдэлнэ.”  гэж,

Конвенцын 9 дүгээр зүйлийн 1. Оролцогч улсууд  хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай хэмээн эрх бүхий байгууллага, шүүхийн шийдвэрийн дагуу, хэрэглэгдэх хууль, журмыг үндэслэн шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хүүхдийг хүсэл зоригийнх нь эсрэг эцэг эхээс нь салгахгүй байх үүрэг хүлээнэ.  ...,

9 дүгээр зүйлийн 3. Хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлахгүй бол эцэг эхийнхээ аль нэгнээс буюу хоёулангаас салж хагацсан хүүхэд эцэг, эхийнхээ аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг ... хүндэтгэнэ.

18 дугаар зүйлийн 1. ... Хүүхдийн дээд ашиг сонирхол нь тэдний /эцэг, эхийн/ анхаарал чиглэх гол зүйл мөн.

Гэр бүлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална.” гэж,  4.5 дахь хэсэгт  ”Хүүхдийг гэр бүлийн дотор эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, хөгжүүлэх, түүний эрх, ашиг сонирхлыг нь нэн тэргүүнд хамгаалахыг эрхэмлэнэ.”,

Хуулийн 25 дугаар зүйлийн 25.3. "Эцэг, эх, ...нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална”.

Хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дэх хэсгийн  26.2.1-26.2.4 дэх хэсэгт “эцэг, эхийн хүлээх үүргийг  тодорхой заасан. Тухайлбал,  хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ  асран хамгаалах,тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил,уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах адил тэгш үүргийг эцэг, эх адил хүлээнэ”,   

26.6. "Хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно”. 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3. "Хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, ...  эрхтэй”.

Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн  10.1.1-10.1.11 дэх хэсгүүдэд хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, ... ийн хүлээх үүргийг  зохицуулсан. Тухайлбал, хүүхдэд гэр бүлдээ аз жаргалтай, хайр халамжтай, бүхий л талаар хөгжих орчинг бүрдүүлэх, хүүхдээ хүмүүжүүлэх, харилцааны соёл төлөвшүүлэх, хүүхдийг хөгжиж, төлөвшихөд нь дэмжин туслах, хүүхдийг наад захын хэрэгцээт зүйлээр хангах ... зэрэг үүргийг эцэг, эх хүлээнэ” гэж  тус тус дээр дурдсан хуулиудаар  хуульчлан зохицуулжээ.

Тодруулбал, Гэрлэлтээ цуцлуулсан ч  эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр байх бөгөөд  хүүхдийн  асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй нь салшгүй холбоотой.   

Хүүхдийн эцэг, эхийн аль алинтай байнга хувийн болон шууд харилцаа холбоотой байх эрхийг нь хангахдаа хүүхдийн дээд ашиг сонирхолд харшлаагүй байх нөхцөлийг нэн тэргүүнд тавих, хүүхдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалах, хүүхэд эцэг, эхтэйгээ байнгын харилцаа холбоотой байх эрхтэй, улмаар хуульд заасан нөхцөл бололцоогоор хүүхэд хангагдах ёстой болохыг  Хүүхдийн эрхийн тухай конвенц болон  Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хуулиудад заасан байна. 

Мөн эцэг, эх тусдаа амьдрах нь тэднийг Гэр бүлийн тухай хууль болон Хүүхдийн эрхийн тухай хуульд заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

9. Нэхэмжлэгч ******* нь долоо хоногийн Бямба, Ням гарагт хүү *******тай хамт байх шаардлагыг гаргасан байх боловч  хүүхэд байнга хоёр газар амьдрах нь хүүхдийн хүмүүжил, сэтгэхүйд нөлөөлөхөөс гадна хүү ******* нь  2021 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, бага насных, түүний  биеийн эрүүл мэндийн байдал, эх *******ы асрамжид байж Дархан-Уул аймагт амьдран суудаг, харин эцэг ******* нь Улаанбаатар хотод амьдран суудаг байх тул энэ нь зохистой байж чадахгүй юм.

Энэ утгаар нэхэмжлэгчийн хүүхдийн эрх ашиг, аюулгүй байдлыг тооцож харсангүй гэх гомдлыг хүлээн авах боломжтой гэж үзнэ.

Харин Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь заалт нь гэрлэлтээ цуцлуулсны дараах үр дагаврыг зохицуулсан шинжтэй хэдий ч эцэг, эхийн үүрэгт хамааралтай тул зохигч талуудад мөн адил хамаарна.

10.Хариуцагч буюу эх ******* нь хүүхдийг эцэгтэй нь уулзуулахыг үндэслэлгүйгээр хязгаарлаж болохгүй бөгөөд харилцан зөвшилцөж хүүхдээ хоногоор өгч явуулах, хамт байлгахад энэ шийдвэр саад болохгүй болно.

11. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ыг хүүхэдтэйгээ хамт байх боломжоор хангахыг *******д даалгасан нь үндэслэлтэй боловч “долоо хоногийн Бямба гарагт 10 цагаас 18 цаг хүртэл"  гэж  тодорхой цаг, хугацаатай уулзах нөхцөлийг заасан нь хүүхдийн эрх ашигт нийцээгүй, түүний аюулгүй байдлыг харгалзан үзээгүй байх тул энэ үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэсэн.

             Нэхэмжлэгч  нь боломжтой цаг үед хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах эрхтэй, үүнд хариуцагч  нь саад учруулахгүй байх үүрэгтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь : 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр  сарын 12-ны өдрийн  135/ШШ2024/00064  дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “ Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ыг хүүхэдтэйгээ чөлөөтэй уулзах боломжоор хангаж, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг хариуцагч *******д даалгасугай” гэж  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

 2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид  2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн  70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН

                                                            

                                            ШҮҮГЧИД                             Я.ТУУЛ

 

                                                                                                 Х.БАЙГАЛМАА