Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 000035

 

                                    П.Хүсэлбаяр, С.Золжаргал нарт

                                  холбогдох эрүүгийн хэргийн тухай

                                                                       Хэргийн индекс 142/2017/0009/Э

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа, шүүгч С.Уранчимэг, Ц.Туяа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Б.Бүжинлхам

            Насанд хүрээгүй шүүгдэгч            П.Хүсэлбаяр, С.Золжаргал

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн

           Хууль ёснытөлөөлөгч                     Д.Магван

            Насанд хүрээгүй шүүгдэгчийн

           өмгөөлөгч                                         Р.Бямбажав, Р.Цэрэнханд

            Насанд хүрээгүй хохирогчийн

            хууль ёсны төлөөлөгч                    Ё.Баярмаа

            Насанд хүрээгүй хохирогчийн

            өмгөөлөгч                                         Ж.Шинэжаргал

            Нарийн бичгийн дарга                   Д.Оюунбилэг нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолтой П.Хүсэлбаяр, С.Золжаргал нарт холбогдох, 201614000461 дугаартай эрүүгийн хэргийг насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999-05-18-ны өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ХАА-н мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн барилгын цахилгаанчины 3а ангийн оюутан, ам бүл 5, аав, ээж, эгч, дүү нарын хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Хонхорын 39-08 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФБ-99051810 регистрийн дугаартай, Дархчууд овогт Пүрэвсайханы Хүсэлбаяр.

 

Монгол Улсын иргэн, 1999-04-20-ны өдөр Орхон аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, 2 дугаар дунд сургуулийн 12а ангид сурдаг, ам бүл 2, эмээгийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст багийн 1-5-42 тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, ФБ-99042013 регистрийн дугаартай, Цагаан бух овогт Сэлэнгийн Золжаргал.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Хүсэлбаяр, С.Золжаргал нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчим Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-9 дүгээр байрны урьд бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж танхайран Ё.Лхагва-Очирын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Дархчууд овогт Пүрэвсайханы Хүсэлбаяр, Цагаан бух овогт Сэлэнгийн Золжаргал нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 64 дүгээр зүйлийн 64.1.2., 69 дүгээр зүйлийн 69.1.1.д зааснаар шүүгдэгч П.Хүсэлбаяр, С.Золжаргал нарт хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж, 1 /нэг/ жилийн хугацаанд засарч хүмүүжихийг даалгаж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 69 дүгээр зүйлийн 69.1.3.т зааснаар шүүгдэгч П.Хүсэлбаярыг төрсөн эх Р.Эрдэнэсүрэнгийн, шүүгдэгч С.Золжаргалыг төрсөн эх Ч.Сэлэнгэ, эмээ Д.Магван нарын хяналтанд тус тус өгч,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2.т зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаагийн гаргасан 350.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурьдаж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол насанд хүрээгүй шүүгдэгч П.Хүсэлбаяр, С.Золжаргал нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаа давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Миний хүү Ё.Лхагва-Очир нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уурхайчин багийн нутаг дэвсгэр 3-9 дүгээр байрны урьд бүлэг хүүхдүүдэд зодуулан хүндэвтэр гэмтэл авсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдсэн боловч дараах хоёр нөхцөл байдлыг анхаарч үзсэнгүй.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч болох Р.Бямбажав, Р.Цэрэнханд нар нь төрсөн эгч дүүс бөгөөд хэргийг өмгөөлөхөд хамт оролцсон. Анх миний хүү хэргийн хохирогч болоход 8 хүүхэд энэ зодоонд оролцож танхайрсан байдаг. Гэтэл мөрдөн байцаалтын явцад хүүхдүүд хасагдсаар байгаад хоёр хүүхэд л үлдсэн. Энэ хоёр хүүхдийг эгч дүү хоёр өмгөөлөгч өмгөөлсөн. Энэ нь хуульд нийцсэн эсэхийг би сайн ойлгохгүй байна.

 

Шүүх эмнэлгийн 690 дугаар дүгнэлтэнд Ё.Лхагва-Очирын биед доод эрүүний ясны хоёрлосон хугарал доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт үүсчээ. Энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэж дүгнэсэн. Энэ дүгнэлт 2016 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гарсан. Үүнээс хойш эрүү шүдэнд чиг тавьсан. Энэ хугацаанд чиг нь холгож буйлыг өрөвсүүлж цус гарсан. Иймд 20 хоногийн дараа Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн эрүү нүүрний их эмч Азжаргалд үзүүлж дижитал рентгэн зураг авахуулахад уг зурагт Ё.Лхагва-Очирын эрүүний зүүн буланд хугарал байж болзошгүй гэж оношлосон. Үүний дагуу шүүх эмнэлгийн 690 дугаар дүгнэлт дутуу гарсан байна.

 

Ё.Лхагва-Очирын биед учирсан гэмтлийг гүйцэд оруулахгүй байна гэдгийг мөрдөн байцаагчид хэлж нэмэлт шинжилгээ хийлгэсэн. 2016 оны 10 дугаар сарын 02-нд өдрийн 730 дугаар дүгнэлтэнд нэмэлт шарх байхгүй гэсэн дүгнэлт гарсан. 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн их эмч Азжаргалаас авсан тайлбарт /хх-ийн 151 хуудас/ Ё.Лхагва-Очирын шаанд /зүүн эрүүний буланд нэмэлт хугарал байгаа гэхэд/ зөрүүгүй хугарал хийгдэж эмчилгээ одооны эмчилгээний адил хэвээрээ, нэг л эмчилгээ хийгддэг байгаа юм гэж тайлбар өгсөн байсан. Миний хувьд дээрх тайлбарыг уншаад нэмэлт хугарал байгаа талаар ярьсан гэж ойлгож байна. Би хохирогчийн ээжийн хувьд маш их гомдолтой байна.

 

Миний хүүд учирсан гэмтлийг дутуу үзэж дүгнэсэн гэж бодож байна. Хүүгийн бие одоо болтол сайжрахгүй тархи толгой нь байнга өвдөж, шүднүүд нь хэвээ алдаж чигийг нь авангуут бүх шүд суларсан маш их турж эцэж дархлаагүй сульдсан байдалтай байна. Эрүү нүүрний эмчийн хэлсэнээр яаралтай шүдний гажиг засуулах аппрат зүүлгэж шахах хэрэгтэй гэсэн. Энэ аппрат нь 2.400.000 төгрөгийн үнэтэй. Мөн үүдэн 1 ширхэг шүдийг өрөмдөж тогтоож суулгах шаардлагатай үнэ нь 2 сая төгрөг болж байгаа. Бид тавиулах боломжгүй байна. Би өөрөө группт байдаг. Хамгийн их санаа зовж байгаа зүйл бол тархины гэмтэл байна. Сүүлийн үед хүү минь гэнэт огцом уурлаж, хашгарч, инээж байх болсон. Эмчид үзүүлэхэд тархиндаа гэмтэл авсан байна үүний улмаас яваандаа хэвтрийн хүн болж магадгүй гэсэн. Гэтэл энэ талаар шүүх эмнэлгийн дүгнэлтэнд дурдаагүй байсан.

 

Иймд дээрх гэмтэл үнэн зөв гарсан гэдэгт эргэлзэж байна. Хүүгийн биеийн байдал хийгдэх эмчилгээний талаар өмгөөлөгчид байнга хэлж байсан боловч өмгөөлөгч ажлаа хангалтгүй хийсэн. Хууль ёсны ашгаа хамгаалуулахаар өмгөөлөгч авсан болохоор бүхий л асуудлаа энэ хүнд даатгасан нь буруу байж.

 

Цаашид миний хүү ямарваа нэгэн эрүүл мэндийн эрсдэлд орох магадлалтай байгаа. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин шүүх эмнэлгийн дүгнэлт гаргуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Бүжинлхам  дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч П.Хүсэлбаяр, С.Золжаргал нар нь бүлэглэн 2016 оны 09 дүгээр сарын 24-ний орой 23 цагийн орчимд Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Уурхайчин” багийн нутаг дэвсгэр 3-ын 9 дүгээр байрны урд талд насанд хүрээгүй хохирогч Ё.Лхагва-Очирыг зодож биед нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болох :

 

-Насанд хүрээгүй шүүгдэгч С.Золжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Бид нар 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тоглолт үзчихээд тараад явж байхад 3-ын 9 дүгээр байрны орцны гадаа хэдэн хүүхэд байсан бөгөөд Сайханбилэг тэднээс гал асуух гээд очсон…, Тэгтэл  тэд Сайханбилэг рүү дайрч байхаар нь бид нар очиж харилцан  зодолдсон..., Тухайн үед тал талаасаа зодолдсон учраас хохирогч Лхагва-Очирыг хэн хэн цохисныг анзаараагүй..., тэр үед би Наранбилэгтэй зууралдаад байж байсан..., хохирогчийг цохьсон үгүйгээ сайн мэдэхгүй байна..., олон хүүхдүүд бужигнаад байсан..., хохиролд 700.000 төгрөг төлсөн... Миний хувьд нэг хүүхэд өшиглөсөн..., Би хохирогчийн нүүр царайг нь хараагүй..., Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа…, хохирогчоос уучлалт гуйж байна...,  хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй шүүгдэгч П.Хүсэлбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Тэр үед гэнэт л зодоон болсон..., хохирогч гээд байгаа хүүхэд хэсэг  охидтой  хамт хол зогсож байсан..., Би Тэмүүлэн гээд өндөр бандийг нэг удаа цохьсон, би хохирогч Лхагва-Очирыг цохиогүй..., хохиролд 700.000 төгрөг төлсөн. Би 3-ын 9 дүгээр байрны гадаа хүүхдүүдтэй зодолдсондоо харамсаж байна. Хохирогчоос болон ээжээс нь уучлалт гуйж байна... гэсэн мэдүүлэг,

 

-Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

2016 оны 09 дүгээр сарын 24-ний шөнийн 00 цаг өнгөрч байхад хүү маань ангийнхаа Бат-Амгалантай хамт орж ирсэн..., Нүүр нь гэмтсэн байсан..., Тэгээд хүүгээ дагуулж эмнэлэгт очиж анхны тусламж авч, компьютер томографын зураг авахуулахад эрүүний хугаралттай гэж гарч аппарат тавиулсан..., Одоо бүрэн эдгээгүй эмчилгээ хийлгэж байгаа..., Энэ байдлаас болж хичээл номны хоцрогдолтой явж байгаа..., Одоо аппаратаа авахуулаагүй байгаа. Цаашид ч эмчлүүлнэ. Хохиролд 1.400.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг энэ 2 хүүхэд төлсөн. Одоогоор нэхэмжилсэн мөнгийг төлсөн. Сая Мажаа эмнэлэгт 10 хоногт хэвтэж эмчлүүлсэн. Энэ 350.000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэхдээ баримтыг нь авч ирээгүй байна. Цаашдаа эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ. Гомдол саналгүй... гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч С.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Д.Магваны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

...Хохирогчийн ээжээс уучлалт гуйж байна. Баримтын хүрээнд хохирлыг боломжоороо төлж барагдуулна... гэсэн мэдүүлэг,

 

- Шүүгдэгч П.Хүсэлбаярын хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэсүрэнгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

 

Уучлалт гуйж байна, хохирлыг боломжоороо төлнө... гэсэн мэдүүлэг,

 

- Насанд хүрээгүй хохирогч Ё.Лхагва-Очирын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр ангийнхаа найзуудын хамт тоглолт үзээд 22 цаг өнгөрөөд дууссан. Тэгээд 3-9 дүгээр байрны урд саравчинд бүгдээрээ суугаад... яриад байж байтал бид нараас арай ах болов уу гэмээр нэг хүүхэд ирээд гал асуухаар нь өгсөн..., Тэр хүүхэд галаа газар унагаачихаад “аваад өг” гэж хэлсэн..., Тэгэхээр нь Наранбилэг “чи ямар том юм бэ, өөрөө ав” гэж хэлээд бостол гэнэт тал талаас 7-8 хүүхэд гарч ирээд зодоон эхэлсэн..., Би Болормаа, Дөлгөөн, Намуун нарын хамт саравчны хажууд зогсож байсан...,

 

Бусад нь саравчнаас арай зайтай барьцалдаж зодолдож байсан. Тэгээд саравчны хажууд зогсоод бид нар луу ирж зодоон хийж байгаа хүүхдүүдийг харж байтал тэдний дунд зүс таних 2 хүүхэд байсан..., Би тэд нар луу очиж зүс таних нэг хүүхдэд хандаж /эцэг хочит Хүсэлбаяр гэдэг хүүхэд болохыг сүүлд мэдсэн/ одоо зодолдохоо больчих би чамайг таньж байна гэхэд тэр хүүхэд үгийн зөрөөгүй над руу дайрч миний зүүн шанаа руу нэг удаа цохиж, гадуураа өмсөж байсан куртикээ тайлаад дайраад байсан...,

 

 ...Би тэр хүүхэдтэй зодолдох хүсэлгүй байсан тул ухраад зогсож байтал нэг хүүхэд хүрч ирээд над руу дайрхаар нь Наранбилэг ирээд тэр хүүхдийн гарыг бариад хориглож байтал тэр хүүхэд "гар тавьж бай би цохихгүй" гэж хэлээд гараа тавингуутай шууд миний шанаан тус газар 1 удаа цохисон...,

 

Тэгтэл миний эрүү их өвдөж, эрүү салаад хүнд болчихсон юм шиг санагдаж, ангайхад зовиуртай байсан..., ...Бид нар луу ирж зодоон хийсэн хүүхдүүд явсаны дараа найзууд дээрээ очоод арай гэж “сая сүүлд цохиулсаны дараа эрүү сонин болчихлоо” гэж хэлсэн..., Тэгтэл нөгөөдүүл маань сая учраа олоод бид гар бариад саллаа сая сүүлд чамайг цохьдог хүүхдийг Золоо гэдэг гэж байна гэсэн..., Би их гомдолтой байна...  гэсэн мэдүүлэг, /хх.ийн  16-17 хуудас/

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Наранбилэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Саравчнаас гарч иртэл хоёр талаас баахан хүүхдүүд гараас ирээд  үгийн зөрөөгүй зодоон эхэлсэн..., Над руу 2-3 хүүхэд зэрэг дайрч би тэр хэдтэй зууралдаж байх үед эцэг чинь байна гээд байсан хүүхэд Лхагва-Очирыг нэг удаа цохьсон..., Тэгээд өөр нэг хүүхэд Лхагва-Очир луу дайраад байхаар нь би тэр хүүхдийг тэврээд авахад тэр хүүхэд намайг зүгээр тавьчих би танай найзыг яах ч үгүй гээд байхаар нь тавьтал шууд Лхагва-Очирын нүүрэн тус газар цохьсон...,  ...Лхагва-Очирын доод буйл нь цуурчихсан бага зэрэг цус гарчихсан байсан... гэсэн мэдүүлэг, /хх.ийн 62 хуудас/

 

-Насанд хүрээгүй гэрч Э.Мөнгөн-Одын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Лхагва-Очирыг зүгээр зогсож байхад эцэг чинь байна гээд байсан хүүхэд цохьчихсон..., Лхагва-Очир тэр эцэг чинь байна гээд байсан хүүхдэд хандаж би чамайг таньж байна зодоон хийхээ боль гээд байхад цохьчихсон..., Тэгээд Золоо гэх хүүхэд Лхагва-Очир луу дайрч эхэлсэн. ...Энэ үед Золоо гэх хүүхдийг Наранбилэг гараас нь бариад хориглотол зүгээрээ найзыг чинь цохихгүй гэснээ Наранбилэгийг тавингуут Лхагва-Очирыг шанаадчихсан нь үнэн... гэсэн мэдүүлэг, /хх.ийн  66 хуудас/

 

-Насанд хүрээгүй гэрч О.Бат-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...Бид нар саравчнаас гартал гэнэт тал талаас хүүхдүүд гарч ирээд Наранбилэг рүү дайрч эхэлсэн..., Энэ үед Лхагва-Очир, Наранбилэг рүү очоод салгах гэтэл нэг том биетэй хүүхэд Лхагва-Очирыг шанаадчихсан..., Тэгээд Лхагва-Очир хойшоо ухарч байтал өөр нэг хүүхэд Лхагва-Очир луу дайраад Наранбилэг тэр хүүхдийн гарнаас бариад хориглож байтал тэр хүүхэд Наранбилэгээс салаад Лхагва-Очирын нүүр лүү цохьсон... гэсэн мэдүүлэг, /хх-ийн  63 хуудас/

 

-Насанд хүрээгүй гэрч Б.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

...манай ангийн хөвгүүдээс Бат-Амгалан зугтаад Наранбилэг, Мөнгөн-Од, Тэмүүлэн, Лхагва-Очир нар тэр хүүхдүүдтэй зууралдаад зодолдож эхэлсэн..., Ингээд хэсэг бужигнаж байгаад салцгаасан..., Гэтэл Лхагва-Очир миний эрүү сонин болчихлоо, юм ярьж болохгүй өвдөөд байна гэж хэлсэн. Лхагва-Очирын эрүүний доод тал буйл хэсгээс цус гараад байсан... гэсэн мэдүүлэг, /хх-ийн 61 хуудас/

 

-Шүүх шинжилгээний албаны 2016-09-27-ны өдрийн 690 дугаартай :

 

Ё.Лхагва-Очирын биед доод эрүүний ясны хоёрлосон хугарал, доод эрүүнд зөөлөн эдэд цус хуралт үүссэн…,  Эдгээр гэмтэл нь  мохоо зүйлийн нэг удаагийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн…, Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна…, Гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.3.1.д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана…, Гоо сайхан болон хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэсэн дүгнэлт, /хх-ийн  20 хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны 2016-10-20-ны өдрийн 730 дугаартай :

 

...Хохирогч Ё.Лхагва-Очирын биед өмнөх “690” дугаартай дүгнэлтээр гаргасан гэмтлээс өөр нэмэлт гэмтэл тогтоогдсонгүй... гэсэн нэмэлт дүгнэлт  /х.хийн 22-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, тэдний үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн биед хийсэн эхний  буюу 2016-09-27-ны 690  дугаар дүгнэлт гарсны дараа дахин  магадлуулахаар 2016-10-20-ны өдөр 730 дугаартай нэмэлт дүгнэлт гарч 690 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй болохыг тогтоосон, түүнчлэн  хохирогчид үзлэг хийсэн   эрүү нүүрний мэс заслын эмч Б.Азжаргалаас авсан  мэдүүлгээс /х.хийн 51-53-р хуудас / үзвэл хохирогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, харин өөр гэмтэл байхгүй болохыг тогтоожээ.

 

Анхан шатны шүүх П.Хүсэлбаяр, С.Золжаргал нар нь насанд хүрээгүй байхдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, одоо хоёулаа сургуульд суралцдаг, сайн дураараа хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэгт хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийж, тэдэнд ял оногдуулахгүйгээр  хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тэдний  гэм буруу, хувийн байдалд тохирсон байна.

 

Насанд хүрээгүй хохирогч мөрдөн байцаалтын шатанд эм тариа, хүнсний зүйл болон шатахууны зардалд нийт 1.423.114 төгрөгийг нэхэмжилсэнээс анхан шатны  шүүхийн шатанд  шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгчид  хохиролд 1.400.000 төгрөг төлсөн,  мөн давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад 288.000 төгрөг төлсөн бөгөөд мөн шүүх шийтгэх тогтоолд  ...хохирогч нь цаашид эмчилгээний зардал гарсан тохиолдолд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэх эрхтэй... болохыг дурьдсан байна. 

 

П.Хүсэлбаяр, С.Золжаргал   нарт холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хийж гүйцэтгэсэн, нотлох  баримтыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн, дүгнэлтийг эрх бүхий шинжээчид гаргасан, сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгчдөөс  хуулийн дагуу мэдүүлэг авч, тогтоол гарахад ач холбогдолтой байх  бүх  байдлыг шалгаж тогтоожээ.

 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй  хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаагийн гаргасан “...шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулмаар байна..., хүү маань одоо сургууль төгсөнө гэтэл эрүүл мэндээсээ болж хичээлээсээ хоцорч байна..., цаашид тархинд ч нөлөөлж магадгүй тул хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгөн үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1., 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.              

        

            2. Давж заалдах шатны шүүхэд хэрэг хэлэлцэх явцад насанд хүрээгүй шүүгдэгч П.Хүсэлбаярын хууль ёсны төлөөлөгч Р.Эрдэнэсүрэн нь 194.000 төгрөг, С.Золжаргалын хууль ёсны төлөөлөгч Д.Магван 94.000 төгрөг нийт 288.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ё.Баярмаад шилжүүлсэн болохыг дурьдсугай.

 

            3.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч нар  болон  хохирогч тэдний хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч, Улсын ерөнхий прокурор магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

 

 

                        ШҮҮГЧИД                                                                 С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                            Ц.ТУЯА