Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2016/0079

 

 “Зэт энд Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч О.Зандраа, П.Соёл-Эрдэнэ, Ц.Сумъяа, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэрэнжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Сүхбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар магадлалыг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Зэт энд Эй” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч “Зэт энд Эй” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь барилгын материалын худалдаа болон барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Нийслэлийн Засаг дарга 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжаар манай компанийн эзэмшдэг нийт 3,3 га газрын 2,3 га газарт холбогдох эзэмших эрхийг хүчингүй болгосон байна.

Бид бүхэн газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу шилжүүлж авсан бөгөөд газар эзэмших эрхийн гэрээ байгуулснаас хойш газрын төлбөрийг цаг хугацаанд нь гэрээний заалтын дагуу бүрэн төлж, гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлж ирсэн ба дээр дурдсан эзэмшлийн газрууд дээрээ хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулж, ерөнхий архитектороор батлуулан холбогдох зураг төсөл, техникийн нөхцөлүүдийг зохих журмын дагуу авсны үндсэн дээр уул уурхай, зам гүүрийн машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, худалдааны төвийн зориулалттай Ү-2201035095 болон Ү-2201031671 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээтэй 2 ширхэг ZOOMLION барилга байгууламжийг шинээр барьсан. Иймд манай компанийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн "Зэт энд Эй" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: Дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/257 дугаар захирамжаар тус дүүргийн 20 дугаар хороонд байрлах газраас 8000 м.кв газар эзэмших эрхийг, 32 дугаар хороонд байрлах газраас 5000 м.кв газарт нийт 1.3 га газарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч "Зэт энд Эй" ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээний анхны үнийг төлөх тухай мэдэгдлийг 2013 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр тус компанийн менежер Н.Ундармаагаар (Утас: 88115257) хүргүүлсэн бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлж байсан болно. Тус компани нь төрийн байгууллагатай хамтран газар эзэмшиж байсан учраас Нийслэлийн Засаг даргын А/307 дугаар захирамжид хамаарахгүй харин Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийн 2 дах хэсэгт "Нийслэлийн Засаг даргын 2003 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаргасан захирамжийн дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тодорхойлж, төлбөрийг авч төвлөрүүлэх"-ээр заасан байх тул тус компани нь А/309 дүгээр захирамжид хамаарах этгээд бөгөөд дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй. Түүнчлэн 2014 оны 04 дүгээр сард газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосныг мэдсэн хирнээ 1 жил 2 сарын дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн байна. Иймд "Зэт энд Эй" ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэнэ үү гэжээ.  

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4, 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Зэт энд Эй” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн А/257 дугаар захирамжийн “Зэт энд Эй” ХХК-д холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Батцогт хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Нийслэлийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд өөрийн хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоосон болохоос бус үүнд нэхэмжлэгчийг буруутгаагүй, мөн харин Гзарын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан шударга ёс, тэгш байдлын зарчмыг бий болгосон бөгөөд харин ч дуудлага худалдааны анхны үнийг төлүүлж, үргэлжлүүлэн газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчид илүү давуу байдлыг бий болгосон гэж үзнэ.

2. “3эт энд Эй” ХХК Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах газрын анхны эзэмшигч биш буюу бусдаас шилжүүлэн авч газрыг зориулалтын дагуу эзэмшиж ашиглан, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлөх зэрэг газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшүүлэх гэрээнд заасан нөхцөл болзлыг биелүүлж ирсэн шударга эзэмшигч байх тул Нийслэлийн Засаг даргын А/309 дүгээр маргаан бүхий захиргааны актыг зөв гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна. Захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнийг төлөх үүрэгтэй гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас хальсан дүгнэлт болжээ. Нэхэмжлэлийн шаардлага нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийн “Зэт энд эй” ХХК-д холбогдох хэсгийн хүчингүй болгуулах байхад Засаг даргын 2013 оны А/309 дүгээр захирамжийг зөв гэж үзэхгүй, маргаан бүхий захиргааны акт гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байхаас гадна энэхүү захирамжийн дагуу газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд дуудлага худалдааны анхны үнийг төлж байгаа бөгөөд давж заалдах шатны шүүхээс А/309 дүгээр захирамжийг зөв гэж үзэхгүй гэсэн нь үндэслэлгүй.

З. Анхан шатны шүүхийн “Нийслэлийн Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд өмнө нь гаргасан шийдвэрээ хүчингүй болгох эрхтэй боловч өмнөх Засаг даргын шийдвэрийг зөвтгөх нэрийдлээр газар эзэмших эрхэд шууд халдаж, хууль бус захиргааны акт гаргаж байгаа нь Газрын тухай хууль тогтоомжид нийцээгүй” гэж дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальсан өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/257 дугаар захирамжийг нэхэмжлэгч компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай байхад Нийслэлийн Засаг даргын захирамжийг бүхэлд нь хууль бус гэж үзсэн, мөн тухайн маргаан бүхий захиргааны актыг эрх бүхий байгууллагаас хууль бус гэдгийг тогтоогоогүй байхад хууль бус гэж дүгнэсэн дүгнэлтийг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий гэж үзсэн, энэхүү дүгнэлтийн талаар ямар нэг үнэлэлт дүгнэлтийг өгөөгүй зэрэг нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн гэж үзэхээр байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Зэт энд Эй” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн А/257 дугаар захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Уг захирамжаар “дуудлага худалдааны анхны үнэ төлөөгүй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн эзэмшиж байсан 3.3 га газраас 2.3 га газарт холбогдох хэсгийг хүчингүй болгожээ.

“Зэт энд Эй” ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 679 дүгээр захирамжаар 10000 мкв газрыг “Глобал эко ланд” ХХК-иас, 10000 мкв газрыг Т.Долгороос, 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн а/273 дүгээр захирамжаар 13000 мкв газрыг “Тулгат трейд” ХХК-иас тус тус шилжүүлэн авсан байх бөгөөд хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй байна.

Харин нэхэмжлэгч талаас “газрыг шинээр эзэмшээгүй, бусдаас шилжүүлэн авч байх үед дуудлага худалдааны үнэ төлөхийг шаардаж байгаагүй, гэрээний дагуу газрыг ашиглаж байхад газар эзэмших эрхийг хүчингүй болгож, шударга эзэмшигчийн эрхийг зөрчлөө” гэж маргажээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаас бусад зориулалтаар газар эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах зарчмаар олгохоор заажээ. Өөрөөр хэлбэл хэн нэгний эзэмшил ашиглалтад олгогдоогүй газрыг анх бусдад эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулсан байх урьдчилсан нөхцлийг уг хуулиар зохицуулжээ.

Энэ тохиолдолд нэхэмжлэгч хуулийн этгээд нь шинээр газар эзэмшээгүй, харин бусдын эзэмшил ашиглалтад олгогдсон газрын газар эзэмших эрхийг гэрчилгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар бусдаас шилжүүлэн авсан байна.

Ийм учраас нэхэмжлэгч хуулийн этгээдээс дуудлага худалдааны анхны үнэ төлөхийг шаардаж, улмаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон маргаан бүхий захирамж нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий газрыг анх “Глобал эко ланд” ХХК, “Тулгат трейд” ХХК, иргэн Т.Долгор нарт эзэмшүүлэх үедээ захиргааны байгууллага дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт явуулах ёстой байсан, газрыг анх эзэмшил, ашиглалтад авсан этгээд нь дээрх хуулийн этгээд, иргэд байгаа тул дуудлага худалдааны анхны үнийг нэхэмжлэгч хуулийн этгээд бус, анх эзэмшил, ашиглалтад авсан этгээд хариуцах учиртай.

Хариуцагчийн “шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, Нийслэлийн Засаг даргын 309 дүгээр захирамжийн талаар дүгнэлт хийсэн” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхдээ дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай асуудлыг зохицуулсан Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн а/309 дүгээр захирамжийн талаар дүгнэлт хийсэн нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байна.

Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасан захиргааны байгууллагаас өөрийн гаргасан хууль бус шийдвэрийг хүчингүй болгох эрхийг хэрэгжүүлэхдээ бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй. Тухайлбал дуудлага худалдааны анхны үнэ төлөх үүрэгтэй этгээдээс төлбөр төлөхийг шаардах, төлбөрийн хэмжээг тодорхой үндэслэлтэй тогтоох, төлөх хугацааг тохирох, хугацаа хэтэрсэн бол төлбөрийг төлөхийг шаардах, энэ тухайгаа баримтжуулах зэрэг нь захиргааны байгууллагын үүрэг болно.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгосон шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.           

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 53 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

 ШҮҮГЧ                                                                                         П.СОЁЛ-ЭРДЭНЭ