Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Готовдоржийн Цагаанцоож |
Хэргийн индекс | 181/2016/01821/И/ |
Дугаар | 001/ХТ2017/00991 |
Огноо | 2017-09-21 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2017 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 001/ХТ2017/00991
Ц.Г-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийнТанхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, П.Золзаяа, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00348 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1023 дугаар магадлалтай,
Ц.Г-гийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох
Эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгч Ц.Г-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.
Нэхэмжлэгч Ц.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Ц.Г-гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байр, 109 тоотод байрлах 36 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 51.802.300 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл уг байрны зах зээлийн ханш 70.000.000 төгрөг байна.Иймд 51.802.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үүгэжээ.
Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7817 дугаар шийдвэрээр Ц.Г-гаас 35.000.000 төгрөгийг гаргуулж “Проадд” ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ц.Г-д шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө 57 дугаар байрны 109 тоот 36 м.кв нэг өрөө орон сууцыг 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр битүүмжилж, 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хураан авсан. Ц.Г-д үнийн санал өгөхийг мэдэгдэхэд санал өгөхөөс татгалзсан тул хөндлөнгийн шинжээч томилон “Итгэлт эстимэйт” ХХК-иар үнэлүүлж 51.802.300 төгрөгөөр үнэлснийг 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 3/34644 дүгээр албан бичгээр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Үнийн 70 хувиар тооцон 36.261.610 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулах талаар төлбөр төлөгчид 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 3/35126 дугаартай мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд гардуулан өгсөн. Анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр оруулахад үнийн санал ирээгүй худалдан борлогдоогүй. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд үнэлэгдсэн үнийн 50 хувиар 25.901.150 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр оруулахаар нийтэд мэдээлсэн. Хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахыг 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргалд гардуулан өгсөн.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00348 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Г-гийн хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 51.802.300/тавин нэгэн сая найман зуун хоёр мянга гурван зуу/ төгрөгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч Ц.Г-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1023 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.1.6, 37 дугаар зүйлийн 37.2.2” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ц.Г- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7817 дугаар шийдвэрээр Ц.Г-гаас 35.000.000 төгрөг гаргуулж “Проадд” ББСБайгууллагад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж миний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байр, 109 тоотод байрлах 36 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас хөндлөнгийн шинжээч томилон үнэлүүлэхэд 51.802.300 төгрөгөөр үнэлсэн.Дээрх байрны зах зээлийн үнэ 70.000.000 төгрөг байх тул 51.802.300 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгөхийг анхан шатны шүүхээс хүссэн.Миний бие анхан шатны шүүхэд шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг хүлээж авалгүй хэргийг шууд шийдвэрлэсэнд гомдолтой байна.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх боловч энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаагүй, өөрийн шаардлага үндэслэлээ нотолж чадаагүй байна гэж дүгнэсэн байна.Гэтэл нэхэмжлэгч миний бие анхан шатны шүүх дээрх байдлыг нотлох боломжоор хангаагүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байгааг.Иймд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00348 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1023 дугаар магадлалыг хяналтын журмаар хянаж эд хөрөнгийн зах зээлийн үнийг үнэн бодитоор тогтоолгоход тусална уу гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Г- нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргахдаа шаардлагын үндэслэлийг “...зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн” гэжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргажээ.
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7817 дугаар захирамжаар Ц.Г- нь “Проадд” ББСБ-д 35.000.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, хугацаандаа төлбөрөө төлж дуусгаагүй тохиолдолд барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэгчтэй эвлэрснийг баталж шийдвэрлэжээ.
Шүүгчийн дээрх захирамжид гүйцэтгэх хуудас бичигдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, улмаар барьцааны зүйл болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 57 дугаар байр, 109 тоотод байрлах 36 м.кв талбай бүхий орон сууцыг битүүмжилж, хураасан боловч төлбөр төлөгч төлбөрөө төлөөгүй байна.
Төлбөр төлөгч нь дуудлага худалдаагаар худалдан борлуулах эд хөрөнгийн санал болгох доод үнийг харилцан тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба шинжээч томилж, үнэлгээ тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2-т заасан шаардлагад нийцжээ.
Орон сууцыг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх гомдлоо нэхэмжлэгч баримтаар нотлогдоогүй байна.
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр үнэлж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч маргааныг зохицуулсан хуулийн заалтыг буруу хэрэглэжээ.
Давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулж, энэ үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т нийцжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 1023 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Г-гийн гомдлыг хангахгүй орхисугай.
2.Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ