Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 38

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

          Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Нарантуяа даргалж, нарийн бичгийн дарга Б.Саранчимэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар  Д.*******ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Содболдоос шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Д.******* нь Боловсролын салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж ирсэн ба Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Б/51 дугаар захирамжаар Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажил албан тушаалд түр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Боловсролын газраас зарлагдсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийг сонгон шалгаруулах шалгаруулалтанд орж хамгийн өндөр оноо авч 1 дүгээрт орсноор Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Б/61 дугаар захирамжаар 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр томилогдсон. Гэтэл Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн  Б/107 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” захирамж гаргаж  ажлаас нь  үндэслэлгүйгээр чөлөөлсөн ба  Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1468 дугаар шийдвэрээр Дархан-Уул аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгож Д.*******ийг Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байх хугацааны цалинг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн.

       Аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/505 дугаар захирамжаар  Дархан  сумын   24   дүгээр   цэцэрлэгийн   эрхлэгчээр   томилсон   Дархан-Уул Аймгийн Засаг даргын Б/52, Б/61 дугаар захирамжуудыг хүчингүй болгосон байсныг хууль бус гэж үзэн аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.*******ийг 24 дүгээр цэцэрлэгийн эррхлэгчийн албан тушаалд томилсон тухай захирамж гарах тухай өчигдөр мэдсэн. Шүүх хурал дээр дээрх захирамжийг өгсөн, нэгэнт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч захирамжаа гаргасан байх тул  хариуцагчийн зөвшөөрлийг батлахад татгалзах зүйлгүй байна гэв.

 

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.*******ийн Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрч Д.*******ийг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс Дархан сумын 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилж, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгосон тухай 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг гаргасан болно гэв.

 

  ҮНДЭСЛЭХ нь:    

Шүүх хуралдаанд хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Алтанчимэг нь  нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн тайлбар, Аймгийн Засаг даргын  2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Б/19 дүгээр захирамжийг бичгээр ирүүлсэн тухайгаа тайлбарлаж байна.

       Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 109 дүгээр зүйлийн 109.1  дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******ээс Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдуулан “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/505 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийн 50 хувь болох 35100 төгрөгийг улсын орлогоос, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 35100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид  олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурьдсугай.

                                 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Д.НАРАНТУЯА