Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 207/ма2024/00038

 

 

 

 

 

Б.Н-ын нэхэмжлэлтэй, хариуцагч

Б.Б-д холбогдох иргэний

хэргийн тухай

 

 

О аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.А, Ерөнхий шүүгч Б.Б нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн 107 дугаар танхимд хийсэн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Б.Н-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох,

Оёдлын утас, материалын үнэ 1,240,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч Б.Б-гийн шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Б.Бийн илтгэснээр хянан хэлэлцэж шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагч Б.Б-, нарийн бичгийн дарга Б.М- нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Н-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Н- нь Б.Б-гаас оёдлын утас, материал авахаар 2022 оны 4 дүгээр сард 150.000 төгрөг, 5 дугаар сарын 3-ны өдөр 1.090.000 төгрөгийг тус тус шилжүүлж, оёдлын утас, материал авах захиалга өгсөн. Гэтэл Б.Б- нь хаягдал, хэрэглэх боломжгүй бараа материал явуулсан тул би буцаан өөр рүү нь уг материалыг өгч явуулсан. Ингээд өгсөн мөнгөө авах гэж удаа дараа холбогдох үед хэл амаар доромжилж, миний мөнгийг өгөхгүй өдийг хүрлээ. Би энэ хүнийг огт танихгүй, юм хувиараа юм оёдог. Зун ах дээрээ ирсэн байсан юм оёдог гэхээр нь хотоос бөөний утасны дугаар авах гэж л дугаарыг нь авсан. Э хот хоёр адилхан, та Эээс авчих гэхээр нь санамсаргүй утасныхаа мөнгийг шилжүүлсэн чинь таг болсон. 2023 оны 05 сард хавар хэрээсний машины утас хэрэгтэй болоод бөөний газар олж мэддэггүй Б-г юм оёдог гэхээр нь бөөний утасны дугаар авах гэж залгасан. Б-гийн дугаарыг манай нөхөр хоёр ахаас нь авч өгөөд залгасан. Залгахад Э хот хоёр адилхан байна лээ. Ах бид хоёр сая хотоос явж явж ирсэн, би эндээс аваад явуулъя шуудан хүргэдэг гэхээр нь 1 кг утас 15,000 төгрөгөөр үнэлээд 150,000 төгрөгт 10 кг утас авъя гэж мөнгөө өгсөн. Тэрийгээ ч аваагүй хэд хоног алга болж байснаа гэнэт дотор үнэд орох гээд байна шүү энд аваад удсан хямдарна 8500 төгрөгөөр өгнө, энэ дотроо манай эндээс авчих гэхээр нь надад сонин санагдаад нөхөртөө хэлэхэд чамайг бодоход төв газар юм оёсон янзын юм оёдог, танихгүй хүнээс авч байхаар таньдаг хүнээсээ ав гэхээр нь нэг л худлаа санагдаад байна гэхэд манай нөхөр чи хийчих салон удирдсан хүн янзын юм явуулна гэхээр нь 1.090.000 төгрөг явуулсан. Би мөнгөө 05 дугаар сарын 03-ны өдөр хийсэн, огт холбоо барьж чадахгүй байж байтал 07 сарын 25-ны үеэр манай хүн цагаанхаданд ажилладаг мэдэхгүй тосож аваад над руу явуулаад би 25 шуудаатай утас, 2 жижиг 40 метр дотор боогоод явуулсан байсан. Тэр нь ямар ч хэрэглэх боломжгүй язарч унасан материал байсан. 2 ширхгийг сулхан ороосон, авч ирж өгсөн жолооч нь ч мэдэж байгаа. Тэгэхээр нь би авч ирж өгсөн жолоочоор нь буцаагаад та одоохон сольж холиод чанаржуулаад авъя гээд буцаагаад явуулахад өөрөө каргоных нь мөнгийг өгөөгүй байсан. Огт утсаа авахгүй юм байна лээ өөр хүний утаснаас залгаад хэлэхэд та нарын асуудлыг би яаж мэдэх юм бэ, хоёр ахаараа алуулна, хядуулна гээд суулгахгүй юм байна лээ. Одоо 1,240,000 төгрөгөө гаргуулж авахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Б.Б- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие хувиараа оёдлын бизнес эрхэлдэг.Х аймгаас манай ээжийн хамаатан болох нэхэмжлэгч Б.Н- нэхэмжилж байгаа 1.240.000 төгрөгийг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Н- нь 2022 оны 04 дүгээр сард миний төрсөн ахаас миний утасны дугаарыг аваад эгчдээ оёдлын машины утас, дээлийн дотор өгөөд явуулаач гэж эхлээд над руу хандсан. Ээжийн маань хамаатан болохоор өөрийнхөө чадлаар туслахыг хичээсэн. Энэ үед миний хань элэгний хүнд өвчтэй эмчилгээгүй элэг яаралтай шилжүүлэх шаардлагатай гэсэн. Ханийгаа аваад эмнэлгээр явж, их ажлын хажуугаар хүссэн бараа материалыг нь авч боломжоороо цаг хугацаандаа тохируулан өгөөд явуулсан. Өөрөө хөдөө  Х аймгийн Г суманд байгаа. ...Хэсэг хугацааны дараа 05 сарын 03-ны өдөр над руу 1.090.000 төгрөг хийгээд дээлний дотор цаг үетэйгээ нийлээд үнэд орох гээд байна би таны утсыг бол авчихсан, ажлын байран дээр байна гэж хэлээд чатаар нөхөр рүү нь явуулж байсан. ...Удалгүй байж байтал 7 сарын сүүл хавьцаа наадмын үеэр ЭББ тээшнээс над руу яриад тан дээр илгээмж ирсэн байна гэхэд надад ийм илгээмж ирэх ёсгүй, хаанаас ирсэн юм бэ гэхэдХ аймгаас ирсэн байна гэсэн надад ийм илгээмж ирэх ёсгүй би У хотод явж байна хүлээж авч чадахгүй гэж хэлсэн гэв.

О аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 399.1-д заасныг баримтлан хариуцагчаас 1,090,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч Б.Н-ыг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 34.310 төгрөг төлөхөөс шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/.......... дугаартай захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 30.710 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан давж заалдсан гомдолдоо:

Шүүх хэрэгт шаардлагатай нотлох баримтыг миний гаргасан тайлбарын дагуу судлаж шаардлагатай бол маргаан хийж буй хүмүүсээс шаардаж гаргуулах юм байх гэж бодож ойлгож явсан. Гэтэл хэргийн оролцогч талууд өөрсдөө гаргаж өгөх байсан юм байна. Энэ хүний нэхэмжлээд байгаа мөнгөөр өөрийхөн захиалсан дагуу материалыг авч өгч явуулж тус болсон. Би уг мөнгийг өөртөө ашиглаагүй. Надад тэр хүнд туслаж дэм болох гэсэн сэтгэл байсан болоод л аваад өгөөд явуулах л бодол байсан. Харин энэ мөнгө шилжүүлсэн цаг хугацаанд манай нөхөр хүнд өвчний улмаас У хотод үзүүлж эмчилгээ хийлгэж байсан болохоор цаг хугацаа яг яаж өнгөрч байгааг бодох ямар ч сөхөө байгаагүй. Надад нөхрийгөө эрүүл болгож нэг өдөр ч гэсэн амьдруулчих юмсан гэж хичээж зүтгэж явсан хүнд өдрүүд байсан. Би уул нь хамаатан садан хүмүүс ойлгох байх гэж бодсон. Гэтэл өнөөдөр өгөөд явуулсан эд үзүүлүүдээ авахгүй буцаагаад надад ч хэлэхгүй явуулсан. Үүнийг нь авахгүй гээд явуулж байхад надад ч хэлэхгүй ЭБ- ЭБ тээш хадгалах газарт өөрөө устга хая гэж хэлсэн хүн нь өөрөө байж одоо надаас нэхэмжилж байгаад үнэхээр гомдолтой байна. Би шүүх хурлын дараа ЭБ-ЭБ тээш хадгалах газрын эзэнгээс асуухад нэхэмжпэгчийн дугаарт яриад буцаах гэхэд би ч авахгүй устга гэсэн гэж мэдлээ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөөр би материал авч өгч явуулсан. Түүнийг устгасан газар болох ЭБ-ЭБ ХХК -ыг хариуцагчаар татаж үнэн зөвийг тогтоох шаардлагатай байх тул О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү. Шүүх хуралд орно гэжээ.

ХЯНАВАЛ:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4.-т зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хяналаа.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Б.Б-д холбогдуулан оёдлын утас, материалын үнэ 1.240.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.

Шүүх хэргийг Иргэний хуулийн 399.1-д заасныг баримтлан хариуцагчаас 1,090,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Н- нь хариуцагч Б.Б-гаар дээлийн дотрын материал, оёдлын машины утас худалдан авахаар хариуцагч Б.Б-д захиж, түүний данс руу 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дээлийн дотрын материалын үнэ 1.090.000 төгрөг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1.-д ...даалгаврын гэрээгээр даалгавар гүйцэтгэгч нь даалгавар өгөгчийн нэрийн өмнөөс, түүний зардлаар тодорхой үйлдэл хийх, хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар өгөгч нь хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ..., гэж заасан даалгаврын гэрээний харилцаа үүссэн байна.

Хариуцагч Б.Б- ... О аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин шийдвэрлэхээр буцааж өгнө үү. гэсэн агуулгатай давж заалдсан гомдол шүүхэд гаргасан боловч энэ талаарх нотлох баримт хэрэг авагдаагүй байгаа нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасан ...шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх.., мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д заасан ...зохигч , гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.7.-т заасан нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх, үүргээ хариуцагч биелүүлээгүй болно.

Нэхэмжлэгч Б.Н- нь ...Иргэний хуулийн 401 дүгээр зүйлийн 401.1.-д даалгавар өгөгч нь өгсөн даалгаварынхаа гүйцэтгэлийг хүлээн авах, гэрээнд өөрөөр заагаагүй бол даалгавар гүйцэтгэхэд зайлшгүй шаардагдах зүйлийг даалгавар гүйцэтгэгчид олгох, даалгавар гүйцэтгэхтэй холбогдон гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй... гэж заасныг зөрчиж гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул үүссэн үр дагаврыг зохигчид тэнцүү хэмжээгээр хариуцах үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч Б.Б-гаас 545.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 695.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Б.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30.710 төгрөгийг буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.О аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 142/ШШ2024/............ дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг ...Иргэний хуулийн 399.1.-д зааснаар хариуцагч Б.Б-гаас 1,090,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-ад олгож, нэхэмжлэлээс үлдэх 150,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэснийг ...Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1., 401 дүгээр зүйлийн 401.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Б-гаас 545,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Н-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 695.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай... гэж өөрчилж,

Шийдвэрийн 2 дахь заалтанд Нэхэмжлэгч Б.Н-ыг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 34,310 төгрөг төлөхөөс шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/.......... дугаартай захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 30,710 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэснийг Нэхэмжлэгч Б.Н-ыг нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 34,310 төгрөг төлөхөөс шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 142/ШЗ2024/.......... дугаартай захирамжаар чөлөөлсөн болохыг дурдаж, хариуцагч Б.Б-гаас улсын тэмдэгтийн хураамж 17,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж шийдэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 53.3.-т зааснаар хариуцагч Б.Б-гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30,710 төгрөгийг төрийн сангаас шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5., 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.У

ШҮҮГЧ Л.А

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.Б