Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2016/0093

 

 “Дархан нэхий” ХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Лхагвасүрэн нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 84 дүгээр магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор “Дархан нэхий” ХК-ийн нэхэмжлэлтэй, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Нэхэмжлэгч “Дархан нэхий” ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нийгмийн даатгалын байгууллага манай тайланг тогтмол хүлээн авч байсан, 74 тоот актад тусгагдсан үйл ажиллагааг зөрчил гэж үзээгүй байхад дээд шатны байгууллага нь 2 жил өнгөрч, хуримтлагдсаных нь дараа шимтгэл нөхөн төлүүлэх, дээр нь алданги ногдуулж байгаа нь нийгмийн даатгалын газар тайланг сар бүр хүлээн авахдаа шалгаж, заавар зөвлөгөө өгөх, хэрэв зөрчил илэрвэл тухай бүр анхааруулж байх үүргээ биелүүлээгүй, компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчмаас гажиж, хохироож байна.

Улсын байцаагчийн 74 дүгээр актын үндэслэл болсон “Гэрээгээр ажлын хөлс олгосон жагсаалт”-нд орсон 16 гэрээ тус бүрийн хугацаа нь доод тал нь 5 хоног, дээд тал нь 30 хоног байгааг харахад “Дархан нэхий” ХК болон бригадын ахлагч нартай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд байнгын орлого олгож, байнгын ажлын байр бий болгоогүй, түр зуурын ажлын байрыг бий болгож нэг удаагийн орлогыг олгосон нь илт тодорхой байхад улсын байцаагч нар хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй акт тавьсан байна. Иймд, улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 тоот актыг хүчингүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: “Дархан нэхий” ХК нь иргэдтэй Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж ажиллуулсан бол тэдгээрийг нийгмийн даатгалд албан журмаар даатгуулж, гэрээгээр тохирсон хөлс”-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх эрх зүйн үндэслэлтэй. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллагсдын нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байгаа нь эдгээр хүмүүст эрсдэл бий болоход тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг нь хязгаарласан. Иймд, 74 тоот акт нь хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрээр: Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1, 16 дугаар зүйлийн 1, 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Дархан нэхий” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 84 дүгээр магадлалаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.2 дахь заалт, Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасныг баримтлан “Дархан нэхий” ХК-ийн “Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасныг баримтлан “Дархан нэхий” ХК-ийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарын 2015 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 74 дүгээр актаар ногдуулсан төлбөр болох 13330753 төгрөгийн алдангийг өршөөлд хамруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Дархан нэхий” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Маргаан бүхий улсын байцаагчийн актыг 2015 оны 5 дугаар сарын 01-ний өдөр гаргахдаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасныг үндэслэн гаргасан. 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар уг хуулийн 4.2.1 дэх заалтад өөрчлөлт оруулж 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.  

Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээний нэг тал болох ажил олгогч нь зөвхөн иргэн байх тохиолдолд гэрээний нөгөө тал болох /ажилтан/ даатгуулагч нь албан журмаар даатгалд хамрагдах хүрээг явцуу байдлаар зохицуулсан байснаа нэмэлт өөрчлөлтөөр ажил олгогч нь аж ахуйн нэгж байгууллага, иргэний хэн аль нь ч байж болохоор зохицуулснаар албан журмын даатгалд хамрагдах даатгуулагчийн хамрах хүрээг илүү өргөтгөсөн байна. Өөрөөр хэлбэл хуульд нэмэлт өөрчлөлт орохоос өмнө иргэнтэй ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах гэрээ байгуулсан хуулийн этгээд нийгмийн даатгал төлөх тухай хуулийн зохицуулалт байхгүй байжээ.

Маргаан бүхий акт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн дээрх нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө гарсан тул 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 74 тоот Нийгмийн даатгалын улсын байцаагчийн акт нь хуулийг буруу ойлгож, хэрэглэсэн эсвэл 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хуулийн өөрчлөлтийг буцааж хэрэглэж, нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хүчингүй акт болох нь тодорхой байхад давж заалдах шатны шүүх маргааны гол зүйл болох хуулийн өөрчлөлтийн талаар ямар нэгэн дүгнэлт хийсэнгүй. 

2. Мөн улсын байцаагчийн 74 тоот актын үндэслэл болсон “Гэрээгээр ажлын хөлс олгосон жагсаалт”-ын 16 гэрээ тус бүрийн үргэлжлэх хугацаа нь доод тал нь 5 хоног, дээд тал нь 30 хоног байгааг харахад “Дархан нэхий” ХК болон бригадын ахлагч нартай байгуулсан "Ажил гүйцэтгэх" гэрээний үр дүнд байнгын орлого олгож, байнгын ажлын байр бий болгоогүй, түр зуурын ажлын байрыг бий болгож нэг удаагийн орлогыг олгосон нь илт тодорхой байхад улсын байцаагч нар хуулийг буруу хэрэглэж, үндэслэлгүй акт тавьсан талаар анхан шатны шүүх бодитой дүгнэлт хийж, хуулийг зөв хэрэглэсэн.

Улсын Дээд шүүхийн 2008 оны “Нийгмийн даатгалын харилцааг зохицуулсан хуулиудын зарим, зүйл заалтыг тайлбарлах тухай" тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.8-д зааснаар 5-30 хоногийн хугацаатай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний үр дүнд авч байгаа нэг удаагийн орлогод шимтгэл оногдуулахаар заасан хуулийн зохицуулалтыг давж заалдах шатны шүүх зөрүүтэй тайлбарласанд гомдолтой байна.  

3. Ажил гүйцэтгэх гэрээ буюу Иргэний эрх зүйн гэрээний талууд нь адил тэнцүү эрх үүрэгтэй байдгаараа Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулсан ажил олгогч, ажилтан нарын хоорондын захирах, захирагдах харилцаанаас ялгаатай байдаг тул “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний нөгөө тал болох Бригадийн ахлагчид бригадынхаа ажилчдыг нийгмийн даатгалд хамруулахыг шаардах эрх, үүрэг “Дархан нэхий” ХК-д хуулиар олгогдоогүй юм.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар нийгмийн даатгалын харилцаа нь хувь хүн буюу даатгуулагч иргэний эрхийг хамгаалах чиглэсэн харилцаа байх бөгөөд маргаан бүхий актад бригадын ажилтан тус бүрт хамаарах төлбөрийн хэмжээг тодорхойлсон баримт дүгнэлтийг гаргаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч “Дархан нэхий” ХК нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын улсын байцаагч нарт холбогдуулан 2015 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 74 дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Уг актаар “гэрээгээр тохирсон ажлын хөлснөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцож төлөөгүй” гэсэн үндэслэлээр 39,992,258 төгрөгийн төлбөр тогтоосон байна.

Нэхэмжлэгчээс “манай байгууллага нэг удаагийн ажил гүйцэтгүүлж, орлого олгосон болохоос байнгын ажлын байр бий болгоогүй” гэж, хариуцагчаас “хуульд зааснаар гэрээгээр тохирсон хөлс олгож байгаа бол албан журмаар даатгуулах ёстой” гэж маргажээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь нэхий, арьс боловсруулалт, оёдолын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд барилгын засвар, шавардлагын ажил гүйцэтгүүлэхээр бригадын ахлагч нартай ажил гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2-т Иргэний хуулийн ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр тохирсон хөлсийг хөдөлмөрийн хөлс, түүнтэй ажилтгах орлогод тооцож, нийгмийн даатгалын шимтгэл тооцохоор зохицуулжээ. Хуулийн энэхүү заалтын агуулга нь нийгмийн даатгалын шимтгэл оногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхойлсон бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлс нь ажилтны хийсэн ажил, хөдөлмөрийн үр дүнд тохируулан олгож байгаа хөлс байна.

Ажил гүйцэтгэх гэрээнд зааснаар барилгын  материалын зардлыг  “Дархан нэхий” ХК нь гаргаж, ажил гүйцэтгэхэд шаардагдах багаж, тоног төхөөрөмж, байр, хоол, хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, тээврийн зардлыг ажил гүйцэтгэгч тал хариуцахаар тохиролцжээ. Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагчид нь гэрээний нийт үнийг цалин хөлс, түүнтэй адилтах орлоготой адилтган үзсэн нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, цалин хөлс, түүнтэй адилтгах орлогод нийгмийн даатгалын шимтгэл тооцох зарчмыг хангаагүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн “гэрээний бүх үнийн дүн нь зөвхөн хөдөлмөрийн хөлс байгаагүй, зардал шингэсэн үнэ байсан” тухай тайлбар хууль зүйн үндэслэлтэй.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтыг дангаар нь салгаж тайлбарлах боломжгүй бөгөөд хуулийн бусад заалттай уялдуулан нэгдмэл байдлаар тайлбарлах шаардлагатай.

Тухайлбал Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагч болон ажил олгогч нь сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөр зохицуулсан байгаа нь нийгмийн даатгалын шимтгэл нь сар бүр суутгагдах, байнгын шинжтэй орлогод хамааралтай, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Үүний зэрэгцээ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийгмийн даатгалын төрөл тус бүрд нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа, тэтгэвэр, тэтгэмж авах эрхийг ялгамжтай тогтоосон, өөрөөр хэлбэл зөвхөн нэг удаагийн шимтгэл төлснөөр бус, харин тодорхой хугацааны шалгуур тогтоож, тэр хугацаагаар шимтгэл төлсөн тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэхээр зохицуулсан байгаагаас үзэхэд нэг удаагийн бус, тогтмол шинжтэй хөдөлмөрийн хөлснөөс албан журмаар нийгмийн даатгалын шимтгэл тооцох хуулийн агуулга илэрч байна.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь барилгын засвар үйлчилгээний ажлыг байнга тогтмол хийлгээгүй, зөвхөн нэг удаа, өөр өөр ажлыг хийж гүйцэтгүүлсэн байх тул “ажил гүйцэтгэх гэрээгээр тогтмол орлого олгосон” гэж үзэх боломжгүй, хариуцагчийн “ажил гүйцэтгэх гэрээ байгуулснаар шууд шимтгэл төлөх үүрэг үүсэх” тухай тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нийгмийн даатгал нь албан журмаар даатгуулах, сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас бусад тодорхой хөдөлмөр эрхлээгүй иргэн сайн дураар даатгуулж болохоор зохицуулжээ. “Дархан нэхий” ХК-тай зөвхөн тодорхой тохиолдолд, нэг удаа барилгын засвар ажил гүйцэтгэсэн иргэдийг байнгын шинжтэй  хөдөлмөр эрхлээгүй иргэд гэж үзнэ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглосон. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамааралтай буюу байнгын шинжтэй хийсэн ажил, үйлчилгээний хөдөлмөрийн хөлсөнд нийгмийн даатгалын шимтгэл албан журмаар тооцох ёстой байна.

Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагч нар байнгын тогтмол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгосон эсэхийг шалгуур болгохгүйгээр зөвхөн гэрээ байгуулсан гэх үндэслэлээр төлбөр тогтоосон нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй, давж заалдах шатны шүүхийн “ажилтан нь байнгын шинжтэй орлого олсноос үл хамаарна” гэсэн дүгнэлт буруу болжээ.

Хариуцагчийн “нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэдийг хохироосон, нийгмийн баталгааг хангаагүй” гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй бөгөөд байнгын  хөдөлмөр эрхлээгүй иргэд нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах эрхийг хязгаарласан, нөгөө талаар албан журмаар даатгуулах урьдчилсан нөхцөл нь тогтмол хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олсон үед үүсэх юм.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 28-ний өдрийн 84 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 786 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                                М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                                          П.СОЁЛ-ЭРДЭНЭ