Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2019/0421

 

 

 

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 14 өдөр

 

 

 

 

 

 

Дугаар 221/МА2019/0421

 

 

 

 

 

 

Улаанбаатар хот

 

“Х” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, гомдол гаргасан “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0399 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагч “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдах гомдлоор, “Х” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М холбогдох зөрчлийн хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа:

“Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ......... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах”-ыг хүсчээ. 

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0399 дүгээр шийдвэрээр:

“Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Х” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М холбогдуулан гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ...... дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М “Х” ХХК-ийг “О” ХХК-ийн харилцах дансанд байгаа мөнгийг татварын алба руу тухайн өдөрт нь багтааж шилжүүлээгүй гэдэг.

Гэтэл уг компанийн дансанд тухайн өдөр буюу мэдэгдэл ирсэн өдөр татварын данс руу шилжүүлэх мөнгө байгаагүй. Энэ нь тус байгууллагын дансны хуулгаар тогтоогдож байгаа. Улсын байцаагч нь Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 7112.1-т заасны дагуу “12 цагийн дотор буюу өдөрт нь багтаан шилжүүлээгүй” гэж тайлбарладаг. Тус компанийн харилцах дансанд мөнгөн хөрөнгө байхгүй байхад бид шилжүүлэг хийх боломжгүй юм.

Татварын улсын байцаагчийн ......тоот “Шийтгэлийн хуудас” нь хуульд заасан шаардлагад нийцэхгүй байгаа. Энэ талаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “үндсэн бүрдүүлбэрүүд дутуу, зөрчлийн талаар тогтоогдсон нөхцөл байдал тодорхойгүй, шийтгэлийн хуудасны 10-т прокурорт шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах талаар заасан боловч хуульд шийдвэр нэгэнт гарсан бол гомдол гарган шийдвэрлүүлэх эрх бүхий этгээд нь шүүх” гэж заасан байхад ийнхүү тусгаж байгаа нь шийтгэлийн хуудас хуульд нийцээгүйг тодорхойлж байна.

Иймд уг шийтгэлийг хуудсыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Татварын улсын байцаагч нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэж заасныг зөрчиж, зөрчлийн хэрэг үүсгэж, шийтгэл оногдуулж буй үндэслэлээ огт тайлбарлаагүйгээс гадна баримтаар нотлоогүй атлаа шийдвэр гаргаж буй нь мөн хууль зөрчсөн үйлдэл болсон.

“Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль зөрчиж явагдсан, зөрчлийг нотлоогүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж зөрчил гаргаагүй байхад зөрчилд тооцсон, прокурор хэрэгт хангалттай хяналт тавьж ажиллаагүй, шийтгэлийн хуудас хуулийн шаардлагад нийцээгүй зэргээс шалтгаалан холбогдогчийн эрх ашиг хөндөгдөж буй талаараа шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дэлгэрэнгүй тайлбарлаж, энэ талаар холбогдох нотлох баримт хангалттай бүрдээгүй тул шаардлагатай нотлох баримтыг гаргуулан ажиллах болно.

Мөн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн материалтай танилцах боломжоор хангаагүй, хэргийг шийдвэрлэж дууссаны дараа материалтай танилцуулсан нь “Х” ХХК зөрчил гаргаагүй гэдгээ нотлох боломжийг хязгаарласан гэж үзэж байна.

Дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2019/0399 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.М 2018 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн ........ тоот “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгож, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хаан банк нь Татварын ерөнхий хуулийн 711 дүгээр зүйлийн 711.2.1-д заасан “харилцагч татвар төлөгчийн татварын төлбөрийг татварын албанаас нэрлэсэн банкинд 12 цагийн дотор, …татварын албаны харилцах дансаар дамжуулан төрийн сангийн дансанд шилжүүлэх” үүргийн хүрээнд “О” ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст төлөх ..... сая төгрөгийн төлбөрийн талаарх мэдэгдлийг 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авсан эсэх талаар огт маргадаггүй, гагцхүү энэхүү мэдэгдлийг авсан өдөр тус компанийн харилцах дансны үлдэгдэл хүрэлцэхгүй байсан учраас 12 цагийн дотор шилжүүлэх боломж байгаагүй гэх тайлбар нь ам.долларын ......... тоот дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдоно.

Иймд 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дансны үлдэгдэл ....... ам.доллар байсан учраас мэдэгдэлд заасан төлбөрийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй гэж нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй, харин үүнээс 2 хоногийн дараа буюу 18-ны өдөр ........ ам.доллар орж ирсэн байхад мөн өдөр нь ......... ам.долларын зарлагын гүйлгээ хийсэн атлаа ........... сая төгрөгтэй тэнцэх хэмжээний үлдсэн ам.долларыг татварын албанд шилжүүлээгүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөнд тооцогдоно.

Өөрөөр хэлбэл харилцах дансанд шилжүүлэх төлбөр байхгүй байх тохиолдолд нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд шилжүүлэх ёстой гэж үзэх нь бодит байдалд нийцэхгүйгээс гадна энэ тохиолдолд мэдэгдлийн хүчинтэй хугацааг 12 цагаар хязгаарлах боломжгүй.

Нэгэнт тогтоосон төлбөр шилжигдээгүй байх тохиолдолд 12 цаг хэтэрсэн ч дансанд орлого орж ирсэн тухай бүр төлбөрийг шилжүүлж байх нь нэхэмжлэгчийн хуулиар хүлээсэн үүрэг болно.

Хариуцагчийн зүгээс дээрх зөрчлийг хангалттай нотолсон, нэхэмжлэгчээс ........ ам.долларыг татварын хэлтсийн өрөнд тооцож үлдээсэн гэх боловч бодит байдалд мэдэгдлийг хүлээн авснаас хойших хугацаанд үүнийг зарлагдсан, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс чухам ямар үндэслэлээр ийнхүү зарлагдсан талаар үндэслэл бүхий талбар гаргаагүй, гэтэл Хаан банкны төвлөрсөн үйл ажиллагааны мэргэжилтэн Д.М гэрчийн мэдүүлэгтээ “…2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 16 минутад “О” ХХК-ийн харилцах данс хаагдсан, данс нээх бичиг ирсэн тохиолдолд л гүйлгээ хийж, данс нээдэг…” гэх тайлбар өгсөн боловч бодит байдалд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс данс нээх талаар ямар ч мэдэгдэл ирүүлээгүй байх хугацаанд зарлагын гүйлгээ хийгдсэнээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн “татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй” гэснийг зөрчсөн, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, “Х” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар “Хаан банк” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН