Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 212/МА2024/00026

 

Н.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч С.Өмирбек даргалж, шүүгч Д.Көбеш, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,    

 

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, К.Бүлдирген нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн, 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00076 дугаар шийдвэртэй,  ******* багт оршин суух Б овогт Н-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

 

“Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Жаргалсайханд төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.Сандагдуламд төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-д төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б- задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд Наранбулаг БЕМБМ эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Д.Көбешийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.    

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Н.Айгерим, нэхэмжлэгч Н.Б-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжан, прокурор А.Дорждэрэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн агуулга: 

1.1. Миний бие 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, сэжигтнээр тооцогдож, дараа нь яллагдагчаар татагдаж, улмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс миний үйлдэлд гэм буруу байхгүй болохыг тогтоож, цагаатгаж шийдвэрлэсэн болох нь Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай цагаатгах тогтоолоор нотлогдож байна. Иймээс тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэг буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх болон эд хөрөнгийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх 4 тохиолдолд үүсэхээр хуульчилжээ. Миний хувьд энэхүү зүйл заалтын дотроос цагаатгасан шүүхийн тогтоол гарсан" буюу тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан гэсэн үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх эрх хуулийн дагуу үүссэн байна. Хохирлыг эдийн болон эдийн бус журмаар улсын төсвөөс гаргуулах журамтай.

1.2. Эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох тухайд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө” гэж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй" гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж, мөн зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ" гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль зөрчсөн ажиллагаа" гэдэгт мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдлуудаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүгдэж, хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдлыг хамруулж үздэг. Үндэслэлгүйгээр хэрэгт холбогдон шалгагдсан улмаас учирсан хохирол буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол /сэтгэл санааны хохирол/-ыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр төрөөс шаардаж байгаа. Иймд Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

1.3. Эдийн хохирлын хувьд 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд хамаарч байгаа ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох өмгөөлөгч Ж.Жаргалсайхан болон А.Сандагдулам нартай байгуулсан эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 20,000,000 төгрөг төлөгдсөн нь баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг Засгийн газрын нөөц санаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

1.4. Хавтаст хэрэгт цугларсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/421 дугаартай баримтаар 40,000 төгрөг, Голомт банкны 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлэг гэх баримтаар шүүгдэгч нийт 5,040,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ид өгсөн. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.4-т ...бусад зардал гэж заасан. Улсын Дээд Шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын 11-т ...Бусад зардал" гэдэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал орохгүй бөгөөд үүнд шүүгдэгчээс хохирогч болон бусад этгээдэд төлсөн зардлыг хамааруулна гэжээ. Холбогдох хуулийн зохицуулалтаас үзвэл хохирогчид төлсөн зардал буюу төлбөр дараа нь цагаатгагдсан этгээдийн хувьд эд хөрөнгийн хохиролд тооцогдохоор байх тул 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж 5,040,000 төгрөгийн хохирлыг улсын төсвөөс нэхэмжилж байна.

1.5. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө: 1.1. хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого" гэж заасан байна. Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар Айраг сумын цагдаагийн хэсэгт согтуу этгээд өөрийгөө боомилж нас барсан ноцтой хэрэг, учрал гарахад ажлын хариуцлага алдсан хэмээн үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна.

1.6. Би тухайн үед Дорноговь аймгийн Айраг сум буюу аймгийн төвөөс алслагдмал суманд байсан учраас цагаатгах тогтоолыг гардаж аваагүй байсан. Би цагаатгах тогтоолыг 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. Тухайн үед 07 дугаар сард гэж бичсэн учир нь шүүгчийн туслах нь гардаж авсан огноог бичээрэй гэхэд нь засвар оруулаад бичсэн юм. Шүүх шинжилгээгээр хэзээ засвар оруулсан болохыг тогтоох боломжгүй гэж гарсан. Мөн тухайн үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Хүдэрчулууны мэдүүлгээр Н.Б-гийн хувьд ирж тогтоолоо авдаггүй байсан хэрэг архивлах үед ирж гарын үсэг зурсан гэж мэдүүлэг өгсөн. Үүнээс харахад ч гэсэн хэргийг 12 дугаар сарын сүүлээр хэргийг архивд өгдөг. Хэргийг 07 дугаар сард архивд өгөх ямар нэгэн бололцоо байхгүй. Миний мэдүүлэг болон шүүгчийн туслахын мэдүүлэг зөрөхгүй байгаа. Миний цагаатгах тогтоолыг гардаж аваагүй шалтгаан маань аймгийн төвөөс алслагдсан суманд байсан тул тухайн үед албаны ажлаа далимдуулж тайлан хамгаалалтын үе буюу оны сүүлээр жилийн эцсийн тайлан тооцооны үед аймагтаа очсон. Цагаатгах тогтоолыг бол тухайн үед авсан байгаа. Тийм учраас би хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна.

1.7. Иймд Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Жаргалсайханд төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.Сандагдуламд төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ид төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б- задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд Наранбулаг БЕМБМ эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулж өгнө үү.

 

2. Төрийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх ажил хариуцсан ахлах прокурор А.Дорждэрэмийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

2.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ. Ганц эргэлзээтэй зүйл байсан. 2022 оны Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 302 дугаар зүйлийн 302.1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг 7 хоногийн дотор гардуулж өгнө гэсэн заалтын хүрээнд цагаатгах тогтоолыг гардаж авсан байдаг. Үүнийг гардаж авсныг шинжээчийн 3459 дугаартай дүгнэлт тогтоосон байна. Тийм ч учраас нэхэмжлэгч Н.Б-гийн шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа нь дууссан буюу хөөн хэлэлцэх хугацаа нь өнгөрсөн байна гэж үзлээ. Яагаад гэвэл 2017 оны Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8. дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд нэхэмжлэл гаргах хугацаа нь 10 жил гэж заасан байдаг. Харин нэхэмжлэгчийн хувьд 10 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа. Хуульд заасан хугацаа нь өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт: Н.Б- нь хүн амины хэрэгт хуулийн дагуу гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон байна. Н.Б- нь сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

 

4. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00076 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 203.2, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус баримтлан Монгол улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100,000,000 /зуун сая/ төгрөг, өмгөөлөгч Ж.Жаргалсайханд төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, өмгөөлөгч А.Сандагдуламд төлсөн өмгөөллийн хөлс 10,000,000 /арван сая/ төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ид төлсөн 5,000,000 /таван сая/ төгрөг, талийгаач Б.Б- задлан шинжилгээний төлбөрт 40,000 /дөчин мянга/ төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд Наранбулаг БЕМБМ эмнэлэгт төлсөн 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, нийт 137,040,000 /нэг зуун гучин долоон сая дөчин мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.   

 

5. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүхээс холбогдох хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ (1) хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, (2) хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, (3) хэрэгт цугларсан нотлох баримтад зөв дүгнэлт хийгээгүй, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй гэсэн үндэслэлээр дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

5.2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар үйлчлүүлэгч Н.Б- нь 2011 онд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, сэжигтнээр тооцогдож, дараа нь яллагдагчаар татагдаж, улмаар прокурорын яллах дүгнэлт үйлдэгдэж холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

5.3. Шүүхээс шүүгдэгч Н.Б-гийн үйлдэлд гэм буруу байхгүй болохыг тогтоож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн болох нь Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар цагаатгах тогтоолоор нотлогдож байна. Иймээс цагаатгагдсан этгээд болох Н Б- нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан буюу 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 дугаар зүйлийн 388.1 дэх хэсэг буюу одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх болон эд хөрөнгийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

5.4. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 389 дүгээр зүйлийн 389.2-т зааснаар, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх эрх 4 тохиолдол үүсэхээр хуульчилжээ. Үйлчлүүлэгч Н.Б-гийн хувьд энэхүү зүйл заалтын дотроос “цагаатгасан шүүхийн тогтоол гарсан” буюу “тухайн хүнийг цагаатгасан шүүхийн шийдвэр гарсан” гэсэн үндэслэлээр хохирлыг нөхөн төлүүлэх /нэхэмжлэх/ эрх хуулийн дагуу үүссэн байна. Хохирлыг эдийн болон эдийн бус журмаар улсын төсөв /Төр/-өөс гаргуулах журамтай.

5.5. Эдийн бус гэм хорын хохирол буюу сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр олгох тухайд: 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 391 дүгээр зүйлийн 391.1 дэх хэсэгт “Эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуульд заасан журмын дагуу нөхөн төлнө” гэж, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй" гэж, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн. баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн. захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж, мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2 дахь хэсэгт “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл. тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийхийг гэм хор учруулсан этгээдэд үүрэг болгоно” гэж, мөн зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйл 1 дэх хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх эрхтэй этгээд нь эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэтгэцэд учирсан хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаар иргэний нэхэмжлэл гаргаагүй, эсхүл хэрэг хэлэлцэх ажиллагааг хойшлуулахгүйгээр иргэний нэхэмжлэлийн тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу нэхэмжлэл гаргаж, шийдвэрлүүлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.

5.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль зөрчсөн ажиллагаа" гэдэгт мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан тохиолдлуудаас гадна мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүгдэж, хэрцгий, хүнлэг бус харьцаанд өртөж, сэтгэл санаа, эрүүл мэнд, амь насаараа хохирсон явдлыг хамруулж үздэг.

5.7. Үйлчлүүлэгч Н.Б-гоос үндэслэлгүйгээр хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас учирсан хохирол буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохирол /сэтгэл санааны хохирол/-ыг мөнгөн хэлбэрээр нөхөн төлүүлэхээр төрөөс шаардаж байгаа. Тодруулбал, үйлчлүүлэгч Н.Б-гийн үйлдэлд гэмт хэргийн шинж байхгүй атал мөрдөн байцаагч, прокурорын буруутай үйл ажиллагааны улмаас тэрээр олон сар, хоногоор гэмт хэрэгт хилсээр шалгагдсан, өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны үеэр Н.Б-г 2011.11.10-ны өдөр сэжигтнээр, 2012.01.11-ний өдөр яллагдагчаар, улмаар 2012.07.10-ны өдрийн шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн, мөрдөн байцаагчийн 2011.11.10-ны өдрийн тогтоолоор гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичигдсэн, мөн 2011.11.10-ны өдөр оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай баталгаа авагдсан, Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2012.03.13-ны өдрийн захирамжаар оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн шүүгчийн 2012.07.05-ны өдрийн захирамжаар гадагш явж болохгүй гэсэн батлан даалт бичиж эрх чөлөөгөө хязгаарлуулснаар Н Б- нь сэтгэл санаагаар маш их хохирсон гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, үйлчлүүлэгч Н.Б- нь гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд эмчилгээ хийлгэж байсан болох нь “БЕМБН" эмнэлгийн 2022.12.09-ний өдрийн албан бичиг, үүнд хавсаргаж ирүүлсэн орлогын баримтууд, 3492605 регистрийн дугаартай БЕМБН ХХК-ийн 2011, 2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан. Наранбулаг БЕМБН эмнэлгийн 2011 онд хийсэн ажлын товч тайлан, иргэн Э.Э-ийн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

5.8. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхээс сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг хэмжээг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Улсын дээд шүүх батална" гэж заасан байна.

Өмгөөлөгчөөс нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг гаргуулах тухай хэсэгт холбогдуулан шинжээчийн дүгнэлт гаргуулахаар удаа дараа хүсэлт, гомдол гаргасан боловч шүүхээс хүсэлт, гомдлыг хүлээж аваагүй байна. Иймд Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн нэхэмжлэгч Н.Б-гийн нэхэмжлэлийн шаардлагаас сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.

5.9. Эдийн хохирлын хувьд: 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.5-д зааснаар, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлс нь нөхөн төлүүлэх эд хөрөнгийн хохиролд хамаарч байгаа ба нэхэмжлэгчээс гаргаж өгсөн нотлох баримт болох өмгөөлөгч Ж.Жаргалсайхан болон А.Сандагдулам нартай байгуулсан эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлсний хөлсөнд 20,000,000 төгрөг төлөгдсөн нь баримтаар тогтоогдож байх тул уг мөнгийг Засгийн газрын нөөц сан /Төр/-аас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

5.10. Хавтаст хэрэгт цугларсан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 221/421 дугаартай баримтаар 40,000 төгрөг, голомт банкны 2012 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн орлогын мэдүүлэг гэх баримтаар шүүгдэгч Н.Б-гоос нийт 5,040,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ид өгсөн байна. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.1.4-т “...бусад зардал" гэж заасан байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоолын 11-т ”Бусад зардал" гэдэгт байцаан шийтгэх ажиллагааны зардал орохгүй бөгөөд үүнд шүүгдэгчээс хохирогч болон бусад этгээдэд төлсөн зардлыг хамааруулна” гэжээ. Холбогдох хуулийн зохицуулалтаас үзвэл шүүгдэгчээс хохирогчид төлсөн зардал буюу төлбөр дараа нь цагаатгагдсан этгээдийн хувьд эд хөрөнгийн хохиролд тооцогдохоор байх тул 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 390 дүгээр зүйлийн 390.2 дахь хэсэг, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж 5,040,000 төгрөгийн хохирлыг улсын төсвөөс нэхэмжлэгчид нөхөн олгох саналтай байна.

5.11. 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө: 1.1. хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого” гэж заасан байна.

Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын даргын 2011.12.20-ны өдрийн Б/67 дугаартай тушаалаар Айраг сумын цагдаагийн хэсэгт согтуу этгээд өөрийгөө боомилж нас барсан ноцтой хэрэг, учрал гарахад ажлын хариуцлага алдсан мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Н.Б-д үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувь буруулах сахилгын шийтгэл ногдуулж шийдвэрлэсэн байна. Энэхүү тушаал хэрэгжсэн болох нь хэрэгт цугларсан цалингийн карт болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Дээр дурдсанчлан, Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэг шүүхээс цагаатгагдаж шийдвэрлэгдсэн байх тул түүний аваагүй буюу дутуу авсан цалин хөлс /200,000 төгрөг/-ийг нөхөн олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

5.12. Бусад асуудлаар: 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт “Цагаатгах тогтоол, ...-ын хуулбарыг сонирхогч этгээдэд гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ” гэж, мөн зүйлийн 395.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 395.1-д заасан тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас хүргүүлэх бөгөөд түүнд хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар дурдсан байвал зохино” гэж,

2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цагаатгах тогтоол гарсан, ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хүнд гардуулан өгөх, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу шуудангаар илгээнэ" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас хүргүүлэх бөгөөд түүнд хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар тодорхой заана” гэж тус тус заасан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүхээс цагаатгагдсан этгээд Н.Б-д хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар, ялангуяа хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудсыг хэзээ, ямар байдлаар, яаж хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

5.13. Түүнчлэн. шүүхээс хэргийг хэзээ эмхэтгэсэнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй байна. Үүнээс болж үйлчлүүлэгч Н.Б-гийн эрх ашиг зөрчигдөх учиргүй гэдгийг зориуд тэмдэглэж байна.

5.13. Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00076 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү.

 

6. Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтэд:

6.1. Анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнээд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

7. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Н.Б-гийн Засгийн газрын нөөц сангаас 137.040.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.   

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж хуульчилсан. Шүүхийн шийдвэр “хууль ёсны байна” гэдэгт шүүх хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд бүрдсэн, нийцсэн эсэхэд дүгнэлт хийсний үндсэн дээр оновчтой, зөв тайлбарлаж хэрэглэснийг, харин “үндэслэл бүхий байна” гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байдлыг тус тус ойлгоно.

 

9. Нэхэмжлэгч Н.Б- нь  Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохирол 100.000.000 төгрөг, өмгөөлөгч Ж.Жаргалсайханд төлсөн өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, өмгөөлөгч А.Сандагдуламд төлсөн өмгөөллийн хөлс 10.000.000 төгрөг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б-ид төлсөн 5.000.000 төгрөг, талийгаач Б.Б- задлан шинжилгээний төлбөрт 40.000 төгрөг, сэтгэл зүйн эмчилгээнд Наранбулаг БЕМБМ эмнэлэгт төлсөн 12.000.000 төгрөг нийт 137.040.000 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

           

10. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 203.2 дахь хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төрөөс гэм хорын хохиролд нийт 137.040.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

           

             11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, прокуророос Н.Б-г “Дорноговь аймгийн Цагдаагийн газрын Айраг сум дахь сум дундын Цагдаагийн хэсэгт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа Захиргааны журмаар албадан саатуулах дэглэм, журмын 3 дахь хэсгийн 17-д заасан “саатуулах өрөөнд бүс, тэлээ, хөлийн ороолт, гутлын үдээс, хумсны хутга, хурц үзүүртэй эд зүйлийг авч орохыг хориглоно” гэснийг, 24-д заасан “албадан саатуулах байр цагдаагийн байнгын харуул хамгаалалттай байна” гэснийг, Дорноговь аймгийн Цагдаагийн газрын даргын 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 1/828 дугаартай “Үүрэг болгох тухай” албан тоотын “эрүүгийн гэмт хэргийн шинжтэй, зайлшгүй эрүүлжүүлэх шаардлагатай тохиолдолд цагдаагийн байнгын хяналтад байлгах” гэснийг, Нэг бүрийн тусгай хэрэгсэл хэрэглэх журмын 235 дугаар зүйлийн 235.4.1. а-д заасан “Гав хэрэглэхдээ хоёр гарыг урд нь, эсхүл ард нь бугуйгаар холбож” гэсэн заалтуудыг тус тус зөрчин албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Б- нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа 2011 оны 10 дугаар сарын 16-17-нд шилжих шөнө 06-08 цагийн хооронд Айраг сумын Цагдаагийн хэсгийн байранд өөрийгөө боомилж нас барсан” гэх гэмт хэрэгт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх заалтаар Н.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан байна.

 

12. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн “шийтгэх/ цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримт”-д нэхэмжлэгч /цагаатгагдсан этгээд/ Н.Б-гийн цагаатгах тогтоолыг хүлээн авсан он, сар өдрийг 2012.12.23 гэж засвартай бичигдэж гарын үсэг зурсан, уг баримт засвартай байгаагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцсон прокурорын хүсэлтээр шинжээч томилоход шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3459 дугаар дүгнэлтээр Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар “Шийтгэх /Цагаатгах/ тогтоолыг гардуулсан танилцуулсан тухай баримт”-ын хүснэгтийн 2 дугаар мөр “Ялтан /цагаатгагдсан этгээд/” гэсэн хэсэгт, “хүлээн авсан огноо” гэсэн баганад байх шинжилж буй “2012.07.23” гэсэн огноог “2012.12.23” болгон өөрчилж, өөр төрлийн хар өнгийн будагчтай бичигч хэрэгслээр давхарлаж бичсэн буюу засварласан нь нотлогдсон байна.

 

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана” гэж, 4 дэх хэсэгт “Бусад эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн хүн эрхийг нь тайлбарласан хуудсыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргаж болно” гэж тус тус хуульчилсан, нэхэмжлэгч буюу цагаатгагдсан этгээд Н.Б- нь Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай цагаатгах тогтоолыг мөн тогтоол гарсан өдөр шүүх хуралдаанд биечлэн оролцсоны хувьд мэдсэн, уг цагаатгах тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гардаж авсан нь тухайн шийдвэрийг гардуулсан тухай шүүхийн баримт, тус баримтад шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр хангалттай тогтоогдож байх тул тэрээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргахдаа хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлжээ.

 

14. 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт “шийтгэх ба цагаатгах тогтоол хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор тогтоолын агуулгыг энэ хуулийн 294.2, 294.3 дахь хэсэг, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасны дагуу бүрэн эхээр, бичгээр үйлдэж ял шийтгүүлсэн буюу цагаатгагдсан этгээд, хохирогч, өмгөөлөгч, прокурорт гардуулан өгнө” гэснээр тухайн үед цагаатгагдсан этгээдэд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс цагаатгах тогтоолыг хуулийн хугацаанд, зохих журмын дагуу гардуулсан нь тус иргэний хэрэгтэй хамт ирүүлсэн Н.Б- нарт холбогдох 21106278 дугаартай эрүүгийн хэргийн материалаас тогтоогдож байна.

Шинжлэн судалсан буюу тус иргэний хэрэгтэй хамт хавсаргаж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай цагаатгах тогтоолыг тус шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 482, 483, 484 дугаартай албан бичгээр өмгөөлөгч Х.Сандагдулам, Д.Оюунчимэг, талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Б- нарт тус тус хүргүүлж, хэргийг эмхэтгэж, эмхэтгэсэн шүүгчийн туслах, шалгасан шүүгч нар гарын үсэг зурж баталгаажуулан, 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэргийг эмхэтгэсэн тухай баримтыг үйлдэж, хэрэгт хавсаргажээ. Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн туслах буюу шүүхийн захиргааны ажилтан нь Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай цагаатгах тогтоолыг оролцогчдод хүргүүлж, гардуулсны дараа хэргийг эмхэтгэж, эмхэтгэсэн шүүгчийн туслах, шалгасан шүүгч нар гарын үсэг зурж баталгаажуулан 2012 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хэргийг эмхэтгэсэн тухай баримтыг үйлдсэн зэргээс дүгнэвэл, цагаатгагдсан этгээд Н.Б-д цагаатгах тогтоолыг 2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр гардуулсан гэх үйл баримт бодитой, үндэслэлтэй, үнэн зөв, эргэлзээгүй тогтоогдсон гэж дүгнэв.

 

15. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ба үндэслэлийн хүрээнд маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэг, 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасан зохицуулалтыг оновчтой сонгож, зөв тайлбарлаж хэрэглэжээ.

 

16. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “...2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт “Цагаатгах тогтоол, ...-ын хуулбарыг сонирхогч этгээдэд гардуулан өгөх буюу шуудангаар илгээнэ” гэж, мөн зүйлийн 395.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 395.1-д заасан тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас хүргүүлэх бөгөөд түүнд хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар дурдсан байвал зохино” гэж, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Цагаатгах тогтоол гарсан, ...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж байгаа хүнд гардуулан өгөх, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу шуудангаар илгээнэ" гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан тогтоолтой хамт хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудас хүргүүлэх бөгөөд түүнд хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар тодорхой заана” гэж тус тус заасан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүхээс цагаатгагдсан этгээд Н.Б-д хууль зөрчсөн ажиллагааны талаар нэхэмжлэл гаргах эрх, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харьяаллын талаар, ялангуяа хохирлоо нөхөн төлүүлэх журмыг тайлбарласан хуудсыг хэзээ, ямар байдлаар, яаж хүргүүлсэн эсэх нь тодорхойгүй. Түүнчлэн шүүхээс хэргийг хэзээ эмхэтгэсэнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй. Шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1071 дугаартай албан бичгээр Дорноговь аймгийн прокурорын газраас ирүүлсэн Н.Б-, Ц.Х- нарт холбогдох эрүүгийн 21106278, 21106295 дугаартай, 2 хавтастай хэргийн 2 дугаар хавтасны 81 дэх талд 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн хэргийг эмхэтгэсэн тухай баримт үдэгдсэн учраас “хэрэгт байхгүй баримтыг үндэслэж шийдвэр гаргасан” гэх агуулгатай нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

17. Түүнчлэн нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс давж заалдах шатны шүүх хуралдаанд тус иргэний хэрэгтэй хамт анхан шатны шүүхээс ирүүлсэн Н.Б-, Ц.Х- нарт холбогдох эрүүгийн 21106278 дугаартай, 2 хавтастай хэрэгтэй танилцаагүй гэж тайлбар гаргаж, өмгөөлөгчийн давж заалдах гомдолд “шүүхээс хэргийг хэзээ эмхэтгэсэнтэй холбоотой баримт хавтаст хэрэгт байхгүй” гэж дурдах боловч энэ нь нэхэмжлэгч талыг анхан шатны шүүхээс хэргийн материалтай танилцуулсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. Тухайлбал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1071 дугаартай албан бичгийн дагуу /хэргийн 1 дүгээр хавтасны 207 дахь тал/ Дорноговь аймгийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 1/855 дугаар албан бичгээр /хэргийн 1 дүгээр хавтасны 208 дахь тал/ ирүүлсэн Н.Б-, Ц.Х- нарт холбогдох эрүүгийн 21106278 дугаартай, 2 хавтастай хэргийг анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1092 дугаар албан бичгээр /209 дэх тал/ Шүүх шинжилгээний ерөнхий газарт хүргүүлсэн бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13/7333 дугаар албан бичгээр /217 дахь тал/ шинжээчийн 3459 дүгээр дүгнэлтийг дээрх 2 хавтастай эрүүгийн хэргийн хамт тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

Үүний дараа тус иргэний хэргийн материалыг 2023 оны 12 дугаар сарын 20, 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр тус тус нэхэмжлэгч Н.Б-д /1 дүгээр хавтасны 223, 2 дугаар хавтаст хэргийн 18 дахь тал/ танилцуулж, хэргийн материалтай танилцуулсан тухай баримтад гарын үсгийг нь зуруулж баталгаажуулжээ.

       

18. Мөн нэхэмжлэгч Н.Б-д  Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаар цагаатгах тогтоолыг  2012 оны 7 дугаар сарын 23-ны өдөр өөрт нь биечлэн гардуулсан нь “шийтгэх /цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримт” болон 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3459 дугаартай шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон, үүнээс хойш 10 жилийн хугацаанд түүнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Дөчин тавдугаар бүлэгт заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлоо арилгуулахыг шаардах хангалттай хугацаа байсан хэдий ч тэрээр мөн хуулийн 45.8 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсний дараа өөрийн оршин суугаа газрын шүүх болох Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэл гаргасан учраас түүний нэхэмжлэлийг шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны зарчмыг зөрчөөгүй байна. Иймд эдгээр үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

19. Анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “Н.Б- нь хүн амины хэрэгт хуулийн дагуу гэм буруугүй гэдэг нь тогтоогдсон байна. Н.Б- нь сэтгэл санааны болон эд хөрөнгийн хохирлыг хуульд заасны дагуу нэхэмжлэх үндэслэлтэй гэж үзэж байна” гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2.4 дэх заалтад “хэргийн үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар бичгээр дүгнэлт гаргах;”, мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-д ”Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар дүгнэлтээ бичгээр гаргана” гэж тус тус хуульчилсан. Нэхэмжлэгч Н.Б- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч, прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гаргахдаа хуульд заасан 10 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байх тул, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.6 дахь хэсэгт зааснаар шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа иргэдийн төлөөлөгчийн дээрх дүгнэлтийг “хууль зүйн үндэслэлгүй” гэж харгалзаж үзсэн болно.

 

20. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн, Дорноговь аймгийн прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архивын 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуулбар үнэн тэмдэгтэй[1]шийтгэх /цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримт”-ын 3 дугаар мөр[2] буюу “ялтан /цагаатгагдсан этгээд/ өмгөөлөгч” гэсэн мөрний “хүлээн авсан огноо” гэх баганад харгалзах хүснэгтэд “2012.07.24” гэж, “танилцуулсан огноо” гэсэн баганад харгалзах хүснэгт хоосон, 2 дугаар мөрний “хүлээн авсан /танилцсан/ хүний нэр” гэдэг баганад харгалзах хүснэгтэд “татаж зурсан гарын үсгийн доор 2012.07.28” гэсэн тэмдэглэгээ хийгдсэн байхад, анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1071 дугаартай албан бичгийн дагуу Дорноговь аймгийн прокурорын газрын 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдийн 1/855 дугаар албан бичгээр ирүүлсэн, Н.Б-, Ц.Х- нарт холбогдох эрүүгийн 21106278, 21106295 дугаартай, 2 хавтастай хэргийн 2 дугаар хавтасны 77 дахь талд үдэгдсэн “шийтгэх /цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримт”-ын 3 дугаар мөр буюу “ялтан /цагаатгагдсан этгээд/ өмгөөлөгч” гэсэн мөрний “хүлээн авсан огноо” гэх баганад харгалзах хүснэгтэд “2012.07.24” гэснийг засварлаж “2012.12.23” болгосон, “танилцуулсан огноо” гэсэн баганад харгалзах хүснэгт хоосон байсныг “2012.12.23” гэж нэмж бичсэн, 2 дугаар мөрний “хүлээн авсан /танилцсан/ хүний нэр” гэдэг баганад харгалзах хүснэгтийн татаж зурсан гарын үсгийн доор “2012.07.28” гэж байсныг “2012.12.23” гэж тус тус засварласан буюу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн иргэний хэргийн 1 дүгээр хавтасны 108 дахь талд авагдсан болон эрүүгийн хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 77 дахь талд үдэгдсэн шийтгэх /цагаатгах/ тогтоолыг гардуулсан /танилцуулсан/ тухай баримт”-ууд харилцан илт зөрүүтэй /засварлагдсан/ байгааг зориуд тэмдэглэх нь зүйтэй байна.

Энэ тухай төрийн нэрийн өмнөөс иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон прокурор Д.Дуламжавын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаар хүсэлтэд /хэргийн 1 дүгээр хавтасны 192 дахь тал/ “баримтын 4 дэх баганын он, сар өдрийг мөн засварласан байна” гэж тодорхой дурджээ.

 

21. Анхан шатны шүүхийн шийдвэрт Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 82 дугаартай цагаатгах тогтоолын дугаарыг “92” гэж, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн эхний заалтад Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг гэснийг “230.1” гэсний дараа “203.2” гэж тус тус буруу ташаа бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 130/ШШ2024/00076 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Серикжаны давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч, прокурор давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн”, “эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            С.ӨМИРБЕК

 

ШҮҮГЧ                                                            М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧ                                                            Д.КӨБЕШ
 

[1] Иргэний хэргийн 1 дүгээр хавтасны 108 дахь тал.

[2] Дугаарлалтаар 3 дахь, нийт 4 дэх мөр.