| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2020/1645/Э |
| Дугаар | 228 |
| Огноо | 2021-05-14 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2021 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 228
Б.Н-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар магадлалтай, Б.Н-т холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, ***,
Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял оногдуулж, хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн, хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 2 сар хорих ялаар,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 782 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар үүрэг хүлээлгэх, мөн зүйлийн 3.3-т зааснаар хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авагдсан, Б овогт Б-ы Н-.
Б.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “**” ХХК-ийн “**” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47,332,307 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Н-ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-т 1 жил 6 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 197.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-аас 46,832,307 төгрөг гаргуулж, хохирогч “**” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Н-аас 32,332,307 төгрөг гаргуулж, хохирогч “**” ХХК-нд олгосугай.” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-, түүний өмгөөлөгч Т.Сайнбаярын нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч Б.Н- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн мөчөөс гэм буруугаа хүлээн зөвшөөрч тогтвортой мэдүүлэг өгдөг. Хэдийгээр шүүгдэгч хохирлын төлбөрийг бүрэн барагдуулаагүй ч гэсэн төлбөр барагдуулах гэрээ байгуулж төлөлт хийж байгаа нь бодит зүйл. Тийм ч учраас хохирогч талаас гомдол, санал байхгүй гэдгийг хохирогчийн өмгөөлөгч илэрхийлсэн. Шүүгдэгч өөрийн хийсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол, төлбөрийг бүрэн барагдуулахаа шүүхийн хэлэлцүүлэгт амладаг.
Гэтэл шүүх дан ганц яллах талыг баримталж хэргийг шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг хэрэглэж хэргийг тус тусад нь шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч Б.Н-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэх бүрэн боломжтой байхад хэрэглээгүй.
Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын төлбөрөө гэрээний дагуу төлөхөө амлаж төлөлтөө цаг тухай бүрд нь төлж байгаа зэргийг харгалзан үзэлгүй Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдэд өөрчлөлт оруулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэн шүүгдэгч Б.Н-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэлтэй байх тул хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Б.Н- нь 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх “**” ХХК-ийн “**” барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаж байх хугацаандаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 47,332,307 төгрөгийн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
Харин анхан шатны шүүх шүүгдэгч Б.Н-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан дээрх хэргийг шийдвэрлэхдээ, түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 431 дүгээр шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хөндөх үндэслэлийг зөвхөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 болон 5 хэсэгт зааснаар хязгаарлах мэтээр өрөөсгөл дүгнэлт хийж, гэмт хэрэг тус бүрт ял оногдуулах үндсэн зарчмыг зөрчин, хуульд нийцээгүй шийдвэр гаргасныг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.
Шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах үндэслэл журмын талаар уг зүйл хэсэгт тодорхой заажээ.
Тодруулбал, Б.Н- нь 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ял шийтгүүлэхийн өмнө буюу 2017 онд өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон учир тухайн гэмт хэрэгт нь ял шийтгэж, мөн өмнөх шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, оногдуулах ялын төрөл, хэмжээг шинээр тогтоож шийдвэрлэх байсан болно.
Ийнхүү шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тодорхойлсны дагуу гэмт хэрэг тус бүрт нь ял оногдуулж нэмж нэгтгэх, хэрэв өөр төрлийн ял оногдуулсан бол тэдгээрийг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр тогтоож болохоор зохицуулсныг үндэслэх ёстой юм.
Иймд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Сайнбаярын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг хэрэглэн шүүгдэгч Б.Н-т оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 103 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 250 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч Б.Н-ын өмгөөлөгч Т.Сайнбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх хүртэл шүүгдэгч Б.Н-т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН