Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 223/МА2024/00001

 

 

 

 

 

 

  2024           02            01                                                            223/МА2024/00001

 

 

Б.Сгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00813 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Б.Сгийн нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхням нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

1.Нэхэмжлэгч Б.С нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: “...Миний бие Бяруузаны Сүнжидмаа нь Төв аймгийн Бүрэн сум Бүрэндэлгэрэх нэгдэлд 1987 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчин, саальчнаар ажилласан. Аймгийн төрийн архиваас Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдлийн даргын 1987-1990 оны ажилд томилсон болон чөлөөлсөн тушаал, Бүрэн сумын Бүрэндэлгэрэх ХК-ний 1991-1993 оны тушаал архивт байхгүй, лавлагаа олгох боломжгүй байгаа тул Б.С миний 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний хүртэлх хугацаанд Бүрэн сумын Бүрэндэлгэрэх нэгдэл ХК-д малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ. 

2.Анхан шатны шүүх: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Ширгүүн хаяа овогт Бяруузаны Сүнжидмаа /РД:ЗП71020801/-гийн 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож,

Нэхэмжлэлийн шаардлагаас 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг тус тус хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч Б.Сгийн давж заалдах гомдол тайлбарын агуулга: "...Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00813 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч Б.С миний бие эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Монгол Улсын иргэн Бяруузаны Сүнжидмаа миний бие ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг тус аймгийн анхан шатны шүүхэд гаргасан. Тодруулбал, Төв аймгийн Бүрэн сумын "Бүрэндэлгэрэх" нэгдэл, "Бүрэндэлгэрэх" ХК-д 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан бөгөөд үүнийг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн дүүрэн судлан, шинжлэлгүй 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд тус нэгдэлд малчин, саальчнаар ажиллаж байсныг тогтоосонд  гомдолтой байна. Б.С миний бие тус нэгдэлд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр ажилласан хоног, тооцсон цалин, үүнийг баталгаажуулж гарын үсэг зурагдсан хөдөлмөрийн дэвтэр хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэвч энэ талаарх ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архивын газар болон холбогдох байгууллагуудад байхгүй байсан учир өндөр насны тэтгэвэр тогтоолгоход шаардагдах баримт бичгийн бүрдэл дутаж, үүнийг шүүхийн байгууллагаар тогтоолгох болсон. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нийт 12 ширхэг нотлох баримтуудаас 9 нь буюу дараахь нотлох бармитуудад "Бүрэндэлгэрэх" нэгдлийн баримт ирээгүй, байхгүй учир Б.С надтай холбогдох баримтыг гаргах боломжгүй гэсэн байдаг. Харин Төв аймгийн Бүрэн сумын "Бүрэндэлгэрэх" нэгдлээс олгосон хөдөлмөрийн дэвтэр Б.С намайг Нэгдлийн даргын тушаалыг үндэслэн 1971 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр "Бүрэндэлгэрэх" нэгдлийн "Булангаа хэсгийн" малчнаар томилж, тус нэгдлийн тамга тэмдэг дарагдсан бөгөөд 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүр ажилласан хоногийн тэмдэглэн, үүнд тохирох цалинг тооцож олгосон болохыг баталгаажуулан холбогдох ажилтан нь гарын үсэг зурж, тамга дарагдсан байдаг. Жишээ нь 1987 оны 01 дүгээр сард 30 хоног ажиллаж 46 төгрөг 20 мөнгө авсан, 1988 оны 01 дүгээр сард 30 хоног ажиллаж 62 төгрөг 32 мөнгө авсан, 1989 оны 01-р дүгээр сард 30 хоног ажиллаж, 124 төгрөг 16 мөнгө авсан, 1990 оны 01 дүгээр сард 30 ажиллаж 120 төгрөг 16 мөнгө авсан, 1991 оны 01 дүгээр сард 31 хоног ажиллаж 1188 төгрөг авсан, 1992 оны 01 дүгээр сард 30 хоног ажиллаж 300 төгрөг авсан, 1993 оны 01 дүгээр сард 30 хоног ажиллаж 420 төгрөг авсан гэх мэт сар бүр ажилласан хоногоо тооцуулж цалин авсан буюу намайг ажилласан болохыг харуулж байна. Мөн гэрч Д.Цэндийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт намайг тус нэгдэлд 1987 оноос хойш ажиллаж байсан болохыг гэрчилсэн буюу Б.С нь 1982-1995 он хүртэл Төв аймгийн бүрэн сумын "Бүрэндэлгэрэх" нэгдлийн Булангаа бригдад болон "Бүрэндэлгэрэх" ХК-д тус тус малчнаар ажиллаж байсан, тус газарт өөр Сүнжидмаа гэдэг нэртэй хүн миний мэдэхээр ажиллаж байгаагүй, цалин нь 200-450 төгрөг байсан гэх мэдүүлгийг өгсөн байдаг. Тухайн үед хөдөөний айлын хүүхдүүд маш бага наснаасаа эхлээд л мал маллах ажил хийдэг байсан бөгөөд миний хувьд ч багаасаа малчин болж тус нэгдэлд ажиллаж ирсэн. Мөн тухайн үеийн малчин эмэгтэй хүн бүр, миний бие ч хүүхэд төрүүлсний дараа амралт гэж авч байгаагүй мал маллах, малчин гэх ажлаа давхар хийж гүйцэтгэж  байсан. Иймд Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00813 дугаар шийдвэр үндэслэлгүй байх тул хүчингүй болгож,  нэхэмжлэгч намайг Төв аймгийн Бүрэн сумын "Бүрэндэлгэрэх" нэгдэл, "Бүрэндэлгэрэх" ХК-д 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажилласан байсан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянав.

1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

2. Б.С нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэл, “Бүрэндэлгэрэх” ХК-д 1987 оны 01 дүгээр сарын 01-нээс 1993 оны 6 дугаар сарын 01-нийг хүртэл хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч Б.С нь шүүхэд мэдүүлэх эрхийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлээс Б.Сд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-н 4/, Төв аймгийн Бүрэн Сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлээс 1991 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Б.Сд олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-н 5/, Нийслэлийн Налайх дүүргийн 5-р хорооны Засаг даргын 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 253 дугаартай тодорхойлолт /хх-н 7/, Архивын Ерөнхий газар, Үндэсний архивын тасгийн 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 1569 дугаартай тодорхойлолт /хх-н 8/, Төв аймгийн Архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 521 дугаартай лавлагаа /хх-н 9/, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 897 дугаартай лавлагаа /хх-н 10/, гэрч Д.Цэндийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх-н 23-24/, Төв аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 586 дугаартай архивын лавлагаа /хх-н 26/, Төв аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 586 дугаартай цалингийн түүвэр /хх-н 26/, Архивын ерөнхий газар, Үндэсний төв архивын 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 02/995 дугаартай лавлагаа /хх-н 28/, Төв аймгийн Бүрэн сумын Засаг даргын Тамгын газрын 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 03/229 дугаартай лавлагаа /хх-н 33/, Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 907 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б.Сгийн ХААТР-1 маягт, хаягийн хуудас, төрөгсдийг бүртгэх анкет /хх-н 29-32/ зэрэг нотлох баримтыг цуглуулж, анхан шатны шүүхэд гаргаж өгчээ.

4. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн үзэхэд нэхэмжлэгч Б.С нь Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэлд 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр  хүртэлх хугацаанд малчин, саальчнаар ажиллаж байсан үйл баримт тогтоогдож байна. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэл, “Бүрэндэлгэрэх” ХК-д ажиллаж байсан талаар нэхэмжлэгч нотолж чадаагүй байна.

5. Нэхэмжлэгч Б.Сгийн гаргасан нэхэмжлэлтэй иргэний хэрэг нь онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх хэрэг байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт болох Архивын ерөнхий газар, Үндэсний төв архив, Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын, Төв аймгийн Архивын тасгийн лавлагаануудыг нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх бүрдүүлсэн боловч 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэл, “Бүрэндэлгэрэх” ХК-д ажиллаж байсан байдлыг нотлох баримт гарч ирээгүй байна.   

6. Нэхэмжлэгч Б.С нь Д.Цэндийг гэрчээр асуулгах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу хангаж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр нотлох баримтыг бүрдүүлсэн нь нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар хуульд заасан журамд нийцсэн байна. Гэрч Д.Цэнд нь “ ...Б.С нь 1982-1990 он хүртэл Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдлийн Булангаа бригадад малчнаар, 1990-1995 он хүртэл “Бүрэндэлгэрэх” ХК-д малчнаар тус тус ажиллаж байсан...” /хх-н 24/ гэж мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлэгт нэхэмжлэгчийн ажилласан байдлын талаарх үйл баримт, он, сар, өдрийг тодорхой мэдүүлээгүй, гэрчийн өгсөн мэдүүлэг нь өөр бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдоогүй байна.

7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Сгийн “Төв аймгийн Бүрэн сумын “Бүрэндэлгэрэх” нэгдэл, “Бүрэндэлгэрэх” ХК-д малчин, саальчнаар 1990 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр  хүртэлх хугацаанд ажиллаж байсан байдлыг” тогтоож, нэхэмжлэлийн шаардлагаас “1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд, 1992 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч Б.Сгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

8. Давж заалдах шатны шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв  аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 151/ШШ2023/00813 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Б.Сгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.МӨНХДАВАА

 

 

  ШҮҮГЧИД                                           З.ТҮВШИНТӨГС

                                                                                    Р.МӨНХ-ЭРДЭНЭ