| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0034/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт О Б-д холбогдох 1808055171588 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.Чийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч О.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан иргэн М.Чийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- хохирогч М.Чийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр намайг гэртээ хүүхэдтэйгээ байхад 21 цагийн орчим нөхөр Б найз Т, Г, А, Ө нар манайд ирсэн. Тэд нар орж ирэхдээ 1 том пиво, 0.5 литрийн архи, 0.75 литрийн архи авчирсан. Тэгээд архиа ууж дуусаад Т машинаа дуудсан. Тэгээд тэд нарыг гаргаж өгөөд орж ирэхэд манай нөхөр чи цаг явах гэлээ гээд маргалдсан. Б миний хоолойг боосон. Тэгэхээр нь би эсэргүүцсэн. Тэгээд миний баруун хөмсөг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд намайг түлхсэн. Би шилбээ зуухны буланд цохиод халцалсан. Би босч ирэхдээ хальтирч унаад нуруугаараа шалан дээр унасан. Тэгэхэд зүүн далан доор аяга таарчихсан. Б намайг цохиж зодож байсан удаа байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-11-15/
- гэрч В.М мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Б над руу залгаад би цагдаагийн хэлтэс дээр байна гэсэн. Би охин Ч рүү залгаад утас нь холбогдохгүй байсан. Тэгээд нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд Быг эрүүлжүүлсэн байгаа, маргааш ирж аваарай гэсэн. 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр охин Чтэй уулзахад Б намайг цохисон гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-16-17/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №13942 дугаартай:... М.Чийн биед зүүн чихний дэлбэнд шарх, хүзүү, зүүн далны хэсэгт цус хуралт, баруун шилбэнд зулгаралт, баруун хөмсөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-36/
- шүүгдэгч О.Бы мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр найз Г, Т, А, Ө нартай Баянхошууны хуучин эцсийн бааранд орж 2 шил архи уугаад дахиад пиво ууцгаасан. Тэгээд баарнаас 21 цагийн орчим гараад манайд очсон. Т, А, Ө, Г нартай манай эхнэр Ч архи хувааж уусан. Би эхнэртээ битгий архи уугаарай гэж хэлсэн. Тэгсэн манай эхнэр архи уугаад байсан. Түүнээс болж бид 2 маргалдсан. Маргалдаж байхад Ч тэд нартай явна гээд миний нүүр лүү 2 удаа алгадсан. Тэгэхээд нь би Чийн нүүр лүү нэг удаа алгадсан. Тэгээд би Чийн хоолойноос боогоод цаашаа түлхтэл газар аяган дээр уначихсан. Тэгээд Ч тэд нарын араас гараад явсан. Би хүүхдээ тэврээд араас нь гарахад алга болчихсон байсан. Тэгээд би гэртээ байхад Ч цагдаа дагуудаад ороод ирсэн. Би хувиараа барилгын засал чимэглэл, шавар гээд бүхий л ажил хийдэг...гэх мэдүүлэг /хх-82-83/ болон шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн, гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.
Нотлох баримтын хууль ёсны эх сурвалжуудаас үзэхэд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол ба шүүгдэгчийн гэм буруугийн санаатай хэлбэр буюу хүч чадлаа дайчилсан хүсэл зориг, идэвхтэй үйлдлийн хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Хохирогчид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-90/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт О Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй6
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тус хэрэгт хураагдсан хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР