Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2024/00019

 

*******ын хүсэлттэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, Ерөнхий шүүгч Я.Туул, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 26-ны өдрийн 135/ШШ2024/00130 дугаар шийдвэртэй,

Хүсэлт гаргагч *******ад холбогдох,

Хүсэлтийн үндэслэл: "Хэлмэгсдэд олгох нөхөх олговорт хамруулах " тухай шаардлагатай,

Иргэний хэргийг хүсэлт гаргагч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *******, гуравдагч этгээд прокурор *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Хүсэлт гаргагчийн хүсэлтийн үндэслэл, шаардлага:

           ...Миний аав ******* овогтой ******* нь Завхан аймгийн харьяат 1910 онд төрсөн. Японы тагнуул Лхүмбийн хэрэгт хамсаатан гэх хэргээр 1939 онд улс төрийн хилс хэрэгт дайчлагдан баривчлагдсан юм. Аав маань Завхан аймгийн морьт хороонд сэлэм жагсаалын дарга намын гишүүн, дэслэгч цолтой цэргийн хүн байсан.

Завхан аймгийн Цагаатгалын комиссын баримтанд үзлэг хийхэд Завхан аймгийн шүүхийн 30/1940 оны 08 сарын 17-ны өдрийн 145 тогтоолоор Японы тагнуулын хэргээр эрүүгийн хуулийн 43, 45, 46 дугаар зүйлээр буудан алах ялаар Ч.*******ыг шийтгэсэн гэсэн судалгаа нотолгоо архивын баримтаас гарч ирсэн. Аавыг маань цаазын ялаас Улсын дээд шүүхээс өршөөсөн ч шорон гянданд 1 жил 6 сар хорин, эрүүдэн тамлан байцааж байдаг байсан. Мөн Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа бичиг баримтаар нотлогдсон. Улаанбаатар хот дахь УЦАлбаны дарга *******, референт ******* нар маань надад зөвлөн оршин суугаа нутгийнхаа анхан шатны шүүхэд өргөдлөө гаргаж өгөх нь чухал байна, шүүх таны өргөдлийг хянан үзээд энэ асуудлыг таньд шийдэж, шийдвэр гаргавал бидний зүгээс 2018 онд гаргасан нөхөн олговрын 40-80 сая төгрөгийг хуульд хамруулж өгөхөд татгалзах зүйл үгүй болно гэж хэлсэн билээ. Миний өргөдөл гомдлыг минь барагдуулж өгч тусална уу гэжээ. /хх-1-2х/

2. Төрийг төлөөлж прокурор ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...уг нөхөн олговрыг авахын тулд хуулийн зохицуулалт нь цаазаар авах ялаар шийтгэгдсэн шүүхийн албан ёсны шийтгэх тогтоол баримтууд байх ёстой. 40,000,000 төгрөг авахын тулд мөн хорих ялаар шийтгүүлж байсан талаар шүүхийн шийтгэх тогтоол байна. Энэ тохиолдолд хуулийн дагуу цагаатгах нөхцөл байдал Улсын дээд шүүхийн тогтоолоор цагаатгасан асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл бүрдүүлсэн баримтуудыг нь харахад хэлмэгдсэнд тооцогдсон хүн маань зөвхөн мөрдөн шалгагдаад ял төлөвлөж байсан баримт гардаг. Түүнийг ямар нэгэн байдлаар шийтгэсэн, хорьсон талаар шүүхийн шийтгэх тогтоол байхгүй байна гэж үзэж байгаа учраас дээрх нөхөн олговрыг олгох боломжгүй байна гэж үзэж байна. Мөн хилс хэрэгт хэлмэгдэгчдийн ар гэрт нөхөн олговор олгох тухай хууль хэрэгжээд 1,000,000 төгрөгийг олгож байгаа. Энэ мөнгийг нэхэмжлэгч 1999 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхээр 500,000 төгрөг, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 226 дугаартай шийдвэрээр 500,000 төгрөгийг тус тус авсан байдаг. Дээрх 40,000,000-80,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид гаргах хуулийн зохицуулалт байхгүй байна гэжээ. /хх-52-53х/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын хэлмэгсдийн ар гэрт нөхөх олговор олгуулах тухай нэхэмжлэл, хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хүсэлт гаргагч ******* давж заалдах гомдолдоо:

Миний аав ******* овогтой ******* нь 1939 онд улс төрийн хилс хэрэгт дайчлагдан баривчлагдсан. Японы тагнуул гэсэн хэргээр цаазын ялаар шийтгэгдсэн, Улсын дээд шүүхээс өршөөл үзүүлсэн боловч шоронгоос гаргалгүй 1 жил 7 сар гаруй хугацаанд шоронд мөрдөн байцааж тамлан суулгасан.

Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын лавлагааны баримт дахь Завхан аймгийн Цагаатгалын албаны судалгаа нотолгоо архивын лавлагааг 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан. Мөн урьд нь Монгол улсын Батлан хамгаалах яамны архивын лавлагаанд Ч.******* нь 12 сар шоронд суусан гэсэн лавлагаа авсан. Улсын төв цагаатгалын албанаас дээрх архивуудын лавлагааг шалган үзээд шүүхэд хандаж шийдвэрлүүлэхийг санал болгосон. Шүүхээр шийдвэрлүүлсэн тохиолдолд 40,000,000 төгрөгийн нөхөн олговрын хуульд хамруулж оруулж өгөхөд бэлэн байна гэсэн. Иймд надад туслан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзлээ.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргээс судлахад:

3. Нэхэмжлэгч ******* нь ... миний аав Ч.******* нь Завхан аймгийн харьяат, 1910 онд төрсөн, 1939 онд улс төрийн хилс хэрэгт дайчлагдан баривчлагдсан. Завхан аймгийн цагаатгалын комиссын баримтанд үзлэг хийхэд Завхан аймгийн шүүхийн 1940 оны 08 дугаар сарн 17-ны 145 дугаар тогтоолоор японы тагнуулын хэргээр Эрүүгийн хуулийн 43,45,46 дугаар зүйлээр буудан алах ялаар Ч.*******ыг шийтгэсэн гэсэн судалгаа нотолгоо архивын баримтаас гарч ирсэн. Аавыг маань цаазын ялаас УДШ-с өршөөсөн ч шорон, гянданд 1 жил 06 сар хорьж, эрүүдэн тамлан байцаадаг байсан. Мөн Батлан хамгаалах яамны төв архивын лавлагаа бичиг баримтаар нотлогдсон.

Улаанбаатар хот дахь Улсын Цагаатгалын Албаны дарга, референт нар надад зөвлөж оршин суугаа нутгийнхаа анхан шатны шүүхэд өргөдлөө гаргаж өгөх нь чухал байна. Шүүх, таны өргөдлийг хянан үзээд энэ асуудлыг тань шийдэж шийдвэр гаргавал бидний зүгээс 40-80 сая төгрөгийг олгох хуулинд хамруулж өгөхөд татгалзах зүйл үгүй болно гэж хэлсэн. Иймд миний өргөдөл, гомдлыг минь барагдуулж, хэлмэгдэгчдэд олгох нөхөх олговорт хамруулж тусална уу гэсэн агуулга бүхий нэхэмжлэлийн хүсэлт гаргасан/хх-1/ байна.

4. Шүүхэд төрийг төлөөлж оролцсон прокурор ******* тайлбартаа: ... Улсын Ерөнхий Прокурорын газрын 2021 оны 06 дугаар сарын 10-ны ******* дугаартай прокурорын тогтоолоор Ч.******* нарын 4 хүнд холбогдох хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгасан ******* дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.******* нарын 4 хүнийг улс төрийн хэрэгт хэлмэгдсэнд тооцсон байна.

...******* нь өөрийн эцэг Ч.*******ыг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн талаар гаргасан гомдлыг хэрэг үүсгэн шалгаж түүнийг шийтгэсэн талаар шүүхийн тогтоол олдоогүй, шийтгэсэн талаар нотлох баримт байхгүй тул улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 6,7 дугаар зүйлд зааснаар Улсын Ерөнхий Прокурорын газар гомдлыг шийдвэрлэж хариу өгсөн байна.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд “...13.2 энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараах нөхөх олговрыг дор дурдсанаар олгоно. 13.2.1- Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн ... хүүхдэд 80 сая төгрөг, 13.2.2.Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн  ... хүүхдэд 40 сая төгрөг...” гэж нөхөх олговор олгох үндэслэл болон хэмжээг тогтоосон.

Иргэний хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч *******ын эцэг Ч.******* нь улс төрийн хэрэгт мөрдөгдөж, ял төлөвлөгдөж хэлмэгдсэн боловч цаазаар авах болон хорих ялаар шийтгүүлсэн болох нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-45/

5. Анхан шатны шүүх: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т зааснаар хүсэлт гаргагч *******ын хэлмэгдэгчдийн ар гэрт нөхөх олговор олгуулах тухай нэхэмжлэл, хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. /хх-52-56/

6. Хүсэлт гаргагч ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, хэлмэгдэгчдийн ар гэрт нөхөх олговор олгуулах тухай нэхэмжлэл, хүсэлтийг хангаж өгөхийг хүссэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан  /хх-61/ байх ба уг гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх  дүгнэв.

Учир нь  7. Хууль тогтоогчоос Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “энэ хуулийн зорилт нь ...хэлмэгдэгчдийг цагаатгаж нэр төрийг нь сэргээх, тэдэнд нөхөх олговор олгох, ...хэлмэгдүүлэлтийн бусад үр дагаврыг арилгах ...-д оршино” гэсэн хуулийн зорилтын хүрээнд төр өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас хэлмэгдэгч болон түүний гэр бүлийн гишүүдэд учирсан/эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус/ хохирлыг арилгах нөхөх олговрын хэмжээ, боломжийг нэмэгдүүлэх зорилгоор 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэмэлт,өөрчлөлт оруулахдаа 13 дугаар зүйлийн 13.2. дахь хэсгийг нэмсэн байна.

8. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт “энэ хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй ...хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгоно, гэж, 13.2.1дэх хэсэгт  улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр/нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон ... хүүхдэд 80 сая төгрөг,

13.2.2 дахь хэсэгт “улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч  нас барсан бол түүний эхнэр/нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөг” олгоно гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасныг  хууль тогтоогчийн хүсэл зоригоор тайлбарлавал, “уг нөхөх олговрыг  зөвхөн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан “цаазаар авах”, эсхүл “хорих ялаар” шийтгүүлсэн, энэ талаарх шүүхийн шийтгэх тогтоол гарсан тохиолдолд олгоно”  гэж үзэхээр байна.

9. Хэрэгт авагдсан  Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар  Прокурорын 2021 оны 06 дугаар сарын 10-ны өдөр ******* дугаартай тогтоол /хх-5-6/-д ... мөрдөн шалгах ажиллагаагаар Ч.*******...нарыг улс төрийн  хэрэгт шийтгэсэн Шүүхийн тогтоол олдоогүй тул хэргийг Улсын Дээд шүүхэд шилжүүлэн шийдвэрлэх боломжгүй байна.

Харин “Ч.******* ...нарыг улс төрийн  хэрэгт холбогдуулан мөрдөн байцааж, ял төлөвлөж, шүүхээр шийтгэснийг Дээд шүүхээс хүчингүй болгон, мөрдөн байцаалтад буцааж байсан нь хэргийн материалаар тогтоогдсон бөгөөд тэднийг дахин шийтгэсэн шүүхийн тогтоол олдоогүй, Ч.*******, ... нарыг улс төрийн хэрэгт холбогдуулан хилсээр мөрдөн байцааж, ял төлөвлөж байсан нь тэднийг улс төрийн хэрэгт хэлмэгдсэнд тооцох үндэслэл болж байна” гэж дүгнэн  Ч.******* нарын 4 хүнд холбогдуулан шинээр илэрсэн нөхцөл байдлаар хэрэг үүсгэн шалгасан ц- дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Ч.*******, ... нарыг улс төрийн хэрэгт хэлмэгдсэнд тооцжээ.

10. Хүсэлт гаргагч ******* нь  Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн дагуу Баянгол дүүргийн шүүхийн 1999 оны 590 дугаар шийдвэрээр 500,000 төгрөг, Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн шүүхийн 2018 оны 226 дугаар шийдвэрээр 500,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлүүлсэн  байна./хх-34,38,46/

Анхан шатны шүүх дээрх бичгийн баримтуудыг үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

11. Хэрэгт авагдсан Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар  Прокурорын 2021 оны ******* дугаартай тогтоол/хх-5-6/-д  хэлмэгдэгч Ч.******* нь улс төрийн хэрэгт цаазаар авах болон хорих ялаар шийтгэгдсэн гэх шүүхийн тогтоол олдоогүй  талаар  дурдагдсан, харин   энэхүү иргэний хэрэгт  хэлмэгдэгч Ч.******* нь  ял шийтгэгдсэн талаарх бичгийн баримт огт авагдаагүй байна.

Тухайлбал, Завхан аймгийн шүүхийн 1940 оны 145 дугаар тогтоол хэрэгт авагдаагүй, улмаар хорих ялаар шийтгүүлсэн гэх энэхүү тогтоол байдаг эсэх талаар хүсэлт гаргагч *******аас тодруулахад “тогтоол байхгүй, олдохгүй байгаа, олохоор  2018 оноос хойш явж байна “ , 19 сар  цагдан хоригдсон гэх  тайлбарыг  гаргасан.

Хэрэв Завхан аймгийн шүүхийн 145 дугаар тогтоол нь  эх хувиар  эсхүл  “хуулбар” нь нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаж, уг тогтоолд  хэлмэгдэгч Ч.******* хэд хоног цагдан хоригдсон болохыг тоогоор илэрхийлсэн бол цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг  хоногт  тооцож  хоригдсон хоногийг тогтоох боломжтой гэж үзэхээр байх боловч 145 дугаар тогтоол хэрэгт авагдаагүй учир хэд хоног цагдан хоригдсон болохыг тогтоох боломжгүй байна. Харин  19 сар цагдан хоригдсон нь хорих ялаар шийтгэгдсэн гэж үзэхгүй юм.    

 Дээр дурдсан  нөхцөл байдлаас дүгнэхэд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах,тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 13.2.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хүсэлт гаргагч *******ын нэхэмжлэл, хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь  үндэслэлтэй, хууль зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан боловч нотлох баримтын шаардлага хангаагүй бичгийн баримтуудын талаар: 

12. Хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газар Тусгай архивын 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 08/3746 дугаартай лавлагаа/хх-4/, Монгол Улсын Ерөнхий Прокурорын газар 2021 оны дугаартай Хариу мэдэгдэх хуудас/хх-7/, Монгол Улс Батлах хамгаалах яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 4626 дугаартай лавлагаа/хх-8/, Монгол Улсын Дээд Шүүхийн Тамгын газрын 2020 оны 5/4976 дугаартай “өргөдөлд хариу өгөх тухай” албан бичиг/хх-9/, Дархан-Уул аймаг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын албаны 2019 оны 209 дугаартай албан бичиг/хх-12/ зэрэг нь  өнгөт болон хар “хуулбар” атал нотариатаар гэрчлүүлээгүй,

хэргийн 35-37,41-43 дугаар талд авагдсан баримтуудыг төрийг төлөөлж оролцсон прокурорын хүсэлтээр 2018 оны хэргээс хуулбарлан авсан  гэж үзэхээр байх боловч шүүх, архивын “хуулбар” тэмдгээр баталгаажуулаагүй байна.

 13. Дээрх бичгийн баримтууд нь нотлох  баримтын  шаардлага хангаагүй  талаар хүсэлт гаргагч *******аас тодруулахад  тэрээр ” ... байгаа, мэдээгүй учраас авчирсангүй” гэсэн хариулт  тайлбар/шүүх хуралдааны тэмдэглэл/хх-50/-аас үзвэл:  хэрэгт нотлох баримтын шаардлага хангаагүйгээр авагдсан бичгийн баримтуудын хувьд эх хувь нь өөрт нь  байгаа,  эх хувь эсхүл нотариатаар гэрчлүүлсэн “хуулбар”-г шүүхэд бичгийн баримтаар өгөх талаар мэдээгүй байна.

Шүүх, хүсэлт хүлээн авах үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтын шаардлага хангуулж авах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй, мөн   нэхэмжлэгчид тайлбарлаж ойлгуулаагүйтэй холбоотой гэж үзэхээр байна.

Гэвч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан “хуулбар” бичгийн баримтуудад ...таслан шийтгэсэн тогтоолгүй, дахин шийтгэсэн тогтоол олдоогүй, ял шийтгүүлсэн талаарх баримтгүй” гэж тэмдэглэгдсэн,  эдгээр баримтууд  эх хувиар хэрэгт авагдсан ч нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байна. 

            Харин цаашид шүүх, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд зааснаар нотлох баримтын шаардлагыг хангуулан авч байх нь зүйтэй болохыг удаа дараа анхааруулж байгааг энэхүү магадлалд дахин тэмдэглэж байна.

           14. Иймд *******ын  гомдлыг хүлээн авч хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ний өдрийн 135/ШШ2024/00130 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагч *******ын гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т зааснаар хүсэлт гаргагч ******* нь  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай. 

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.    

 

                          

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МЯГМАРСҮРЭН                                                    

                                            ШҮҮГЧИД                                    Я.ТУУЛ                                                                                  

                                                                                                       Х.БАЙГАЛМАА