Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 188

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            Улсын яллагч Д.Ганчимэг,

            Шүүгдэгч С.Д, С.Г, тэдгээрийн өмгөөлөгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С, Г, Б овогт С, Д нарт холбогдох 1808039921254 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн

 

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч С.Г, С.Д нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ \2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Хы хүзүү, эрүү, эгэм, мөр, дал, нуруун тус газруудад гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч С.Г, С.Д нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хашааны гадна 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр иргэн Б.Хы хүзүү, эрүү, эгэм, мөр, дал, нуруун тус газруудад гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- хохирогч Б.Хы мөрдөн байцаалтад өгсөн:... Би хашаандаа хувиараа авто засвар ажиллуулдаг бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим ажлаасаа гарч 3, 4 дүгээр хороололд байдаг Авто Плаза орж машины сэлбэг худалдаж авсан. Би машины сэлбэг авчихаад өөрийнхөө эзэмшлийн машинд суутал миний утсанд 1 танихгүй дугаараас 3-4 удаа залгасан байсан. Би тэгээд тухайн дугаар луу залгаад над руу залгасан байна хэн бэ гэж асуутал тэр надтай ярьж байгаа хүн би Ланд Круезер 80 маркийн машиныг үзүүлэх гэсэн юм, чи ирж байгаа юм уу гэхээр нь би машин чинь хаана байгаа юм бэ гэтэл тэр хүн надад хандаж миний машин зүүн салаанд байгаа гэж хэлсэн. Тэгээд би машинтайгаа авто засварын газрынхаа үүдэнд очиж зогсоод машинаасаа буугаад дэлгүүр орчихоод буцаад дэлгүүрээс гартал нэг эрүүн доороо сахалтай махлагдуу ах над дээр ирээд чи засварын газрын хүн мөн үү гэхээр нь би тийм байна гэтэл тэр ах надад ахынх нь 80 зүүн салаанд ямар ч тоггүй болоод унтарчихлаа гялс очоод үзээд өгөөч гэхээр нь би юугаар явах юм бэ, гэтэл тэр ах надад ах нь машинтай явж байгаа гээд манай засварын газраас 50 гаран метрийн цаана саарал өнгийн приус 20 маркийн машин зогсож байсан. Бид хоёр хамтдаа машин дээр нь очиж би зөв талын арын хаалгыг нь онгойлготол тухайн машины хойд талын суудал дээр зүс таних Г гэгч ах ганцаараа сууж байсан. Харин урд талд нь бас танихгүй 2 хүн сууж байсан. Тэгээд би Г ахыг харчихаад машинд нь суухаа болих гэтэл нөгөө надтай хамгийн анх уулзсан сахалтай ах хойноос шууд намайг машин руу түлхээд оруулчихсан бөгөөд харин Г шууд миний майкнаас татаж байгаад баруун талын шанаа руу гараараа 1 удаа цохисон. Би харин машинаас гарах гээд толгойгоо машинаас гаргаад ажпынхаа Товчин гэх залууг нэрээр нь дуудаж орилтол нөгөө сахалтай ах миний хоолойноос боогоод харин би хелөөрөө тийчиж байгаад машинаас гарахдаа газар нуруугаараа унасан. Тэгтэл Г ах машинаас бууж ирээд миний толгойн дээр хөлөөрөө 1 удаа дэвссэн. Тэгээд гудамжинд явж байсан манай доод айлын залуу боль гээд бас манай ах эгч нар хашаанаас гарч ирээд боль гээд орилсон бөгөөд би босоод шууд зугтаасан...гэх мэдүүлэг /хх-22-23/

- гэрч Х.С мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр эхнэр болон 2 хүүхдийнхээ хамтаар машинаа янзлах гэж очсон. Тэгээд тухайн үед хашаан дотор хог цэвэрлээд байж байтал хашааны гадаа манай баз хүргэн дүү Х муухай орилсон бөгөөд манай охин болох Намуундарь надад гадаа Хашаа ахыг хүн зодоод байна гэж хэлэхээр нь би гараад хартал саарал өнгөтэй приус-20 маркийн машин ирээд зогсчихсон, машины хажууд Х газар уначихсан, цээж нүцгэн нэг залуу Хыг толгой дээр нь дэвсэж харагдсан. Тэгээд би боль гэж орилтол тэр нэг залуу намайг анзаарах сөхөөгүй байсан бөгөөд Х шууд босож ирээд гудамж руу уруудаад гүйгээд явсан. Тэгтэл Х доороос Соёлт ахаа цагдаа дууд наад хүн чинь манай хуучин ажлын хүн байгаа юм, гэж хэлсэн. Тэгээд би охиндоо ээждээ хэлээд цагдаа дуудуулчих гэж хэлсэн бөгөөд манай охин хашаа руу гүйж ороод ээж болох А хэлээд Алтанзул гарч ирээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-24/

- насанд хүрээгүй гэрч С.Н мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байсан ямар ч байсан 12 цагаас хойш л байсан яг цагийг нь санахгүй байна. Би тухайн өдөр аав, ээж нарын хамтаар Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороонд байдаг хашаандаа очсон байсан. Тэгээд би тухайн үед хашаан дотроо байхад хашааны гадаа хүмүүс шуугилдаад явчихаар нь гараад хартал Х ах газар хэвтчихсэн, наана нь өндөр сахалтай ах, бас намхан бүдүүн ах хоёр зогсож байсан. Тэгтэл Х ах намайг хараад ээж аавыгаа дуудаарай гэж хэлэхээр нь би аав ээжид хэлсэн. Аав түрүүлээд хашааны гадаа гарсан, би араас нь гарсан чинь аав нөгөө хүмүүсийн машины хажууд байсан Х ах доошоо гудамж уруудаад гүйж байсан, араас нь нөгөө өндөр сахалтай ах, намхан бүдүүн ах хоёр хөөж байсан. Тэгэхээр нь би араас нь гүйгээд Х ах дээр очсо. Тэгтэл өндөр сахалтай ах нь Х ахыг ойртвол зодчих гээд байхаар нь би цаашаа холдуулсан. Тэгтэл ээж хашааны гадаа гараад ирсэн байсан. Ээж Х ах бид хоёрыг дуудсан нөгөө хоёр ах машиндаа суусан Тэгээд хэсэг байж байгаад явчихсан. Ээж аав хоёр цагдаад өргөдөл өгсөн...гэх мэдүүлэг /хх-36/

- гэрч С.А мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байсан яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Ямар ч байсан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо Баянхошууны 32-1 тоотод байх засварын газартаа нөхөр хүүхдүүдийн хамтаар очсон байсан. Тэгээд гэртээ байхад манай хүүхэд Намуундарь Х ахыг гадаа хүн зодоод байна гэхээр нь би гарсан. Манай нөхөр С түрүүлээд гарсан байсан, би араас нь гартал манай охин Н Х ахтайгаа гудамжны доод үзүүрт зогсчихсон наана нь сахалтай залуу, нэг намхан бүдүүн залуу хоёр араас нь хөөсөн байдалтай наана нь байсан. Тэгэхээр нь би Х, Н хоёрыг дуудсан. Манай дүү Хы хүзүү нь битүү улайчихсан байсан, ба би юу болсон талаар асуухад “урьд хамт ажиллаж байсан ах намайг машиндаа суулгаад хойно нь сууж байсан хоёр зодсон, би сугарч гараад зугтаасан” гэсэн...гэх мэдүүлэг /хх-24-25/

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн №10343 дугаартай:... Б.Хы биед хүзүү, эрүү, зүүн эгэм, зүүн мөр, аюулхай мөгөөрсний зулгаралт, зүүн дал, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…гэх дүгнэлт /хх-27/

- шүүгдэгч С.Дгийн мөрдөн байцаалтад өгсөн:... Г бүр өмнө нь надад машин янзладаг хүн байгаа гэж хэлж байсан. Тэгээд 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн орчим уулзаад Батдаваагийн машинд Г бид 2 нэг шил архи хувааж уусан. Батдаваагийн машинд Бал гэх залуу явж байсан. Тэгээд Гй тухайн үед машин засдаг дүү дээрээ очно гэхээр нь би Land-80 гэдэг машинаа үзүүлъе гэж бодоод 13-14 цагийн орчим Баянхошуун 7 дугаар хорооны тэнд очсон. Гантулгын гар утас цэнэггүй болсон байсан болохоор Г миний утсаар Х луу яриад байсан. Тэгээд тэр засварын гадаа нь байж байтал Х хүрээд ирэхээр нь бууж очоод Хтэй уулзаад машинаа үзүүлэх гэсэн юм гэж хэлсэн. Тэгээд машин луу ирээд би урагшаа ороод суусан. Хыг хойшоо ороод суучих гэтэл хойд суудал дээр суугаад буцаад гарсан. Араас нь Г буугаад барилцаад авахаар би бууж очоод салгасан ба  салгахдаа нааш цааш нь чангаасан. Тэгтэл Х орилж чарлаад цаанаас хүмүүс гарч ирээд би больцгоо гээд машиндаа сууцгаагаад явсан. Х яагаад Гас зугатаасан талаар мэдэхгүй байна. Би бага зэрэг архи уусан байсан...гэх мэдүүлэг /хх-50-51/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутайгаа маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

- шүүгдэгч С.Г мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 13-14 цагийн орчим би Д. бас, Б машинтай хамт түүний дүү Бал гэх залууг суулгаад бид 4 prius-20 маркын машинд нь суугаад Дгийн land-80 маркын машиныг Хд үзүүлж янзлуулах санаатай Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны тэнд байдаг засварын газар нь очсон. Тэгээд өмнө нь угаасаа Х луу би Дгийн утсаар залгаад машин үзүүлэх гэж байна гээд Хтай яриад засварын газар нь очсон. Тэгээд засварын гадаа нь машинтай зогссон, Д өөрөө машинаас буугаад Хтай уулзана гээд очоод дагуулаад ирсэн. Тэгээд Х машинд ирээд арын суудал дээр миний хажууд суусан. Би Хтай ойр зуурын юм яриад танайхан байх шиг байна ийшээ холдоод уулзихъя гэтэл Х үгүй чамтай ярих юм байхгүй гээд орилоод машинаас буух гэхээр хувцаснаас нь татаад зууралдсан. Тэгээд машинаас хамт гарсан, бид хоёр зууралдаж байгаад газар хамт унасан. Тэгээд Х миний баруун хөлнөөс зуураад байхаар нь цээж баруун мөр лүү нь хөлөөрөө жийсэн. Тэгтэл цаанаас ах, хамаатан садангууд нь гүйгээд ирсэн ба тэгээд салсан. Болсон зүйл энэ, өөр зүйл болоогүй. Хыг түлхсэн зүил байгаа...гэх мэдүүлэг /хх-56-57/ болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруутайгаа маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч С.Д, С.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

            Гэмт хэргийн шинж, хохирлын талаархи хууль зүйн дүгнэлт:           

Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг нотолсон баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан байх ба нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.  

Хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч С.Д, С.Г нар нь гэмт санаа, үйлдлээрээ санаатай нэгдсэн болох нь тогтоогдож байх тул тухайн гэмт хэрэгт бүлэглэсэн гэж үзнэ.  

Хохирогч Б.Х нь нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй /хх-106/ гэжээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:       

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, ажил эрхэлдэг зэргийг харгалзан торгох ял оногдуулж, торгох ялыг шүүгдэгч нарын орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.          

Бусад асуудал  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч С.Д, С.Г нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д, С.Г нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Д, С.Г нарт тус бүр оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар С.Д, С.Г нар нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч С.Д, С.Г нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР