Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 100

 


 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,                     

           улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1808050341410 дугаартай эрүүгийн хэргийг  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

 

            Холбогдсон хэргийн талаар :

            Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Э.Мийн “Хаан банкны” АТМ-ээс 1,240,000 төгрөг авах гэж байгаад мартаж явахад нь бусдын гээгдэл эд хөрөнгө болох 1,240,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс  дээш хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэн Э.Мийн Хаан банкны” АТМ-ээс 1,240,000 төгрөг авах гэж байгаад мартаж явахад нь бусдын гээгдэл эд хөрөнгө болох 1,240,000 төгрөгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : 

- гэмт хэргийн талаарх өргөдөл, гомдол /хх-3/,

- СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8-17/,

            - хохирогч Э.Мийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 31-ны өглөө 11 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Содон” хороолол “Хаан” банкны АТМ-д орлогоор мөнгө хийхээр очсон. Би “Хаан” банкны АТМ-д 11 цаг 43 минутанд 1,220,000 төгрөгийг орлогоор хийсний дараа дахиад 20,000 төгрөгийг орлогоор өөрийн 5025443799 дугаартай дансанд хийсэн. Би орлогоор хийсэн 1,240,000 төгрөгийг М гэх хүний данс руу шилжүүлэх ёстой байсан. Би АТМ-ын шилжүүлэг гэсэн зэс дээр дараад М гэх хүн рүү шилжүүлчихсэн гэж бодоод “Хаан” банкнаас гарсан. Гарч явж байгаад “би нээрээ шилжүүлэг гэдэг дээр дараад Мгийн дансны дугаарыг хийгээгүй” гэж бодоод гар утсаа харахад зарлагаар 1,240,000 төгрөг гарчихсан байсан. Би буцаад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэсвгэр Хаан банкны салбарт байрлах шилжүүлэг хийсэн АТМ дээрээ очиход зарлагаар гарсан 1,240,000 төгрөг байхгүй байсан. Би Хаан банкны лавлах утас руу ярихад “таны зарлага хийсэн 1,240,000 төгрөгийг ар талд чинь зогсож байсан хүн аваад явчихсан байна...гэх мэдүүлэг /хх-20-21/,

             - гэрч  Н.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Тухайн өдөр найз  Б 20-21 цагийн орчимд гэртээ ирээд “би өнөөдөр Содон хорооллын Хаан банкны АТМ-ээс 1,240,000 төгрөг олсон, камертай болохоор хүн нь олоод ирэх байх, хадгалаад байж байя” гэж хэлсэн. Ингээд миний мэдэж байгаагаар уг мөнгийг 5 хоног гэртээ хадгалсан. Тэгэхэд цагдаа болон мөнгөө алдсан хүн холбоо барихгүй байсан...Б хороолол ороод өөртөө хувцас хунар авч өмссөн байсан...хэдэн төгрөг үлдсэн талаар мэдэхгүй байна…гэх мэдүүлэг /хх-24-25/,

- шүүгдэгч Л.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Содон хорооллын АТМ орж мөнгө шилжүүлэх байсан...АТМ дээр нэг эгч гүйлгээ хийж зогсож байгаад гараад явсан. Тэр эгчийн араас картаа АТМ рүү хийх гэхэд АТМ-ээс 1,240,000 төгрөг гэнэт гараад ирэхээр нь өөрийнхөө картнаас мөнгө авалгүйгээр тэр эгчийн араас гарахад гадаа байгаагүй. Ингээд би 1,240,000 төгрөгийг аваад хичээл рүүгээ орсон. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа би хороололд байрлах дэлгүүр орж 640,000 төгрөгөөр нь өөртөө хувцас аваад ойр зуур хэрэглээд дууссан. Харин үлдсэн 600,000 төгрөгийг нь хадгалж өөртөө байлгаж байгаад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хохирогч эгчид өгсөн...гэх мэдүүлэг /хх-42-43/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,  

- Э.Мийн Хаан банкны 5025443799 депозит дансны хуулга /хх-56/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Л.Бг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.       

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :         

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1,240,000 төгрөг авсан, гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-23/ гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт :        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, оюутан, гэм бураагаа хүлээн зөвшөөрсөн болох нь нотлох баримтын эх сурвалжтай, сурахын сацуу цагийн ажил хийдэг талаараа мэдүүлсэн болно.  

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.  

Бусад асуудал

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь: 

 

1.  Шүүгдэгч Л.Бг гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.     

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д  заасны дагуу эд мөрийн баримтаар хураагдсан СиДи 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

            8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.   

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Г.ГАНБААТАР