Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 3

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Төмөрбаатар даргалж, шүүгч Ш.Оюунханд, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн  шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар  сар 13-ны өдрийн 151/ШШ2016/00442 шийдвэртэй

Нэхэмжлэгч: Б.Ариунзаяагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч П.Энхдэмбэрэлд холбогдох

“Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан  давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг  2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа,

Хариуцагч П.Энхдэмбэрэл,

нарийн бичгийн дарга Б.Байгалмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл  болон шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа:  Би 2009 онд П.Энхдэмбэрэлтэй гэрлээд 2010 оны  04 дүгээр сарын 13-ны өдөр том хүү Э.Тэлмэн төрсөн, 2011 оны  09 дүгээр сарын 03-ны өдөр бага хүү Э.Тэлмүүн төрсөн. Д.Энхдэмбэрэл нь гэр орондоо тогтдоггүй, архи дарс их хэрэглэдэг хайр халамж байхгүй, анхаарал тавьдаггүй, орлогын эх үүсвэр байхгүй. Д.Энхдэмбэрэл өөр хүнтэй болоод салсан. Одоогоор хүүхдүүд маань Борнуур суманд П.Энхдэмбэрэлийн ээж, аав дээр байгаа. Д.Энхдэмбэрэл бид хоёр 2012 оноос тус тусдаа амьдарч байгаа. Гэрлэлтээ цуцлуулах, 2 хүүхдийн асрамжийг өөр дээрээ тогтоолгоод, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Одоогоор Төв аймгийн Жаргалант суманд эмээ ээжтэйгээ хамт 5 ханатай гэрт  байдаг, сарын цалин 400 000 төгрөг, өвлийн 3 сар амрахдаа цалингийн 60 хувийг авдаг мөн хувиараа ногоо тарьдаг  гэжээ.

Хариуцагч П.Энхдэмбэрэл шүүхэд болон шүүх  хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд гэр бүл болоод 2010 оны 04 сарын 13-ны өдөр хүү Э.Тэлмэн төрсөн , бага хүү Э.Тэлмүүн 2011 оны 09 сарын 03-ны өдөр төрсөн. Б.Ариунзаяа бид хоёр 2012 оноос тус тусдаа амьдарч эхэлсэн. Гэр бүлийн хэрүүл, маргаантай, мөн Б.Ариунзаяагийн ээж байнга утсаар ярьж загнадаг зэрэг шалтгаанаас болоод салсан. Том хүү Э.Тэлмэн 4 сартай байхаасаа эхлээд манай ээж, аав дээр байсан. Б.Ариунзаяа оюутан болоод Улаанбаатар хот руу явахад нь би цуг дагаж орж ирсэн. Сая бага хүүг аваачиж өгсний дараа Б.Ариунзаяагийн эгч нь  2 хүүхдээ танайх ав гэж манай ах эгч рүү ярьсан байсан. Б.Ариунзаяаг Солонгос улс руу явах гэж байгаа гэж хэлсэн байсан. Одоогоор 2 хүүхдээ Төв аймгийн Борнуур суманд цэцэрлэгт өгчихсөн байгаа, бага хүүгийн төрсний гэрчилгээг авчирч өгөхгүй байгаа. Би өөрөө Төв аймгийн Заамар суманд ажил хийж байгаа. Өөр хүнтэй болоогүй, хүмүүсийн худлаа ярьсан зүйл байсан. Миний хувьд  гэрлэлтээ цуцлуулъя, 2 хүүхдээ өөр дээрээ авна, хүүхдийн тэтгэлэг бол авахгүй. Миний сарын орлого 600.000 төгрөг, намайг архи дарс уудаг гэж худлаа яриад байна. Том хүү маань багаасаа манай аав ээж дээр өссөн гэжээ.

 

Анхан шатны шүүх: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Бэсүд овогт Болдбаатарын Ариунзаяа, Боржигон овогт Пүрэвдоржийн Энхдэмбэрэл нарын гэрлэлтийг цуцлаж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 4 сарын 13-ны өдөр төрсөн хүү Э.Тэлмэнг эцэг П.Энхдэмбэрэлийн, 2011 оны 9 сарын 03-ны өдөр төрсөн хүү Э.Тэлмүүнийг эх Б.Ариунзаяагийн асрамжид тус тус үлдээж, Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй, эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдаж, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-т зааснаар хүү Э.Тэлмэнг эх Б.Ариунзаяа, дүү Э.Тэлмүүн нартай уулзуулж байхыг эцэг П.Энхдэмбэрэлд, хүү Э.Тэлмүүнийг эцэг П.Энхдэмбэрэл, ах Э.Тэлмэн нартай уулзуулж байхыг эх Б.Ариунзаяа нарт үүрэг болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн зарим хэсгийг буруу шийдвэрлэсэн тул Шүүгчийн 151/ШШ2016/00442 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 1. Шийдвэрийн тодорхойлох хэсэгт хариуцагч П.Энхдэмбэрэл нь “Том хүү Э.Тэлмэн 4 сартай байхаасаа эхлээд манай ээж, аав дээр байсан. Б.Ариунзаяа оюутан болоод Улаанбаатар хот руу явахад нь би цуг дагаж орж ирсэн. Сая бага хүүг аваачиж өгсний дараа Б.Ариунзаяагийн эгч нь  2 хүүхдээ танайх ав гэж манай ах эгч рүү ярьсан байсан. Б.Ариунзаяаг Солонгос улс руу явах гэж байгаа гэж хэлсэн” гэж тайлбарласан нь худал бөгөөд том хүүг 4 сартай байхад нь Б.Ариунзаяагийн ааж Б.Оюун харж хандаж байсан, П.Энхдэмбэрэл Улаанбаатар хот рууд дагаж орж ирээгүй, оюутны төлбөрийг нэг ч удаа төлж байгаагүй, Б.Ариунзаяад төрсөн эгч байхгүй ямар эгч хаанаас гаргаад байгаа нь ойлгомжгүй зэрэг худал тайлбарыг шүүх нягтлаагүй шийдвэр гаргасан.

2. Шийдвэрийн үндэслэх хэсэгт “хариуцагч П.Энхдэмбэрэл нь том хүү  Э.Тэлмэнгийн хамт Төв аймгийн Борнуур суманд амьдарч байгаа тул хүүхдүүдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхэд өсөж хүмүүжсэн, дасан зохицсон орчныг нь эвдэхгүй, тэдгээрийн эрх ашгийг хөндөхгүй байх нь зүйтэй” гэжээ. П.Энхдэмбэрэл нь хүүхдээ өөрөө өсгөж байсан эсэх, хамт амьдарч өсгөж хүмүүжүүлж, байнга харж, хандаж байсан эсэхийг шүүх хянаж тогтоогоогүй шийдвэр гаргасан. Одоо ч хүүхэдтэйгээ цуг амьдардаггүй болно. Мөн “Гэрлэгчид хоёр хүүхдээ нэг нэгээр нь асрамжиндаа авсан тохиолдолд хэн аль нь тэтгэлэг гаргуулахгүй гэж тохиролцсон ... гэснийг дурдах нь зүйтэй” гэсэн нь гэрлэгчид ийм тохиролцоог бичгээр болон амаар хийгээгүй байхад тохиролцсон мэтээр үндэслэж том хүү, Э.Тэлмэнг эцэг П.Энхдэмбэрэлийн асрамжинд үлдээхээр буруу шийдвэр гаргасан.

3. Шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтанд “Зохигчид хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй.. гэж дурдсан” гэж миний зүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэж хэлж ярьсан зүйл огт байхгүй байхад тэгж хэлж тохиролцсон мэтээр шийдвэр гаргасанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэдийгээр гэрлэлт цуцлах шийдвэрийг гаргасан боловч, хүүхдийн асрамжийн асуудлыг нягтлалгүй ажилтай эсэх нь мэдэгдэхгүй хүнд хүүхдийг асрамжлуулахаар үлдээсэн, мөн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тохиролцсон мэтээр үзэж шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийн зохигчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээ хэрэгжүүлэх  боломжоор бүрэн хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулаагүй, тухайн маргаантай харилцаанд хэрэглэх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс  шүүхийн   шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Нэхэмжлэгч Б.Ариунзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ П.Энхдэмбэрэлээс гэрлэлт цуцлуулах, хоёр хүүхдийн асрамжийг өөр дээрээ авч, эцгээс нь   тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилж, эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарласныг хариуцагч П.Энхдэмбэрэл гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, харин хоёр хүүхдээ өөрөө авна, том хүү Тэлмэн багаасаа  манай ээж аав дээр өссөн, тэтгэлэг тогтоолгохгүй гэж маргажээ.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “ Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, ... асуудлыг шүүх шийдвэрлэнэ.

Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаантай байгаа тохиолдолд түүнийг эцэг, эхийнх нь хэний асрамжид үлдээх талаар  шүүхээс  үндэслэл бүхий шийдвэр гаргахад хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүх ямар баримт нотолгоонд үндэслэн хоёр хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байна.

Шүүх 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Б.Ариунзаяагийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гардуулсан, эрх, үүргийг нэхэмжлэгчид 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулсан өдрөө тус тус танилцуулсан,  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжийг 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр гаргаж, шүүх хуралдааныг 2016 оны 02 дугаар сарын 22-нд хийхээр товлосон зэрэг ажиллагаанаас үзвэл шүүх   хэргийн зохигчдыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-д заасан эрхээ хэрэгжүүлэх, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргах зэрэг боломжоор хангасан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн  хүүхдийн асрамжийн талаар  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой байна.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШШ2016/00442 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн давж заалдах гомдлыг хангасугай.
  2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар нэхэмжлэгч Б.Ариунзаяагийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Ш.ТӨМӨРБААТАР

     ШҮҮГЧИД:                                                 Ш.ОЮУНХАНД

            Ц.ӨРНӨНДЭЛГЭР