Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00461

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00461

 

 

 

 

 

А-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Т.Гандиймаа, шүүгч Т.Бадрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/ 00316 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б-д холбогдох,

37,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Т.Бадрах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр, хариуцагч Б-, хариуцагчийн өмгөөлөгч Т.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга

А- нь 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Б-д Төв аймгийн Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Бургалтайн голд байрлах малын өвөлжөө, 30*30 хэмжээтэй үхрийн ферм, 40*35 хэмжээтэй адууны жүчээ, 20*35 хэмжээтэй өвсний хашаа, 38 хэмжээтэй өвлийн сууц, хашаа байшин болон 12 тооны үнээ, 12 бяруу, шинэ мотоцикл, нарны толь 3 ширхэг, 200 АН-тай аккумлятор 3 ширхэг, хөлдөөгч, хөргөгч, буйдан, гал тогооны шүүгээ, ширээ, утас, антень, телевизор, цахилгаан хөрөө тус бүр 1 ширхэг эд зүйлсийг нийт 75,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Худалдан авагч Б- нь 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдөр гэрээний дагуу 37,500,000 төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг хашаа, хорооны бичиг баримт бүрдүүлсний дараа төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч нь бичиг баримтыг гарган өгөх эрх бүхий этгээд биш бөгөөд үлдэгдэл төлбөрөө авахаар Б-ээс шаардахад үхрээ буцааж ав, би өгч чадахгүй" гэх мэт янз бүрийн шалтгаанаар өнөөдрийг хүртэл үлдэгдэл 37,500,000 төгрөгийг өгөхөөс татгалзаж байна. Иймд хариуцагч Б-ээс 37,500,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Худалдсан газар нь угаасаа цэргийн ангийн хамаарал бүхий газар учир ямар нэг гэрчилгээ гарах боломжгүй.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2021 оны 3 дугаар сард Төв аймгийн Батсүмбэр сумын Гургалдайн голын өвөлжөөг худалдан авсан. Гэрээний дагуу өвөлжөө, адууны зүчээ, өвсний хашаа, үхрийн ферм, хашаа байшингийн газрын гэрчилгээг бүрэн гүйцэд шилжүүлж өгсний дараа 37,500,000 төгрөгийг өгөхөд татгалзах зүйлгүй.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б-ээс 37,500,000 төгрөг гаргуулах тухай А-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ эрхийн доголдолтой хөрөнгө худалдсан гэсэн үндэслэл зааж хэрэгсэхгүй болгосон нь зохигчдын хэлэлцэн тохирсон үнийг харгалзан үзээгүй, уг шийдвэрээр нэхэмжлэгчийг эрхийн доголдлыг арилгасан тохиолдолд гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрх нээлттэй эсэх тал дээр дүгнэлт өгөөгүй.

Мөн нэхэмжлэгч А- нь аливаа байдлаар төрийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрхгүй, эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх эрх хуулиар олгогдоогүй байхад гэрчилгээ гаргаж өгөх үүрэгтэй мэтээр дүгнэлт өгч, эрхийн доголдолтой хэмээн үзэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй.

Б- нь гэрээний зүйлийг хүлээн авч өнөөдрийг байдлаар бодитоор эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртэж байгааг анхаарч үзсэнгүй. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч нь шүүхэд гэрээнээс татгалзъя, эсхүл эд хөрөнгийг буцааж авъя гэх утга агуулгатай шаардлага гаргаагүй. Шүүх хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

 

2. Нэхэмжлэгч Б.Магван нь хариуцагч Б-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 37,500,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч гэрээний дагуу газрын гэрчилгээг шилжүүлсэн тохиолдолд төлбөрийг төлнө гэж маргасан.

 

3. Хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэлд хамаарч байна.

 

3.1. 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээгээр Б.Магван нь Төв аймгийн Батсүмбэр сум, 4 дүгээр баг, Бургалтайн голд байрлах малын өвөлжөө, үхрийн ферм, адууны жүчээ, өвсний хашаа, хашаа байшин болон 12 тооны үнээ, 12 бяруу, шинэ мотоцикл, нарны толь 3 ширхэг, аккумлятор 3 ширхэг, хөлдөөгч, хөргөгч, буйдан гал тогооны шүүгээ, ширээ, суурин утас, зурагт, цахилгаан хөрөө тус бүр 1 ширхэг эд зүйлсийг худалдан авагчид шилжүүлэн өгөхөөр, Б- нь хариу төлбөрт 75,000,000 төгрөг төлөхөөс тухайн өдөр 37,500,000 төгрөгийг шилжүүлэн өгч, газар эзэмших эрх шилжсэний дараа үлдэх нийт 37,500,000 төгрөгийг шилжүүлэхээр харилцан тохиролцжээ.

 

3.2. Дээрх гэрээний зүйлд газар эзэмших эрх хамаарч байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар зохигч мэтгэлцсэн байна.

Харин анхан шатны шүүхээс зөвхөн нэхэмжлэгч талын тайлбарт үндэслэн гэрээнд дурдагдаж буй газар эзэмших эрх, гэрээний эрхийн доголдолын талаар дүгнэлт өгсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Учир нь газар эзэмших эрх нь улсын бүртгэлд үндэслэгддэг тул газар эзэмших, өмчлөх эрхийн талаар шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөхдөө эрх бүхий байгууллагын бүртгэлийн баримт бичгийг үндэслэх ёстой.

 

3.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар анхан шатны шүүх нь хэргийн оролцогчид эрх, үүргийг тайлбарлан өгөх замаар тэдгээрийн эрхээ хэрэгжүүлэх боломж нөхцөлийг хангах, хэргийн үйл баримтыг тодруулна.

Хэрэгт ач холбогдол бүхий баримтыг тодруулах ажиллагааг давж заалдах шатны шүүхээс тодруулах, нөхөн гүйцэтгэх боломжгүй.

 

4. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн 102/ШШ2024/00316 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 345,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Т.БАДРАХ