Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 158

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

           улсын яллагч М.Амарзаяа,

шүүгдэгч Х.Д, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуут овогт Хүрэлшагайгийн Д, Боржигон овогт Мөнхтөрийн Э нарт холбогдох 1708025190315 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Х.Д, М.Э нар нь бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 22-оос 23-нд шилжих шөнө машин механизм ашиглаж Д.Х эзэмшлийн 44-95 дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан 160.000 төгрөгийн хохирол,

2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой машин механизм ашиглаж иргэн Х.М 17-01 улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан 260.000 төгрөгийн хохирол,

2017 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө машин механизм ашиглаж С иргэн Б.Х 03-22 улсын дугаартай Тоёото приус-10 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан 130.000 төгрөгийн хохирол,  

2017 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө механизм ашиглаж иргэн Э.О-н эзэмшлийн 57-97 улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврйин хэрэгслийн 1 ширхэг дугуйг хулгайлан 80.000 төгрөгийн хохирол буюу нийт 630.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

                                                    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:  

            Шүүгдэгч Х.Д, М.Э нар нь

1. 2017 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө машин механизм ашиглаж иргэн Б.Х 03-22 улсын дугаартай Тоёото приус-10 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан 130.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:   

  - хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл: “03-22 дугаартай цагаан өнгийн свик автомашины буруу талын урд болон хойд дугуй байхгүй, машины доод хэсэгт блок болон улаан тоосгыг давхарлан тавьж дугуйны 5 ширхэг боолтыг газарт нь тарааж хаясан байдалтай байв.../1х, хх-201-202/,

- хохирогч Б.Хын мөрдөн байцаалтад өгсөн:...Би өөрийн ундаг 03-22 УНЧ улсын дугаартай цагаан өнгийн приус-20 машинаа 2017 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 01 цагт тавиад өглөө 09.30 минутын үед гарч ирэхэд 2 дугуйг обудтай нь хамт авсан байсан...230.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /1х, хх-205, 214-215/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “..2 ширхэг хайлшан обудтайгаа 130.000 төгрөг” гэх дүгнэлт /1х, хх-221-222/,

- шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: Бид хоёр 2017 оын 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө зогсоолд байсан цагаан өнгийн приус-20 маркийн 03-22 улсын дугаартай тээврийн хэрэгслийн баруун талын хоёр дугуйг машин доор нь блок эвж байгаад авсан. Хонда Свинк маркийн машинд хийж авч явсан.../1х, х-57-58/, 2017 оны 10 дугаар сарын 09-ний орой 20-21 цагийн үед Эын ахынх нь машиныг авсан. Тэгээд тэр шөнөдөө явж байгаад 12 давхар байрны байшингийн гаднаас приус-20 машины урд талын 2 ширхэг дугуйг авсан тухай мэдүүлэг /1х, х-206/,   

- шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 10-аас 11-нд шилжих шөнө найз Дгийн хамт Монхор ахын Хонда свик маркийн машинтай явж байгаад цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын 2 ширхэг дугуйг дорцоов, данхраад ашиглан тайлж авсан, 2 ширхэг дугуйгаа “Өгөөмөр”  зах дээр танихгүй ченжид 100.000 төгрөгөөр худалдаж, Д бид хоёр хамт үрсэн тухай мөрдөн байцаалт өгсөн мэдүүлэг /1х, х-207, 2х, х-1-2/ зэрэг нотлох баримтуудаар, 

2. 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн орой машин механизм ашиглаж иргэн Х.М 17-01 улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хулгайлан 260.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь: 

- хохирогч Х.М мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед улсын дугаартай Тоёото приус-20 маркийн машинаа байрлуулан тавьсан. Өглөө 07 цагийн үед машин дээрээ ирэхэд 4 дугуйг нь обудны хамт хулгайлан авч блок эвсэн байсан. Хээ сайтай шинэвтэр дугуй байсан. Обуд нь 16-гийн стандарт хайлшин обуд байсан... гэх мэдүүлэг /1х, хх-164-165/,  

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан:...4 ширхэг хайлшан обудтай дугуй 260.000 төгрөг” гэх дүгнэлт /1х, хх-168-169/,  

- шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...тухайн байрны зогсоол дээр байсан 17-01 улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуй обудын хамт машин доор нь тоосго эвж байгаад дорцовоор боолтыг тайлж авсан тухай мэдүүлэг /1х, х-57-58, 1х, х-81-82/,

- шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны өвөл 10 дугаар сард шиг санаж байна. Би нэг орой ээжийн ах Монхор ахын Хонда свик маркийн 46-13 улсын дугаартай машиныг таксинд явж халтуур хийе гэж хэлээд гуйж аваад оройжин явж байгаад шөнө 02-03 цагийн орчим хашааны урд талд тавьсан байсан приус-20 маркийн машины 4-н ширхэг дугуйг тайлж аваад машины багажиндаа хийгээд яваад маргааш өглөө нь “Да хүрээ” зах дээр очиж нэг танихгүй хүнд 120.000 төгрөгөөр зарсан. Би тухайн үед найз Дгийн хамт хулгайлсан тухай мөрдөн байцаалт /1х, х-189-190/ өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар,

3. 2017 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө механизм ашиглаж иргэн Э.Оргилын эзэмшлийн 57-97 улсын дугаартай Тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуйг хулгайлан 80.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

            - хохирогч Э.О мөрдөн байцаалтад өгсөн: ...миний бие өөрийн эзэмшлийн 58-97 улсын дугаартай Тоёото приус-20 машинаа оршин суудаг 2017 оны 10 дугаар сарын 21-ний шөнө шиг санаж байна байрлуулаад гэртээ орж амарсан. Тэгээд маргааш өглөө нь 8:30 минутын үед гараад ирэхэд баруун урд талын нэг ширхэг дугуй хулгайд алдагдсан байсан. Алдсан дугуйгаа 120.000 төгрөгөөр үнэлнэ...гэх мэдүүлэг /1х, хх-97/

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан: “..дугуй нэг ширхэг, обудтайгаа 80.000 төгрөг” гэх /1х, хх-100-101/

- шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн: 2017 оны 10 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 02 цагийн үед найз Эын хамт гадна зогсоолд 57-97 улсын дугаартай тоёото приус-20 маркийн тээврийн хэрэгслийн баруун урд талын 1 ширхэг дугуйг авсан гэх мэдүүлэг /1х, х-57/,

- шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн:... 2017 оны 10 дугаар сард гэж бодож байна, сайн санахгүй байна, найз Дгийн хамтаар шөнө явж байгаад нэгэн цэцэрлэгийн хажуу талд зогсож байсан Тоёото приус 20 маркийн автомашины баруун тал буюу зүүн талын урд нэг ширхэг дугуйг данхраад ашиглаж байгаад өргөж байхад Д дорцовоор тайлж дугуйг хулгайлаад машиндаа ачсан. Тэгээд уг дугуйных нь оронд тоосго ивээд орхичихсон. Данхраад авах гэхэд авагдахгүй байхаар нь орхиод явчихсан. Тэгээд тухайн дугуйг хулгайлчихаад Д бид 2 машин дотроо 5 шарын автобусны буудлын хойд талын байрууд дунд унтаад өглөө нь Да хүрээ явж тухайн хулгайлсан дугуйгаа явуулын нэг хүнд 30.000 төгрөгөөр зарсан. Мөнгөө хамт явж үрсэн.. гэх мэдүүлэг /1х, хх-67-68, 114-115, / зэрэг нотлох баримтуудаар,  

4. Шүүгдэгч Х.Д, М.Э нар нь бүлэглэн 2017 оны 10 дугар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө машин механизм ашиглаж Эрчим хүчний 1 дүгээр байрны гадна байсан иргэн Д.Хүрэлхүүгийн эзэмшлийн 44-95 дугаартай Тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлан 160.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл:..Эрчим хүчний нэгдүгээр байрны баруун урд зүгт 44-95 улсын дугаартай саарал өнгийн приус-11 маркийн тээврийн хэрэгсэл байна. Уг машины урд талын хоёр ширхэг дугуй байхгүй. Доор нь блок болон тоосго ивж тавьсан байдалтай”.. гэх түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1х, хх 9-11/

- хохирогч Д.Х мөрдөн байцаалтад өгсөн:... Би 2017 оны 10 дугаар сард Герман руу ажлаар явах гээд өөрийн эзэмшлийн 44-95 дугаартай приус-11 маркийн тээврийн хэрэгслийг найз М түр үлдээгээд явсан байсан. 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-ныг шилжих шөнө гэрийнхээ гадна зогсоол дээр миний машиныг тавиад өглөө нь ажилдаа явах гэсэн чинь миний машины доор тоосго ивээд урд хоёр дугуйг нь аваад явчихсан байсан гэж манай найз намайг Герман улсаас ирсэний дараа хэлсэн. Нэг дугуйгаа 80.000 төгрөгөөр авч байсан...гэх мэдүүлэг /1х, хх-31-33/,

- гэрч Д.М мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 22-ны орой 23 цагийн үед гадна талд байрлуулсан байсан 44-95 улсын дугаартай саарал өнгийн приус-11 машинаас эд зүйлс авах үед зүгээр бүрэн бүтэн байсан. Маргааш өглөө нь ажилдаа явах гээд гараад иртэл машинаас хоёр ширхэг дугуй хулгайд алдагдсан. Манай найз Хүрэлхүүгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байсан... гэх мэдүүлэг /1х, хх-34/,

- “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан : автомшины дугуй хоёр ширхэг, обуд хоёр ширхэг нийт 160.000 төгрөг /1х, хх-47-48/,   

- шүүгдэгч Х.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:...Би 2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз Эын хамт 46-13 УНТ улсын дугаартай Хонда Свик маркийн маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байгаад гадна зогсоол дээр байсан 44-95 улсын дугаартай тоёото приус-11 маркийн машины урд талын хоёр дугуйг машинд нь тоосго эвж байгаад дугуйн дорцовоор боолтыг нь тайлж аваад машиндаа хийгээд авч явсан...Дээрх хэргүүдийг найз Эын хамт үйлдсэн ба бид хоёр хулгайлсан дугуйгаа Да хүрээ болон өгөөмөрр зах дээр танихгүй ченж нарт 1 дугуйг 30000-40000 төгрөгийн хооронд зардаг байсан. Бид хоёр дугуй зараад олсон мөнгөөрөө хоол унд идэж уугааддуусдаг байсан. Хамгийн анх Э машины эд зүйлийг авч зарж борлуулья гэх санааг гаргаж байсан бид хоёр хамт явж уг гэмт хэргийг үйлдэх болсон. Э бид хоёр мөнгө олох зорилгоор уг хэргийг үйлдсэн...гэх мэдүүлэг /1х, хх-57-58, 2х, х-17/,   

- шүүгдэгч М.Эын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 10 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Д бид 2 Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо Эрчим хүчний нэгдүгээр байрны гадна талбайд байсан тоёото приус-11 маркийн тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуйг хулгайлсан. Миний 27-97 улсын дугаартай марк 2 маркийн цагаан алаг өнгийн тээврийн хэрэгслийг ашиглан үйлдсэн. Ун тээврийн хэрэгслийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны орчимд танихгүй хүнд худалдсан. Одоо тэр хүнээ танихгүй, хаана байгаа талаар мэдэхгүй байна. Миний машинд байсан дугуйн дорцоов, данхраадыг хэрэглэн машины дугуй хулгайлсан...гэх мэдүүлэг /1х, хх-67-68/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдож байна.

 

            Иймд шүүгдэгч М.Э, Х.Д нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.   

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:         

Хэрэгт цугларсан нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, тус хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, хангалттай гэж үнэлэв.   

Нотлох баримын эх сурвалжууд хооронд зөрүүтэй, зөрчилтэй асуудал байхгүй, мөн хохирогч, гэрч нар худал мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэл, баримт тогтоогдоогүй байх тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.

Шүүгдэгч М.Э, Х.Д нар хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж 4 удаа үйлдсэн нь тогтоогдсон ба хулгайлах гэмт хэргийн энгийн бүрэлдэхүүний хохирлын шинж (300.001-50.000.000 төгрөг хүртэлх)-ийг шүүгдэгч нар нь гэм буруугийн нэгдмэл хэлбэрийн хүрээнд хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байх тул үргэлжилсэн нэг гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй болно.  

Хохирогч нар хохирлоо хүлээн авсан, хохирол төлбөргүй /1х, х-89-99/ тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан автомашин нь Р.Баттулгын эзэмшлийнх байх ба түүний уг автомашиныг бусдад худалдсан гэх /1х, х-28, 35-37/ эх сурвалжгүй мэдүүлэгт хөтлөгдсөнөөс тухайн автомашиныг хэнд, хэзээ, хаана зарсан, уг автомашин одоо хаана байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй, хурааж битүүмжлээгүй, мөн бодитой үнэлгээ хийгдээгүй нь мөрдөн шалгах ажиллагааны зөрчил болохыг анхааруулахын зэрэгцээ тухайн зөрчил нэгэнт үүссэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч нараас хөрөнгө хураах боломжгүй байгааг тэмдэглэв.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид оногдуулахаар заасан хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх боломжгүй гэж үзэв.    

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Дд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 03 жил 05 сарын хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байх /2х, х-82-87/ ба тухайн оногдуулсан ялаас 02 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг эдлээгүй үлдсэн байх /1х, х-61/ тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дгийн эдлээгүй үлдсэн тухайн 2 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.    

            Бусад асуудал  

            Шүүгдэгч М.Э 2019.01.21-ний өдрөөс /2х, х-172/ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар 11 хоног, шүүгдэгч Х.Д нь 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш /1х, х-63-64, 2х, хх-117, 131, 144-145, 155-156, 165/ 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 262 хоног цагдан хоригдсон, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч М.Э, Х.Д нарыг хулгайлах гэмт хэргийг учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Э, Х.Д нарыг тус бүр 02 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 470 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Дд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар оногдуулсан 03 жил 05 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 02 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Х.Дгийн биечлэн эдлэх ялыг 04 жил 10 сар 14 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.   

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Эын эдлэх 2 жил хорих ял, Х.Дгийн эдлэх 4 жил 10 сар 14 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч М.Эын цагдан хоригдсон 11 хоног, шүүгдэгч Х.Дарьсүрэгийн цагдан хоригдсон 262 хоногийг тэдгээрийн эдлэх хорих ялд тус тус оруулан тооцсугай.  

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.   

7. Шүүгдэгч  М.Э, Х.Д нарыг цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолсугай.         

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

            10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч М.Э, Х.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Г.ГАНБААТАР