Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2024/00015

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, өмгөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч *******, өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           ...*******,******* нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрсдийн орон сууцаа албадан дуудлага худалдаагаар худалдаж алдаж орон сууцгүй болох гээд байна, шүүхийн шийдвэрийн өр, төлбөрийг төлөөд өгөөч гэдэг асуудлыг надад тавьсны дагуу зөвшөөрч шүүхийн шийдвэрийн өр, төлбөр болох 98,983,938 төгрөгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт төлж барагдуулсан. Тухайн төлбөрөө шүүхийн шийдвэрээс чөлөөлөгдсөний дараа байраа худалдан борлуулж зээлсэн мөнгөө өгөхөөр болсон. Гэтэл хариуцагч нар нь хэлсэн ярьснаасаа буцсан. Учир миний бие анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж *******ээс 98,983,938 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******т олгохоор ахан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Энэхүү шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч миний бие  шүүхэд хандан *******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, 10 дугаар баг, 05 дугаар хороолол, 7-1 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан. Хариуцагч ******* нь энэхүү хүсэлтийг мэдээд шүүхэд хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн охин*******д бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн байсан. *******ийн*******д бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн үйлдэл нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг үр дүнгүй болгох, шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилготой буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна. Нэхэмжлэгч ******* миний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. /хх-1-2х/

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

 ******* миний бие нь *******ын 2023 оны 06 дугаар сарны 12-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хийж байна.

...******* нь 9 настай хүү Тэргэл, 14 настай хүү ******* нарыг зуны амралтаар хөдөө амрааж сувилуулах хүсэлтийг минь дэмжиж хамт явуулчхаад шүүхэд нэхэмжлэл гаргаж, цагдаа шүүхээр дуудуулж, сэтгэл зүйн дарамтад оруулж, шүүхийн ажилтнуудыг ч ажлаа хийсэнгүй гэж шахаж шаардаж байсан нь эцэг хүнээс гарамгүй, хүнлэг бус үйлдэл. Учир нь хүү ******* минь урт удаан хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай, харвалт өгсөн, баруун хөл, гар саажилттай учир зуны улиралд бариа засал хийлгэх нэн хэрэгтэйг *******т хэлж энэ нэхэмжлэлээ хойшлуул, эсвэл татаач, өвчтэй хүүгээ сэргээн засал хийлгэх боломжийг минь бүү саатуул гэж гуйхад би өмгөөлөгч Төмөрбаатартаа хэлчихлээ гэж 3 удаа хэлсэн ба бас ямар утаснаас залгаад байгааг асууж шүүхийн туслахын дугаарыг авч байсан билээ. Утсанд баримт нь үлдсэн байдаг. Надад 2 хүүгээ хаяад ирэх ямар ч боломж байгаагүйг ******* сайн мэдэж байсан. 2 хүүгийн аж байдлын талаар үргэлж харилцаатай байж зураг, бичлэгийг явуулж байсан.

а. *******ын хүсэлтээр байрыг охины нэр дээр шилжүүлсэн. ... Гэтэл бидний хууль ёсны эрхэд бүдүүлгээр халдаж ШШГА-аар битүүмжлүүлэх, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох зорилгондоо шүүх байгууллагыг хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

б.******* 2007 оноос эхлэн 14 жил хамт амьдарч, 2 хүү төрүүлж өсгөн, хэдэн зуун тэрбумаар тоологдох эд хөрөнгийг нь бүтээлцэж, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж ирсэн байхад зөвхөн хүчирхийллийн асуудлаа далдлах гэж цагдаад өгч шалгууллаа гэж өсөрхөн хууль ёсны эрхийг нь зөрчиж, эхнэр хүүхдийнхээ амьдарч байгаа байраар өс хонзонгийн хэрэглэгдэхүүн хийж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

в. Анхан шатны шүүхийн шийдвэрээр охин*******г хэргийн хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосон байхад ******* байрыг нь битүүмжлэх, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан нь хүний хууль ёсны эрхэд халдсан гэмт хэрэг гэж үзэж байна.

г. ******* нь өөрийн үйлддэг хүчирхийллээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээн гарын үсгээ зурж өгсөн баримт нотолгоо, мессеж бидэнд хангалттай бий. Энэ хүн бидэнд өгсөн амлалт гарын үсэг, бичиж ирүүлсэн мессежүүддээ эзэн болж, худал гүтгэлэг бүхий нэхэмжлэлүүддээ хуулийн хариуцлага хүлээх ёстой эрх зүйн чадамжтай эцэг хүн.

...зээ хүү *******, охин Оюуномингийн алдагдсан эрүүл мэнд, бас хүүхдүүдийн минь шархалсан бие сэтгэл, туулсан зовлонг юугаар ч төлж, нөхөн сэргээх боломжгүй гэдгийг хэлье. Иймд бодит байдалд дүгнэлт хийж, энэ нэхэмжлэлийг дахин хянаж үзнэ үү гэжээ. /хх-52-53х/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 276 дугаар зүйлийн 276.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******,******* нарт холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. ...Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 232 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн тэмдэглэлд төлбөр төлөгч *******ээс та яагаад бусдад төлбөртэй гэдгээ мэдсээр байж охин*******д бэлэглэлийн гэрээгээр эд хөрөнгөө шилжүүлсэн гэх асуултад төлбөр төлөгч төлбөр авагч *******ын шаардлагаар би охиндоо шилжүүлсэн, уг нь хүү дээр нь шилжүүлэх гэсэн боловч насанд хүрээгүй гэх тайлбар өгсөн. Шүүх хурал дээр хариуцагч гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хүсэлт нь хууль ёсны эрхэд халдаж байна гэх тайлбар гаргасан нь гэрээ байгуулах хүсэл зорилго нь өөр өөр байгааг нотолж байна.

Улсын дээд шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 17 дугаар тогтоолын Иргэний хуулийн 39-41 дүгээр зүйлд заасан "хүсэл зориг" гэж тодорхой этгээдийн иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох буюу хэлцэл хийх эрмэлзлэлийг хэлэх бөгөөд уг эрмэлзлэлийн гадаад илрэлийг "хүсэл зоригийн илэрхийлэл" гэж ойлговол зохино. Хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т заасан "бусад нөхцөл байдал" гэж хүсэл зоригийн илэрхийллийн утга санааг тодорхойлоход ач холбогдол бүхий аливаа хүчин зүйлийг хэлнэ. 5.2-т Энэ зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.

Хариуцагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин*******д бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн хүсэл зорилго, эрмэлзлэлгүйгээр шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай гэж зорилго агуулж өөрийн эд хөрөнгийг*******д бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илрэлийг бий болгох зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байна. Хариуцагч нар шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай гэдгийг үгүйсгэж, нотлох баримтаа нотлоогүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, ач холбогдол өгөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр шийдвэрийн үндэслэлээ хөрөнгө хамгаалах хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  /хх- 157х/ гэжээ.

            5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

3. Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй, хариуцагч *******,******* нарт холбогдох 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулахыг даалгах тухай нэхэмжлэлийг шүүх 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хариуцагч *******т нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн тайлбар хэрэгт авагдсан  байна. /хх-ийн 1-2, 26, 44, 52-53/

4.Харин хариуцагч******* нь өөрийгөө бүрэн төлөөлөх эрхийг хариуцагч *******т 2023 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр итгэмжлэлээр олгосон байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т  нэхэмжлэлийн хувийг  гардуулаагүй, *******г төлөөлж тайлбар ч ирүүлээгүй   байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгчийн хийвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй гэж дүгнэх үндэслэл болно.

Өөрөөр хэлбэл хариуцагч******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэлийн хувь гардуулах, тайлбар авах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг тайлбарлах, улмаар хэргийн материал танилцуулах зэрэг ажиллагааг явуулаагүй гэж үзнэ.

5. Дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулах, гомдолд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Давж заалдсан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул нэхэмжлэгчийн давж заалдсан гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь :

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

  3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

 

      

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ                                                  

                                            ШҮҮГЧИД                                     Х.БАЙГАЛМАА

                                                                                                        Г.МЯГМАРСҮРЭН