| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0173/Э |
| Дугаар | 187 |
| Огноо | 2019-02-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ундрах |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 187
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам
улсын яллагч Б.Ундрах
шүүгдэгч Д.Б, Ч.Д нарыг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Д Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1808051540046 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь иргэн О.Зг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ баруун гарын тохой хэсгээс базаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Б нь иргэн О.Зг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ баруун гарын тохой хэсгээс базаж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...
- хохирогч О.Згийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 31-ний орой караокед найз Бгийн хамт ороод 0.5 литрийн хэмжээтэй 4 шил пиво захиалаад ууж байтал гаднаас Бгийн нутгийн гэх 2 залуу ирсэн. Тэгээд бид 4 нэг ширээнд суугаад сууж байгаа 00 цагийн үед тухайн караокенээс гараад харих гэтэл Б гэх залуу намайг явуулахгүй гээд миний баруун гарын тохой хэсгээс базаад татсан. Одоо миний баруун гарын тохойгоор хөхөрч хавдсан байгаа. Миний биед учирсан гэмтлийг Бадарч тохойгоор базаж, мушгиж учруулсан гэмтэл... гэх мэдүүлэг /хх-7-8/
- гэрч Д.М мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 23 цагийн үед караокед нутгийн найз Бгийн хамт ороод 0.5 литрийн хэмжээтэй архи аваад сууж байхад хажуу ширээнд нутгийн Б эгч найзтайгаа сууж байсан. Тэгээд бид хоёр тэр хоёрыг ширээндээ суулгаад архиа хувааж уугаад шөнө 00 цагт тухайн караокеноос гараад явсан. Бтэй хамт явж байсан З гэх эмэгтэй Б бид 3 буудал дээр байж байгаад З Б хоёр хоорондоо юм ярьж байгаад нэг харахад З газар суугаад гар хугалчихлаа гээд байсан. Би Бгаас юу болсон талаар асуухад би гарыг нь базаад дугтарчихсан чинь гар нь эвгүй болчихлоо гэж байсан. Тэгээд би явсан... гэх мэдүүлэг /хх-45/
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №13543 дугаартай:... О.Згийн биед баруун гарын бугалга, шуу, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... гэх дүгнэлт /хх-12/
- шүүгдэгч Д.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Тухайн үед хохирогч З бид 2 байсан. Найз М бид 2-оос түрүүлээд алхаж байсан. Би хохиригч Зг нэг газар ороод сууя гэхэд “үгүй” гээд байсан, тэгэхээр нь миний уур хүрээд баруун гарын тохойноос нь базаад мушгичихсан... гэх мэдүүлэг /хх-43-44/
- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, тухайн үед миний үйлдлээс болж хохирогчийн биед гэмтэл учирсан. Тэр гэмтлийг би учруулсан...гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/ зэрэг нотлох бар-имтууд нотлогдож тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотлох баримт тогтоогдсонгүй.
Хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 300.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч төлж барагдуулсан байх ба хохирогч гомдол саналгүй /хх-55/ гэжээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчид торгох ял оногдуулах тухай улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн торгох ялыг биелүүлэх боломжтой, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудал
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Бг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Бд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР