| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0033/Э |
| Дугаар | 38 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Т.Отгонтөгс |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,
улсын яллагч Т.Отгонтөгс,
шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц.Б холбогдох 1808049241381 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Шонхор” худалдааны төвийн орчим хохирогч М.Гыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Б нь 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Шонхор” худалдааны төвийн орчим хохирогч М.Гыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч М.Гын мөрдөн байцаалтад өгсөн:.. 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Шонхор худалдааны төвийн цайны газарт хамт ажилладаг төрсөн ах А, найзууд болох М, С нарын хамт хоол идээд сууж байтал гаднаас зүс таних Б, Жак гэсэн найзын хамт согтуу орж ирээд Г ахын дүү гараад ир гэж дуудсан. Тэгэхээр нь би гараад иртэл үгийн зөрүүгүй шууд гэдэс рүү гараараа нэг удаа элэгдэж цохисон. Яагаад байгаа юм бэ ах гэтэл чи намайг мэдэх үү гэхээр нь би танийг мэдэж яахын бэ гээд хэлтэл чи ахын дүү шарыг харж шарваж, улааныг харж урвах юм аа, чи Отгонбаттай ажиллахгүй яасан юм, гэхэд нь би огт ажиллахгүй гэж хэлээгүй ажил хаана гарвал тэнд ажиллана гээд хэлтэл духаараа баруун нүдэнд нэг удаа мөргөх үед би газар унасан. Цээжинд 2-3 удаа өшиглөж зодох үед миний төрсөн ах А, Жак хоёр салгасан. Дээрх гэмтлийг Б духаараа нэг удаа баруун нүдэнд хүчтэй мөргөж байхдаа учруулсан гэмтэл байна. Эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-9-12/
- гэрч М.А мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг 30 минутын үед Шонхор худалдааны төвийн цайны газарт хамт ажилладаг төрсөн дүү Г, түүний найзууд болох М, С нарын хамт хоол идээд сууж байтал гаднаас зүс таних Б, Ж гэсэн найзын хамт орж ирээд дүү Гт хандаж ахын дүү гараад ир гээд ганцааранг нь дагуулаад гарсан. Би удалгүй араас нь гартал манай дүүгийн гэдсэнд Б нэг удаа цохихоор нь хөөё та яаж байна аа гээд хэлтэл дүүг заамдаж аваад духаараа баруун нүд орчим нэг удаа мөргөж дүү газар унасан. Би салгах гэж дундуур нь ортол дүүг зодох гэж дайрч байгаад намайг бас духаараа толгой руу мөргөж, хажууд нь байсан Ж Бийг аваад явсан. Удалгүй Б дахин 5-6 залуустай нийлж ирээд дахин хэрүүл өдөж байгаад дүү Гыг нэмэж зодож цохиж эхэлсэн ба хажууд байсан хүмүүс салгасан. Б намайг нэг удаа мөргөсөн. Гэмтэл бэртэл учраагүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй... гэх мэдүүлэг /хх-15/
- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 12841 дугаартай:... М.Гын биед баруун хоншоор, урд, доод хана, баруун ухархайн доод хананы хугарал, баруун хоншоорын хүндийн цус хуралт, баруун хацарт цус хуралт, баруун хөмсөгний дээр зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн цохих үед үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-21/
- шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хувийн махны үйлдвэртэй гэрээ байгуулан өөрийн хариуцдаг хүмүүсээ ажилд оруулчихаад ганцаараа архи ууж байгаад Шонхор нэртэй цайны газарт хоол идэхээр найз Ж хамт орсон. Тэр үед би нилээн согтуу байдалтай байсан ба урьд надтай хамт ажилладаг байсан Г гэх залуу ажлынхантайгаа хамт хоол идээд сууж байхаар нь би дуудаж уулзаад удалгүй хоорондоо муудалцах үед Гын нүүрэнд гараараа нэг удаа цохисон. Би тэндээс Ж хамт буцаж явж байхдаа дүү Г тааралдсан. Дүү найзуудын хамт явж таараад намайг зодуулсан гэж сонсоод дахин надтай хамт Гтай уулзахаар очиж тэнд хэрэлдэж маргалдаж байгаад салцгаасан... гэх мэдүүлэг /хх 31-33/ болон шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.
Хохирогч М.Г нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 2.500.000 төгрөг нэхэмжилснээс, шүүгдэгч төлж барагдуулсан /хх-63/ байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тухайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бид оногдуулсан 900 нэгж буюу 900.000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, болохыг тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР