Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0420

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 14 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0420

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Э” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргасан “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А, хариуцагч Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0400 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А давж заалдах гомдлоор, Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 тоот шийтгэх хуудсыг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0400 дүгээр шийдвэрээр:

“Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 4.14, 4.15 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1, 6.11 дүгээр зүйлийн 1, Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т заасныг тус тус баримтлан “Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагч Ч.Э 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 01 дүгээр шийтгэлийн хуудсыг хариуцагч дахин шинэ акт гаргах хүртэл 2 /хоёр/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 2 сарын хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдаж” шийдвэрлэжээ.

Гурав. “Э” ХХК-ийн өмгөөлөгч Ш.А дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Шүүхийн шийдвэр хууль ёсны болоогүй тухайд:

Шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “хууль ёсны болон үндэслэл бүхий байх шаардлагыг хангах” ёстой. Энэ нь шүүхийн шийдвэр гарахдаа зөвхөн хуульд үндэслэх, хуулийг дээдлэх Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчимтай нийцсэн байхыг ойлгодог.

Өөрөөр хэлбэл гаргасан шийдвэр нь зөвхөн хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэгдсэн хууль ёсны дүгнэлтээр илрэх ёстой хэмээн ойлгодог.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэг болон энэ хэсэгт хамаарах харилцан үйлчлэл бүхий 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан агуулга нь “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай” гэж үзсэн бөгөөд “нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж үзвэл “захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэснээс үзэхэд хууль хэрэглээний алдаа гарсан гэж үзэхэд хүргэж байна.

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлаас үзэхэд Оюуны өмчийн газрын Хяналтын хэлтсийн улсын ахлах байцаагчийн гаргасан акт хууль зүйн үндэслэлгүй байсан нь тогтоогдсон бөгөөд үүнийг нь ч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт хангалттай дурджээ. Шүүхийн шийдвэрээр хугацаа тогтоож актыг түдгэлзүүлсэн нь дараах байдлаар хууль бус байна. Үүнд:

1.Хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шийдвэр биелэгдэхгүй нөхцөлд хүргэсэн тухайд:

Телевизүүдэд холбогдуулан үүсгэсэн зөрчлийн хэргийн гарсан гэх зөрчлүүдийг хариуцагчаас тодорхойлохдоо 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор, Профессор Д.О “Эмч зөвлөж байна” нэвтрүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “V” телевизээр гарсан “Ай ёо доктор зөвлөж байна” нэвтрүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн Jargal De Facto “Хүүхдийн амьсгалын замын өвчин, Олон улсын эмнэлзүйн хандлагын тухай” ярилцлага нэвтрүүлэгүүд байсан бөгөөд уг зөрчлүүдэд холбогдуулж “Э” ХХК-ийг 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр 01 дүгээр актаар шийтгэл оногдуулсан байдаг. Уг шийтгэх хуудсыг шүүхийн шийдвэрээр 2 сараар түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.5-ын 4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон тооцож үзвэл тус зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа болно.

Тус зүйлийн 1-д “хуульд өөрөөр заагаагүй бол зөрчил үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн бол зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй” гэжээ. Үүнээс үзвэл шийдвэрийн дагуу түдгэлзүүлсэн хугацаанд дахин шинэ акт гаргах нь өөрөө хуулиар ямар ч боломжгүй байна.

2.Хэрэгсэхгүй болгох үндэслэлийн талаар:

Гомдлыг шийдвэрлэсэн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0400 дүгээр шийдвэрийн Үндэслэх хэсэгт бүхэлдээ хариуцагчийн акт үндэслэлгүй байсан тухай дурдсан байдаг.

Тодруулбал шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...шийтгэл оногдуулсан нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нийцээгүй, зөрчил шалган шийдвэрлэх журмын дагуу зөрчлийн байдлыг хангалттай нотлоогүй байна” гэсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15-ын 1 дэх хэсэгт зааснаар эрх бүхий этгээд заавал нотлох үүрэгтэй юм.

Үүнээс гадна гаргасан үйлдэлд ямар хуулийн ямар зүйл, заалтаар зөрчилд тооцож буй нь тодорхой бус, үүндээ ямар нэгэн нотлох ажиллагаа хийгээгүй, холбогдох телевизүүд Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон хэмээн зөрчлийн хэрэг нээсэн атлаа “Э” ХХК-д хариуцлага оногдуулж буй нь хууль зүйн үндэслэлгүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль бус байсныг шүүх хангалттай дүгнэж тогтоосон боловч ямар ч үндэслэлгүйгээр “...нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэж байгаа нь ойлгомжгүй төдийгүй шударга бус, хүмүүнлэг, энэрэнгүй бус заавал хариуцлага тооцох зорилго бүхий, цаашлаад хууль хэрэглээний алдаа гэж үзэхээр байна.

Учир нь энд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн нөхцөл байдал огт байхгүй буюу “зөрчилд тооцох үйлдлийг нотлоогүй эсхүл Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар 6.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох хууль зүйн үр дагавар” үүссэн атал “шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн” гэсэн үндэслэлээр хууль бус актыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж шийдсэн нь ойлгомжгүй байна.

Өөрөөр хэлбэл зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуулиар тогтоож өгсөн байхад хууль бус ажиллагааг улам өөгшүүлж захиргааны байгууллагын алдааг засуулж заавал хариуцлага оногдуулах нөхцөлийг бүрдүүлсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрх, эрх чөлөөг хангахуйц хууль зүйн баталгааг бүрдүүлэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцах” төрийн үндсэн үүрэгтэй нийцэхгүй ба аливаа этгээдийн эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагын буюу төрийн өөрийнх нь хууль бус үйл ажиллагаанаас хамгаалахад чиглэгдсэн зохицуулалттай нийцэхгүй юм.

Зөрчлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 3.2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна” гэсэн зарчмуудтай нийцэхгүй шийдвэр болсон.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0400 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

“Э” ХХК-ийг импортоор оруулж ирдэг Вифирон лаа хэлбэрийн эмийг хууль бусаар сурталчилсан гэх зөрчлийн гол нотлох баримт болох 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн АШУҮИС-ийн багш АУ-ын доктор, профессор Д.О “Эмч зөвлөж байна” нэвтрүүлэг, 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “V” телевизээр гарсан “Ай ёо доктор зөвлөж байна” нэвтрүүлэг, мөн оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн “Хүүхдийн амьсгалын замын өвчин, олон улсын эмнэл зүйн хандлагын тухай” Jargal de facto нэвтрүүлгүүдийн бичлэг бүхий CD хэрэгт авагдаагүйгээс уг нэвтрүүлгүүдээр “Шийтгэлийн хуудас”-д дүгнэсэнчилэн Зар сурталчилгааны тухай хуулийн 13.1, 12.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан эсэхэд, өөрөөр хэлбэл шийтгэлийн хуудас үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй байна.

Гэтэл зөрчлийн хэргийн нотлох баримтаар авагдсан СD-нд хийсэн тэмдэглэлээс үзэхэд “…1.Эмч зөвлөж байна нэвтрүүлэг эхлэхэд “Э” ХХК-ийн лого бүхий реклам бүхий лого телевизийн дэлгэж дүүрэн гарах бөгөөд Вифирон лаа хэлбэрийн эмийг биет байдлаар дэлгэцэнд тодруулах байдлаар үзүүлж, нийт 10 минут 07 секунд ярилцлага хийж Эрүүл мэнд, спортын яамны 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 5/977 дугаар тоотоор олгосон зөвшөөрлийн агуулга болон хугацааг хэтрүүлсэн,

2.“Ай ёо доктор зөвлөж байна” нэвтрүүлгийн арын фононд вифирон эмийн нэрийг бичиж, биет байдлаар барьж сурталчилсан /хамгийн зөв сонголт гэх мэт/, Jargal de facto нэвтрүүлгээр тус лаа хэлбэрийн эмийг цорын ганц гэх мэтээр 2018 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Хүний эмийн зөвлөлийн шийдвэрээр жортой эмийн жагсаалтад орсон хугацаанд сурталчилгаа хийсэн нөхцөл байдал тус тус тогтоогдсон…” гэж дүгнэсэн, харин “Э” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Б 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “…манай компаниас захиалсан ямар ч зар сурталчилгаа байхгүй, өргөдлийн хавсралт болгож өгсөн баримтууд манайд огт холбоогүй…” гэх мэдүүлэг өгчээ.

Түүнчлэн хариуцагчаас зөрчил шалгах шийдвэрлэх ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын талаарх тэмдэглэлдээ “Э” ХХК-ийн холбогдох телевизийн нэвтрүүлгээр хууль бус зар сурталчилгаа хийсэн гэх бичлэгийг хуулбарлан хавсаргасан тухайгаа дэлгэрэнгүй бичсэн байх бөгөөд энэхүү CD-ыг шүүхэд нотлох баримтаар үнэлэлгүйгээр дээрх дүгнэлт, мэдүүлэг болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр сурталчлах зөвшөөрлийн хавсралтад заасан зар сурталчилгааны агуулгаас хэтэрсэн үг, хэллэг хэрэглэсэн талаарх зөрчлийн хэрэгт гомдол гаргасан тал болох Эрүүл мэндийн яамыг төлөөлж оролцсон тус яамны БТГ-ын Эм, эмнэлгийн хэрэгсэл, вакцин, био бэлдмэлийн бодлого, төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн П.Ц хохирогчоор өгсөн мэдүүлгийн чухам аль нь үндэслэлтэй болохыг тогтоох боломжгүй юм.

Харин дээрх бичлэг бүхий CD хавтаст хэрэгт авагдаагүй байгааг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хариуцагч гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүргээ биелүүлээгүй гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай байна.

Үүнээс гадна Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасан “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актын зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” зохицуулалтыг агуулга нь тухайн захиргааны акт гаргах процессийн явцад болон бусад байдлаар гарсан аливаа алдааг хариуцагчаар өөрөөр нь зөвтгүүлэхэд чиглэгдээгүй байдгийг хэргийг дахин хянан шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2019/0400 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасан “Энто” ХХК-ийн өмгөөлөгчөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН