Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 21 өдөр

Дугаар 104

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Хохирогч Я.Л,

Иргэний нэхэмжлэгч П.О,

Шүүгдэгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар: Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Д Н холбогдох 1808046880450 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Д.Н нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны 07 цаг 28 минутын орчим Мэйбен ND маркийн 86-50 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Хюндай каунти маркийн 16-01  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар уг автомашины жолооч Я.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                          ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.Ннь 2018 оны 09 дүгээр сарын 30ны өглөөний 07 цаг 28 минутын орчим Бэйбен ND маркийн 86-50 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас Хюндай каунти маркийн 16-01  улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, улмаар уг автомашины жолооч Я.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : 

- мөрдөгчөөс 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч /хх-7-13/,

- хохирогч Я.Лгийн мөрдөн байцаалтад өгсөн:...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 07 цаг 32 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Толгойтын уулзварын баруун талын замд өөрийн байгууллагын Хюндай каунти маркийн 16-01  улсын дугаартай автомашиныг жолоодон явж байхад миний урдаас Бейбэн ND маркийн 86-50 улсын дугаартай автомашин урсгал сөрөөд ороод ирсэн, тэгэхээр нь би аюулаас зайлсхийж жолоогоо зүүн гар тийш дарсан. Энэ үед нөгөө урсгал сөрж ирсэн машин буцаж миний явсан гэх чиглэлрүү дагуулж дараад 2 машин мөргөлдсөн...Осол гарах үед зам орчмын байдал хэвийн, үзэгдэх орчин чөлөөтэй ямар нэгэн замын эвдрэл гэмтэл байхгүй, цаг агаар хэвийн байсан. Би тухайн үед машинтай мөргөлдөөд тархи толгой манараад жолоон дээрээсээ бууж чадахгүй байсан хэсэг хугацаанд ухаан алдсан байсан...гэх мэдүүлэг /хх-19-20/,

- иргэний хариуцагч М.Бын мөрдөн байцаалтад өгсөн: ...манай компаний эзэмшлийн Бэйбен ND маркийн 86-50 улсын дугаартай автомашиныг Д.Н хариуцаж ажилдаг үндсэн жолооч. Манайх жолоочийн бүрэн даатгалтай учир даатгалаас хохирлыг шийдвэрлэж өгнө... гэх мэдүүлэг /хх-30/,

- гэрч Д.Хын мөрдөн байцаалтад өгсөн : ..Осол болсны маргааш нь Д.Ныг дуудаж уулзахад тэр “1 удаа явж ирээд моторын тос халуун байгаа дээр үйлчилгээнд орьё гэж бодсон, би өглөө үүрэглээд эсрэг урсгалд орсон, зам голлоод явж байсан, гэтэл урдаас ирж байсан автобус сигналдаад тулж ирсэн, би сигналын дуугаар сэрээд өөрийн эгнээ рүү буцаж дартал автобустай мөргөлдсөн” гэж хэлсэн.. гэх мэдүүлэг /хх-32-33/,

- гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтад өгсөн: ...2018 оны 09 дүгээр сарын 30-ны өглөөний 05 цаг 30 минутын орчимд Д.Н өөрийн хариуцсан Бэйбен ND маркийн 86-50 улсын дугаартай автомашиныг хашаанаас ажилд гаргахаар авч явсан... гэх мэдүүлэг /хх-40/,

- шинжээчийн дүгнэлт :...Я.Лгийн биед өвчүү, ясны толгой хэсгийн бяцарсан хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, баруун тохой, хуйханд зулгаралт зүүн мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.../хх-55/,

- Тээврийн цагдаагийн албаны Техникийн шинжээчийн дүгнэлт :...1. Бэйөен ND маркийн 86-50 улсын дугаартай тээврийн жолооч Дорждавгын Ннь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. а/-д заасан “хөдөлгөөний аюулгүй байдал хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Х.Каунти маркийн 16-01  улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ямааны Л Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн үндэслэлгүй байна.. гэх дүгнэлт /хх-63-64/

             - “Ашид билгүүн” ХХК-ний 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 121 дугаартай “Хюндай каунти маркийн 16-01  улсын дугаартай автомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ 20.864.400” төгрөг ...гэх тайлан /хх-87-90/,

            - шүүгдэгч ДН рын мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 07 цаг 28 минутанд Бэйбен ND маркийн 86-50 УНН улсын дугаартай автомашин жолоодож явах үедээ Х.Каунти 16-01  улсын дугаартай автомашинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан. Тухайн үед би маш богино хугацаанд үүрэглэж урдаас ирж явсан Х.Каунти маркийн автомашины жолооч сигналдаж тулаад ирэх үед нь гэнэт сэрээд баруун гар тийшээгээ руль ээ дарсан. Тухайн үед би урсгал сөрөөд үүрэглэж явж байсан. Тэгээд гэнэт сэрээд баруун гар талруугаа буцаж дартал урдаас ирж явсан автомашинтай мөргөлдсөн тухай мөрдөн байцаалт хх-73-74/, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.  

 

Иймд шүүгдэгч Д.Н автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Я.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :       

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэл зөв болно.  

Хохирогч Я.Л гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 718.192 төгрөг нэхэмжилсэн баримт гаргасан /х-103/ боловч 1000,000 төгрөг авсан болохоо бичгээр илэрхийлсэн /х-97/ байна. 

Тус гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч буюу “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ийн эзэмшлийн Хюндай каунти маркийн 16-01  улсын дугаартай автомашинд 20.864.400 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон /х-87/, мөн иргэний нэхэмжлэгчээс уг автомашиныг журмын хашаанаас авахад зарцуулсан  495,000 төгрөгийг нэхэмжилсэн байх ба тус хэрэгт иргэний хариуцагчаар “Үүр тээл” ХХК-ийг татагдсан, иргэний хариуцагч нь иргэний нэхэмжлэгчид учирсан хохирлыг төлөх талаар мэдүүлсэн байх /х-27-30/ тул иргэний нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т учирсан хохирол 21,359,400 төгрөгийг иргэний хариуцагч “Үүр тээл” ХХК-аас гаргуулж төлүүлэх, харин иргэний хариуцагч “Үүр тээл” ХХК өөрт учирсан хохирлоо өөрийн ажилтан Д.Ням-очироос нэхэмжлэх үндэслэлтэй болно.   

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч иргэнд учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.     

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.  

Бусад асуудал :

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл байхгүй,  эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Д.Ням-Очирт эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул тус хэрэгт хавсарган ирүүлсэн В, С ,Е ангиллын 439131 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Д.Н автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Я.Лгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Д.Н 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Н оногдуулсан 600,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 1, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4-т зааснаар  иргэний харицагч “Үүр тээл” ХХК (захирал А.Д)-аас нийт 21,359,400 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-т олгосугай.  

6. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний харицагч “Үүр тээл” ХХК нь өөрт учирсан хохирлыг Д.Н нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

7. Хэрэгт хавсарган ирүүлсэн B, C, E ангиллын 439131 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шүүгдэгч Д.Н буцаан олгсосугай.

  1. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Эрх бүхий прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Г.ГАНБААТАР