Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 223/МА2024/00002

   2024           02            01                                                          223/МА2024/00002

А.СХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/00904 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: .................................................................... А.СХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: .......................................................  ТАЗА ТӨХК-д холбогдох,

20,000,000 төгрөг гаргуулах тухай тухай иргэний хэргийг нэхэмжлэгч А.СХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч А.СХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Наранцэцэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч А.СХХК нь 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 223/МА2021/000026 дугаар магадлалаар “Төв АЗЗА” ТӨХК-ийн өмнөөс 20,000,000 төгрөгийг Б.ЗХХК-д төлөхөөр болсон.

Ингэхдээ шүүх “...Иргэний хуулийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор Б.ЗХХК-тай үүрэг гүйцэтгэгчийн /Төв АЗЗА ХК/ өрийг гуравдагч этгээд /А.СХХК/ шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ...” гэсэн дүгнэлт хийсний дагуу өрөөс чөлөөлөгдсөн этгээд “Төв АЗЗА” ТӨХК-иас шаардах эрх зүйн үр дагавар үүсэх юм.

Тодруулбал, анхан шатны шүүх “Төв АЗЗА” ТӨХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 236, 240 дүгээр зүйлд заасныг үндэслээд талуудын хооронд байгуулагдсан үүрэг дуусгавар болсон байна гээд нэхэмжлэлийн үнийг А.СХХК-иас гаргуулахаар шийдвэрлэж байсан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийнхээ хянавал хэсэгт “... “Төв АЗЗА” ТӨХК-ийн Б.ЗХХК-д төлөх ёстой 20,000,000 төгрөгийн өр нь А.СХХК-д Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд зааснаар шилжсэн байна. Тэгэхээр А.СХХК нь энэ өрийг төлөх нь зүйтэй ...” гэсэн үндэслэлээр шийдвэрийн тогтоох хэсэгт 343 гэснийг 346.1 гэж өөрчилж шийдвэрлэсэн. А.СХХК нь 20,000,000 төгрөгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Б.ЗХХК-д төлсөн. Одоо бид ямар үндэслэлээр “Төв АЗЗА” ТӨХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаад байгаа вэ? гэхээр дээр дурдсанчлан Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т хэсэгт зааснаар өр шилжсэн гэж үзэн 20,000,000 төгрөгийг Б.ЗХХК-д төлөх үүрэг хүлээлгэсэн. Тийм юм бол бид уг хуулийн заалтад заасан шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан гэдэг үндэслэлээр буцаагаад “Төв АЗЗА” ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Уг нэхэмжлэлийг Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 11 сарын 03-ны өдрийн 151/ШЗ2021/03999 дугаар захирамжаар “нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус” гэж хүлээн авахаас татгалзсан.

Шүүгчийн захирамжид хүлээн авахаас татгалзсан үндэслэлээ “...Нэхэмжлэгч нь Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар Б.ЗХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийн шийдвэр, 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 223/МА2021/00026 дугаар магадлалыг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон байна. Уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон...” гэжээ.

Иймд нэхэмжлэлийн үндэслэлээ илүү дэлгэрэнгүй тайлбарлаж байна. Иргэний хуулийн 8.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэж болох бөгөөд тус хуулийн 187.1-д зааснаар иргэний эрх зүйн харилцаа үүсэхтэй зэрэгцэн үүргийн харилцаа мөн үүсдэг. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс Б.ЗХХК нь “Төв АЗЗА” ХК-аас 20,000,000 төгрөг шаардах эрхтэй гэж үзсэн учир нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. Харин Иргэний хуулийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “Төв АЗЗА” ТӨХК-ийн өр А.СХХК-нд шилжсэн гэж дүгнэсэн. Иргэний хуулийн 124.1-д “Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч...” гэж заасан нь “өр шилжих үйл баримт нь нөгөө талаас өрийг шилжүүлэн авсан этгээдэд үндсэн үүрэг гүйцэтгэгчийн шаардах эрх шилжихийг илэрхийлж байна. Иргэний хуулийн 124.1, 123.6, 123.9-д заасны дагуу А.СХХК нь Б.ЗХХК-ийн 20,000,000 төгрөг шаардах эрхийг шилжүүлэн авсан этгээд бөгөөд энэ нь дээрх хуулийн хүчин төгөлдөр магадлалаар тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.4-д заасан “нэхэмжлэлийн үндэслэл” гэдэгт нэхэмжлэлийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл ба түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдал юм гэж Улсын Дээд шүүхийн тайлбарт дурьсан. Нэхэмжлэгчийн үзэж буйгаар нэхэмжлэлд иш татсан шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон нь “өр ба шаардах эрх шилжсэн” үйл баримтыг тогтооход ач холбогдолтой. Манай компанийн шаардах эрх дээр тайлбарласан Иргэний хуулийн 124.1.1, 123.6, 123.9 дэх заалтаас урган гарч байгаа юм. Аливаа шүүхэд гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шүүх зөвхөн шүүх хуралдаанаар хэлэлцэж буюу шийдвэрээр шийдэх журамтай. Манай нэхэмжлэл хуульд заасан бүрдүүлбэрийг хангаж байгаа гэж үзэж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

2.Хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Сгийн тайлбарын агуулга: “...Нэхэмжлэгч А.СХХК нь хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-иас 20,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Энэ асуудал өмнө шүүхээр хянагдаад шийдэгдсэн. Нэхэмжлэлд дурдагдсан ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг Б.ЗХХК нь 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн шүүхэд нэхэмжлэл гаргаж А.СХХК, “Төв АЗЗА” ТӨХК-аас нэхэмжилсэн.

Анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн шийдвэрээр ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг хариуцагч А.СХХК-иас гаргуулж нэхэмжлэгч Б.ЗХХК-д олгох үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.

Түүнээс нэхэмжлэлийн өргөдөлд дурдсанаар “Төв АЗЗА” ТӨХК-ийн өмнөөс 20,000,000 төгрөгийг А.СХХК-ийг Б.ЗХХК-д төл гэсэн утгаар шийдвэрлээгүй.

Уг шийдвэрийн үндэслэх хэсэгт”...“Т.А” ТӨХК, Б.ЗХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан хэдий ч 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн А.СХХК болон “Т.А.” ТӨХК-ийн хооронд гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж тооцоо нийлсэн протоколын дагуу А.СХХК нь Б.ЗХХК-д 25,000,000 төгрөгөнд тооцож “Ниссан навара” маркийн автомашин, 5,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, үлдэх 20,000,000 төгрөгийг мөн А.СХХК төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна...” гэсэн дүгнэлт өгсөн.

Мөн давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн тодорхой зүйл заалтыг заасан байдаг ч тухайн заалт нь заавал буцаан хэн нэгэн этгээдээс шаардаарай гэсэн үг биш. Өр шилжсэн байна л гэдгийг дурдсан. “ТЗМ“ ХХК болон “Төв АЗЗА” ТӨХК нар гэрээ хийсэн ч А.СХХК нь ерөнхий захиалагчийн хувьд төсөв, мөнгө хөрөнгийг жинхэнэ ажил гүйцэтгэж байгаа газартаа авч, дараагаар нь туслан гүйцэтгэж байгаа компаниудад хуваарилан өгөх ёстой. Энэ үүргийнхээ хувьд  А.СХХК нь гэрээг өөрчлөөд, протокол үйлдээд 2017 оны 7 дугаар сарын 07-ны өдөр ажлын хөлсийг манайх төлнө гээд А.СХХК болон “Төв АЗЗА” ТӨХК-ийн хооронд Лүн суманд хийх ажлын үлдэгдэл төлбөрийг төлж, тооцоо нийлсэн протокол үйлдсэн.

Энэ протоколоор хэн хэдэн төгрөг төлөх юм, хэдэн төгрөг дутуу байгаа юм гэдгийг А.СХХК-ийн захирал н.Инжинаш, Б.ЗХХК-ийн захирал Г.Архад нар гарын үсэг зурж өр шилжсэн. Өр шилжихдээ дотор нь нарийн зааж өгсөн.

Үүнд: төлбөр төлөгч нь А.СХХК, төлбөр авагч нь “Төв АЗЗА” ТӨХК-ийн өмнөөс Б.ЗХХК байна гэж заасан. Мөн давж заалдах шатны шүүхээс энэ талаар буюу Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийг дурдаж өгсөн. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрт нэхэмжлэл гаргаж болно гэсэн ямар ч хуулийн заалт байхгүй. Мөн нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадахгүй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг мушгин тайлбарлаж байна. Харин шүүхээс “Төв АЗЗА” ТӨХК-ийн үүргийг Иргэний хуулийн 236.2-д үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болсон 236.2, 236.1.2-д 240.1.5 үүрэг дуусгавар болсон гэж үзсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

3.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хариуцагч Т.АЗА ТӨХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай А.СХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч А.СХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгч А.СХХК-ийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт нэхэмжлэгч "Ану Сервис" ХХК-ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөг нь анхнаасаа “ТЗМ” ХХК-д төлөх ёстой 50,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байсан болох нь дээрх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргаж буй “бусдын төлөх төлбөрийг төлсөн учраас шаардах эрхтэй” гэх тайлбар нь дээрх дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна гэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.

1.А.СХХК нь 2014-2015 онд Төв аймгийн Лүн суманд хэрэгжих “Сумын төвийн шинэчлэл төсөл”-ийн хүрээнд тус сумын төвийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг тодотгон боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах болон айл өрх, албан байгууллагыг цэвэр, бохир ус, дулаанд холбох цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт шалгарч, Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 05/14 тоот гэрээг байгуулан ажилласан. Дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд Төв аймгийн Төв Зуунмод “ТМЗ” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 14/36 дугаар Ажил гүйцэтгэх гэрээг бичгээр байгуулан туслан гүйцэтгэгчээр хамтран ажиллахаар болсон. Тус компани нь “Төв АЗЗА” ТӨХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгож, 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 26 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Улмаар “Төв АЗЗА” ХХК нь Б.ЗХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан 4400м2 автозамын асфальтбетон хучилтын ажлыг 145,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тохиролцсон байсан.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд зааснаар "Ану Сервис" ХХК нь "ТЗМ" ХХК-тай л ажил гүйцэтгэх ажиллах гэрээ байгуулсан. Харин “Төв АЗЗА" ТӨХК болон "Борхойн зам" ХХК нартай гэрээ байгуулаагүй, А.СХХК нь эдгээрийн өмнө төлбөрийн үүрэг хүлээгээгүй болох нь тогтоогддог. Гэтэл анхан шатны шүүх нь энэ талаар огт дүгнэлт хийлгүй орхигдуулж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.

Түүнээс гадна нэхэмжлэгч "Ану Сервис" ХХК нь "ТЗМ" ХХК-тай байгуулсан гэрээний үлдэгдэл 50,000,000 төгрөгийн төлбөрийг өгөлгүй, саатуулан барьсан. Учир нь туслан гүйцэтгэгч нарын хийж гүйцэтгэсэн ажилд доголдол гарч, автозамын 2 урсгалын дундуур 2-3 см өргөнтэй хучигдаагүй шороон зам гарсан байдаг. Уг доголдлоо арилга, доголдлоо арилгасны дараа үлдэх төлбөрийг өгнө гэсэн шаардлага тавьсан.

 Гэтэл "Төв АЗЗА" ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох "Борхойн зам" ХХК-д 50,000,000 төгрөгийн төлбөртэй гэсэн бөгөөд уг төлбөрийн оронд 50,000,000 төгрөгийг төлж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Улмаар "Ану Сервис" ХХК нь "Борхойн зам" ХХК-д 25,000,000 төгрөгт тооцон “Ниссан Навара” маркийн 07-40 УНА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 5,000,000 төгрөгийг бэлнээр өгч нийт 30,000,000 төгрөгийн төлбөрийг төлж барагдуулсан. Энэхүү үйл баримтаар А.СХХК нь “ТЗМ” ХХК-д төлөх 50,000,000 төгрөгийн төлбөрөөс 30,000,000 төгрөгийг түүний хүсэлтийн дагуу Б.ЗХХК-д шилжүүлсэн гэдэг нь тогтоогддог.

Харин маргаан бүхий анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдсан шиг нэхэмжлэгч "Ану Сервис" ХХК-ийн нэхэмжилж буй 20,000,000 төгрөг нь анхнаасаа “ТЗМ” ХХК-д төлөх ёстой 50,000,000 төгрөгийн үлдэгдэл төлбөр байсан болох нь дээрх дүгнэлтээр тогтоогддог гэх үйл баримтыг нотлоогүй юм.

А.СХХК нь дээр дурдсанчлан "Борхойн зам" ХХК-д 30,000,000 төгрөгийн төлбөрийг өгөхдөө 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр протокол үйлдэж, тээврийн хэрэгсэл, бэлэн мөнгийг шилжүүлэн өгсөн. Энэ протоколоор үлдэгдэл 20,000,000 төгрөгийг манай компани төлнө гэсэн үүргийг хүлээгээгүй.

"Борхойн зам" ХХК нь шүүхэд "Төв АЗЗА" ТӨХК болон "Ану Сервис" ХХК-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. "Ану Сервис" ХХК-ийн хувьд анхнаасаа "Төв АЗЗА" ТӨХК-ийн өмнөөс төлбөр хариуцах үндэслэлгүй, бидний хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэх агуулгаар маргасан. Энэхүү иргэний хэргийг Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2021/00582 дугаар шийдвэрээр шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 236.1, 236.2, 240.1.5 дах хэсэгт зааснаар "Төв АЗЗА" ТӨХК-ийн "Борхойн зам" ХХК-д төлөх төлбөрийн үүрэг "Ану Сервис" ХХК-д шилжсэн гэж үзэн 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Харин Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1-т зааснаар "Төв АЗЗА" ТӨХК-ийн өр "Ану Сервис" ХХК-д шилжсэн гэж үзсэн 20,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг магадлалд "Ану Сервис" ХХК нь хяналтын журмаар гомдол гаргасан боловч 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу "Ану Сервис" ХХК нь "Борхойн зам" ХХК-д 2023 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шилжүүлсэн болох нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын мөнгө шилжүүлэх баримтаар нотлогддог. Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1-д "Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ." гэж заасан бөгөөд уг хуулийн заалтын үгийн шууд утгыг анзаарвал гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох талаар дурдсан байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 124-р зүйлийн 124.1-д зааснаар "Ану Сервис" ХХК нь "Төв АЗЗА" ТӨХК-ийн төлөх өрийг "Борхойн зам" ХХК-д төлж,  "Төв АЗЗА” ТӨХК-иас 20,000,000 төгрөг шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авсан үйл баримт хэрэгт байгаа баримтаар нотлогдож байгаа. Энэ үйл баримт болон хуулийн заалтыг анхан шүүхэд тайлбарласаар байхад шийдвэрийн үндэслэх хэсэгт "...хариуцагчийн өмнөөс төлбөр төлсөн учраас мөнгөө гаргуулна гэж тайлбарлаж нэхэмжлэл гаргаж буй нь үндэслэлгүй байна...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Мөн "А.С" ХХК нь "Т.А” ТӨХК-ийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэггүй атлаа түүний өмнөөс түүний төлөх өрийг "Борхойн зам" ХХК-д төлж 20,000,000 төгрөгийн хохирол амссан гэдэг нь хэрэгт авагдсан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүд, төлбөр шилжүүлсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн баримт зэргээр хангалттай нотлогдсоор байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэгт "гэтэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хуульд заасан ямар эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг, сонирхлыг хэрхэн яаж зөрчсөн болох нь тогтоогдохгүй байна" гэж дүгнээд байгаад гомдолтой байх бөгөөд анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн.

Үүнээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн бусдын төлөх өрийг төлсөн учраас гэж тайлбарлаж байх боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд эд хөрөнгийн хариуцлага нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид эрх зүйн хэм хэмжээ, гэрээ, тогтсон заншил, ёс суртахууныг зөрчсөн тохиолдолд үүсдэг ба тус шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн маргаан нь энэ нэхэмжлэлийн шаардлагатай ижил бөгөөд шүүхийн шийдвэрээр үүрэг шилжсэн гэх үндэслэлгүй юм" гэж дүгнэснийг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь:

"А.С " ХХК нь "Т.А" ТӨХК-ийн өмнө төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй атлаа түүний өмнөөс "Борхойн зам" ХХК-д өрийг нь төлж өгсөн болох нь хэрэгт авагдсан баримт, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нотлогдсоор байхад дээрх дүгнэлтийг хийсэнд үнэхээр гомдолтой байна.

Түүнчлэн А.СХХК-ийн нэхэмжлэлтэй “Т.А” ТӨХК-д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг "өмнө нь уг хэргийг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр байна" гэх 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШЗ2023/02567 дугаар "хэргийг хэрэгсэхгүй болгох тухай" захирамжаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан. Тухайн захирамжид манай компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хуульд заасны журмын дагуу гомдол гаргасан. Тус гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 151/ШТ2023/00041 дугаар "гомдол хянан хэлэлцэх тухай" тогтоолоор хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоолын үндэслэх нь хэсэгт "... нэхэмжлэгч Б.ЗХХК-ийн “Т.А” ТӨХК, А.СХХК-д холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болсон. Харин тус шүүхэд А.СХХК нь “Төв АЗЗА” ТӨХК-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх бөгөөд А.СХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх өмнө нь шийдвэрлээгүй, А.СХХК нь бусдын өмнөөс гүйцэтгэсэн үүргийн гүйцэтгэлийг буцаан шаардаж, өөрийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргаж байх тул нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж байгаа гэж үзэх үндэслэлгүй юм гэж дүгнэсэн байдаг. Энэхүү дүгнэлтээр анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт нь үгүйсгэгдэж байгаа юм. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд өөрийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл манай компанийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгч нь анхнаасаа энэ хэргийн үнэн мөнийг олъё, нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь юу болохыг тогтоох, нягтлах, талуудын гаргаж буй тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтад анхаарлаа хандуулж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх гэхээсээ илүүтэйгээр өөрийн урьдаас төрсөн итгэл үнэмшил болох энэ хэрэг нь өмнө шийдвэрлэгдсэн, дахин шүүхээр хэлэлцүүлэх шаардлагагүй, хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй гэх үзэл бодолдоо илтэд ташуурч, манай хэргийг хууль ёсны дагуу шийдвэрлэсэнгүй гэж үзэж байна.

Энэ нь анхан шатны шүүхийн шүүгчийн удаа дараагийн эрхийн актуудад "өмнө уг хэргийг шийдвэрлэсэн байна" гэж дурдсан дүгнэлтээс нь маш тодорхой байна. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: А.СХХК-д өр шилжсэн гэж дүгнэсэн байхад манайх нэхэмжлэх эрхтэй гэж мушгиж шүүхэд дахин нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд буцаан шаардах эрх үүсдэг. Мөн шүүхийн шийдвэрээр А.СХХК-ийг 20,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Учир нь компанийн захирал Н.Ганбаатар нь 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 116 дугаар албан бичгийг А.СХХК-д явуулсан байдаг. Уг албан бичигт үлдэгдэл 50,000,000 төгрөгийг даруй барагдуулж өгнө үү гэсэн. А.СХХК болон “Төв АЗЗА” ТӨХК нь төлбөрийн үлдэгдэл тооцоог аль компани нь төлөх вэ гэдэг дээр албан бичгийг үндэслээд шинээр тэмдэглэл үйлдэж төлбөр төлөгч нь А.СХХК байна. Төлбөр хүлээн авагч нь “Төв АЗЗА” ТӨХК-н өмнөөс Б.ЗХХК-иас үлдэгдэл төлбөрт 25,000,000 төгрөгт нь машин өгөөд, бэлнээр 30,000,000 төгрөг өгч хаагдсан. Тухайн тэмдэглэлийнхээ доор нь тооцоо үлдэгдэл 20,000,000 төгрөгөөс 7 дугаар сарын 15-ны өдөр 5,000,000 төгрөг төлнө гэж тэмдэглэсэн. Гэтэл үүнийг мушгиад бараг энэ гэрээг хийгээгүй гэж ярьж байгаа. Гэтэл уг тэмдэглэл дээр төлбөр төлөгч нь А.СХХК-ийн захирал Инжиннаш өөрөө гарын үсэг зурсан мөртлөө гарын үсэг зураагүй, ийм тэмдэглэл үйлдээгүй гэж яриад байна. Харин энэ маргааныг шүүх эцэслэн шийдвэрлэсэн ба буруутай этгээд нь төлөөд дууссан. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгч А.СХХК-ийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн  боловч  хэрэглэвэл зохих хуулийг оновчтой сонгож хэрэглээгүй байгаа тул давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах замаар зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэж дараах дүгнэлтийг хийлээ.

1.Нэхэмжлэгч А.СХХК нь хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-д холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ  “...шүүх Б.ЗХХК-ийн нэхэмжлэлтэй 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгч “Төв АЗЗА” ТӨХК-ийн өрийг гуравдагч этгээд А.СХХК гүйцэтгэж, шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч болох бөгөөд энэ тохиолдолд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан. Уг шийдвэрийн дагуу 20,000,000 төгрөгийг төлсөн. Иймд өрнөөс чөлөөлөгдсөн “Төв АЗЗА” ТӨХК-иас 20,000,000 төгрөгийг шаардах Б.ЗХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан...” гэж тайлбарласан.

Хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК нь “...А.СХХК нь туслан гүйцэтгэх компаниудад төлөх ёстой байсан өрөө төлсөн учир анхан болон давж заалдах шатны шүүх А.СХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүргээс төлөгдөөгүй үлдсэн байсан 20,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.ЗХХК-д олгож шийдвэрлэсэн. Гэтэл А.СХХК шүүхийн шийдвэрийг мушгин тайлбарлаж нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Харин зохигчид Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар магадлалд заасны дагуу А.СХХК ажил гүйцэтгэх гэрээний үүрэг 20,000,000 төгрөгийг Б.ЗХХК-д төлж шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэх талаар маргаагүй байна.

2.Зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримттай хамаарал бүхий шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтаас үзвэл, 2014 онд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлсэн Сумын төвийн шинэчлэл төслийн хүрээнд Төв аймгийн Лүн сумын төвийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах, гадна шугам сүлжээ, барилга байгууламжийн ажлын зураг төсөл боловсруулах, айл өрх, албан байгууллагыг цэвэр бохир ус, дулааны шугам сүлжээнд холбох, цэвэрлэх байгууламж барих ажлыг гүйцэтгэх тендерт А.СХХК шалгарч Төв аймгийн Засаг даргатай 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 05/14 дугаар гэрээ байгуулсан.

Ерөнхий ажил гүйцэтгэгч “Ану-Сервис” ХХК нь туслан гүйцэтгэгчээр “Төв Зуунмод /ТЗМ/” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 14/36 дугаар гэрээ,

“Төв Зуунмод” /ТЗМ/ ХХК нь “Төв АЗЗА” ТӨХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр 26 дугаар гэрээ,

“Төв АЗЗА” ТӨХК нь Б.ЗХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 40 дугаар ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдсан.

Б.ЗХХК нь гэрээний дагуу Төв аймгийн Лүн сумын төвд 250 у/м асфальтбетон зам, сумын ЗДТГазар болон цэцэрлэгийн зам талбай, сумын Эрүүл мэндийн төвийн нийт 4400м.кв зам талбайн асфальтбетон хучилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байх ба ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 20,000,000 төгрөгийг хариуцагч “Ану-Сервис” ХХК, “Төв АЗЗА” ТӨХК-аас гаргуулахаар шаардсан.

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 151/ШШ2021/00582 дугаар шийдвэр, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 223/МА2021/00026 дугаар магадлалаар хариуцагч “Ану-Сервис” ХХК-иас 20,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Борхойн зам ХХК”-нд олгож, хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-нд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...хариуцагч “Ану-Сервис” ХХК тендерт шалгарч Төв аймгийн Засаг даргатай гэрээ байгуулан ажил гүйцэтгэх гэрээнд оролцогч болсон. “Ану-Сервис” ХХК нь “Төв Зуунмод” /ТЗМ/ ХХК-ийг татан оролцуулж ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар захиалагчийн хувьд ерөнхий ажил гүйцэтгэгч туслан гүйцэтгэгчийн хувьд захиалагч болж Иргэний хуулийн 347 дугаар зүйлд заасан туслан гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

Мөн цаашлаад ажлыг гүйцэтгэхэд бусад этгээдүүдийг татан оролцуулж, “Төв Зуунмод /ТЗМ/” ХХК нь “Төв АЗЗА” ТӨХК-тай, “Төв АЗЗА” ТӨХК нь Б.ЗХХК тус тус ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсанаар гэрээ тус бүрд талууд үүрэг хүлээж, ерөнхий болон туслан гүйцэтгэгчтэй холбоотой зохицуулалт болох Иргэний хуулийн 347 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй.

Дээрх гэрээний талууд гэрээний хүчин төгөлдөр байдал, ажлын үр дүнг хүлээн авсан байдал, ерөнхий ажил гүйцэтгэгч “Ану-Сервис” ХХК нь захиалагчаас ажлын хөлсний санхүүжилтийг бүрэн хүлээн авсан талаар тус тус маргаагүй байна.

Хэрэгт А.СХХК болон Б.ЗХХК-иудын хооронд 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр үйлдсэн “Ану-Сервис” ХХК болон “Төв АЗЗА” ТӨХК-ийн хооронд Төв аймгийн Лүн суманд хийж гүйцэтгэсэн автозамын ажлын үлдэгдэл төлбөрөөс төлж, тооцоо нийлсэн протокол, “Төв АЗЗА” ТӨХК болон “ТЗМ” ХХК-ийн хоорондох маргааныг хянан шийдвэрлэсэн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 00412 дугаар шүүгчийн захирамж, ТАЗА ТӨХК-ийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 116, 117 тоот албан бичгүүд, тооцооны үлдэгдлийн баталгаанууд авагдсан байна.

Эдгээрээс үзвэл ажлын санхүүжилтийн талаар талууд тохиролцсон, “Ану-Сервис” ХХК нь туслан гүйцэтгэгч “ТЗМ” ХХК-д төлөх ёстой санхүүжилтээс 50,000,000 төгрөгийг төлөөгүй, уг төлбөрийг “Төв АЗЗА” ТӨХК-ийн туслан гүйцэтгэгч Б.ЗХХК-д төлөх, ингэхдээ “Ану-Сервис” ХХК нь Б.ЗХХК-д 25,000,000 төгрөгт тооцож “Ниссан навара” маркийн автомашин, 5,000,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн. Үлдэх 20,000,000 төгрөгийг төлж барагдуулах үүрэг хүлээсэн байна.

Дээрх байдлуудаас дүгнэн үзвэл “Төв АЗЗА” ТӨХК, “Борхойн зам ХХК”-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүрэг нь дуусгавар болоогүй Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан өр шилжих эрхийн харилцаа үүссэн байна.

Шаардах эрхийг эзэмшигч Б.ЗХХК-тай тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд болох “Ану-Сервис” ХХК өөртөө шилжүүлэн авсан нь дээрх баримтуудаар тогтоогдсон ба ийнхүү өр шилжсэнээр үүрэг гүйцэтгэгч нь өөрчлөгджээ.

Энэ тохиолдолд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8-д заасан зохицуулалтын дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээнд тусгайлан шаардлага тавигдаагүй тул өр шилжих асуудлыг амаар болон бичгийн хэлбэрээр хийж болох бөгөөд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан хуулийн этгээдүүд санал хүсэлтээ бичгээр илэрхийлж, харилцан тохиролцож байсан байна.

Иймээс “Ану-Сервис” ХХК нь “Төв АЗЗА” ТӨХК-ийн Б.ЗХХК-д төлөх өрийг өөртөө шилжүүлж авч төлбөр төлөх үүрэг хүлээсэн байх ба төлбөрийг тодорхой хэмжээгээр Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар шилжүүлэн авсан үүрэг гүйцэтгэгчийн өрийг “Ану-Сервис” ХХК автомашин болон 5,000,000 төгрөгийг бэлнээр төлж барагдуулж байсан байна...” гэсэн дүгнэлт хийжээ.

Иймд хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн Б.ЗХХК-тай байгуулсан харилцан үүрэг хүлээсэн хоёр талт ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт болох 20,000,000 төгрөгийн өрийг нэхэмжлэгч “Ану-Сервис” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 346 дугаар зүйлийн 346.1.-д заасны дагуу төлөх үүрэг хүлээсний дагуу төлсөн нь маргаагүй үйл баримт болон дахин нотлох шаардлагагүй дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байгаа тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1.-д зааснаар Б.ЗХХК-ийн шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх боломжгүй.

3. Мөн нэхэмжлэгч “Ану-Сервис” ХХК нь хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-тай ажил гүйцэтгэх гэрээ шууд байгуулаагүй ч өөрөө ерөнхий ажил гүйцэтгэгч  байна.

Ерөнхий ажил гүйцэтгэгчийн ажлыг хийж гүйцэтгэсэн туслан гүйцэтгэгчийн хувьд “Ану-Сервис” ХХК нь Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1.-д зааснаар захиалагч болох юм.

Захиалагч “Ану-Сервис” ХХК нь “Төв Зуунмод /ТЗМ/” ХХК-тай 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг,

“Төв Зуунмод” /ТЗМ/ ХХК нь “Төв АЗЗА” ТӨХК-тай 2014 оны 7 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг,

“Төв АЗЗА” ТӨХК нь Б.ЗХХК-тай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг тус тус биелэгдээгүй тохиолдолд туслан гүйцэтгэгч нь захиалагчаас ажлын хөлсөө гэрээнүүдийн дагуу шаардах эрхүүд үүснэ.

Иймд нэхэмжлэгч “Ану-Сервис” ХХК нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1., 346 дугаар зүйлийн 346.1.-д зааснаар ажлын хөлсийг төлөх эхний үүрэг хүлээсэн этгээд тул төлбөл зохих төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Мөн Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1-д зааснаар нэхэмжлэгч “Ану-Сервис” ХХК дээрх шүүхийн шийдвэрийн дагуу 20,000,000 төгрөг төлсөн тул хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-ийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн гэж үзэх боломжгүй.

4.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “...Нэхэмжлэгч А.СХХК нь хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, мөн хариуцагчтай төлбөрийн талаар тохиролцоо хийгээгүй бөгөөд бусдад төлөх төлбөрийг төлсөн нь шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдохгүй байх тул 20,000,000 төгрөгийг шаардах эрхгүй байна...” гэсэн дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлсэн гэж үзлээ.

5.Харин анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн үйл баримтыг зөв тодорхойлсон атлаа хэрэглэвэл зохих материаллаг хуулийг хэрэглээгүй, шүүхийн зардлыг хуваарилахдаа холбогдох хуулийг баримтлаагүй байгаа тул шийдвэрийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1. гэж, 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 гэж нэмж өөрчлөн, мөн хуулийн этгээдийн оноосон нэрийг буруу бичсэнийг “Төв АЗЗА” ТӨХК гэж зөвтгөн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

6.Нэхэмжлэгч А.СХХК-ийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хангаагүй тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 151/ШШ2023/00904 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар хариуцагч “Төв Авто Зам Засварын Арчлалт” ТӨХК-д...” гэснийг “...Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн  496.1-т заасныг баримтлан хариуцагч “Төв АЗЗА” ТӨХК-д...” гэж,

2 дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д...” гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т...” гэж  нэмж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.