Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 000036

 

                             Н.Баатарсүхэд захиргааны шийтгэл

                                      ногдуулсан хэргийн тухай

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй, Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар шийтгэвэртэй, Н.Баатарсүхэд холбогдох захиргааны шийтгэл ногдуулсан хэргийг, зөрчил гаргагч Н.Баатарсүхийн давж заалдах гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймагт  төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-20-39 тоотод оршин суух, ЙЮ-70072933 регистрийн дугаартай, Алаг адуу овогт Норжинжавын Баатарсүх.

 

Орхон аймгийн Цагдаагийн газраас:

 

Н.Баатарсүх нь удаа дараа архидан согтуурч эрүүлжүүлэгдсэн зөрчил гаргасан байх тул хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэсэн хүсэлт ирүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар шийтгэврээр:

 

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Н.Баатарсүхийг 14 /арван дөрөв/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулж, энэ материалд хураагдаж ирсэн эд зүйлгүй болохыг дурьдаж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэврийн нэг хувийг зөрчил гаргагч Н.Баатарсүхэд гардуулж, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчил гаргагч шийтгэврийг эс зөвшөөрвөл 10 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж шийдвэрлэжээ.

 

Зөрчил гаргагч Н.Баатарсүх давж заалдах гомдолдоо:

 

Миний бие Норовжав овогтой Баатарсүх нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг баг 5-20-39 тоотод ээж, эхнэр, охины хамт амьдардаг. Миний ээж Норовжав нь 85 настай. Эрүүл мэндийн улмаас миний асаргаанд байдаг тул энэ байдлыг минь харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг дахин харж өгнө үү.

 

Би дахин архи дарс ууж хэрүүл маргаан гаргахгүй. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ээж эхнэр хүүхдийнхээ амгалан тайван байдлыг дахин алдагдуулахгүй. Ээжийгээ сайн асарч чадна гэдгээ шүүхийн өмнө буруугаа хүлээж байна гэжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Зөрчил гаргагч Н.Баатарсүх нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Уртбулаг багийн 5-20-39 тоотод оршин төрсөн охин Б.Уранбилэгт агсам тавьж, хэл амаар доромжилж, тэдний амгалан тайван байдлыг нь алдагдуулан танхайрсан болох нь зөрчил гаргагчийн тайлбар, зөрчлийн тухай тэмдэглэл болон 2016 онд 5 удаа, 2017 онд 1 удаа эрүүлжүүлэгдсэн тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна.

 

Иймд анхан шатны шүүх Н.Баатарсүхэд 14 хоног баривчлах шийтгэл ногдуулсан нь түүний гаргасан зөрчлийн хэмжээ, шинж байдалд тохирсон байх тул шийтгэврийг хэвээр үлдээж, түүний “...Миний ээж Норовжав нь 85 настай. Эрүүл мэндийн улмаас миний асаргаанд байдаг тул энэ байдлыг минь харгалзан үзэж шүүхийн шийдвэрийг дахин харж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 31 дүгээр зүйлийн 31.3.2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 55 дугаар шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчил гаргагч Н.Баатарсүхийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалын хувийг Орхон аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх, баривчлах байранд хүргүүлсүгэй.

 

3. Магадлал эцсийн шийдвэр бөгөөд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     З.ХОСБАЯР

 

 

ШҮҮГЧИД                                                                             С.УРАНЧИМЭГ

 

 

                                                                                                        С.ЦЭЦЭГМАА