Шүүх | Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Паламын Амаржаргал |
Хэргийн индекс | 116/2017/0005/З |
Дугаар | 06 |
Огноо | 2017-04-18 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 06
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Амаржаргал даргалж, шүүх хуралдааны “A” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..... *******ы *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: “Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.*******, В.*******, хариуцагч Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг төлөөлж Б.*******, гуравдагч этгээд П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, Б.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдож 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөн, үүрэгт ажлаа хууль журмын дагуу гүйцэтгэж, ажлаа хангалттай үнэлгээгээр дүгнүүлэн ажиллаж байсан. Гэтэл 2016 оны Улсын Их Хурал, аймаг, нийслэлийн сонгуулийн дараа тус байгууллагын даргыг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон Н.Мөнхгэрэлийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот хууль бус тушаалаар ажлаас халагдаж төрийн албанд ажиллах эрх зөрчигдөөд байна.
Уг тушаалд Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасныг үндэслэл болгосон боловч “…Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэсэн зохицуулалттай нь миний тохиолдол огт нийцэхгүй байна. Учир нь миний бие Дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, хүний нөөцийн асуудлыг ажлын байрны тодорхойлолтоороо хавсран гүйцэтгэж байсан бөгөөд 2016 онд байгууллагын орон тоо шинэчлэгдэхэд “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжил”-тэй байхаар миний ажлын байр чиг үүргийн дагуу шууд нэрлэн заагдаж ирсэн байхад ийнхүү хууль бусаар намайг төрийн албанаас халсан нь буруу юм. Миний бие тушаалыг гардан авмагц Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн Дорнод аймаг дахь салбар зөвлөлд хандсан боловч салбар зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 28-наас 2017 оны 02 дугаар сар хүртэл бүтэн 2 сар гаруйн хугацаанд өргөдлийг шалгасан ч хууль зүйн үндэслэлгүйгээр гишүүдийн 100 хувийн саналаар “тушаал хуульд нийцсэн” гэж буруу дүгнэлт гаргалаа. Төрийн албаны тухай хуулийн 27.2.1-д заасны дагуу тангараг өргөсөн төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх баталгаагаар бүрэн хангагдсаар байтал ийнхүү түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон эрх мэдлээ ашиглан хууль зөрчиж, албан үүргээ гүйцэтгэж байсан жирийн төрийн албан хаагчийг хохироосонд гомдолтой байна. Миний бие Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн тогтоолыг 2017 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гардаж авсан. Иймд Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 3679900 төгрөг, үүнээс 1710375 төгрөгийг хасч үлдэгдэл 1969525 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч, Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсүүд нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж зохион байгуулагдсан. Бүтэц зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 болон 8 дугаар зүйлийн 8.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсгийг үндэслэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 дүгээр тушаалаар тус газрын бүтэц орон тоо батлагдсан. Дээрх бүтэц орон тоо батлах тушаалын хүрээнд Хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн 1 орон тоотойгоор батлагдан ирсэн.
Хуучин хөдөлмөрийн хэлтэст хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн тус бүр 1 ажиллаж байсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэснийг баримталсан болно. Өөрөөр хэлбэл “…хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэсэн заалтыг баримталсан. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод тухайн албан тушаалд ажиллах мэргэжилтэн хүний нөөцийн болон бизнесийн удирдлага, эрх зүйч, нягтлан бодогч мэргэжилтэй байх шаардлагыг хангаагүй гомдол гаргагч Б.******* нь Идэр дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2015 оны үр дүнгийн гэрээний биелэлт дүгнэсэн дүгнэлтээ баталгаажуулаагүй. 2012 онд батлагдсан аймаг нийслэлийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоог баталсан НХҮЕГ-ын даргын 09 дүгээр тушаалын хавсралтад Дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн нэршлээр батлагдсан байна. Б.******* нь төрийн албанд болон төрийн захиргааны байгууллагад 3 жил 5 сар ажилласан.
Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.******* нь Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ерөнхий шаардлагыг хангасан. П.******* нь нягтлан бодогч, багш мэргэжилтэй. 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлж баталгаажуулсан. Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц орон тоо батлагдсан тушаалаар хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн нэршлээр батлагдсан. П.******* нь төрийн албанд 14 жил 1 сар, түүнээс төрийн захиргааны байгууллагад 4 жил 5 сар ажилласан байна. П.******* нь 2002-2008 онд Хан-Уул цогцолбор сургуульд багш, 2008-2009 онд Чулуунхороот сумын ЕБС-д нягтлан бодогч, 2009-2012 онд Чулуунхороот сумын Засаг даргын орлогч, 2012-2014 онд Чулуунхороот сумын төрийн сангийн мэргэжилтэн, 2014 оноос Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, 2016 онд Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан зэрэг нь албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэрэг ерөнхий болон тусгай шаардлагыг илүү хангаж байсан тул Хөдөлмөрийн хэлтсийн хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.*******ыг үргэлжлүүлэн ажиллуулахаар шийдвэрлэсэн. Төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнг төрийн албан хаагчийн үр дүнгийн гэрээний үнэлгээ болон баталгаажуулалтаар харьцуулсан болно. Төрийн албаны тухай хуулиар зохицуулаагүй харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна /ТАТХ-ийн 11.6/ гэсний дагуу гомдол гаргагч Б.*******т Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтын хүрээнд ажлаас чөлөөлөх мэдэгдлийг 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдөр гардуулан хүлээлгэн өгсөн. Хуулийн хугацаанд мэдэгдэл хүлээлгэн өгснөөс хойш 30 хоногийн дараа 2016 оны 11 сарын 03-нд ажлаас чөлөөлөх тушаалыг гаргасныг биеэр хүлээн авсан. Б.*******ийг ажлаас чөлөөлөх тушаалын 2 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийн 1710375 төгрөгийг 2016 оны 11 сарын 22-ны өдөр ХХҮГ-аас түүний Голомт банк дахь 4705014164 тоот дансанд шилжүүлсэн.
Б.*******ийг чөлөөлөх тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсгийг үндэслэсэн нь бүтэц орон тооны өөрчлөлтөд орсон төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах зорилгоор хэрэглэсэн болно. Мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмжээ авсан. Б.******* нь төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан шалтгааны улмаас бүтцийн өөрчлөлтөд орж ажлаасаа чөлөөлөгдсөн тул төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгаагаа эдэлж 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэлгийг авсан. Өөр албан тушаалд шилжих, дахин мэргэших талаар байгууллагад санал тавиагүй болно. Байгууллага бүтцийн өөрчлөлтөд орсон, бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо хасагдсан, байгууллагаас ажилтанд тэтгэмж олгох замаар төрийн жинхэнэ албан хаагчийн нийгмийн баталгааг хангах асуудлыг энэ тушаалаар бүрэн шийдвэрлэсэн гэж манай байгууллага үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсанаар нэхэмжлэгч нь дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж, ажлын байрны тодорхойлолтоор хүний нөөцийн ажлыг хавсарган гүйцэтгэж байсан талаар дурдсан бөгөөд хавсран гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр тушаал шийдвэр байгууллагын архив бичиг хэрэгт байхгүй. Нэхэмжлэлд тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мөнхгэрэлийн хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаргасан үндэслэл бүхий шийдвэрийг 2016 оны УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнтэй холбон тайлбарласан нь зохимжгүй байна. Мөн нэхэмжлэлд төрийн албаны салбар зөвлөлийн “2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/76 дугаар тушаал нь хуульд нийцсэн” гэж гаргасан дүгнэлтийг буруу дүгнэлт гэж дурдсан байна. Төрийн албаны салбар зөвлөлийн дүгнэлт хуульд нийцсэн эсэх асуудлыг гагцхүү шүүх тогтоодог. Нэхэмжлэгч Б.******* нь хэт нэг талыг барьж өөрийг нь хууль бус шийдвэрээр ажлаас халсан мэтээр нэхэмжлэлдээ дурдсан нь бодит байдалтай нийцэхгүй юм. Тусдаа 2 байгууллагад байсан ажил албан тушаал бүтцийн өөрчлөлтөөр нэг болж орон тоо цөөрсөн ба Төрийн албаны тухай хуульд зааснаар эрх бүхий албан тушаалтан дээр дурдсан ерөнхий болон тусгай шаардлагыг үндэслэн сонгон шалгаруулсан ба нэхэмжлэгчийн эрхэлж байсан ажил албан тушаал бүтцийн өөрчлөлтөнд орж орон тоо цөөрснөөс чөлөөлөгдсөн. Дээрх нөхцөл байдлын талаар нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Байгууллага бүтцийн өөрчлөлтөд орсон нь хариуцагч болон нэхэмжлэгчийн аль алиных нь хүсэл зоригоос шалтгаалаагүй бөгөөд эрх бүхий байгууллагын шийдвэрийн үр дүнд бий болсон. Нэхэмжлэгч хариуцагчаас гадна гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх юм. Гуравдагч этгээд гэдэгт Хөдөлмөрийн хэлтэст /хуучнаар/ Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.******* болон түүний эрх ашиг хамаарагдана гэж үзэж байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гаргасан Б/76 тушаал нь байгууллага бүтцийн өөрчлөлтөд орсон, бүтцийн өөрчлөлтийн улмаас орон тоо хасагдсан, байгууллагаас ажилтанд тэтгэмж олгох замаар төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах асуудлыг шийдвэрлэх хүрээнд хуульд нийцсэн хүчин төгөлдөр акт гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд П.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний мэргэжилтэн П.******* миний бие 2014 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Хөдөлмөрийн хэлтэст хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдон 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 18-ныг хүртэлх хугацаанд Хөдөлмөрийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажилласан. 2016 оны 08 дугаар сарын 19-нөөс Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжин хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл авч 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн газрын даргын Б/80 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-т заасны дагуу сонгон шалгаруулалтын замаар томилогдсон. Үүнд:
Ажлын байрны нэршил, чиг үүрэг хэвээр хадгалагдаж үлдсэн. Харин нэхэмжлэгч ******* Нийгмийн халамжийн хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Би төрийн албанд 14 жил ажилласнаас төрийн захиргааны байгууллагад 4 жил, удирдах албан тушаалд 2 жил ажилласан. Сүүлийн 2 жил хэлтсийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээгээр А, В үнэлгээгээр үнэлэгдсэн. Ажлын байрны тодорхойлолтод заасан нягтлан бодогч мэргэжилтэй байх гэх мэт шаардлагуудыг хамгийн ихээр хангаж байсан нь илт давуу тал болж тус албан тушаалд томилогдсон гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь анх аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргад холбогдуулан “Дорнод аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгохыг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Уг нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаан мөн, энэхүү маргаантай холбогдсон гомдлоо нэхэмжлэгч Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.4-т зааснаар Дорнод аймаг дахь төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн болно.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үндэслэн дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Тухайлбал:
1. Дорнод аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн А/08 дугаар тушаалаар Б.*******ийг “нийгмийн ажилтан”-аар түр томилжээ. [1]
Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргүүдийн орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” 09 дүгээр тушаалын хавсралтаар Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоо батлагдсан бөгөөд тус хэлтэст “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий 1 орон тоо батлагдсан.[2]
Тус аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 03 дугаар сарын 03-ний өдрийн Б/08 дугаар тушаалаар *******ы *******ийг тус хэлтсийн дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилжээ.[3]
Улмаар Дорнод аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн Б/76 дугаар тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаал”-ыг хэрэгжүүлэх зорилгоор *******ы *******ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. [4]
Энэхүү маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийг хариуцагч тал аймгуудын Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсүүд нэгдэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болж бүтэц өөрчлөгдсөнтэй холбогдуулан тайлбарлажээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор дээрхи 2 газар нь нэгдэж “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар” болж нэгдсэн байна.[5]
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалын хавсралтаар Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоог баталсан бөгөөд тус газарт “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо 1 байхаар батлагджээ.[6]
Анх Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Аймаг, нийслэл, дүүргүүдийн орон тоо, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” 09 дүгээр тушаалын хавсралтаар Дорнод аймгийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн бүтэц орон тоо батлагдсан бөгөөд тус хэлтэст “Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо батлагдсан, уг орон тоо нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тоонд хэвээр хадгалагдаагүй болох нь хэрэгт авагдсан Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 09, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалуудаар тус тус нотлогдож байна.
Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” гэжээ.
Дээрхи хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Б.*******ийн урьд ажиллаж байсан ажил албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг нь хэвээр хадгалагдаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар Пүрэвдоржийн *******ыг “Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон байна.[7]
П.******* нь Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Б/51 дүгээр тушаалаар ... тус хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаад байгаад Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Б/26 дугаар тушаалаар Дорнод аймгийн Хөдөлмөрийн хэлтэс татан буугдаж, шинэчлэн зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Аймаг, нийслэлийн дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/17 дугаар тушаалын хавсралтаар тус хэлтэст “Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо 1 байхаар батлагдсан.[8]
Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/80 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоол, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны Б/21 дүгээр тушаалыг үндэслэн Пүрэвдоржийн *******ыг тус газрын “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр томилжээ.
П.******* нь анхнаасаа тус газарт “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тоонд түүний ажиллаж байсан ажил, албан тушаал хэвээр хадгалагдаж, түүнийг тус албан тушаалд томилсон нь хууль зөрчөөгүй бөгөөд П.*******ыг Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
3. Нэхэмжлэгч Б.******* болон түүний өмгөөлөгч нар “...Б.******* нь тус хэлтэст дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа ...хүний нөөцийн ажлыг давхар гүйцэтгэж байсан нь ажлын байрны тодорхойлолтоос харагдаж байх тул энэхүү тушаалд томилогдох ёстой, мөн ... П.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт “хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдсон бичилт байхгүй, хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон бичилтийн он, сар, өдрийг засварласан талаар маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/21 дүгээр тушаалаар баталсан “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байрны тодорхойлолтод зааснаар хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нь “Хүний нөөц, бизнесийн удирдлага, хууль эрх зүйч, нягтлан бодогч” мэргэжилтэй байхаар заасан бөгөөд нэхэмжлэгч Б.******* нь сэтгүүлч мэргэжилтэй, П.******* нь багш, нягтлан бодогч мэргэжилтэй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.[9]
Иймд П.*******ыг Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ээр томилсон нь хууль зөрчөөгүй байх бөгөөд энэ нь Дорнод аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 04 дүгээр тогтоол болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. П.*******ын нийгмийн даатгалын дэвтрийн бичилтэд заасан албан тушаалын он, сар, өдөр засвартай байгаа нь тухайн албан тушаалтантай холбоогүй бөгөөд энэ нь тухайн албан тушаалтныг буруутгах үндэслэл болохгүй.
Мөн П.*******ыг тус газрын хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж, Б.Цогтбаатарыг тус албан тушаалд сүүлд томилсон нь тухайн байгууллагын дотоод асуудал бөгөөд тухайн хэрэгт хамааралгүй юм.
Иймд шүүх нэхэмжлэгч Б.*******ийн “Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.1, 107.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Дорнод аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/76 тоот тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.АМАРЖАРГАЛ
[1] Хэргийн 6 дугаар хуудас
[2] Хэргийн 24, 25 дугаар хуудас
[3] Хэргийн 26 дугаар хуудас
[4] Хэргийн 5 дугаар хуудас
[5] Хэргийн 109 дүгээр хуудас
[6] Хэргийн 22, 23 дугаар хуудас
[7] Хэргийн 36 дугаар хуудас
[8] Хэргийн 34, 35 дугаар хуудас
[9] Хэргийн 48-52 дугаар хуудас