| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0038/Э |
| Дугаар | 77 |
| Огноо | 2019-01-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Ариунтуяа, |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 04 өдөр
Дугаар 77
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Ц.Ариунтуяа,
шүүгдэгч П.Л нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П Лид холбогдох 1808041871468 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/ :
Шүүгдэгч П.Л нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хардалтын улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр М.Хыг зүүн нүд, нуруу, гуя хэсэгрүү хөлөөрөө өшиглөж, гуян дээр хөлөөрөө дэвсэж, тогоогоор цохиж, үснээс нь зулгааж нүүр хэсэг рүү нь гараараа цохиж зодсоны улмаас түүний эрүүл мэндэд сарвуунд цус хуралт, хумс хуулралт, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, гуя шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч П.Л 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр гэртээ хардалтын улмаас өөрийн эхнэр М.Хыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- хохирогч М.Хын мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр...Л босч ирээд “чи ах Тулгынхаа хажууд нүцгэн шалдан явлаа, намайг тасарсаны дараа ахтайгаа унтсан юм уу” гээд над руу дайраад миний зүүн талын нүдний ойролцоо хөлөөрөө нэг өшиглөсөн. Намайг газар унасны дараа дээрээс гуя руу өшиглөөд, дэвссэн...Л тогоо барьж, цохиж эхэлсэн...яг хэдэн удаа цохисныг нь мэдэхгүй...бас үснээс зулгаагаад хойш нь гэдийлгээд нүүр лүү гараараа цохисон..Л намайг Тулга ахтай унтсан гээд хардаад зодсон...гэх мэдүүлэг /хх-24-25/,
- гэрч У.Т мөрдөн байцаалтад өгсөн :..2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн орой сэрэхэд манай гэрт Х нүүр ам нь хавдчихсан байдалтай ганцаараа орж ирсэн бөгөөд “юу болсон бэ” гэтэл Л архи уучихаад намайг тантай хардаад зодчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-16, 35-36/,
- гэрч Г.Э мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр манай хүргэн Л нь манай охин болох Хыг гадаа хашаан дотор газар унагаачихсан өшиглөж байсан, Хын нүүр нь цус болчихсон байсан ба намайг харчихаад зодохоо больчихсон. Тэр хоёр бас нилээн согтуу байсан бөгөөд би шууд цагдаа дуудаад Лийг барьж өгсөн...гэх мэдүүлэг /хх-40-41/
- гэрч Б.Б мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Х орж ирсэн бөгөөд Тулгад хандаж Л намайг тантай хардаад зодчихсон гэж ярьж байгаад буцаад гараад явсан” ...гэх мэдүүлэг /хх-33-34/
- гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, хурлын тэмдэглэл /хх-61-64, 65-66/,
- шинжээчийн дүгнэлт : Хын биед сарвуунд цус хуралт, хумс хуулралт, зовхи, хацар, шанаа, нүдний алиманд цус хуралт, гуя шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна”...гэх дүгнэлт /хх-28/,
- шүүгдэгч П.Лийн мөрдөн байцаалтын явцад өгсөн: “...2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Хыг би хүнтэй хардаад л маргалдсан. Би Х зодож хөнгөн гэмтэл учруулснаа зөвшөөрч байна”... гэх мэдүүлэг /хх-72-73/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч П.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байх тул тухайн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчтэй харилцан эвлэрсэн тухайгаа мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул /х-25, 78/ шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт :
Шүүгдэгч нь ял шийтгэлгүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдалтай, автобусны кондуктор, улирлын чанартай ажил хийдэг зэрэг хувийн байдалтай байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Бусад асуудал :
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч П.Лийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар П.Лийг 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лид оногдуулсан 500,000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Лид торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Лид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР