Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 209/МА2024/00018

 

"*******" ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч Г.Мягмарсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00112 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч "*******" ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч "*******" ТӨХК-д холбогдох,  

Нэхэмжлэлийн шаардлага: "Гэм хорын хохиролд 5,400,265.50 төгрөг гаргуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Мягмарсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /цахимаар/, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

           Манай компанийн Тээврийн хэрэгслийн даатгалын №******* тоот гэрээний даатгуулагч "*******" ХК-ийн ******* УБН улсын дугаартай Тоуоtа prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг ******* нь 2023 оны 07 сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймаг Сайхан сумын Номгон багийн нутаг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн замд замын хөдөлгөөнд оролцох үед гэнэт хөдөлгөөн үйлдсэн зам засварын техникийг мөргөхгүй гэсэндээ зайлж дарснаас үүдэн зам дээр онхолдсон байна. Ковшийн жолооч нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, мөн "*******" ТӨХК-ийн Хөтөлийн шуурхай ажлын хэсгийн дарга З.Баярсайхан нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.4 “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй иргэн, хуулийн этгээд нь дараах үүргийг хүлээнэ а/ засварын ажил үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.21 тэмдэг тавьж анхааруулах, замын тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг байрлуулах” гэсэн заалтыг зөрчсөн нь даатгуулагчийн тээврийн хэрэгсэлд нийт 6,000,295 төгрөгийн хохирол учирснаас ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн 13.1 “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөний улмаас нэхэмжлэлийн шаардлагыг 5,400,265.50 төгрөгийн хохирлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасны дагуу ын буруутай үйлдлээс үүссэн гэм хорыг "*******" ТӨХК-аас нэхэмжилж байна.

Энэхүү ослын улмаас даатгуулагчид учирсан 5,400,265.50 төгрөгийг "*******" ХК-аас барагдуулж, Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ”..., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д "Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ” гэж тус тус заасны дагуу буруутай этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авсан.

Иймд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу гэм хорын хохирол болох 5,400,265.50 төгрөгийг "*******" ТӨХК-аас гаргуулж, "Мандал Даатгал" ХК-д олгож өгнө үү гэжээ. /хх-1-2х/

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн нутагт Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлд замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээрийн осол гаргасан "Мандал Даатгал" ХК-ийн даатгуулагч *******д учирсан хохирлыг манай байгууллагаас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ. /хх-ийн 33/

3. Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч "*******" ТӨХК-иас 2,700,132.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Мандал Даатгал ХК"-д олгож, үлдэх 2,700,132.75 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101,355 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 58,152 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч "*******" ТӨХК-ийн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үндэслэл нь:

1. “*******” ТӨХК-ийн зам засварын ажил гүйцэтгэж байсан Ковш нь дөнгөж хөдөлгөөн эхэлж байсныг нотлох нотломж байхгүй, харин том оврын техник нь засварын ажил гүйцэтгэж байхдаа аваарын гэрэл, дохио асааж, зуны улиралд шар өнгийн том оврын техник /өвс ургасан ногоон тал, асфальтан хучилттай хар зам зэргээс илт ялгарч харагдахаар/ өгсүүр замын орой хэсэгт 0,3-0,5 км/цаг орчим хурдтай, замын урсгалын дагуу урагшаа, шулуун хөдөлгөөн үйлдэж байсныг тухайн ажлыг гүйцэтгэж байсан ажилчид нотлох юм. Үүнээс үзэхэд хэдийгээр манай байгууллагын ажилтан замын хөдөлгөөний дүрмийн “3.7-гийн а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй”, зөрчилтэй байсан нь уг авто аваар гарсантай шалтгаант холбоо байхгүй гэж харагдахаар байна. Ковшийн жолооч нь эрхийн үнэмлэхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн шинжтэй үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн 14.7-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн хариуцлага хүлээсэн.

2. ... Уг авто аваар гарах цаг хугацаанд манай байгууллагын тухайн газарт ажил гүйцэтгэж байсан нөхцөл байдлыг авч үзвэл: Авто замын хөвөөний ажил Дарханаас-Эрдэнэт чиглэл тал нь хийгдэж дуусаад Эрдэнэтээс Дархан чиглэл буюу замын урд талын хөвөөний ажил хийхээр нүүдэл хийж байсан. Уг ажлыг хариуцан ажиллаж байсан ХШАХ-ийн дарга хүнд механизмууд болох /Автогрейдр, авто ачигч, замын индүү/ гэх мэт техникийг дараагийн байрлал руу нүүдэл хийх зааварчилгаа өгч явуулаад өөрөө зам засварын ажил гүйцэтгэж дууссан газраас зам засварын ажил явагдаж байгааг илтгэх тэмдгээ зөөвөрлөн авч, Эрдэнэтээс-Дархан чиглэлд байрлуулахаар, зөөвөр, нүүдэл хийж явсан байсан. Уг аваар гарсан цаг хугацаа нь өглөө /08:30-д/, цаг агаарын хэвийн нөхцөлд болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар ирүүлсэн ослын үеийн фото зургаар нотлогдож байгаа. Нартай, тогтуун, цаг агаарын ямар нэг онцгой үзэгдэл болоогүй нөхцөлд уг хэсэг газарт зам засварын ажил явагдаж байгаа нь илт харагдахаар нөхцөл байдалтай байсан, уг газар Автогрейдр, авто ачигч, индүү, үйлчилгээний авто машин нүүдэл хийж явсан бөгөөд осол гаргасан жолоочийн ирж явсан талд зам дээр Автогрейдр нүүдэл хийгээд явж байсан мөн манай ажилчид хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлтэй, ажил гүйцэтгэж байсан. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 01 тоот “Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл олгох зөвлөмж батлах тухай” тогтоолын хавсралт дэс дугаар 24-т Шар өнгийн хантааз нь “анхааруулах дохио өгөх шаардлагатай ажлын байранд” хэрэглэгдэх тухай тусгасан, үүнтэй холбоотой МЫ5 4643:1998 “Хөдөлмөр хамгаалал. Аюулгүй ажиллагааны тэмдэг ба дохионы өнгө” стандартын 3.1 дэх зүйлийн 5-р хүснэгтэд шар өнгийг анхааруулах, аюул учирч болзошгүй байдалд хэрэглэнэ гэж заажээ. Үүнээс үзэхэд замын тэмдэг байрлуулж амжаагүй зөөвөр, нүүдэл хийж байсан ч уг газарт анхааруулах, мэдээлэх зорилгоор ашиглагдаж буй ач холбогдол бүхий нөхцөл байдал байсан гэж үзэж болохоор байна.

Мөн уг авто осол болсон газраас 200 орчим метрт “Монгол улсын стандарт МЫ8 4597 : 2014 Авто замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага”-ийн А хавсралт “тэмдгийн дүрс, дугаар, нэр”, “А.1-р хүснэгт - Анхааруулах тэмдэг” хүснэгтэд заагдсан 1.28 “Бусад газар аюултай” анхааруулах тэмдэгтэй байсан зэрэг нөхцөл байдлыг *******УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь үнэлээгүй, анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэсэн цагдаагийн тодорхойлолт хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

3. Нэхэмжлэгч тал нь манай байгууллагад ирүүлсэн “Хохирол хамтран хариуцах тухай” хүсэлтдээ "иймд энэхүү ослын улмаас үүссэн хохирол болох 6,000,295.00 төгрөгийн тодорхой хэсгийг хариуцна гэдэгт итгэж байгаа тул бидэнтэй эргэж холбогдохыг хүсье”, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “ын буруутай үйлдлээс үүссэн гэм хорыг “*******” ТӨХК-аас нэхэмжилж байна” гэжээ. Даатгалын байгууллага нь үйлчлүүлэгчтэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулдаг. “*******” ХХК нь Даатгалын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд гуравдагч этгээдэд нялзаан, буруу жишиг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            5. Нэхэмжлэгч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч *******ын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэсэн боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. 

3. Нэхэмжлэгч "*******" ХК нь хариуцагч "*******" ТӨХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 5,400,265.50 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ.

4. Анхан шатны шүүх  хариуцагч "*******" ТӨХК-иас 2,700,132.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,700,132.75 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

5. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч байгууллагын төлөөлөгч давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлын үндэслэлээ “ ...жолооч ******* нь анхаарал болгоомжгүй замын хөдөлгөөнд оролцсоноос үүдэн Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасан гэсэн цагдаагийн тодорхойлолт хууль зүйн үндэслэлтэй,  ...Даатгалын байгууллага нь үйлчлүүлэгчтэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хуулийн дагуу үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулдаг. “*******” ХХК нь Даатгалын тухай хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой бөгөөд гуравдагч этгээдэд нялзаан, буруу жишиг тогтоож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна” гэж тайлбарлажээ.

Хэргээс судлан үзвэл:

6. "*******" ТӨХК-ийн зам засварын ажил гүйцэтгэж байсан Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар баг Дархан-Уул аймгаас Орхон аймаг чиглэлийн хатуу хучилттай авто замын 25-26 дахь километрт иргэн ******* нь 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 08 цаг 30 минутын орчим  Тоёото Приус маркийн ******* УБН улсын дугаартай автомашиныг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа зам тээврийн осол гаргаж, уг ослын улмаас 6,000,295 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 10-18/

7. Иргэн Б.Мөнхтулгын жолоодож явсан дээрх автомашин нь  "*******" ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй байсан байх ба ******* ХК-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 1 жилийн хугацаатай байгуулсан байна. /хх-ийн 7-9/

Нэхэмжлэгч "*******" ХК нь даатгалын гэрээний 2 дахь хэсэгт заасны дагуу "*******" ХК-д учирсан хохирлын 80 хувь болох 5,400,265.50 төгрөгийн хохирлыг нөхөн төлбөрөөр олгохоор шийдвэрлэж, бүрэн төлж барагдуулжээ. /хх-ийн19-21/

8. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ зам засварын ажил хийж байсан компани, түүний албан хаагч нар замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж жолоодох эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон, зам засварлаж байгааг анхааруулсан тэмдэг тэмдэглэгээ тавиагүйгээс осол гарсан гэж тайлбарлан Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар "*******" ТӨХК-иас нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжихээр заасан байх тул "*******" ХК нь хариуцагч "*******" ТӨХК-иас хохирлоо шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч "*******" ТӨХК нь гэм хорын хохирлыг хариуцан арилгах үүрэг хүлээх үндэслэлтэй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

9. Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасан бөгөөд энэ нь гэм хор учруулснаас үүсэх бүх үүргийн харилцаанд хамаарах тусгайлсан зохицуулалт юм. 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан талуудын тайлбар, эрх бүхий албан тушаалтны магадлагаа, тодорхойлолт зэргээр зам тээврийн осол гарахад хариуцагч "*******" ТӨХК-ийн буруутай үйл ажиллагаа нөлөөлснөөс гадна иргэн ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13 дугаар зүйлийн 13.1-д” жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино”  гэж заасныг зөрчсөний улмаас  дээрх зам тээврийн осол гарах нөхцөл бүрдсэн гэж гэм хорын хохирлын хэмжээг бууруулан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Өөрөөр хэлбэл, иргэн ******* энэхүү зам тээврийн ослын хохирогч болохын хувьд гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна

Иймд Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч "*******" ТӨХК-ийн хариуцах гэм хорын хэмжээг багасгах нь хуульд нийцэх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч байгууллагын төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Хариуцагч байгууллага нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг илүү төлсөн байх тул 58,152 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 12,048 төгрөгийг Төрийн сангийн орлогоос гаргуулж, хариуцагчид буцаан олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ  нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны  01 дүгээр сарын 24-ний өдрийн 135/ШШ2024/00112 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

 1 дэх заалт “Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч "*******" ТӨХК-иас 2,700,132.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "*******" ХК-д олгож, үлдэх 2,700,132.75 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг,

 “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан хариуцагч "*******" ТӨХК-иас 2,700,132.75 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Мандал Даатгал ХК"-д олгож, үлдэх 2,700,132.75 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөгөөс илүү төлсөн 12048 төгрөгийг Төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагчид олгож, үлдэх 58152 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан ший.двэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.  

 

      

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Я.ТУУЛ                                               

                                            ШҮҮГЧИД                                    Х.БАЙГАЛМАА                                                                         

                                                                                                       Г.МЯГМАРСҮРЭН