Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2024/00369

 

 

 

 

 

    2024          02          23                                         210/МА2024/00369

 

                                      

А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03046 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б-од холбогдох,

Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын хөрөнгөөс ногдох хэсэг, цэцэрлэгийн төлбөр болон зээлийн гэрээний үүрэгт нийт 10,425,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А-, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. А- миний бие Б-той анх 2018 онд танилцаж, 2019 оны 03 дугаар сараас хамтдаа амьдарч эхэлсэн боловч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж чадаагүй. Бидний дундаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүү В- төрсөн ба 3 нас хүрээгүй тул сарын 150,000 төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт явж байгаа. 2021 оны 04 дүгээр сараас хойш зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан Б-оос тусдаа амьдарч байна.

Иймд Б-той хамтын амьдралтай байсныг тогтоож, хүү В-ийг миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлгийг эцгээс нь гаргуулж шийдвэрлэж өгнө үү.

1.2. Хамтран амьдрах хугацаандаа Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, 12 гудамж, ** тоот хаягт байрлах газар, хашааг 8,700,000 төгрөгөөр худалдаж авч амьдарч байсан. Энэ хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзаж байна.

1.3.Б- нь “амьдарлаа бодъё, эвлэрье” гэж 2021 оны 01 дүгээр сард 1,000,000 төгрөг, жимсний лангуу түрээсэлнэ гэж 2021 оны 05 дугаар сард 2,000,000 төгрөгийг надаас зээлж авсан.

1.4. Иймд надаас зээлж авсан 3,000,000 төгрөг, хүүхдийн цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 900,000 төгрөг, нийт 3,900,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2.1. Хамтран амьдрах хугацаанд би гэр бүлийн хэрэглээний зардал, зээлийн эргэн төлөлтийг хариуцдаг байсан боловч санхүүгийн хүнд байдалд орсон тул А- нь өөрийн хадгаламжаас 2,000,000 төгрөг гарган надад бизнесээ эхлүүл гэж өгсөн. Уг мөнгөөр жимсний лангуу түрээслэн ажиллуулж, олсон орлогоо гэр бүлийн хэрэглээний зардалд зарцуулдаг байсан боловч жимс хадгалах орчин нөхцөл муугаас энэ бизнес зогсоход А-гаас авсан 2,000,000 төгрөгөөс үлдсэн 600,000 төгрөгийн  576,000 төгрөгөөр өөрт нь монетон ээмэг, гинж авч өгсөн. Мөн 1,000,000 төгрөгийг хамтын амьдралтай байх хугацаандаа гэр бүлийн хэрэгцээндээ зарцуулсан.

2.2. Бид зан харилцааны таарамжгүй байдлаас шалтгаалан 2021 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа. Хүү В-ийг өөрийн асрамжид үлдээж, эхээс нь тэтгэлэг гаргуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаад энэ талаарх үндсэн нэхэмжлэлийг зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.14 дэх хэсэгт зааснаар А-, Б- нар нь 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан болохыг тогтоож,

Гэр бүлийн тухайн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 3 дугаар сарын 15-ний өдөр хүү В-ийг эх А-гийн асрамжид үлдээж,

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах хэсгийг баримтлан 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн хүү В-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /хэрэв суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр эцэг Б-оос сар бүр тэжээн тэтгүүлж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хариуцагчаас хүү В-ий цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 735,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А-д олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүү В-ийг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Б-, эх А- нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж,

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдаж, хүү В-ийг эцэг Б-той уулзахад саад болохгүй байхыг нэхэмжлэгч А-д даалгаж,

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 2,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн Сонгинохайрхан дүүрэг, 33 дугаар хороо, 12 гудамж, ** тоот хаягт байрлах үл хөдлөх хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсаныг баталж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А-гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 251,950 төгрөг, хариуцагч Б-оос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 117,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн.  

 

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх надаас 2,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Хэдийгээр бид тусдаа амьдарч байсан гэх боловч би уг мөнгөөр жимсний лангуу ажиллуулж олсон орлогоо гэр бүлдээ зарцуулсан.

Мөн хүү В-ий цэцэрлэгийн төлбөрийн 50 хувь болох 735,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хүүгээ энэ цэцэрлэгт явдаг эсэхэд эргэлздэг, одоо ч намайг хүүтэй маань уулзуулдаггүй. Хэрэгт авагдсан санхүүгийн баримт шаардлага хангаагүй, зөвхөн төлбөрийн баримтыг үндэслэн шүүх надаас төлбөр гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

2021 оны 05 дугаар сард Б- “жимсний лангуу нээнэ” гэж хэлсэн учраас би охиныхоо хадгаламжаас 2,000,000 төгрөгийг буцаан төлөөрэй гэж хэлээд өгсөн. Уг мөнгийг буцаан төлөхгүй байсан бол өгөхгүй байх байсан. Анхан шатны шүүх хариуцагчаас 2,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болсон.

 Миний бие шүүхэд хуурамч материал бүрдүүлж өгөөгүй бөгөөд хүү 2 нас хүрээгүй учраас улсын цэцэрлэгт явах боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд “Азийн хүүхдүүд” гэх хувийн цэцэрлэгт 1 сарын 150,000 төгрөгийн төлбөр төлж, 10 сарын турш хүүхдээ цэцэрлэгт явуулсан.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч А- нь хариуцагч Б-од холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын  хөрөнгөөс ногдох хэсэг, цэцэрлэгийн төлбөр болон зээлийн гэрээний үүрэгт нийт 10,425,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 6,525,000 төгрөг гаргуулах шаардлагаас, хариуцагч нь хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа тус тус татгалзсаныг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар батлахдаа сөрөг нэхэмжлэлийг шаардлагыг тодорхойлоогүй, зохигчийн нэрийг бичээгүй, мөн нэхэмжлэгчийн татгалзсан шаардлагыг оновчтой тодорхойлоогүй байгааг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж өөрчлөлт оруулна.

 

2.2. Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

Хариуцагчтай хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1., 135 дугаар зүйлийн 135.2.1.4-т зааснаар онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх ажиллагаагаар хянан хэлэлцэх журамтай.

Гэтэл анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэгдэх маргааныг ердийн журмаар шийдвэрлэж буй маргаантай хамтатган шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх өөр өөр ажиллагаагаар шийдвэрлэх маргааныг нэгтгэж шийдвэрлэсэн алдаа гаргажээ.  

Иймд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т зааснаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгох нь зүйтэй. Үүнтэй холбогдуулан шийдвэрийн тогтоох хэсэгт дугаарлалтад өөрчлөлт орно.

Дээрх дүгнэлт нь энэ хэрэгт зохигчийн хамтран амьдарч байсан үйл баримтыг шүүхээс дүгнэхэд саад болохгүйг дурдвал зохино.

 

3. А-, Б- нар 2019 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтран амьдарч байсан, тэдний дундаас 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүү В- төрсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар хүү В-ийг эх А-гийн асрамжид үлдээж, эцэг Б-оор сар бүр тэжээн тэтгүүлэхээр шүүх шийдвэрлэсэнд хариуцагч гомдол гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүх хариуцагчаас 900,000 төгрөгийг хүүхдийн цэцэрлэгийн төлбөрт гаргуулах тухай шаардлагыг 735,000 төгрөгийн хэмжээнд хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу үнэлснээс үйл баримтыг алдаатай тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв баримтлаагүйг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

В- нь “Азийн хүүхдүүд” цэцэрлэгт хүмүүждэг, түүний цэцэрлэгийн төлбөрт эх А- нь 2021 оны 09 дүгээр сараас 2022 оны 05 дугаар сарын хооронд 1,340,000 төгрөгийн төлбөр төлсөн болох нь Азийн хүүхдүүд цэцэрлэгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тодорхойлолт болон бэлэн мөнгөний орлогын баримтууд, Хаан банк ХК дахь А-гийн эзэмшлийн депозит дансны хуулгаар тус тус тогтоогдож байна /хх 10, 125-130, 135-136/.

Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан ба хүү В-ий хувийн цэцэрлэгийн төлбөр нь нэмэлт тэтгэлэгт хамаарах тул эх А-гийн төлсөн 1,340,000 төгрөгийн 50 хувь болох 670,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

5. А- нь 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 2,000,000 төгрөгийг Б-од шилжүүлсэн талаар анхан шатны шүүх зөв тогтоож, талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх  хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч нь 2,000,000 төгрөгийг зээлийн зориулалтаар аваагүй, гэр бүлийн хэрэглээний зардалд зарцуулсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүйгээс гадна зохигч тусдаа амьдарч эхэлснээс хойш Б- уг мөнгөн хөрөнгийг хүлээн авсан байх тул гэр бүлийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгө гэж дүгнэхгүй.  

Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг хийхдээ   хуулийн холбогдох  зохицуулалтыг буруу баримталсан, мөн нэхэмжлэгчийн илүү төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй байгааг залруулж шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 183/ШШ2023/03046 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг хүчингүй болгож,

2 дахь заалтыг “1”, 3 дахь заалтыг “2” гэж дугаарлаж 

4 дэх заалтыг “3” гэж дугаарлаж, уг заалтыг “Гэр бүлийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-оос 670,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 230,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж,

5 дахь заалтыг “4”, 6 дахь заалтыг “5” гэж дугаарлаж,

7 дахь заалтын “6” гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-оос 2,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,000,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

8 дахь заалтыг “7” гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-од холбогдох дундын эд хөрөнгөөс ногдох хэсэгт 6,525,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч А-, нэхэмжлэгч А-д холбогдох хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч Б- тус тус татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

9 дэх заалтыг “8” гэж дугаарлаж, уг заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч А-гаас тэмдэгтийн хураамжид төлсөн 251,950 төгрөг, хариуцагч Б-оос тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б-оос тэмдэгтийн хураамжид 117,150 төгрөг, улсын орлогоос илүү төлсөн 118,800 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн найруулж, 

10 дахь заалтыг “9” гэж дугаарлаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,710 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

 

                                  ШҮҮГЧИД                                         Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                          Т.БАДРАХ