Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 209/МА2024/00016

 

*******, ******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Байгалмаа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, Ерөнхий шүүгч Я.Туул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00087 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дархан-Уул аймгийн Ш, 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах,

2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн,

Хариуцагч *******гийн Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар баг, Дархан тосгон 2 дугаар гудамж 7 тоотын хашаа, байшинг нэхэмжлэгч нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгч нараас 6.920.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн, 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Я.Туулын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Нэхэмжлэгч *******, ******* нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.

*******, ******* бид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч *******гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр авахаар банкинд *******, ******* бид хандсан боловч Хас банкинд 43,900,000 төгрөгийн өндөр зээлтэй байсан тул бидэнд зээл гарах боломжгүй болж, худалдагч ******* нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч үндсэн төлбөр 42,000,000 төгрөгийг бид төлж, харин хүүг ******* өөрөө төлөхөөр тохиролцсон. ******* нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэмэлт барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч ******* миний өмчийн Ш, 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг “*******” ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулсан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авч Хас банкнаас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээл авч, бидэнтэй 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцэл хийж бидэнд байрыг шилжүүлж өгч байсан. Яагаад 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бэ гэхээр анх бид 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохироод үүн дээр “*******” ХХК-ны зээлийн барьцаанаас ******* нь 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн тул түүнийг нэмээд 42,000,000 төгрөгөөр тохирсон болно.

******* нь *******, ******* бидэнд холбогдуулж 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд биднийг гэрээний зөрчил гаргасан тул 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлээс татгалзах нэхэмжлэл гаргаад тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дугаар шийдвэрээр биднийг гэрээний зөрчил гаргаагүй байна, үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлөөгүй нь Иргэний хуулийн 225-р зүйлийн 225.4.1-т заасан үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байдаг.

Иймд бид хариуцагч *******д 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцлийн дагуу үлдэгдэл 2,009,800 төгрөгийг төлж, гэрээний үүргээ биелүүлсэн тул бидэнд Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулж өгнө үү.

Мөн Ш, 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг худалдсан 2019 оны 12 сарын 09-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнүүд нь хэлцэл хийх хүсэл сонирхолгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус хэлцлүүд байх тул Дархан-Уул аймгийн Ш, 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгүүлэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах мөн 2019 оны 12 сарын 18-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах хэлцлийн дагуу Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгүүлэхийг Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

  1. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

...Хариуцагч ******* миний бие Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг тоног төхөөрөмжийн хамт 42,000,000 төгрөгөөр худалдан борлуулахаар зар тавьсан. Уг зарын дагуу *******, ******* нар ирж уулзан худалдан авахаар тохиролцож төлбөрт нь Дархан-Уул аймаг, Ш, Дархан тосгон, 2 дугаар гудамжны 07 тоот 96 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу надад зарсан. Бидний хооронд тохиролцооны дагуу хуульд заасан наймаа болж, тус 96 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг хуулийн дагуу худалдан авсан.

 Мөн ******* миний бие 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******, ******* нарыг Дархан-Уул аймаг, шарын гол сум, 1 дүгээр баг, Хайрхан 3 дугаар байр, 1 тоот 18 мкв талбай бүхий 1 өрөө байр, /Ү-*******/ дугаартай, Улсын бүртгэлийн гэрчилгээний №******* дугаартай цайны газрын тоног төхөөрөмж, эд хэрэгслийн хамт хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргаж тус шүүхээс 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдийн дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн дугаар захирамж, магадлал зэрэг гарч эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байна.

Иймд *******, ******* нараас тус үл хөдлөх хөрөнгө, газар зэргийг худалдан авах гэрээний дагуу хууль ёсоор худалдан авсан, маргааны зүйлийн талаар гаргасан шийдэгдвэл зохих өөр иргэний хэрэг эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа учир *******д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* миний бие нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч *******гийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

Миний бие ******* нь хариуцагч *******оос 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймаг Шарын гол сум, 2 дугаар баг, Хайрхан тосгон 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдахаар тохиролцсон. Гэсэн ч хариуцагч нарт тухайн үл хөдлөх эд хөрөнгийг шууд худалдан авах мөнгө байгаагүй тул надад хүсэлт тавьсны дагуу миний бие өөрийн эд хөрөнгүүдийг барьцаанд тавьж, Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авч хариуцагч нарт өгсөн. Энэхүү зээлийг миний бие хариуцагч нарын өмнөөс авч өгсөн тус зээлийг хүүгийн хамт хариуцагч нар төлөхөөр тохиролцсон. Гэсэн хэдий ч хариуцагч нар тохиролцсоны дагуу сар бүр Хас банкинд төлөлтийг тогтмол төлж чадахгүй байгаагаас үүдэн хариуцагч нарын өмнөөс зээл гаргуулсан ******* надаас Хас банк байнга зээлийн төлөлтөө хийхийг шаарддаг байсан. Хариуцагч нар нь ч “бидэнд банкны төлөлтийг төлөх мөнгө үнэхээр алга байна, та энэ удаад бидний өмнөөс төлөөд өгөөч” гээд ******* өөрийнхөө аав болох Б.Уртнасангийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, банкны карт зэргийг надад барьцаалах хүсэлт тавьсныг би зөвшөөрч хариуцагч нарын өмнөөс Хас банкинд 2021 оны 04  дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн төлөлт 1,760,000 төгрөг, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 1,920,000 төгрөгийн төлөлтийг тус тус төлсөн.

Гэтэл түүний аав Б.Уртнасангийн иргэний үнэмлэх, тэтгэврийн дэвтэр, банкны карт зэрэг миний барьцаанд байх үед ******* болон түүний аав Б.Уртнасан нар нь тэтгэврийн зээл авчихсан байсан. Дараагийн удаа мөн л “зээлийн төлөлт хийх мөнгө дутчихлаа, та манай ээжийн алтан ээмгийг авч үлдээд надад 750,000 төгрөг зээлээч” гэсний дагуу миний бие түүнд зээлдүүлсэн. Гэтэл 750,000 төгрөгийн зээл төлөлтөө ээмэг гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн хэр нь тус мөнгө Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар баг Хайрхан тосгон 3 дугаар байрны 01 тоот 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай орон сууцыг худалдан авах үнэд оруулан тооцогдсон тул дээрх 750,000 төгрөгийг миний бие бодитоор аваагүй байх юм. Мөн хариуцагч нар нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 2,000,000 төгрөгийг надаас бэлнээр зээлсэн. Энэ тухайгаа 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр бичгээр баталгаажуулан гарын үсгээ зурсан боловч одоо болтол надад эргүүлэн өгөөгүй. Үүнээс гадна 2021 оны 11 сард хариуцагч нарын цайны газарт 490,000 төгрөгийн үнэ бүхий 49 кг үхрийн махыг нийлүүлж, тогооч н.Гэрэлмаад нь хүлээлгэн өгч энэ тухай баримтыг бичгээр үйлдсэн боловч тухайн махны үнийг одоо болтол төлөөгүй.

Иймд ******* миний бие *******оос 2019 оны 12 сарын 09-ний өдөр дугаар үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний дагуу Дархан-Уул аймаг Шарын гол сум 2 дугаар баг Дархан тосгон 2 дугаар гудамж 7 тоотын хашаа, байшинг хуулийн дагуу худалдан авсан боловч ******* болон түүний гэр бүл тус үл хөдлөх эд хөрөнгийг өнөөдрийг хүртэл чөлөөлөхөөс хууль бусаар татгалзсаар байх тул тус хашаа байшинг *******ы хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч нараас 6,170,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгч *******, ******* нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

Хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлагын тухайд *******, ******* бид Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай байрыг эд хогшлын хамт худалдагч *******гийн хүсэлт тавьсны дагуу 38,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Ингээд тухайн үйлчилгээний зориулалттай байрыг худалдаж авахаар банкинд зээл авахаар *******, ******* бид хандсан боловч Хас банкинд 43,900,000 төгрөгийн өндөр зээлтэй байсан нь бидэнд зээл гарах боломжгүй болсон тул худалдагч ******* нь өөрөө 42,000,000 төгрөгийн зээл авч зээлийн үндсэн төлбөрийг бид төлнө, харин хүүг ******* өөрөө төлөхөөр тохиролцоод Хас банкнаас зээлээ авч байсан. ******* нь Хас банкнаас 42,000,000 төгрөгийн зээл авахын тулд нэмэлт барьцаа хөрөнгө шаардагдаж байсан тул худалдагч ******* миний өмчийн Ш 96 мкв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө болон 1270 мкв талбайтай өмчлөх эрхийн газрыг ******* ХХК-ны зээлийн барьцаанаас 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлж худалдах, худалдан авах гэрээ байгуулан дүр үзүүлж өөрийн нэр дээр шилжүүлэн авч Хас банкнаас 2019 оны 12 сарын 12-ны өдөр 42,000,000 төгрөгийн зээлийг авч бидэнтэй 2019 оны 12 сарын 18-ны өдөр тухайн үйлчилгээний зориулалттай байрыг зээлээр худалдах хэлцэл хийж бидэнд байрыг шилжүүлэн өгч байсан. Яагаад 42,000,000 төгрөгөөр худалдахаар тохирсон бэ гэхээр анх бид 38,000,000 төгрөгөөр худалдахаар тохироод үүн дээр ******* ХХК-ны зээлийн барьцаанаас нь 4,000,000 төгрөгийг төлж чөлөөлсөн тул түүнийг нэмээд 42,000,000 төгрөгөөр тохирсон болно. Иймд бидний хооронд байгуулсан гэх 2019 оны 12 сарын 09-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл тул биднээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй юм.

6,920,000 төгрөг гаргуулах тухайд өмнөх 42,000,000 төгрөгийн төлөлтүүдийн зарим төлбөрийг бүрэн төлж дуусгасан зүйлүүд байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

  1. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Ш, 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Дархан-Уул аймгийн Ш, 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрыг нэхэмжлэгч *******, ******* нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгч нараас 2,000,000 төгрөг гаргуулж хариуцагч *******д олгож, үлдэх 4,920,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Дархан-Уул аймаг Шарын гол сумын ******* 18 мкв талбайтай, үйлчилгээний зориулалттай байрны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр *******, ******* нарыг бүртгэхийг Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 165150 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 195,870 төгрөгийг тус тус төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 117,150 төгрөг гаргуулан хариуцагчид, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

  1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* давж заалдсан гомдолдоо:

Шийдвэрийн тогтоох хэсгийн 1-т *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сум, 2 дугаар баг, тосгон 2 дугаар гудамжны 7 тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон мөн 2-т *******, ******* нараас 2,000,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч *******д олгуулахаар шийдвэрлэдэг.

*******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сум, 2 дугаар баг, тосгон 2 дугаар гудамжны 7 тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах нэхэмжлэлийн шаардлага нь тухайн худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл гэдэг нь *******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батмандахын шүүх хуралдаанд өгч байсан мэдүүлэг, газар, байшинг нийтдээ 5,000,000 төгрөгөөр худалдсан нь тухайн үеийн зах зээлийн ханшаар 23,845,476 төгрөг байсан нь шинжээчийн дүгнэлт зэргээр хангалттай тогтоогдож байхад талууд тухайн газар байшинг 11,000,000 төгрөгөөр худалдахаар тохирчээ гэж ямар ч нотлох баримтгүй дүгнэлт хийсэн мөн дээрх хэлцэл нь хүчин төгөлдөр бус хэлцэл эсэх талаар огт дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 183.1, 183.2-т зааснаар улсын бүртгэлийг үнэн зөв тооцно гэж ямар ч хамааралгүй үндэслэлгүй заалт оруулж ирж дүгнэсэн.

Сөрөг нэхэмжлэлээс 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж хангасан тухайд: Нэхэмжлэгч *******гаас гаргаж өгсөн *******ы өөрийн гараар бичсэн  “2,000,000 төгрөг зээлсэн, үүнээс 1,000,000 төгрөгийг буцааж өгсөн, 1,000,000 төгрөг үлдсэн” гэх баримт байдаг бөгөөд үлдсэн 1,000,000 төгрөгөө нөхөр *******ын данснаас ******* руу шилжүүлсэн хуулгаа нотлох баримтаар гаргаж өгсөөр байхад илт хэт нэг талыг барьсан, ашиг сонирхолтой, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нотлох баримтыг *******д ашигтай байдлаар үнэлж дүгнэсэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр гаргасан байх тул *******, ******* нарын *******д холбогдуулан гаргасан Дархан-Уул аймгийн Шарын гол сум, 2 дугаар баг, тосгон 2 дугаар гудамжны 7 тоот 96 мкв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 1270 мкв талбайтай өмчлөх эрхтэй газрын өмчлөгчөөр *******ыг бүртгэхийг улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах шаардлагыг бүхэлд нь хангаж мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гаргуулахаар шийдвэрлэсэн 2,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

             5. Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

6. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч *******ийн гаргасан давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

7. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.   

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2-т “хуваарийн дагуу томилогдсон шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн тухайн шүүх хуралдаанд оролцож чадахгүй тохиолдолд түүнийг орлох шүүгч буюу шүүх бүрэлдэхүүнийг энэ хуулийн 78.1-д заасан журмаар томилно.” гэж,

Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 19.3.2.цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх бөгөөд уг өөрчлөлт нь хүний нөлөөллөөс ангид, ил тод, баримтжуулсан байх.” гэж тус тус хуульчилсан ба нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 3-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 19 дүгээр зүйлийн 19.3.1-т “...хэзээ, хэрхэн хуваарилагдсан тухай баримтыг оролцогч этгээдэд шууд өгөх боломжтой байх” гэж хуульчилсны дагуу нэхэмжлэл нь Ерөнхий шүүгч д хуваарилагдсан тухай нэхэмжлэл/хэргийн мэдээллийг нэхэмжлэгч нарт өгч, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2120 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч г томилсон шийдвэрийг албажуулжээ. /хэргийн 46/

9.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн   83.1-т “шүүх хуралдааны явцад хэргийг гагцхүү нэг шүүгч буюу шүүхийн нэг бүрэлдэхүүнээр шийдвэрлэнэ. Хэрэв шүүх бүрэлдэхүүний хэн нэг нь шүүх хуралдааны ажиллагаанд оролцох боломжгүй болсон бол түүнийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар энэ хуулийн 78 дугаар зүйлд заасан журмын дагуу өөр шүүх бүрэлдэхүүнээр сольж, уг хэргийг шинээр хянан шийдвэрлэнэ.”,

89 дүгээр зүйлийн 89.1-т “шүүх хуралдааныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилогдсон шүүгч даргална.”,

Шүүхийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ 19 дүгээр зүйлийн 19.3.2-т “цахимаар хийгдсэн хуваарилалтыг гагцхүү хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журмаар зөвшөөрөгдсөн татгалзал, эсхүл шүүгч, шүүх бүрэлдэхүүн солигдох бусад нөхцөлд өөрчлөх...” гэж тус тус хуульчилсан.

Гэтэл нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч *******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг хийж байсан Ерөнхий шүүгч нь ямар үндэслэлээр хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй болсон, ямар тогтоол, шийдвэрийн үндсэн дээр тус хэргийг шүүгч Д.Алтантуяа хянан шийдвэрлэхээр томилогдсон гэдэг нь тодорхойгүй байна.

 Тус хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон байсан шүүгч солигдсон асуудлыг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, зөвлөгөөний тогтоол гаргасан эсэх талаар Иргэн-2014 системд нэвтэрч, тухайн хэргийн мэдээллээс үзэхэд тус хэргийг хянан шийдвэрлэх шүүгчээр шүүгч Д.Алтантуяа томилогдож, шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Алтантуяаг томилсон шийдвэрийг албажуулсан талаар мэдээлэл авагдаагүй байна.

Иймд шүүгч Д.Алтантуяа нь тус хэргийг хянан шийдвэрлэхээр хуульд заасны дагуу томилогдоогүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэл болох бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүх зөвтгөх боломжгүй, мөн гомдолд дүгнэлт өгч  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэлээ.
            10. Давж заалдсан гомдолд дурдсанаас өөр үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож байгаа боловч шүүхийн буруутай үйл ажиллагааны улмаас шийдвэрийг хүчингүй болгож байгаа учир нэхэмжлэгч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 18-ны өдрийн 135/ШШ2024/00087 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 117,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4 . Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд Шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл  хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.     

 

       

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.БАЙГАЛМАА                                             

                                        ШҮҮГЧ                                      Г.МЯГМАРСҮРЭН                                                    

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Я.ТУУЛ