Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 000034

 

                         О.Норовсамбуу, Э.Оргил нарт холбогдох

                                           эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 142/2015/0186/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Шүүгдэгч                                           О.Норовсамбуу, Э.Оргил

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.Оюунбат, Э.Ганбат,

                                                            Д.Дарьбазар, С.Батмөнх-Очир  

            Хохирогч                                          Р.Эрдэнэсайхан                   

            Нарийн бичгийн дарга                  Д.Оюунбилэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолтой О.Норовсамбуу, Э.Оргил нарт холбогдох, 201514000022 дугаартай эрүүгийн хэргийг  шүүгдэгч  Э.Оргил, О.Норовсамбуу  болон тэдний  өмгөөлөгч Х.Оюунбат, С.Батмөнх-Очир нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1988-04-12-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, Орон сууц нийтийн аж ахуйн газарт монетор эдийн засагч ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн 4-26-57 тоотод оршин суух, ЮВ-88041235 регистрийн дугаартай, Цэнзээ овогт Ойдовдоржийн Норовсамбуу,

 

Монгол Улсын иргэн, 1987-03-05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Залуус хотхон 23а-10 тоотод оршин суух, ЧЗ-87030518 регистрийн дугаартай, Чонос овогт Энхцэцэгийн Оргил.

 

Шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нар  нь  2014 оны 12 дугаар сарын 19 -20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хур” зочид буудлын гадаа Р.Эрдэнэсайханыг танхайн сэдэлтээр буюу ямар нэг шалтаг шалтгаангүй бүлэглэн зодож бие махбодид  нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Цэнзээ овогт Ойдовдоржийн Норовсамбуу, Чонос овогт  Энхцэцэгийн Оргил нарыг бүлэглэн танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар шүүгдэгч О.Норовсамбууг 7 /долоо/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар, шүүгдэгч Э.Оргилыг 7  /долоо/ жил 1 /нэг/ хоног хорих ялаар тус тус шийтгэж,

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ хоногийн хорих ялаас тус бүр 2 жил хорих ялыг өршөөн хасч биечлэн эдлэх ялыг тус бүр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нарт оногдуулсан 5 /тав/  жил 1 /нэг/ хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч О.Норовсамбуугийн цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоног, шүүгдэгч Э.Оргилын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг тус тус ял эдэлсэн хугацаанд оруулж тооцох,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7.д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг рентгэн зургийг хохирогч Р.Эрдэнэсайханд буцаан олгож, 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцаг, 13 ширхэг гэрэл зургийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1.д зааснаар шүүгдэгч Э.Оргилын насанд хүрээгүй хүүхдүүд болох 2 настай О.Намуун, 6 настай О.Мишээл нарт асран хамгаалагч томилуулахыг Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад даалгаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нарт авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцохоор шийдвэрлэжээ.  

 

Шүүгдэгч Э.Оргилын өмгөөлөгч Х.Оюунбат өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Э.Оргилыг хохирогчтой маргалдаж зодолдоод салахгүй байсан гэх дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн.

 

Гэтэл энэ талаар хохирогч Р.Эрдэнэсайханы хх-ийн 2-р хавтасны 293-р дугаар хуудасны ард “...5-6 залуу ирээд үгний солиогүй эхлээд Нямдоржийг цохиж аваад Нямдорж ч 2-3 хүнтэй нь барьцалдаад авсан, би нэг хүнтэй барьцалдаж авсан... надтай барьцалдсан залуу бол надаас арай өндөр залуу бор шаргал хул шарга гэх юм уу жинсэн юм шиг өмдтэй байсан” мэдүүлгээс харахад хоёр тусдаа зодолдсон талаар мэдүүлдэг.

 

Мөн дээрх өмдтэй этгээд нь Баяндэлгэр байсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл хохирогчтой барьцалдсан гэх залуу Баяндэлгэр байсан. Мөн 10 хх ...намайг хоёр хүн зодсон. Нэг хүнийг нь толгойн доогуур нь хоёр хөлөөрөө тэвэрч авсан. Тэгтэл нүүрлүү өшиглөсөн, 2-3 талаас өшиглөсөн...би барьж авсан хүнийхээ салтаанаас базаж тавиач гэхэд тоохгүй байсан. /Баяндэлгэрийн тухай энэ байдлыг Баяндэлгэр өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлдэг/

 

Миний нүдэнд Нямдоржийг хоёр хүн зодож, газар унагачихсан өшиглөж байсан... /Оргил болон Дэлгэрцогт нар Нямдоржтой зодолдож байх үеийн талаар мэдүүлсэн байдал / 11 хх ...би өөрийгөө хамгаалж өндийгөөд байсан энэ залуугийн царайг сайн харсан. Тэгтэл миний хоёр сугаруу өшиглөж хавирга гэмтээсэн /камерын бичлэгийн 09.36 секундын үйл явдлыг мэдүүлж байна/ гэх мэдүүлгээс харахад хохирогчийг хоёр хүн, гэрч Нямдоржийг хоёр хүнтэй ноцолдож, зодолдож байх үед хохирогч Р.Эрдэнэсайхан гэмтэл авсан тухайгаа мэдүүлж байх ба энэ үед Э.Оргил нь гэрч Нямдоржтой зодолдож байсныг нотлох камерын бичлэгийн тэмдэглэл, Даваахүү, Баяндэлгэрийн мэдүүлэг зэргээр давхар нотлогддог.

 

Ялангуяа хохирогч Р.Эрдэнэсайханы 233 хх ...Өшиглүүлээд хальт өндийгөөд харахад Дэлгэрцогт алаад өг гэж орилж байсан тэгээд 5-10 секунд завсарлах маягтай хэсэг байсны дараа баруун талын хавирга хэсэг рүү нэлээн олон өшиглөсөн. Сүүлийн нэг өшиглөлт дээр хавирга нэг сонин дуугарч би амьсгалж чадахаа болиод барьц алдаад газар унасан... гэх мэдүүлэг нь /гэмтэл авч байх үед Дэлгэрцогт байсан талаар удаа дараа дурджээ/ Дэлгэрцогтыг байх үед Э.Оргил, Дэлгэрцогт нар гэрч Нямдоржтой зодолдож байсан нь нотлогдсон.

 

М.Баяндэлгэрийн 449хх ...Юндэнгийн ах ирчихсэн Оргилыг цохьж байгаа өндөр нуруутай ахтай зууралдаад хоорондоо зодолдсон. Тэр үед намхан нуруутай ах миний хөлнөөс барьчихаад намайг тавихгүй байхад /Эрдэнэсайхан би нэг залууг хөлнөөс нь тавихгүй зууралдаж байсан гэх мэдүүлэгтэй тохирдог/ Норовсамбуу хажуу талаас намхан нуруутай ахын гарыг барьж намайг салгасан. Намхан нуруутай ахаас салаад эргээд харахад Оргил машины голд уначихсан байхаар очсон. /камерын бичлэгт Оргилын машины дунд голд Нямдоржтой давхралдаж унадаг хэсгийг мэдүүлсэн/ Харин Норовсамбуу намхан нуруутай ахын хажууд үлдсэн. Би Оргилын хажууд очоод боль гэж байхад Дэлгэрцогт өндөр нуруутай ахыг машины хажууд нүүрлүү түлхээд газар унагасан...гэсэн мэдүүлгээс Э.Оргил хохирогчтой зодолдож байгаагүйг гэрчилсэн харагддаг.

 

М.Баяндэлгэрийн 176хх ...Э.Оргилыг би эхэлж салгаж машинд суулгасны дараа Даваахүү, Юндэн, Цогоо гурав түрүүлээд хөдлөөд явсан. /Оргил энэ үед хохирогчтой үлдээгүйг нотолж байна/ 174 хх ...Оргил машинаас буугаад өмнөх зодолдож байсан хүн дээрээ яваад очсон... /өмнөх гадэг нь саарал куртиктай Нямдоржтой дахин зодолдсон тухай ба энэ камерын бичлэгт машины ард харагдахгүй Нямдорж зодуулж байгаа хэсэг/ гэх мэдүүлгээс Э.Оргилыг машинд суулгаж байснаа Баяндэлгэр мэдүүлсэн байдаг. Харин энэ мэдүүлгээсээ 2016 оны 02 дугаар сарын 03 болон 2015 оны 05 дугаар сарын 22-ны мэдүүлэг, 2015 оны 05 дугаар сарын 25-ны, 2015 оны 12 дугаар сарын 01-ний мэдүүлэгт буцаж Норовсамбуугийн талд мэдүүлгийг өгч эхэлсэн.

 

Э.Оргилыг хохирогчийг зодож гэмтэл учруулсан гэж нотолж гэм бурууг түүнд хүлээлгэх гэж гэрч Баяндэлгэр, яллагдагч Норовсамбуу нар удаа дараа оролддог ба Э.Оргилыг хохирогчийг зодож хохирол учруулсан гэдгээ дараах байдлаар нотлох гэж оролдохдоо мэдүүлгээ нэг болгох гэж удаа дараа оролдсон байдаг. Энэ талаар нотлох баримт гэрч О.Билгүүний /302 хх/ ...Отгондаваа нь урд талын 2-р камерт байсан Гэндгээгээ дуудаад Оргилын цохьсон гэж хэлээд бүгдээрээ гаргачихая дараа нь гарч байгаад мөнгө төгрөг олж өгөөд Оргилыг гаргая гэж хэлсэн гэх мэдүүлгээс харагдана.

 

Камерын бичлэгийн 12-20-2014Sat 00:09:26-ээс 12-20-2014Sat 00:09:40 хүртэлх хугацааны бичлэгт хоёр хэсэг газарт зодоон болж байх ба хохирогчийг харанхуй сүүдэр хэсэгт нэг хүн цээжин тус газарт нь хэд хэдэн удаа цохьж унагаж байгаа бичлэг /12-20-2014Sat 00:09:33ээс-12-20-2014Sat 00:09:36/ авагдсан дээрх этгээд нь Э.Оргил биш болох нь гэрчүүдийн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгээр нотлогдсоор байхад түүнийг бүлэглэн бусдыг зодсон гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

 

Р.Эрдэнэсайхан хэзээ гэмтэл авснаа анхнаасаа мэдүүлж байсан ба хохирогч Р.Эрдэнэсайханд хүнд гэмтлийг Э.Оргил учруулаагүй болох нь дээрх мэдүүлэг болон бусад гэрч Билгүүн 242 хх , гэрч Даваахүү, Юндэн, Дэлгэрцогт нарын мэдүүлэг, камерын бичлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогддог ба Э.Оргил гэм буруугүй тул Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Э.Оргил давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Энхцэцэг овогтой Оргил нь 2017 оны 01 дүгээр сарын 02-нд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5 гэх зүйл ангиар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгэгдсэн.

 

2014 оны 12 дугаар сарын 19-нд “Хур” зочид буудлын үүдэнд танилтайгаа таарч мэнд мэдэлцэж байхад гэнэт өндөр залуу гарч ирэн үг дуугүй цохиж зодож эхэлсэн. Би маш их бэртсэн. Тэрнээс болж хоёр талд зөрчилдөөн үүсэж хоёр талд буюу өөр өөр газар зодоон болсон. Надтай зодолдсон залуу нь урт саарал куртиктай хүн байсан буюу гэрч Нямдорж гэх хүн байсан нь /нотлогдсон/ энэ хугацаанд хорих газар саатуулагдаж байх үед агааржуулах хоолойгоор Норовсамбуу, Баяндэлгэр, Отгондаваа нар нь Оргилыг зодсон гэж хэлээд гарцгаая гэж хувилдаж байхыг тэнд байсан хүмүүс болон миний бие гэрчилдэг. Үүнээс үүдэн өдийг болтол Норовсамбуу, Баяндэлгэр нар нь над руу бүх хэргийг чихэж удаа дараа мэдүүлгүүдээ илтэд өөрчилж, намайг хэрэг үүрчих бид нар аргална зохицуулна гэж хоёр ч удаа гуйж байсан. Мөн прокуророос Оргил нь уг хэрэгт хамааралгүй гэж нотлон хэрэгсэхгүй болгож байхад хүртэл үл мэдэх шалтгаанаар эргэн оруулан ирж улайрч эхэлсэн. Мөн анхан шатны шүүх миний хүүхдүүд болох бага насны 2 охиныг маань асран хамгаалагч тогтоолгохоор Засаг даргад даалгасан. Миний ээж болох Энхцэцэг нь Улаанбаатар хотод 10 жилийн сурагч, 1 коллежийн оюутантай гурвуулахнаа амьдардаг бөгөөд дүү нар орлогын эх үүсгэвэргүй ээж тэтгэвэр тогтоолгож чадаагүй. Мөн сахарын өвчтэй бөгөөд уг өвчин нь хүнд шатандаа орж хэвтэрт байдаг тул миний бие хоол эм тариаг нь залгуулж асран халамжилдаг.

 

Энэ хугацаанд эхнэр хоёр охиныг минь авчирч хэд хоног цуг бай аавыгаа санаад байх шиг байна гэж хэлэн авчирч үлдээгээд харьлаа гэж худал хэлэн гадаад гарсан. Ээжийн өвчин ар гэрийн гачигдал, мөн хэрэг төвгөөс болоод надад таагүй хандах болж надаас салсан. Одоо миний ээжийн бие тааруу хэвтэрт, хоёр охин хоол ундгүй, хоёр дүү хичээлээ таслан хүүхдүүдийг минь болон ээжийг харж байгаа.

 

Би ээждээ болон хоёр охиндоо маш их хэрэгтэй байгаа тул миний холбогдсон уг хэргийг нухацтай үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү..., ...би зүгээр зогсож байгаад зодуулсаныхаа төлөө хоёр жил гаран гүтгүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.5.т заасан зүйлээр яллагдаж байгаадаа маш их гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгч О.Норовсамбуу давж заалдах гомдолдоо:

 

Уг хэрэгт надад хийсэн гэм буруутай гэх үйлдэл огтхон ч байхгүй байтал иргэнийхээ үүргийг биелүүлэн зодолдож байсан Оргил, Эрдэнэсайхан нарыг салгасны төлөө сэжигтнээр татагдан байцаагдаж эцэс сүүлдээ гэрч Баяндэлгэрийн мэдүүлгээр гол буруутнаар буруутгагдсан. Гэрч Баяндэлгэрийн мэдүүлэг бусдын дарамт шахалтаар авагдсан гэдэг нь анхан шатны шүүхийн хоёр ч хурлаар нотлогдсон.

 

Мөн хохирогч Эрдэнэсайхан Оргил нарыг зодолдож байхад нь салгасан гэх гэрчүүд Даваахүү, Юүндэн, Баяндэлгэр, нарын мэдүүлгийг огт авч хэлэлцээгүй. Оргил уг хэргээс өөрийгөө авч гарахын тулд камерын бичлэгийг өөрт хуулбарлан авч удаа дараа мэдүүлгүүдээ өөрчлөн гэм буруугүй мэт мэдүүлдэг. Чухамдаа уг хэргийг үүсгэж хохирогчийг зодсон хүн Оргил гэдгийг гэрчилдэг гэрчүүдийн мэдүүлгүүд байсаар байтал ийнхүү шийдвэрлэсэн.

 

Миний бие уг хэргээс болж сүүлийн хоёр жилийн хугацаанд бие сэтгэл, ажил төрөл, ар гэр, цаг хугацаа бүхэл зүйлээр маш их хохирол амссан байгаа маш их гомдолтой байна гэжээ.

 

Шүүгдэгч О.Норовсамбуугийн  өмгөөлөгч С.Батмөнх-Очир давж заалдах гомдолдоо:

 

2014 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах “Хур” зочид буудлын гадаа Р.Эрдэнэсайхан нь бусдад зодуулсны улмаас биед нь хүнд гэмтэл учирсан гэх мэдээлэлд Орхон аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан, Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснийг Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 06 дугаар шийтгэх тогтоолоор О.Норовсамбууг Э.Оргилтой бүлэглэн Р.Эрдэнэсайханы биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулсан ба энэхүү шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй.

 

- О.Норовсамбууг хохирогч Р.Эрдэнэсайханыг зодсон талаар хавтаст хэрэгт 1 ч нотлох баримт байхгүй, хохирогч Р.Эрдэнэсайхан нь өөрийгөө зодсон гэх хүнийг шууд зааж чаддаггүй, маш эргэлзээтэй, хоорондоо зөрөөтэй мэдүүлгүүдийг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд өгдөг, үүнийг мөн түүний найз зодоон болох үед хамт байсан гэрч Нямдорж бас зааж чадахгүй буюу огт санадаггүй учраас анхнаасаа энэ хэрэгт сэжиглэгдсэн Э.Оргил нь хохирогчийг О.Норовсамбуу зодсон гэж мэдүүлснээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлснийг шүүх тэр чигээр нь шийдвэрлэсэн.

 

- О.Норовсамбууг энэ хэрэгт оролцсон гэдгийг шүүхийн шийтгэх тогтоолд заасан нотлох баримтуудаас харахад зөвхөн гэрч М.Баяндэлгэрийн ...О.Норовсамбуу намхан нуруутай ахын хажууд үлдсэн, ...Норовсамбуу хохирогчийг өшиглөж байгааг би анзаараагүй болохоор мэдэхгүй байна... гэснээр нотлож байна гэж дүгнэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасан шүүхийн тогтоол таамаглалд үндэслэж болохгүй гэж заасныг зөрчжээ.

 

- Мөн дээр дурьдсан гэрч М.Баяндэлгэрийн мэдүүлгийг /хх-н 448-449 дүгээр хуудас/ мөрдөн байцаагч Б.Болд-Эрдэнэ, хяналтын прокурор Б.Бүжинлхам нар хорино цагдана гэж сүрдүүлж байгаад авсан талаар гэрч М.Баяндэлгэр энэ хэргийг шүүн хэлэлцсэн удаа дараагийн хуралдаанууд дээр шүүх бүрэлдэхүүн болон иргэдийн төлөөлөгч, улсын яллагч, өмгөөлөгч нарын өмнө мэдүүлдэг боловч энэ мэдүүлгүүдийн аль нь үнэн болохыг шүүх дүгнэлтдээ заалгүй яллах талын нотлох баримт болгон тооцсон.

 

Э.Оргил нь сэжигтнээр 2015 оны 02 дугаар сарын 05-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хүнтэй маргасан, өөр юу ч санахгүй байна, өглөө сэрэхэд баруун бөөр хавьд зулгарсан, ташаа зулгарсан, толгой хүзүү хөндүүр, 2 гар, цээж маажуулсан зулгарсан гэмээр байсан... гэж, 2015 оны 02 дугаар сарын 17-нд тухайн үед болсон явдлыг санахгүй байгаа мэтээр мэдүүлж байснаа “Хур” зочид буудлын гаднах камерт бичсэн гэх бичлэгийг үзсэний дараа буюу 2015 оны 05 дугаар сарын 25-нд өгсөн мэдүүлэгтээ хохирогчийг зөвхөн О.Норовсамбуу зодсон гэж мэдүүлээд, үүнийг үгүйсгэсэн М.Баяндэлгэрийн мэдүүлгийг хүчээр өөрчлүүлж, О.Норовсамбууг хохирогчтой үлдсэн гэх байдлыг бий болгож, гэм бурууг О.Норовсамбуу руу чиглүүлсэн юм. Үүнд прокурор хөдөлбөргүй хөтлөгдсөн нь Э.Оргилд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоол, уг тогтоолыг хүчингүй болгосон дээд шатны прокурорын шийдвэр гарснаас хойш хийсэн ажиллагаа, үйлдсэн яллах дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт зэргээс илт харагдах бөгөөд, зөвхөн О.Норовсамбуу уг гэмт хэргийг үйлдсэн гэж нэг талыг баримтлан Э.Оргилыг хаацайлсан ажиллагаа явуулсан.

 

- Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Б.Даваахүү, Б.Юндэн нарын мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд огт тооцоогүй бөгөөд энэ талаараа дүгнэлтдээ дурьдаагүй байгаа нь хэргийг тал бүрээс нь бодитой дүгнэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээрх байдлаас үзэхэд шүүх хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэснээс гадна О.Норовсамбууг гэм буруутай гэж үзэх нотлох баримтгүй байхад таамаглалд үндэслэж, байцаан шийтгэх журам зөрчиж авсан нотлох баримтанд тулгуурлаж, хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлгүүдийг анхаарч үзэлгүй орхигдуулж, нотлох баримтууд харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авч бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлийг заалгүйгээр буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1.1, 319.1.2, 319.1.3-т заасныг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Иймд Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд заасан шийтгэх тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэсэн үндэслэлээр Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож О.Норовсамбууд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

          Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоол хуулийн үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Цэнзээ овогт Ойдовдоржийн Норовсамбуу, Чонос овогт Энхцэцэгийн Оргил нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж,  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1.д заасны дагуу хэргийн бүх ажиллагааг  хэрэгт авагдсан нотлох баримтанд үндэслэн хянаж үзлээ. Үүнд :

 

Орхон аймгийн Прокурорын газраас:

 

О.Норовсамбуу, Э.Оргил нарыг 2014 оны 12 дугаар сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сум Урт булаг багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хур” зочид буудлын гадаа хохирогч  Р.Эрдэнэсайханыг танхайн сэдэлтээр буюу ямар нэг шалтаг шалтгаангүй бүлэглэн зодож, бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1., 96.2.5.д заасан гэмт хэрэгт  тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

 

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд О.Норовсамбуу, Э.Оргил нарыг бүлэглэн танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нарт  тус бүрт нь 7  /долоо/ жил 1 /нэг/ хоног хорих ял оногдуулж,  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар шүүгдэгч О.Норовсамбуу, Э.Оргил нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1, 96.2.5.д зааснаар оногдуулсан 7 /долоо/ жил 1 /нэг/ хоног хорих ялаас тус бүр 2 жил хорих ялыг өршөөн хасч,  тэднийг тус бүр  5 /тав/ жил 1 /нэг/ хоног  хорих ялыг биечлэн эдлүүлэхээр  шийдвэрлэсэн байна.

 

Шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Э.Оргил, О.Норовсамбуу болон тэдний  өмгөөлөгч Х.Оюунбат, С.Батмөнх-Очир нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтыг шинжлэн, судалж үзвэл:

 

...2014 оны 12 дугаар сарын 19-ний 18 цагаас “Хур” зочид буудлын зоогийн газарт  хохирогч Р.Эрдэнэсайханы ажлын газрын  хамт олны шинэ жилийн баяр тэмдэглэх ажиллагаа  болсон бөгөөд 23 цагийн орчимд зоогийн газрын гадаа  гэрч Д.Нямдорж, Р.Эрдэнэсайхан нар тамхи татаж байсан..., энэ үед шүүгдэгч Норовсамбуу, Э.Оргил, гэрч  Бямбацэрэн, П.Отгодаваа,   Б.Юндэн нар архи уусан бөгөөд Б.Юндэнг Б.Дэлгэрцогт гэдэг хүн утсаар дуудаж “Хур” зочид буудлын гадаа хүрээд ир гэсэн..., тэд архи уусан учраас гэрч болох М.Баядэлгэрийг дуудаж машинаа бариулаад “Хур” зочид буудлын гадаа очсон байна..., тэнд очоод Э.Оргил  “манай ажлын газрын хүүхэн явж байна... нөхөртэй байж нэг залуутай явж байна” гээд  машинаас бууж тэдэн лүү очсон..., тэгээд нөгөө залууг нь Оргил цохисноос маргаан үүссэн боловч тэр хоёр буудал руу орсон...,  энэ үед Оргил бас нэг хүнтэй зодолдоход тэднийг М.Баяндэлгэр очоод салгах гэсэн...,  буцаж ирээд шүүгдэгч Д.Норовсамбууд хэлж  О.Норовсамбуу тэр хоёр  очиж  зодооныг салгаж  О.Норовсамбуу  Э.Оргилыг машинд суулгаж гэрт нь хүргэж өгсөн...,

 

...энэ үед гадаа зогсож байсан хохирогч Р.Эрдэнэсайханы дэргэд хэдэн залуучууд ирсэнээс нэг залуу нь түүнтэй зууралдаж унагаан  цохиж, өшиглөж   газарт унахад нь мөн өшиглөсөн бөгөөд  үүний улмаас Р.Эрдэнэсайханы биед   7-р  хавирганы суганы дунд шугамаар далд хугарал, тархины доргилт, зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн бөгөөд  дугаар хавирганы суганы дунд шугамаар далд хугарал нь уушгийг хатгаж цээжний хөндийд агаар хуралдалт үүсгэсэн хүнд зэргийн гэмтэл учирсан үйл баримт болжээ. Энэ үйл баримт нь:

 

Хохирогч Р.Эрдэнэсайханы мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...2014-12-19-нд “Хур” зочид буудлын зоогийн газарт манай ээлжийн шинэ жилийн баяр тэмдэглэх ажиллагаа болж орой 23 цагийн цагийн орчим гадаа гарсан чинь Доржжанцан, Сүхээ хоёр байхаар нь хамт тамхи татаж байгаад тэр хоёр машинд суугаад явж Нямдорж бид бид хоёр үлдээд такси барих гээд зогсож байхад гэнэт л 5-6 залуучууд гарч ирээд үгийн солиогүй эхлээд Нямдоржийг  цохьсон..., Би ч биеэ хамгаалахаар нэг хүнтэй нь барьцалдаад аваад харилцан өөд өөдөөсөө хараад гадуур хувцаснаасаа зууралдсан..., Би нүүрээ хамгаалаад  доошоо тонгойход тэр залуу нүүрний зүүн шанаа, нүдний доод хэсэг рүү  өшиглөсөн..., Надтай барьцалдсан залуу бол надаас арай өндөр залуу бор шаргал нарийхан өмдтэй байсан..., Өшиглүүлээд хальт харсан чинь цаанаас Анхзулын өрөөнд байсан Дэлгэрцогт гэх залуу “алаад өг” гээд орилоод байсан..., Тэгээд 5-10 секунд хэсэг завсарлах байдалтай байсны дараа баруун талаас хавирга хэсэг рүү нэлээд олон өшиглөсөн..., Сүүлийн нэг өшиглөлт дээр хавирга нэг сонин дуугараад би амьсгалж чадахаа болиод барьц алдаад газар унаж  бас толгойгоо хамгаалаад өнхөрсөн..., Өнхөрөхөд араас дагуулж хавирга сүвээ рүү хөөж ирээд 2 удаа өшиглөсөн. ...Яг хэн зодсоныг харах боломжгүй. Тэгээд л хүмүүс  явсан..., Зууралдсан залуу бол би хөлийг нь гуяар нь тэвэрчихсэн байсан учир би өшиглөх боломжгүй байсан гэтэл тонгойсон байхад эхлээд эгэм рүү өшиглөсөн, дараа эсрэг талын хавирга сүвээ рүү өшиглөсөн... гэсэн мэдүүлэг,          / хх-ийн 293-294-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Гэрч М.Баяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Оргилыг машины арын суудалд суулгаад эргээд харахад машины зогсоол дээр зогсож байсан машинуудын голд Норовсамбуу, намхан нуруутай ах нар маргалдаад зогсож байхаар нь очсон..., Миний араас Оргил гарч ирээд машины голд байх намхан нуруутай ахыг цохисон. ...Норовсамбуу бид хоёр Оргилыг салгах гээд зууралдаж байхад нөгөө намхан нуруутай ах Оргилоос зуураад салахгүй байсан..., Бид нар машины зогсоолоос буудлын хашлага хүртэл зууралдаж байсан арай өндөр ах ирээд Оргилыг татаад цохиод Оргил эргэж хараад тэр ахтай зууралдаад нэг нэгнийгээ цохиод байсан..., Мөн Юндэнгийн ах Дэлгэрцогт ирчихсэн Оргилыг цохиж байхад арай өндөр нуруутай ахыг зуураад хоорондоо зодолдсон..., Тэр үед намхан нуруутай ах миний хөлнөөс барьчихсан намайг тавихгүй байхад Норовсамбуу хажуу талаас намхан нуруутай ахын гарыг нь бариад миний хөлийг салгасан...,  Би намхан нуруутай ахаас салаад эргээд харахад Оргил машины голд уначихсан байхаар нь очсон…,

 

Би Оргилын хажууд үлдээд одоо боль гэж хэлж байхад Дэлгэрцогт ах арай өндөр нуруутай ахыг машины зогсоол дээр гараараа нүүр рүү нь түлхээд унагааж байсан..., Тэр үед Норовсамбуу намхан нуруутай ахын байсан газарт зогсож харагдсан..., Оргил Дэлгэрцогт нар нэг хүнтэй зодолдож байхаар нь очсон харин  Норовсамбуу хохирогчийг зодсоныг би хараагүй болохоор мэдэхгүй байна... гэсэн мэдүүлэг,  /хх-ийн 448-449-р хуудас /

 

Гэрч Д.Нямдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн :

 

...Шинэ жил хэзээ яаж тарсныг бол санахгүй байгаа..., Нэг мэдсэн зодуулж байсан...,  намайг өшиглөөд байх шиг байсан..., Би нэг нөхрийг нь барьж авч үлдэх гээд зуурахаар 2-3 хүн ирээд салгаад аваад явсан..., Тэр үед би босоод араас тэр хүмүүсийг дагаж яваад машин хөдлөөд явахаар нь машиныг өшиглөж байснаа санаж байна..., Тэгээд эргээд ирсэн чинь Эрдэнэсайхан буудлын гадаа үүдний цаана нэг нүд нь маш том болоод хавдчихсан тонгойчихсон явган сууж байсан..., Би тухайн үедээ эмнэлэгт хандаагүй. Эрдэнэсайхан эмнэлэгт хандсан, хавирга нь хугарсан гэж байсан... гэсэн мэдүүлэг / хх-ийн 300-р хуудас/ зэргээр нотлогдож тогтоогджээ.

 

Мөн хохирогчид учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шүүхийн  шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн 2014-12-24-ний өдөр 33 дугаар дүгнэлт, 2015-06-26-ны өдөр 621 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлт, 2015-12-11-ний 09 дугаартай нэмэлт дүгнэлт, 2016-02-01-ний өдөр 247 дугаартай  дүгнэлтүүд / 3-р х.хэргийн  13-р хуудас /   бүгд  

 

...Хохирогч  Р.Эрдэнэсайханы биед баруун 7 дугаар хавирганы суганы дунд шугамаар далд хугарал, тархины доргилт, зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус хуралт зэрэг гэмтэл үүссэн...,  энэ гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн…,  баруун 7 дугаар хавирганы суганы дунд шугамаар далд хугарал нь уушгийг хатгаж цээжний хөндийд агаар хуралдалт үүсгэсэн нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана..., харин тархины доргилт нь гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарагдана...,  зүүн нүдний орчим болон цээжинд зөөлөн эдэд цус хуралт нь гэмтлийн  зэрэгт хамаарагдахгүй.

 

Цээжний хөндийд агаар хуралдалт нь баруун талын 7 дугаар хавирга хугарч уушгийг хатгаснаас үүссэн…, хугарсан хавирга уушгийг хатган агаар, цус цээжний хөндийд хуримтлагдсан бөгөөд энэ нь цээж, хэвлийн хөндийд эрхтэнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээжинд агаар хуралдах бол уг заалтанд хамаарагдахаар заасны уушиг урагдах гэмтэлд хамаарагдсан гэмтэл үүссэн бөгөөд  энэ нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх байна…, гэмтлийн зэргийн зааварт заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана... гэснээс үзвэл   / хх-ийн 346, 474-р хуудас/   хохирогчид учирсан  гэмтлийн зэргийн хувьд ямар нэг маргаан байхгүй байна.

 

Дээрх болсон үйл баримт, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, цаг хугацаа, хохирогч, гэрчүүд болон шүүгдэгч нарын мэдүүлэг зэргээс үзвэл тухайн үед  шүүгдэгч Э.Оргил нь “Хур” зочид буудлын гадаа ирж машинаас буугаад хамт ажилладаг гэх эмэгтэйтэй явж байсан  эрэгтэй хүнтэй маргаан үүсгэж,  тэднийг буудал руу орсны дараа тэнд Нямдоржтой хамт зогсож байсан Р.Эрдэнэсайханыг цохиж өшиглөн биед нь хүнд гэмтэл учруулсан болох нь хангалттай нотлогджээ.

 

Түүнчлэн хохирогч Р.Эрдэнэсайхан өөрийг нь хэн зодсоныг оноож мэддэггүй боловч  ...надтай “нэг” залуу зууралдаад ноцолдож намайг зодож өшиглөсөн... гэж мэдүүлж байгаагаас үзвэл түүнийг “нэг” хүн зодсон талаар удаа дараа мэдүүлсэн байна.

 

Харин дээрх нотлох баримтаар шүүгдэгч О.Норовсамбуу хохирогч Р.Эрдэнэсайханыг зодсон гэдэг нь үгүйсгэгдэж байгаа бөгөөд тухайн үед гэрч  М.Баяндэлгэрийн хэлснээр түүнтэй хамт очиж тэднийг салгаж Э.Оргилыг машинд суулгаж гэрт нь хүргэж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт шүүгдэгч  ...О.Норовсамбуу хохирогч Р.Эрдэнэсайханыг зодсон байна... гэж үзэх ямар ч нотлох баримт байхгүй байна.

 

Мөн анхан шатны шүүх гэрч М.Баяндэлгэрийн өгсөн ...О.Норовсамбуу намхан нуруутай ахын хажууд үлдсэн, ...Норовсамбуу хохирогчийг өшиглөж байгааг би анзаараагүй болохоор мэдэхгүй байна... гэсэн мэдүүлгийг үндэслэн  О.Норовсамбуу нь “хохирогчийг зодсон” гэж үзсэн нь үндэслэлгүй  байх бөгөөд  энэ нь О.Норовсамбуу “тэнд байсан” гэснээс биш “цохьсон” гэж  мэдүүлсэн мэдүүлэг  биш.

 

Үүнээс үзвэл О.Норовсамбуу дээрх гэмт хэрэг үйлдэхэд оролцоогүй хохирогчид гэмтэл учруулаагүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар  нотлогдож байгаа учраас  түүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож,  харин шүүгдэгч  Э.Оргилын үйлдлийн улмаас  хохирогч  Р.Эрдэнэсайханы биед хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдож байх тул  түүнд холбогдох хэрийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, ял оногдуулах боломжтой.

 

Мөн шүүгдэгч Э.Оргил нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардлыг төлж барагдуулсан, одоо хохирогчийн биеийн эрүүл мэнд сайжирсан, гомдол саналгүй гэж байгаа зэргийг харгалзан үзээд хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулах, дээрх гэмт хэрэг 2014 оны 12 дугаар сарын 19-нд  үйлдэгдсэн байх тул шүүгдэгч Э.Оргилд оногдуулсан ялаас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар  2 жил хорих ялыг өршөөн хасаж, энэ талаар шийтгэх тогтоолд  зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Шүүгдэгч Э.Оргил нь  бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлийн баталгаагүй байсан одоо эхнэр нь салаад гадагшаа явсан тул хуульд заасан үндэслэл,  журмын дагуу  хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулах хүсэлт гаргаж байгаа боловч  энэ талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иймд шүүгдэгч О.Норовсамбуу болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын  гаргасан  “...гэмт хэрэг хийгээгүй..., нотлох баримтанд үндэслэж хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна..., хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”  гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч  Э.Оргил түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын гаргасан “...энэ гэмт хэргийг хийгээгүй..., үнэн зөвийг шийдвэрлэж  хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг  хэрэгсэхгүй болгох нь  зүйтэй гэж үзлээ.

 

Мөн анхан шатны шүүх  нотлох баримт байхгүй  байхад өөрөөр хэлбэл Э.Оргилын бага насны хоёр хүүхдийн төрсөн эх нь байгаа эсэхийг нотлоогүй байж  тэдэнд асран хамгаалагч тогтоолгохоор Засаг даргад даалгасан нь хууль зөрчсөн байх тул  энэ заалтыг хүчингүй болгох нь зүйтэй бөгөөд харин асран хамгаалагч тогтоолгох шаардлагатай бол зохих этгээд нотлох баримтаа бүрдүүлэн эрх бүхий байгууллагад хандах эрхтэй болно.

 

Энэ хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох баримтыг тал бүрээс нь хэрэгт хамааралтай талаас нь цуглуулсан, түүний хувийн байдлын талаарх баримтыг хангалттай цуглуулсан, хэргийн газарт хийсэн үзлэг болон хэрэгт авагдсан нотлох баримтыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу бэхжүүлсэн, дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээчид гаргасан, гэрч, хохирогчоос хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад чухал ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг шалгаж тогтоосон байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4., 317 дугаар зүйлийн  317.1.2.,  324 дугаар зүйлийн 324.1., 319 дүгээр зүйлийн 319.1.1., 208 дугаар зүйлийн  208.1.1.,  323 дугаар зүйлийн 323.1.1., 325 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон   ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолд:

 

- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан  Орхон аймгийн Прокурорын газраас  Цэнзээ овогтой Ойдовдоржийн  Норовсамбууг  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 96 дугаар зүйлийн  96.2.1.,  96.2.5.д  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.,

 

- Чонос овогтой  Энхцэцэгийн Оргилыг  Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1., 96.2.5.д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй гэсэн заалт нэмсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Ойдовдоржийн Норовсамбууд холбогдох хэсгийг  бүхэлд нь хүчингүй болгож, тогтоох хэсгийн 1,2,3,4,5,7 дугаар заалтыг :

 

- Шүүгдэгч Чонос овогт  Энхцэцэгийн Оргилыг  бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гэж.,

 

- Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн  551 дүгээр зүйлийн 551.д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар шүүгдэгч Э.Оргилыг 3 жил  5 сар хорих ялаар  шийтгэсүгэй гэж,

 

- Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.д зааснаар Э.Оргилд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1.д зааснаар оногдуулсан 3 жил 5 сар хорих ялаас  2 жил хорих ялыг өршөөн хасч, биечлэн эдлэх ялыг тус бүр 1 жил 5 сарын  хугацаагаар тогтоосугай гэж,

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10.д заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5.д зааснаар шүүгдэгч  Э.Оргилд  оногдуулсан 1 жил 5 сар  хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй гэж,  

 

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1.д зааснаар шүүгдэгч Э.Оргилын цагдан хоригдсон 12 /арван хоёр/ хоногийг  ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай гэж,

 

- Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Оргил бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай гэж, тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 8 дугаар заалтыг хүчингүй болгож, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1.д зааснаар Ойдовдоржийн Норовсамбууд  урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож түүнийг нэн даруй сулласугай.

 

4. Шүүгдэгч О.Норовсамбуу болон түүний өмгөөлөгч С.Батмөнх-Очир нарын  давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч Э.Оргил болон түүний өмгөөлөгч Х.Оюунбат нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

5. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдний өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.ЦЭЦЭГМАА

 

 

            ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                Ц.ТУЯА