Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 223/МА2024/00003

 

 

 

 

 

 

 

 

        2024         02           08                                                           223/МА2024/00003

 

 

Оийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2023/00930 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Хайтал овогт Ч.О, /............................../

   Хариуцагч: Самдан овогт Ч.Б, /........................................../

Хариуцагч: Улаан сахиус овогт Дамбаагийн Жүгдэрнамжил, /Төв аймаг Заамар сум, Төмстэй 2 дугаар баг, хөдөө/ нарт холбогдох

Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч Баас 71,769,691 төгрөг, хариуцагч Д.Жаас 71,769,691 төгрөг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...Эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 143,539,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээ дараах үндэслэлээр дэмжиж тодорхойлсон.

2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Оийн нөхөр Ц.П нь Улаанбаатар хотоос Төв аймгийн Заамар сум руу өөрийн малыг малладаг малчин Д.Жыг гэрт нь хүргэж өгөх, адуу малаа эргэх зорилгоор явсан. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Д.Ж нь Ц.Пийн жолоодож очсон 22-34 УНМ улсын дугаартай "Тоёота Ланд Круйзер-J200 маркийн автомашинаар адуугаа эргээд ирье гэж унаж явахдаа замаараа найз Бындаа очиж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Мөн Бд жолоогоо шилжүүлэн өгсний улмаас зам тээврийн осол гарган машинтайгаа онхолдсон.

Хариуцагч нар Төв аймгийн нутаг дэвсгэрт нэхэмжлэгч Д.Оийн эзэмшлийн 22-34 УНМ улсын дугаартай "Тоёота Ланд Круйзер-J200" маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн, тэдний гэм буруутай болох нь 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургууд, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчлийн хэрэг нээх тухай тогтоол, 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны дүгнэлт, Төв аймгийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 453 дугаартай хариу мэдэгдэх хуудас зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон тул нэхэмжлэгч О нь гэм буруутай этгээд болох Б, Д.Ж нараас хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй. Хариуцагч нарын болгоомжгүй хууль бус үйлдэл, уг үйлдлийн улмаас учирсан хохирол, эдгээрийн хоорондох шалтгаант холбоо нь нотлох баримтаар тогтоогдож байх тул хариуцагч Б, Д.Ж нар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Мөн осолд өртсөн Оийн өмчлөлийн 22-34 УНМ улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер-J200" маркийн тээврийн хэрэгсэлд 139,358,624 төгрөгийн бодит хохирол учирсан нь "Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн №13992/ДД№22647905 дугаартай “Авто машин техникийн үнэлгээний тайлан”-ийн баримтаар тогтоогдсон.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д заасан зохицуулалт нь зам тээврийн осолд буруугүй тал өөрт учирсан гэм хорыг арилгуулах шаардлагыг автомашиныг жолоодож явсан этгээдэд холбогдуулан гаргах үндэслэлээр нэхэмжлэгч нь шаардлага гаргаж, шаардах боломжтой зохицуулалт бөгөөд тухайн осол гарах үед автомашиныг жолоодон явсан Д.Ж нь хэтэрхий болгоомжгүй үйлдэл буюу жолоодох эрхийн үнэмлэхтэй эсэх нь тодорхойгүй этгээдэд автомашин жолоодох зөвшөөрөл олгосон нь осол гарахад нөлөөлсөн. Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар нэхэмжлэгч Оийн өмчлөлийн 22-34 УНМ улсын дугаартай, "Тоёота Ланд Круйзер-J200" маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 139,358,624 төгрөг, шинжээчийн ажлын хөлсөнд төлсөн 4,180,758 төгрөг, нийт 143,539,382 төгрөгөөс хариуцагч Баас 71,769,691 төгрөг, хариуцагч Д.Жаас 71,769,691 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ариунбулаг шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Хариуцагч Б зөрчлийн хэргээр сум орон нутгаасаа гарч болохгүй /арга хэмжээ авхуулсан/ байгаа тул одоог хүртэл хариу тайлбар бичгээр гаргаагүй. Осолд орсон тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ нь худалдааны төвүүд, техникийн зах дээр 110,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байна. Гэтэл хаана, ямар үнэлгээний компаниар үнэлүүлсэн нь мэдэгдэхгүй, хаана, ямар засвар үйлчилгээг хэдэн төгрөгөөр хийлгэсэн, мөнгө нь хэнээс гарсан зэрэг нь тодорхойгүй байна. Тэгэхээр үнийн дүнг хариуцагч Б хүлээн зөвшөөрөхгүй байгаа” гэжээ.

Хариуцагч Д.Жийн хариу тайлбарт болон итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Отгонсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “...нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан. Би Ц.Пийн малыг 2010 оноос эхлэн одоог хүртэл маллаж ирсэн. 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Үүр наймган гэх газарт нэхэмжлэгчийн нөхөр Ц.П “Тоёота Ланд Круйзер-J200” маркийн автомашинтай адуу малаа харахаар явсан. Ц.П замдаа н.Балхүү гэх айлд архи уугаад үлдсэн. Намайг адуу малаа хараад ир гэсэн. Би машиныг нь бариад явж байхад Бын тэнд адуу байхаар нь очсон. Би жолооны эрхгүй тул Бд машиныг бариулсан. Тэгээд Бын хамт Эрка ахынд очоод архи уусан. Тэндээ гараад Ц.Пийн байгаа айлд очтол эзэнгүй байхаар нь буцаад явахдаа осолдсон. 2023 оны 6 дугаар сард Заамар сумын Хайлааст багийн цагдаагийн тасаг дээр Бтай уулзахад “...би төлнө...” гэж цагдаад хэлсэн. Иймд хариуцагч Д.Ж нь осол гаргаж, нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хохирол учруулаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ

3.Иргэдийн төлөөлөгч Д.Ганбат нь “1.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан. 2.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Д.Ж, Б нарын буруу...төлбөр мөнгөний хувьд өндөр тогтоогдсон болов уу гэж бодож байна. Хэрэв энэ өндөр дүнгээр төлбөр тогтоогдсон бол хариуцагч тал хүсэлтийн дагуу автомашиныг өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргажээ.

   4.Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.3, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч Баас 32,553,406 төгрөг, хариуцагч Д.Жаас 32,553,406 төгрөгийг тус тус гаргуулан, нэхэмжлэгч От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,432,572 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 875,646 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б, Д.Ж нараас 241,742 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч От олгож шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийдвэрийн дараах зүйл, заалтуудыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8-р хэсэгт "Шүүх бүрэлдэхүүн 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн “Тэнцвэр Эстимэйт" ХХК-ийн эвдрэл хохирлын үнэлгээний тайлан, Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 453 дугаар хариу мэдэгдэх хуудас зэрэгт дурьдагдсан 130,213,624 төгрөгөөр гэм хорын хохирлыг тооцож тогтоох нь зүйтэй гэж дүгнэжээ.

 Гэтэл хэрэгт авагдсан үнэлгээний компанийн тайлангаар тухайн автомашинд 139,358,624 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон байтал прокурорын хариу мэдэгдэх хуудсанд алдаатай бичигдсэн 130,213,624 төгрөгөөр хохирлын үнэлгээг тогтоож 9,145,000 төгрөгөөр дутуу үнэлсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн болохыг харуулж байна. Тодруулбал, хэрэгт авагдсан үнэлгээний тайланд шууд зардалд 130,968,624, шууд бус зардал 8,390,000 нийт 139,358,624 төгрөгийн хохирол учирсан болохыг тодорхой бичсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 14-р хэсэгт ...өөрийн буруугаас тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж заасан...гэсэн, 16-р хэсэгт "...Тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн хүнд жолоогoo шилжүүлсний улмаас гэм хорын хохирол үүссэн ба тээврийн хэрэгсэл ашиглах боломж олгосон өмчлөгч, эзэмшигч хэн аль нь хуульд заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй юм” гэжээ. Ц.П хариуцагч Д.Жд автомашинаа эзэмшүүлэх зөвшөөрөл өгөөгүй, жолоодох эрхийн үнэмлэхгүй гэдгээ түүнд хэлэлгүй дур мэдэн тухайн автомашиныг унаж явсан, ослын талаарх дуудлагыг Ц.П цагдаагийн байгууллагад өгсөн. Хэрэв Ц.П согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, жолоодох эрхийн үнэмлэхгүй этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол түүний үйлдэлд хуульд зааснаар хариуцлага тооцох хуулийн зохицуулалттай. Тиймээс хэргийн оролцогч бус Ц.Пийг гэм буруутайд тооцсон талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад түүнийг гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Мөн нэхэмжлэгч Оийг өөрийн нөхөр Ц.Пид автомашинаа шилжүүлэн өгсөний улмаас уг осол болсон гэж үзэн нэхэмжлэгчийг учирсан хохирлоос нөхөн төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн. Хуульд зааснаар гэм хор гэдэг нь гэм буруутай этгээдийн санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол хоёрын шалтгаант холбоог ойлгоно. Уг гэм хорыг арилгах этгээд гэм буруутай нь тогтоогдсон байхыг шаарддаг. Нэхэмжлэгч О, Ц.П нар эхнэр, нөхөр бөгөөд Гэр бүлийн тухай хуульд зааснаар осолд орсон автомашин гэр бүлийн дундын өмч юм. Эхнэр, нөхрийн хувьд гэр бүлийн дундын өмч хөрөнгөө хэрхэн эзэмшиж, ашиглах нь тэдний эрхийн асуудал бөгөөд нэхэмжлэгч О нөхөртөө автомашинаа эзэмшүүлснээр уг гэм хор учрахыг урьдчилан тооцоолох боломжгүй, тэдний гэм буруутай болох нь тогтоогдоогүй байтал ямар үндэслэлээр тэднийг гэм буруутай гэж үзэн учирсан хохирлоос хариуцуулж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 29-р хэсэгт "нэхэмжлэлийн шаардлагад хамаарах 4,180,758 төгрөгийн бэлэн мөнгөний орлогын баримт нь өөр бусад ибаримт гэх мэт баримтаар тогтоогдохгүй, хэн тушаасныг тодорхойлох боломжгүй байдал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан шаардлага хангаагүй” гэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч өөрийн автомашинд учирсан хохиролд үнэлгээ хийлгэх үедээ шинжээчийн зардал болох 4,180,758 төгрөгийг үнэлгээний компанид тушааж төлбөрийн баримтыг эх хувиар гаргаж өгсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгнө гэсэн хуулийн шаардлагыг хангасан атал уг нотлох баримтыг үнэлээгүй нь хуульд нийцэхгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 20.1 дэх хэсэгт "514-р зүйлийн 514.1-д "гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж тус тус заасан гэжээ. Нэхэмжлэгч О хариуцагч нарт бус өөрийн нөхөр Ц.Пид автомашинаа өгч явуулсан, уг үйлдлийн улмаас Ц.П зам тээврийн осол гаргаж гэм хор учруулаагүй, хохирогчийн буюу нэхэмжлэгчийн ямар болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл уг гэм хорыг учрахад хэрхэн яаж нөлөөлсөн гэдэг нь ойлгомжгүй, хуулийн буруу зүйл, заалтыг баримтлан үндэслэлгүй гэм хорын хэмжээг багасгасан гэж үзэж байна. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.3-т "Шийдвэрийг анхан шатны шүүх, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн заалт огт хэрэгжээгүй гэж үзэж байна. Иймээс хариуцагч нарын гэм буруутай үйлдэл болон учирсан хохирол, хор уршгийн хооронд шалтгаант холбоотой, мөн гэм хорын хохирлыг хариуцагч нар төлөх нь үндэслэлтэй байх тул Төв аймгийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ2023/00930 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гэм буруутай нь баримтаар тогтоогдсон хариуцагч нараас 143,539,382 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

1.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байгаа ч хэрэгт авагдсан үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байгаа тул давж заалдах шатны шүүх үйл баримтад дүгнэлт хийх замаар шийдвэрт өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой байна. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээс зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2.Нэхэмжлэгч О эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд 143,539,382 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн үндэслэлээ  “...2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Оийн нөхөр Ц.П нь өөрийн малыг малладаг малчин Д.Жыг гэрт нь хүргэж өгөх, адуу малаа эргэх зорилгоор явсан. 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр Д.Ж нь адуугаа эргэхдээ  зөвшөөрөлгүй Ц.Пийн жолоодож явсан 22-34 УНМ улсын дугаартай “Тоёота Ланд круйзер-J200” маркийн автомашиныг унаж явсан. Мөн найз Бынд очиж хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд жолоогоо Бд шилжүүлж өгсний улмаас зам тээврийн осол гаргаж эд хөрөнгөд 143,539,382 төгрөгийн хохирол учруулсан. Иймд хохирлыг хувь тэнцүүлж буюу хариуцагч Баас 71,769,691 төгрөг, хариуцагч Д.Жаас 71,769,691 төгрөг тус тус гаргуулна...” гэж тайлбарласан.

Хариуцагч Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргахдаа “...хөрөнгийн үнэлгээг хаана, ямар компаниар үнэлүүлсэн, ямар завсар үйлчилгээ хийлгэсэн нь мэдэгдэхгүй, хэнд хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй. Зах дээр ийм машины ханш 110,000,000 төгрөг байхад хэт өндөр үнэлсэн...” гэсэн үндэслэлээр үгүйсгэсэн.

Хариуцагч Д.Ж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргахдаа “...Ц.П нь айлд архи уугаад үлдэхдээ намайг машин бариад адуу малаа хараад ир гэсэн. Тэгээд Бын тэнд адуу байхаар нь очсон ба хамт архи уусан. Би жолооны эрхгүй тул Бд машиныг бариулж яваад онхолдсон. Б хохирлыг төлнө гэж цагдаад хэлсэн...” гэсэн үндэслэлээр үгүйсгэн мэтгэлцсэн.

Харин зохигчид гэм буруутай эсэх үйл баримтын талаар маргаагүй болно.

3.Хэргийн үйл баримтаас дүгнэвэл, хариуцагч Д.Ж нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн б/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан хүнд жолоогоо шилжүүлэх гэсэн заалтыг,

хариуцагч Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.1 Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч ...бичиг баримттай байна. а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэх, 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн...”, 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдөр нэхэмжлэгч Оийн өмчлөлийн 22-34 УНМ улсын дугаартай “Тоёота Ланд Круйзер-J200” маркийн тээврийн хэрэгсэлд хохирол учруулсан болох нь Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол, 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0274907 дугаар шийтгэлийн хуудас, 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Төв аймаг дахь цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахмад Ш.Анхбаярын гаргасан дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогджээ. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны төрлийг зөрчлийн улмаас үүсэх үүргийн харилцаа гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох, хариуцагч нар татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүрэгтэй.

Нэхэмжлэгч О нь эд хөрөнгөд 143,539,382 төгрөгийн гэм хорын хохирол учруулсан болохыг “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд солих эд анги буюу шууд зардал 130,213,624 төгрөг, засварлах ажлын хөлс буюу шууд бус зардал 8,390,000 төгрөг, “Тэнцвэр Эстимэйт” ХХК-аар хөрөнгийн үнэлгээ гаргуулахдаа 2022 оны 3 сарын 07-ны өдөр 4,180,758 төгрөг төлсөн баримтаар нотолсон. /хх-41/

Харин хариуцагч Д.Ж, хариуцагч Б нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн ч татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцааж мэтгэлцээгүй байна.

5.Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч Оийн эд хөрөнгөд учруулсан хохирлыг 130,213,624 төгрөг гэж үзэхдээ хохирол тогтоосон бус хариуцагч нарын гэм буруугийн үйл баримттай холбоотой баримтыг буюу Төв аймгийн прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 453 дугаартай хариу мэдэгдэх хуудаст 130,213,624 төгрөг бичсэнийг үндэслэл болгосон,

Мөн “Тэнцвэр Эстимэйт” ХХК-иар хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн төлбөрт 4,180,758 төгрөг төлсөн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орлогын баримтад компанийн нэр, тамга дарагдаж баталгаажсан, хэрэгт хамаарал бүхий баримт байхад хэрэгт авагдаагүй “Е” баримтаар тогтоогдоогүй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан заалтад нийцээгүй байна гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч О 22-34 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-J200 маркийн автомашины өмчлөгчөөр бүртгэлтэй ч нэхэмжлэгчийн гэр бүлийн гишүүн болох нөхөр Ц.П уг автомашиныг хуулийн дагуу эзэмшиж, ашиглаж байсан тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохирлыг шаардах эрх хэн алинд нь үүснэ. Гэм буруутай тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхгүй болно.

 Иймд нэхэмжлэгч тал хариуцагч Д.Ж, Б нарт 22-34 УНМ улсын дугаартай Тоёота Ланд Круйзер-J200 маркийн автомашиныг ашиглах боломж олгосны улмаас зам тээврийн осол гарсан нь хариуцагч нарын дээрх тайлбар, хариуцагч Д.Жийн гэм буруутай үйлдэлд шийтгэл оногдуулсан 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 0274907 дугаар шийтгэлийн хуудас, Бд холбогдох Төв аймгийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 331 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” тогтоол зэрэг баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан уг үйл баримт болон иргэдийн төлөөлөгчийн “1.тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ жолоо барьсан. 2.Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь Д.Ж, Б нарын буруу...төлбөр мөнгөний хувьд өндөр тогтоогдсон... Хэрэв энэ өндөр дүнгээр төлбөр тогтоогдсон бол хариуцагч тал хүсэлтийн дагуу автомашиныг өгөх нь зүйтэй” гэсэн дүгнэлтийг үндэслэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1., 510 дугаар зүйлийн 510.1., 514 дүгээр зүйлийн 514.1.-т зааснаар нэхэмжлэлийн хэмжээг бууруулсан нь зүйтэй боловч хариуцагч нарт хүлээлгэх үүргийг 50 хувиар багасгасан нь гэм буруутай байдалд нийцсэн гэж үзэх боломжгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хариуцагч тус бүрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож заагаагүй нь ойлгомжгүй болжээ.

Иймд хариуцагч Д.Ж, хариуцагч Б нараас 57,415,753 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч От олгож, хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээс 14,353,938 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

7.Хууль хэрэглээний хувьд Иргэний хуулийн 499 дүгээр зүйл нь тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах зохицуулалтыг нарийвчлан зохицуулсан тул анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

8.Харин шүүхийн зардлыг хуваарилахдаа холбогдох хуулийг зөв сонгож хэрэглээгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Д.Ж, Б нараас улсын тэмдэгтийн хураамж 445,028 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч От олгож,

Мөн хариуцагч тус бүрээс шаардсан нэхэмжлэлийн үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцоход 157,952 төгрөг дутуу төлөгдсөн байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 58 дугаар зүйлийн 58.1.-д зааснаар нэхэмжлэгч Оээс нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

9.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоос зарим хэсгийг дээрх үндэслэлээр хангасан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 875,646 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 151/ШШ202/930 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...хариуцагч Баас 32.553.405 төгрөг, хариуцагч Д.Жаас 32.553.405 төгрөг ..., нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 78,432,572 төгрөгийг...” гэснийг “...хариуцагч Б, Д.Ж нараас  57.415.753 /тавин долоон сая дөрвөн зуун арван тав долоон зуун тавин гурав/ төгрөгийг тус тус гаргуулж..., хариуцагч нарт холбогдох нэхэмжлэлээс 14,353,938 /арван дөрвөн сая гурван зуун тавин гурав мянга есөн зуун гучин найм/ төгрөгт холбогдох хэсгийг тус тус...” гэж

2. дахь заалтад “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар...хариуцагч Б, Д.Ж нараас 241,742 төгрөг тус тус гэснийг “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., 58 дугаар зүйлийн 58.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д... хариуцагч Б, Д.Ж нараас 445,028 /дөрвөн зуун дөчин таван мянга хорин найм/ төгрөг тус тус... нэхэмжлэгч Оээс улсын тэмдэгтийн хураамж 157,952 /нэг зуун тавин долоон мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг нөхөн гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай” гэж нэмж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 875,646 /найман зуун далан таван мянга зургаан зуун дөчин зургаа/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                            ДАРГАЛАГЧ,

                   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                          М.МӨНХДАВАА

 

                                                                                З.ТҮВШИНТӨГС