Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 115

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

            Улсын яллагч Д.Нямбат,

            Шүүгдэгч Ж, түүний өмгөөлөгч Г.Н, орчуулагч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Ч-д холбогдох 1808050991524 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Бүгд Найрамдах Хятад Ард улсын Өвөр Монголын өөртөө засах орны иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар :  

          Шүүгдэгч Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн орчим Ч.Хг “ээж рүү гар утсаар ярьлаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн орчим хамтран амьдрагч Ч.Хг “ээж рүү гар утсаар ярьлаа” гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь : 

- хохирогч Ч.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2016 оноос 2018 оны 07 дугаар сарын хооронд Бүгд Найрамдах Хятад ард улсын Шилийн хотод амьдарч байгаад ирсэн ба тэнд байх хугацаандаа Өвөр Монголын өөртөө засах орны иргэн Ж гэх залуутай танилцсан. Миний түрээслэж байсан байранд хамт амьдарч байсан. Би тэр хүнтэй хамт амьдрах бодолгүй байсан тул түрээслэж байсан гэрийг бүх тавилагатай нь хамт үлдээгээд орхиод ирсэн. Тэгтэл Ж 2018 оны 08 дугаар сард  удаа Монголд ирээд надтай амьдармаар байна гээд байсан. Би түүнтэй хамт амьдрахгүй гэдгээ хэлээд явуулсан. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны үүрээр 04:30 минутын үед Ви чатаар над руу залгаад гадаа чинь ирчихсэн байна гараад ир гэхээр нь гарч хаалга онгойлгож өгсөн. Замын үүдээс ганцаараа ирсэн гээд гэрт орж ирсэн. Үүрээр эрт ирсэн учир түүнд газраар ор засч өгөөд унтуулсан. Тэгээд өглөө 10 цагийн үед Ж намайг хамт дэлгүүр орьё гээд байхаар нь хамт гараад гэрийн ойролцоо дэлгүүрээс 5000 төгрөгийн нэгж авчихаад эргэд харих замдаа бид 2 маргалдаж хэрэлдсэн. Тэгээд хашааны хаалгаар орох үед Ж нь миний хоолойг боогоод, гарт байсан гар утсыг шидээд дэвсэлж хагалсан. Тэр үед манай найз Юмчмаа гарч ирээд хамт гэр рүү орсон. Тэгээд Ж бид хоёр үргэлжлүүлээд хэрэлдэх үед үснээс зулгааж доош нь дараад толгой руу хэд хэдэн удаа цохиод өндийх гэсэн чинь хөлөөрөө өшиглөөд баруун гарын шуу эвгүй болсон. Амбаарт байж байхад эргэж орж ирээд нүүр лүү өшиглөсөн, тэгээд гараад зугтаасан...Би Жтэй БНХАУ-д, Шилийн гол аймагт 7 сар гаран хамт амьдарсан, албан ёсоор гэрлэлт батлуулаагүй найз залуу гэж явдаг, хамт амьдрах хугацаандаа бэлгийн харилцаанд байсан...гэх мэдүүлэг /х-7-8/,

- гэрч Ё.Ю  мөрдөн байцаалтад өгсөн:...Найз Х нь 2018 оны 09 дүгээр сард Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойтын 39-550 тоотод байх хашаа байшин худалдаж авсан. Тэр цагаас хойш засвар, гэр орных нь ажилд туслаад хамт байж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 03-ны үүрээр 04:30 минутын үед Хгийн гар утас дуугараад Хятадад байхад араас нь гүйгээд,  дарамтлаад байдаг Өвөр Монгол залуу ороод ирсэн. Өглөө 9 цагийн үед боссон. Нөгөө залуу Хгийн охинд цамц энэ тэр авч өгнө гээд гуйсаар байгаад Хг дагуулаад гарсан. Тэгээд 20-30 минутын дараа хаалга балбахаар нь очоод онгойлгохын хооронд Хгийн хагархай утас хаалган доогуур орж ирээд тэгээд хаалга онгойлгоход тэд хоорондоо хэрэлдээд ороод ирсэн. Би цагдаа дуудна гэсэн чинь намайг загнаад Хг барьж авч зодоод толгой руу олон удаа цохьсон, би салгах гэсэн чинь түлхэж унагаагаад ойртуулахгүй байсан. Тэгтэл Ж гарч гүйгээд амбаарт асуугаагуур барьчихсан шатаана, энэ миний гэр гэж орилсон. Тэгээд эргэж ороод Хг сандал дээр сууж байхад нь нүүр рүү нь өшиглөөд гарыг нь бас давхар өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-13-14/,

- гэрч Ц.Ц мөрдөн байцаалтад өгсөн:...Жтэй танилцаж найз нөхөд болоод 7-8 жил болж байна. Ж Ж гэж дууддаг 2018 оны 10 дугаар сарын 28-ны Монголд ирсэн. Энд найз нөхөд гэх хүн байхгүй учраас одоо манай гэрт амьдарч байгаа...гэх мэдүүлэг /хх-17/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №13254 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт :...1. Ч.Хгийн баруун шууны доод талд далд хугарал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх 19/,

- “Тэнцвэр эстимейт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хуучин хэрэглэж байсан Самсунг галакси Эс 5 маркийн гар утасийг 160.000төгрөг.. гэх үнэлгээ /хх- 26/

- шүүгдэгч Жгийн мөрдөн байцаалтын явцал өгсөн: “...Би 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Ирхээсээ өмнө найз бүсгүй Хд ирнэ гэдгээ утсаар мэдэгдсэн. Ингээд Улаанбаатар хотод Толгойтод байх гэртээ ирсэн. Намайг ирэхийг мэдсээр байж хоол, цай чанаж бэлдээгүй байсан. Би газраар унтаад өгсөн. Өглөө 10 цагийн үед Х гар утсандаа төлбөр авч хийх, Хд болон охинд хувцас хунар авч өгөхөөр хамт гэрээс гарсан. Ингээд гарч явах замд Х манай ээж рүү Ви чат явуулсан байхыг харсан. Битгий явуулаач ээж намайг зовж олсон мөнгөө Монгол яваад үрчихдэг гээд загнадаг юм гэж хэлээд байхад бичлэг явуулаад байсан. Ингээд бид хоёр гэрийн хажууханд хоолны газар орчихсон байхдаа би өөрийнхөө хэлээр хараачихсан юм. Тэгтэл Х уурлаад гараад явсан, би араас нь явж байхад ээж рүүгээ утасдаад хүрээд ир гэж байх шиг байсан. Би түрүүлж алхаад хашааны хаалганы гадаа хүлээгээд зогсож байтал Х утаснаасаа дуудлага хийхээр нь цагдаа руу ярьж байна гэж бодоод гар утсыг нь булааж утсыг нь газар шидэж эвдсэн. Уур хүрээд Хгийн толгой руу гараараа 2 удаа цохисон. Тэгээд би цүнхээ аваад гарч яваад Улаанбаатар хотод Замын-Үүд орох жижиг машинд суугаад 2018 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хил хаачихсан байсан учраас Замын-Үүдэд хоночихоод гараад явсан. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан. Баруун гарын шуу нь хугарч хүндэвтэр гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин яаж байгаад хугарсаныг мэдэхгүй байна. Гэхдээ тэр өдөр бид хоёр хэрэлдэж зодолдоогүй бол тийм зүйл болохгүй байсан. Гэхдээ тэр хэрүүл дунд би Хг хаалга руу түлхсэн үед Х хаалга мөргөсөн тэр үед гарны шууны яс хугарсан байх боломжтой. Би Хгийн биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Хгийн толгой руу 2 удаа цохиж хаалга руу түлхсэн. Өөр үйлдэл хийгээгүй. Хаалга руу түлхэх үед л энэ гэмтлийг учруулсан байна. Ч.Хтэй албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Хоёр талын гэр бүл мэддэг учраас би өөрийгөө сүй тавьсан сууна гэж бодож байгаа. Гэхдээ Х урьд нь гэр бүлтэй байсан. Тэр баталгаагаа албан ёсоор салгаагүй учраас гэрлэлтээ батлуулж чадаагүй юм. Ч.Х бид хоёр эр эмийн харилцаанд хамтран амьдрах хугацаандаа орж байсан...бид хоёр 7 сар гаран хамтран амьдарсан, 2 талын гэр бүл мэддэг учраас би сүй тавьсан, сууна гэж бодож байгаа...гэх мэдүүлэг /хх 41-42/,

- шүүгдэгч Жгийн ЕЕ1872497 дугаарын гадаад паспортод үзлэг хийсэн /2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Монгол улсын хилээр орж ирээд 2018 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр гарч явсан/.. гэх тэмдэглэл /х-46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.   

 

Иймд шүүгдэгч Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.          

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт :         

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хэрэгт авагдсан нотлох баримтын эх сурвалж шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс үзвэл хохирогч, шүүгдэгч нар тодорхой хугацаанд сайн дурын үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэсэн буюу хамтын амьдрал, эр эмийн харьцаатай байсан болох нь тогтоогдож байх тул хамтран амьдрагч нар гэж үзэх үндэслэлтэй.    

Шүүгдэгч, хохирогч нар тухайн хугацаанд үр хүүхэдтэй болоогүй, албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй буюу ам бүлийн бүртгэлгүй, хохирогч нь урьд өмнөх гэрлэлтийн баталгааг цуцлуулаагүй байх нь тэдний “хамтран амьдрагч” байсныг нотолж буй үйл баримтыг үгүйсгэх үндэслэл болохгүй байна.

Иймд шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ. 

Хэрэгт хохирлын талаарх нотлох баримтуудыг хангалттай цуглуулж, бэхжүүлээгүй байх боловч хохирогч нь 10,000,000 төгрөг нэхэмжилж, үүнээс 5,500,000 төгрөг авсан, үлдэгдэл 4,500,000 төгрөгийг шүүгдэгч төлөхөө илэрхийлсэн  тухай  баримт үйлдсэн /х-64/, мөн хохирогч нь шүүгдэгчэс нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт бүхий баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв. Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй ба шүүгдэгч нь цаашид нотлох баримтын дагуу бүхий л хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.     

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:        

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.  

Шүүгдэгч нь ээжийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалжтай байна. 

Шүүгдэгч Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв. 

Бусад асуудал :

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Ж-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ж-д хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар хохирогч нэхэмлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг шүүгдэгч Ж-д хүлээлгэсүгэй.  

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, уг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч Ж-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсонд тооцохыг тус тус дурдсугай.  

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж-д авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах тухай хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.       

  

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР