Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 76

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр, 

            Улсын яллагч Ц.Оюун-эрдэнэ,  

Шүүгдэгч Ц.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар : Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт Ц Чд холбогдох 1808047760458 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

            Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 23 цагийн үед замд Хьюндай Верна Аксент маркийн 30-68 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ ..Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож зорчигч Д.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :     

Шүүгдэгч Ц.Ч нь 2018 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 23 цагийн үед Хьюндай Верна Аксент маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5 болон 15.1. а/-д заасан заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигч Д.Мын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

- хохирогч Д.Мын мөрдөн байцаалтын явцад өгсөн :...Тухайн үед эмээлт рүү явахаар бид такси бариад явсан...би жолоочийн хажуу талын суудал дээр, Ц, Б нар арын суудалд суугаад явж байсан. Юунаас болж зам тээврийн осол гарсныг би мэдэхгүй. Жолооч осол гарсаны дараа “том шалаанз машины гэрэл нүд рүү тусаад сандарсандаа буруу дарчлаа” гээд ярьж байсан...гэх мэдүүлэг /хх 38-40/,

            - гэрч Б.Бгийн мөрдөн байцаалтын явцад өгсөн:...5 шарын автобусны буудал дээр 22 цагийн орчимд ирээд, такси барьж ногоон өнгийн Хьюндай Верна маркийн 30-68 улсын дугаартай автомашинд сууж явсан...Бид нар зүүнээс баруун зүг рүү хуучин 22-ын товчоо руу явж байтал гэнэт сууж явсан машин замын голын тусгаарлах бетонон хашлагыг жолооч талын дугуйгаараа мөргөж, машин баруун талаараа хажуулдаж онхолдсон. Энэ үед хажуугаас явж байсан машинаас хүмүүс бууж ирээд бидний сууж явсан машиныг хажуу талаас нь түлхэж 4 дугуйн дээр нь босгосон...гэх мэдүүлэг /хх 41-43/,

- гэрч Б.Ц мөрдөн байцаалтын явцад өгсөн: “..миний сууж явсан автомашин замын голын бетонон тусгаарлагчийг дугуйгаараа мөргөж баруун тийш хажуу талаараа онхолдож урагшаа зам дээр гулсан яваад зогссон...машин 3 дугаар эгнээгээр явж байсан ...гэх мэдүүлэг /хх 45-47/,

- шүүх эмнэлгийн шилжилгээний №12166 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Д.Мын биед баруун долоовор хурууны үзүүрийн шивнүүрийн далд хугарал, дунд хуруунд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.../хх 58/,

- мөрдөгчийн 247 дугаартай магадлагаа: “... Хьюндай Верна маркийн 30-68 улсын дугаартай автомашин жолооч Ц.Ч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 15.1-д заасан “Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараах байдлаар асааж явна: а/ ..Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна” ../хх 74-76/,  

- шүүгдэгч Ц.Чгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би 2018 оны 10 дугаар сарын 01-ний 23 цагийн орчим өөрийн эзэмшлийн Хьюндай Верна маркийн  30-68 улсын дугаартай автомашиныг жолоодон 5 шарын автобусны буудлаас зорчигчид аван Эмээлт руу явсан...Зүүнээс баруун зүг  рүү товчооны замаар явж байтал эсрэг урсгалаас том оврийн ачааны машины гэрэлд нүд гялбаж замын голын бетонон тусгаарлагчийг зүүн урд талын дугуйгаар мөргөсөн энэ үед миний жолоодож явсан автомашин баруун гар тийш хажуу талаараа онхолдож 1 метр газар урагшаа гулсаж яваад зогссон...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Ц.Чг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт : 

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч  худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан нь тогтоогдсон, харин бусад зорчигч нарын эрүүл мэндэд хохирол учраагүй байх ба хохирогч Д.М нийт 200,000 төгрөг авсан, гомдолгүй /х-39-40/, шүүгдэгч нь хохиролд Д.М, Б.Ц, Б.Б нарт нийт 650,000 төгрөг өгсөн талаар мэдүүлсэн, энэ нь бусад нотлох баримттай /х-43, 47/ байх тул шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна. 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт :

Шүүгдэгч нь 66  настай, 4 хүүхэдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримт хэрэгт цугларсан байна.   

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав. 

Бусад асуудал    

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгчийн 140211 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь :

 

1. Шүүгдэгч Ц.Чг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Чг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Чд оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Ч нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

6. Шүүгдэгч Ц.Чгийн 140211 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ц.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР