Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

            Нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

            Улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            Шүүгдэгч А.Г, А Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий   ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт А Г, Боржигон овогт А Г нарт холбогдох 1808031431578 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А Г, А Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Т.Аасэдтай буудалд орж, түүний бэлэн 250,000 төгрөг болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 670,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :   

Шүүгдэгч А Г, А Г нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 28-ны шөнө иргэн Т.Аасэдтай буудалд орж, түүний бэлэн 250,000 төгрөг болон Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч нийт 670,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...   

- хохирогч Т.Аасэдийн мөрдөн байцаалтад өгсөн:.. Би 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгаас ирээд цалин болох 1.250.000 төгрөг буусан. Тэгээд би багийн найз болох Дашаа гэгчтэй уулзаад Доргио пабын хажуу талын пабад нэг шил архи, нэг шил пиво уусан. Тэгээд тэндээс найз Дашийн хамт гараад би нилээн согтуу тасраад унасан. Тэгээд нэг сэрэхэд би буудалд хэвтэж байсан. Тэгээд би тэр буудлаас орой 23 цагийн үед гараад Саппоро орсон. Тэндээс 2 эмэгтэйтэй танилцаад хоногийн 250.000 мянган төгрөгөөр тохироод бид дөрөв хамтдаа АТМ ороод би картнаасаа 250.000 төгрөг аваад нөгөө хүүхэнд өгөөд хамтдаа буудал авч тэндээ ороод 4 лаазтай пиво уусан. Тэгж байхдаа би картаа авъя гэхэд надад байж байг гээд намхан бүдүүн нь хэлсэн. Тэгээд би за за гээд нөгөө охинтой нь юм яриад сууж байсан. Тэгэхэд нөгөө намхан нь нөгөө охиныг гаръя гээд аваад явсан. Бид хүлээсэн боловч ирээгүй. Би гараад буудлын хүнээс асуухад гараад явсан ш дээ гэсэн. Би гайхаад гараад хайхад байгаагүй. Би нийт 720.000 төгрөг гаргуулж авсан, уг мөнгийг миний 5333031706 дугаарын дансанд хийсэн байсан. Одоо би гомдолгүй... гэх мэдүүлэг /хх-11-18/

- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-9/

- шүүгдэгч А Гийн мөрдөн байцаалтад өгсөн:... Г тэр залуугийн картыг авсан. Уг залуустай буудалд очоод авсан. Би анзаараагүй байхад авсан байсан, хэрхэн авсныг мэдэхгүй байна. Тэр залуустай уулзсаны дараа Драгоны ATM рүү такси бариад явсан. Г цуг буугаад ATM орохдоо харсан гэсэн. Нийт картнаас 470.000 төгрөг авсан байх. Бид 2 цуг үрсэн. Хувцас авсан, би жирэмсэн 7 сартай байсан учир жирэмсний юм бэлдсэн. Картыг нь авсан байсан учир нэг нэг пиво уучихаад бид хоёр бие заслаа гээд гараад явсан. Картнаас 470.000 төгрөг, 250.000 төгрөгийг аваад 50.000 төгрөгийг буудалдаа өгсөн... гэх мэдүүлэг/хх-43-44/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруутайгаа маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

- шүүгдэгч А Гийн мөрдөн байцаалтад өгсөн:... 2018 оны 06 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө найз А Гтэй хамт саппоро ороод зогсож байсан. 2 залуу ирээд хоногийн хэдээр явах вэ гэхээр нь 150.000 төгрөг гэсэн. Тэр залуустай буудал орохоос өмнө АТМ орсон. Тэр 250.000 төгрөг авсан. Ингээд Цамбагаравын арын Зристал нэртэй буудал хамт орсон. Буудлын тооцоог тэр 2 залуу хийсэн. Харин бид 2-т 200.000 төгрөг өгсөн. Ингээд хэсэг сууж байгаад бид 2 нойл орлоо гээд худлаа хэлээд зугтаасан. Анх АТМ орохдоо картны кодыг харсан. Тэр залуу маш их согтчихсон байсан. Нийт картанд  470.000 төгрөг байсан. Бид 2 400.000 төгрөг авсан. Тэр мөнгийг би аваад эмчилгээний зардалдаа зарцуулсан. Г жирэмсэн байсан төрөхийн юм а бэлдсэн, харин би өөртөө хувцас хунар аваад дуусгачихсан… гэх мэдүүлэг/хх-45-46/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, гэм буруутайгаа маргахгүй, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.   

 

Иймд шүүгдэгч А Г, А Г нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.        

Гэмт хэргийн шинж, хохирлын талаарх хууль зүйн дүгнэлт:   

            Шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч нар худал мэдүүлсэн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдсонгүй.    

            Хохирогч Т.Аасэд нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 720.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь уг хохирлыг төлж барагдуулсан байх /хх-18/ тул бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.  

            Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хийсэн хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д  зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүгдэгч А Г нь 2 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, шүүгдэгч А Г нь 1 хүүхэдтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй гэх тус тус хувийн байдалтай байна.   

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.  

Бусад асуудал  

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:    

 

1. Шүүгдэгч Б овогт А Г, Боржигон овогт А Г нарыг хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А Г, Б овогт А Г нарыг тус бүр 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овогт А Г, Б овогт А Г нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй  болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.  

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР