| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0076/Э |
| Дугаар | 105 |
| Огноо | 2019-01-21 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 105
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч Д.Ганчимэг
Хохирогч О. М,
Шүүгдэгч У.Б, түүний өмгөөлөгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У Бд холбогдох 1808015380309 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар : /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч У.Б нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.О эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн, түүний өмчлөлийн 42 инчийн “Сони” маркийн өнгөт зурагт, хар өнгийн гэртэй “Канон Д-550” маркийн зургийн аппарат, нүдний шил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 990.360 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.О эзэмшлийн байшинд нэвтрэн гуулин бурхан, манан хөөрөг, хөш хөөрөг, мөнгөн бүс, монетон бөгж, цагаан алтан гинж, кулон, бөгж, ээмэг, монетон гинж, кулон, бөгж, ээмэг, их гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 6.318.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, мөн
2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О. Мын эзэмшлийн байшинд нэвтрэн, 55 инчийн “Сони маркийн смарт зурагт, Самсунг брэндийн Нөтбүүк, мөнгөн морь зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.850.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь :
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч У.Б нь :
2018 оны 03 дугаар сарын 27-ны өдөр иргэн Ж.Оийн эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн, түүний өмчлөлийн 42 инчийн “Сони” маркийн өнгөт зурагт, хар өнгийн гэртэй “канон Д-550” маркийн зургийн аппарат, нүдний шил зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 990.360 төгрөгийн хохирол учруулсан, мөн
2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 17-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэн Д.Оын эзэмшлийн байшинд нэвтрэн, гуулин бурхан, манан хөөрөг, хөш хөөрөг, мөнгөн бүс, монетон бөгж, цагаан алтан гинж, кулон, бөгж, ээмэг, монетон гинж, кулон, бөгж, ээмэг, их гарын мөнгөн аяга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 6.318.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн
2018 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр иргэн О. Мын эзэмшлийн байшинд нэвтрэн, 55 инчийн “Сони маркийн смарт зурагт, Самсунг брэндийн Нөтбүүк, мөнгөн морь зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлан авч, бусдад 2.850.000 төгрөг хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь :
- хохирогч Ж.Оийн мөрдөн байцаалтад өгсөн:.. би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өглөө гэрээсээ гарахдаа хаалга үүдээ түгжээд ажилдаа явсан. Тэгээд орой ажлаа тараад 22 цагийн орчим гэртээ ирсэн чинь хашааны хаалга онгорхой...байшингийн том өрөөний цонхны салхивч онгорхой байсан...гэр рүүгээ орсон чинь хамаг эд зүйлсийг сандаачаад онгичоод хаячихсан байсан. Ингээд эд зүйлээ бүртгэж үзтэл “Сони” маркийн 40 инчийн лед зурагт, мөн бор өнгийн модон авдар дотроос “Канон-550” маркийн зургийн аппарат, стенк дотор байсан манай нөхөр Б гоёлын нарны нүдний шил алдагдсан байсан...Зурагтаа 2016 онд хорооллын номин дэлгүүрээс 1.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Зургийн аппаратыг 3 жилийн өмнө манай нөхөр Б Бээжинд байхдаа монол мөнгөөр 500.000 төгрөгөөр худалдан авч байсан. Стекен дотор байсан манай нөхөр Б гоёлын нарны нүдний шил алдагдсан...нүдний шилийг 180,000 төгрөгөөр авч байсан гэх мэдүүлэг /1х, х-18-20/,
- гэрч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн...тэр орой над руу манай эхнэр утсаар яриад гэрт хулгай ороод зурагт, зургийн аппарат, чиний нүдний шил чинь алга болчихсон байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /1х, х-21/,
- гэрч Б.Д мөрдөн байцаалтад өгсөн:.. Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед тасгийн хамгаалалтын цагдаа дэд ахлагч Д хамтаар 1 дүгээр хорооллын арын дэнжээр айлын хаяг шалгаад явж байсан. Тухайн үед Д приус-20 маркийн машинтай явж байтал 20 гаруй насны сэжиг бүхий нэг залуу хар өнгийн зурагт, ардаа хар өнгийн цүнхтэй зургийн аппарат үүрчихсэн явж байхлаар шалгахаар болж, машиныхаа арын суудал дээр суулгасан...гудамжаар доош уруудаад явж байтал нөгөө залуу арын хаалгыг онгойлгоод шууд гараад зугтаасан, бид хоёр араас нь хөөж барьж авсан...Зурагт, хар өнгийн цүнхтэй аппарат хурааж авсан...Тэр залууг хөөж байх явцад зүүж явсан нүдний шил хаягдсан байж магадгүй. Машинаас гараад зугтаахаар нь угаасаа хулгайлсан гэж бодсон” ...гэх мэдүүлэг /1х, х-22-24/,
- гэрч Н.Б мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /1х, х-25-27/,
- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-8/
- эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-12-15/,
- хөрөнгийн үнэлгээ /1х, х-30-31/,
- шүүгдэгч У.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2018 оны 03 дугаар сарын 27-ны өглөө 10 цагийн үед Булган аймаг руу гэрлүүгээ явах зардлаа олох зорилгоор 1 дүгээр хорооллын арын дэнж рүү гарч гүйдэг төмөр хаалгатай хашаандаа улаан өнгийн тоосгон нэг давхар байшингийн баруун талын вакум цонхыг гараараа түлхэн орж том өрөөнд нь байсан саарал өнгийн тавиур дээр байсан 40 инчийн зурагт, мөлхөө тавилгын хажуу талд байсан бор өнгийн авдраны тагийг онгойлгож аппаратыг авч буцаж цонхоор гарч явсан...Араас хүн дуудсан, харахад 2 цагдаа хөөе зогсож бай, цагдаа байна гэж хэлэхээр нь айгаад зугтаасан, цагдаад баригдсан...гэх мэдүүлэг /1х, х-44-45/,
- хохирогч Д.Оын мөрдөн байцаалтад өгсөн: “...эхнэр бид хоёр 2018 оны 3 сарын 12-нд Эрээн явчихаад 3 сарын 17-ны өдөр гэртээ ирсэн...Эрдэнэт рүү ирэх замд хүү С надруу утсаар яриад аав манай гэрт хулгай орсон байна гэсэн. Ингээд эхнэр бид хоёр 3 дугаар сарын 17-ны өдөр гэртээ ирэхэд байшингийн цонхны төмөр сараалжийг эвдээд цонхоор хулгайч ороод дараах эд зүйлс алдагдсан байсан. Үүнд : алтан бүрхмэл, гуулин бурхан, манан хөөрөг, цагаан хаш хөөрөг, мөнгөн бүс, монетон бөгж-5 ширхэг, гинж, кулон, бөгж, ээмэг 1 ком, монетон кулон, бөгж, ээмэг 2 ком, цагаан алтан ком /хос ээмэг, зүүлт, бөгж/, их гарын мөнгөн аяга, шинэ цагийн мөнгөн аяга 3 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 10 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг, цэвэр мөнгө 400 гр зэрэг зүйлс алдагдсан...гэх мэдүүлэг /хх-155-158/,
- “Бан Хас” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /1х, х-165-167/,
- шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг...гэм буруугаа ойлгож байна, Хүрэнбулаг багт саарал байшинтай айлд цонхоор нь орж мөнгө аяга, хөөрөг, мөнгөн бүс, гинж зэрэг эд зүйлс авсан...Хархорин захад танихгүй хүнд зарсан.../1х, х-192-193, 195-196/,
- шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1х, х-197-200/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1х, х-250, 2х, х-1-6/,
- хохирогч О. Мын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018.04.07-ны өдөр аав, ээжийн хамт Утай гүмбэн явсан байсан...Ххулгайд алдсан 55 инчийн смарт маркийн зурагтыг 2017 оны 04 дүгээр сард 2.500.000 мянган төгрөгөөр авч байсан...Нөтбүүк нь хөх өнгийн самсунг маркийнх. Мөнгөн морь нь ямар нэгэн шинж тэмдэггүй, 350.000 төгрөгөөр авч байсан”... гэх мэдүүлэг /2х, х-25-26/,
- “Бан Хас” ХХК-ний хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /2х, х-33-36/,
- шүүгдэгчийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг : 2018 оны 4 сарын эхээр Булган аймгаас Улаанбаатар хот руу найз нарын хамт Ууганаанийн найз эмэгтэй машинаар явсан...Орхон аймагт орж ирээд би 11 дүгээр хороололд манай ахынх байдаг, орчихоод ирье гэж хэлээд зам зааж явсан...Би машинаас бууж, 2 давхар байшинтай айлын тагтаар ороод зурагт, зөөврийн компьютер зэргийг авсан. Хамт явсан хүмүүстээ ахынхаас авсан гэж хэлсэн...УБ хотод орж ирээд танихгүй хүмүүст зарсан.../2х, х-62-63/,
- шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2 хх-64-66/,
- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-125-130/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч У.Б 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж, хамгийн сүүлд 2018.02.18-ний өдөр суллагдсан /2х, х-85/ байх ба 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч У.Бгийн 2002 оны Эрүүгийн хуулиар эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсныг түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болгохгүй, мөн шүүгдэгч нь 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилснээс хойш хулгайлах гэмт хэргийг 3 удаа үйлдсэн байх боловч яллах дүгнэлтээр шүүгдэгчийн үйлдсэн 3 удаагийн хулгайлах гэмт хэргийг “байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэж ял сонсгоогүй байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах, хэргийг прокурорт буцаахаар дүгнэлт хийгээгүй болно.
Шүүгдэгч У.Бгийн хулгайлах гэмт хэргийг 3 удаа үйлдэж, тус хэргийн улмаас нийт 10,158,360 төгрөгийн хохирол учруулсан байх ба тухайн хохирлын хэмжээ нь хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хохирлын шинж болохгүй тул Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлийн 3-т зааснаар “үргэлжилсэн нэг” гэмт хэрэгт тооцогдсон болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Тус хэрэгт 1 ширхэг сүх эд мөрийн баримтаар хураагдсан байх боловч уг сүхийг шүүгдэгч нь тусгайлан бэлтгээгүй, тус сүхийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх баримтгүй байх тул гэмт хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх боломжгүй.
Хохирогч Ж.О нь 42 инчийн “Сони” маркийн өнгөт зурагт, хар өнгийн гэртэй “канон Д-550” маркийн зургийн аппарат хүлээн авсан, гомдол саналгүй болохоо илэрхийлсэн /1х, х-15, 103/ байх тул гэмт хэргийн улмаас хохиролгүй гэж үзэв.
Харин гэмт хэргийн улмаас хохирогч Д.Оад учирсан хохирлын 6.318.000 төгрөг, хохирогч О. Мад учирсан хохирлын 2.850.000 төгрөг тус тус төлөгдөөгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан болно.
Бусад асуудал
Шүүгдэгч У.Б 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Орхон аймгийн Цагдаагийн газраас шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан /1х, х-183/, улмаар яллагдагч, шүүгдэгчээр 2019.01.21-ний өдрийн байдлаар /1х, х-188-189, 2х, х-80-81, 96-98, 111, 113, 114, 116, 125, 128, 135/ нийт 172 цагдан хоригдсон, тус хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг сүх хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч У.Бг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч У.Бг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар У.Бгийн эдлэх 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Бгийн цагдан хоригдсон нийт 172 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч У.Бгаас нийт 9168000 төгрөг гаргуулж, хохирогч Д.Оад 6.318.000 төгрөг, хохирогч О. Мад 2.850.000 төгрөг тус тус олгосугай.
6. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан 1 ширхэг сүхийг уг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, уг хэрэгт хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хохирогч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч У.Бг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 01 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР