Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 75

 

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч, хохирогч Т.О, түүний өмгөөлөгч А.Д,

шүүгдэгч, хохирогч Д.Т, түүний өмгөөлөгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж овогт Т От, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М овогт Д Т нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  1808044561310 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Эвт Уянга” нэртэй хоёрдогч түүхий эд авах газрын хашаанд Д.Ттой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар харилцан зодолдож түүний биед зүүн сарвуу, ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, зүүн зовхи, хацар, хүзүүнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Эвт Уянга“ нэртэй хоёрдогч түүхий эд авах газрын хашаанд Т.Отай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар харилцан зодолдож түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт хамарт шарх, баруун доод зовхины цус хуралт, баруун доод зовхи, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан тус тус гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь : 

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :     

Шүүгдэгч Д.Т нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр                                “Эвт Уянга” нэртэй хоёрдогч түүхий эд авах газрын хашаанд Т.Отай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан тус тус үйлдсэн болох нь : 

- хохирогч Т.Оын : “..2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 18 цагийн 5 шарын автобусны буудлаас “Эвт Уянга” нэртэй хоёрдогч түүхий эд авах газарт 0535 улсын дугаартай Тоёота приус 20 маркийн саарал өнгийн машинтай очиж, машинаа хашаан дотор байрлуулсан. Миний машины зөв талаар бараан өнгийн “жип” машин орж ирж зогсоод жолооч бууж ирээд машинаа цаашаа зогсоож чаддаггүй “пизда вэ” гэхээр нь одоо гарлаа “чи ямар сүртэй юм бэ”  гэсэн чинь эргэж хараад хоолой багалзуурдаад “хөгшин төгцөг чинь юу гээд байгаа юм” гээд хоолой боогоод, дайрахаар нь би энгэрээс нь зулгаасан, тэр үед хажууд худалдан авалт хийж байсан залуу хажуугаар орж ирээд салгаж байх хооронд нүүр рүү хоёр удаа хүчтэй цохисон. Тэр дороо миний хамарнаас цус гараад машин дотроосоо алчуур гаргаж арчсан...”тухай мөрдөн байцаалт /хх-5-8/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,   

- гэрч Э.Бын...2018.09.22-ны өдөр 18 цагийн үед саарал өнгийн, приус 20 маркийн автомашинтай эрэгтэй хүн “Эвт Уянга” нэртэй манай газрын хашаа руу орж ирээд, хаягдал төмөр зарж, надтай хамт зарсан төмрөө зөөж байсан...Тэр үед гагнуур хийдэг Т машинтай орж ирсэн ба Т машинаа цааш нь тавихгүй яасан юм чинь өөдөөс нь хэрэлдээд заамдалцаад эхэлсэн...би төмөр зөөж байсан тул цааш юу болсоныг хараагүй...Маргаан болсоны дараа төмөр зарсан жолоочийн хамрын нуруу цохигдоод шалбарчихсан байсан...гэх мэдүүлэг /х-14/,

- шинжээчийн дүгнэлт: Т.Оын биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамарт шарх, баруун доод зовхины цус хуралт, баруун доод зовхи, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-20/,

- шүүгдэгч Д.Тийн :...Би 2018 оны 09 дүгээр сарын 22-ны орой 18 цаг болж байхад “Эвт Уянга”  нэртэй хоёрдогч түүхий эд худалдаж авах цэгийн хашаан дотор өөрийн 3363 улсын дугаартай Пажеро маркийн хар ногоон өнгийн авто машинаа байрлуулсан.  Машины хажууд нэг саарал өнгийн приус 20 маркийн автомашин голлуулаад тавьчихсан байхаар нь тэр машины зүүн талаар чихэж оруулж тавьчихаад жолоочид нь хандаад “машинаа эвтэйхэн тавьчихад яадаг юм бэ” гэхэд “гарахын хооронд юун сүртэй юм бэ” гэж хариулсан, тэгээд бид 2 маргалдсан...би машинаасаа буугаад явсан чинь “юун сүртэй бацаан бэ” гээд байхаар нь эргээд тэр хүн дээр очсон, тэгээд хоёр талаасаа дундаа тулаад заамдалцаад хоорондоо түлхэлцсэн...Би тэр залуугийн энгэр дээрээс заамдаад авсан...Оын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хх-45-46/ зэрэг нотлох баримтуудаар, 

Шүүгдэгч Т.О нь 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр “Эвт Уянга” нэртэй хоёрдогч түүхий эд авах газрын хашаанд Д.Ттой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар харилцан зодолдож түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Д.Тийн: “..Би “Эвт Уянга” нэртэй хоёрдогч түүхий эд авах газрын хашаан дотор гагнуурчны ажил эрхэлдэг. 2018 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 15 цагийн орчим гадуур гарчихаад 18 цагийн орчим ажил дээрээ ирээд хашаа руу өөрийн 33-63 улсын дугаартай Пажеро маркийн машинаа...хашаан дотор голлоод тавьсан машины зүүн талаар нь чихэж байрлуулсан. Би жолоочид нь “машинаа эвтэйхэн тавьчихаж болдоггүй юм уу” гэсэн чинь нөгөө жолооч гарахын хооронд “юун сүртэй юм” гэж хариулсан. Бид хоёрын хооронд дахиад хэрүүл болоод хэрэлдэж бие биерүүгээ ойртсоор байгаад дундаа тулаад заамдалцаад хоорондоо түлхэлцсэн. Би тэр залуугийн энгэрээс заамдсан чинь миний гарыг тавиулах гээд миний гар руу хэд хэдэн удаа цохисон. Танихгүй хүн ирээд бид хоёрыг салгасан. Миний зүүн сарвуу, ядам хурууны алганы шивгүүрийн хугарал, зүүн зовхи, хацар хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдсон...О миний гарыг тавиулах гэж гар луу цохиод зүүн гарын сарвууны шивнүүрийг хугалсан. Нүүрэнд учирсан гэмтлийг гараараа хэд хэдэн удаа цохиж учруулсан тухай мөрдөн  байцаалт /х-10-12/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн :

- тухайн үед миний зүүн талд дандаа гэмтэл учирсан, бид харилцан бие биенээ заамдсан, барьцийг цохиж салгасан...Заамдаад ухарч байхдаа толийг мөргөсөн байж болох юм, нүүрээрээ толийг мөргөх үйлдэл гаргаагүй. Би баруун гараар үйлдэл хийсэн,  бичлэг дээр харагдаж байгаа, зүүн гараар боосон болохоос цохиогүй тухай мэдүүлэг, 

- гэрч Э.Бын...2018.09.22-ны өдөр 18 цагийн үед саарал өнгийн, 20 маркийн приус автомашинтай эрэгтэй хүн “Эвт Уянга” нэртэй манай газрын хашаа руу орж ирээд, хаягдал төмөр зарж, надтай хамт зөөж байсан...Тэр үед гагнуур хийдэг Т машинтай орж ирсэн ба Т машинаа цааш нь тавихгүй яасан юм чинь өөдөөс нь хэрэлдээд заамдалцаад эхэлсэн...Би төмөр зөөж байсан тул цааш юу болсныг хараагүй...маргаан болсны дараа Т “гар эвгүй болчихлоо” гэж хэлсэн, дараа нь шохойдчихсон явж байсан...гэх мэдүүлэг /х-14/,

- шинжээчийн дүгнэлт :...Д.Тийн биед зүүн сарвуу ядам хурууны алганы шивнүүрийн хугарал, зүүн зовхи, хацар, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацааанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна /х-24/,

- шүүгдэгч Т.Оын...Намайг хүрэмний захаар хоолой боогоод миний машин руу түлхээд байхаар нь би Тийн энгэр дээрээс нь зуураад холдуулах гэсэн чинь хажууд байсан нэг танихгүй залуу дундуур ороод салгасан...Зогсож байтал Т...миний нүүр рүү хэд хэдэн удаа гараараа цохиод авахаар нь дух руу нь  гараараа нэг удаа цохисон...Харилцан заамдалцаж байх үедээ хүзүүнд нь үүссэн цус хуралтыг учруулсан байх, хоёр машины голд ноцолдож байхад Т өөрийнхөө машины толийг мөргөсөн тэр үедээ хацар болон зүүн зовхиндоо гэмтэл авсан байх.../х-36-38/ гэх мэдүүлэг /х-36-38/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нарын тус тус үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд   Д.Т, Т.О нар харилцан зодолдож, бие биедээ хүч хэрэглэсний улмаас тус тусын эрүүл мэндэд хохирол учирсан тухай тус тус хохирогчоор мэдүүлэг өгсөн, тухайн хохирогч тус бүр мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, энэ нь гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус батлагдсан байх тул Д.Т, Т.О нарыг тус  бүр хохирогчоор мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотлох баримтгүй. Тодруулбал хохирогч Д.Т, Т.О нар тус бүр өөрөө өөртөө гэмтэл учруулаагүй байх тул хохирогч Д.Тийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол нь шүүгдэгчийн Т.Оын гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй, хохирогч Т.Оын эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Д.Тийн гэм буруутай, идэвхтэй үйлдэлтэй тус тус шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон гэж үзнэ.   

Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээтэй асуудал байхгүй, хохирогч тус бүр тухайн гэмт хэрэг гарсан даруйд эмнэлэгт үзүүлсэн баримттай, хохирогч нарын эрүүл мэндэд хохирол учруулсан хүчний үйлчлэлийн механизмын хувьд шүүгдэгч нар харилцан бие биедээ хүч хэрэглэсэн, идэвхтэй үйлдлээр нэгэн зэрэг хэрэгжсэн, хохирогч нарын эрүүл мэндэд тус бүр учирсан гэмтэл, шарханд хамаарах нотлох баримтаас үзэхэд  шүүгдэгч нар анхнаасаа харилцан заамдалцсан төдийгүй Д.Тийн хүзүүнд цус хуралт, Т.Оын хүзүүнд зулгаралт гэмтэл үүсгэсэн буюу бие биеийнхээ хүзүүг харилцан боолцсон улмаар хэн нь илүү хүч чадалтай болохоо үзүүлэхийг эрмэлзсэн сэдэлт, зорилгоор харилцан бие биедээ хүч хэрэглэсэн болох нь тогтоогдсон байх тул шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.            

Шүүгдэгч Т.О холбогдох хуулиар өөрт олгогдсон эрхийн хүрээнд өөрийн эсрэг мэдүүлэг өгөөгүй, гэм буруугаа зөвшөөрөхгүй байх нь түүнд холбогдох хэргийг үгүйсгэх үндэслэл, баримт болохгүй болно.  

Дээрх нотлох баримт бүхий үндэслэлийн хүрээнд “шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүй, аргагүй хамгаалалт хийсэн” тухай шүүгдэгч Т.О, түүний өмгөөлөгч нарын санал, дүгнэлтийг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв.         

Хохирогч Д.Т 416.160 төгрөгийн нотлох баримтыг хуулийн дагуу  гаргасан, хохирогч Т.О хохирлын 120,000 төгрөгийн баримт гаргасан /х-99/  байх тул тэдний хохирлыг харилцан тооцож, шүүгдэгч Т.Оаас 296,160 төгрөг гаргуулж, хохирогч Д.Тт олгох, харин хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаархи нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт : 

Шүүгдэгч нар тус бүр эрхэлсэн тодорхой ажилтай, эхнэр хүүхдүүтэй, ял шийтгүүлж байгаагүй зэрэг хувийн байдалтай байна.

Шүүгдэгч нар тус тус тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан торгох ял оногдуулав.  

Бусад асуудал    

Шүүгдэгч  нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г уг хэрэгт хадгалах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :    

 

1. Шүүгдэгч Д.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Т.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.Оыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Тийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт тус бүр оногдуулсан 600,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Д.Т нарт торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Оаас 296,160 төгрөг гаргуулж, хохирогч Д.Тт олгосугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг “CиДи”-г хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.    

7. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.  

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.О, Д.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР